Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дэмүүл арслан юм ууж идэхгүй, ярьж болохгүй, цус алдах аюултай!"Уншсан31,038

Улсын арслан Г.Дэмүүл улсын начин А.Сугиа эмчээр хоолойныхоо махыг авахуулаад эмнэлэгт хэвтэж байжээ.

Манай алдарт аварга, арслан, хүчит бөхчүүдийн ард түмнийхээ дунд түгэн тархсан хууч яриа болсон явдлууд олон бий. Олон ч ном зохиол гарсан нь бий. Түүвэрлэн хүргэж байна.

ДҮҮГҮҮРДҮҮЛЭЭД

Дүүгүүр Гомбосүрэн начин Дамдин аваргад ам гарч "барьцандаа хүрвэл таныг дүүгүүрдээд шидчихнэ" гэж барджаа. Аварга начны хүссэнээр барьцаа өгч дүүгүүрдүүлээд сунаад явчихаар нь шороодлоо гэж эндүүрээд дэвчихэж. Тахимаа авахаар эргэтэл аварга инээмсгэлэн "Бусад аймгийхан босоо бөхөөс тахим авдаггүй сэн. Булганыхан тусгай дүрэмтэй юм байх даа" гэж хэлжээ.

Тэгэхнээ нь сунангуутаа тэнцээд босчихсон аж. Аварга Чойжоогийн хавираанд нэг удаа босоо үлдсэн гэдэг. Унасан хойно нь үнэмшихээс аргагүй бол Дамдин аварга минь байсан даа.

 

ДЭМҮҮЛ АРСЛАНГ ЭРГЭСЭН НЬ

Улсын арслан Г.Дэмүүл улсын начин А.Сугиа эмчээр хоолойныхоо махыг авахуулаад эмнэлэгт хэвтэж байжээ. Д.Жамц арслан ирээд “Дэмүүлтэй уулзуулна уу” гэхэд нь А.Сугиа эмч “Цаадах чинь юм ууж идэхгүй, ярьж болохгүй, цус алдах аюултай шүү” гэж хэлээд хамаг хувцсаа тайлаад ороорой гэж зөвшөөрчээ.

Хэсэг хугацааны дараа А.Сугиа эмч Г.Дэмүүлийн хэвтэж байгаа өрөө рүү орох гэтэл гадаа үүдэнд нь Д.Жамц хамаг хувцсаа тайлаад тавьсан бололтой, цэрэг хувцаснууд байна гэнэ. Яваад ортол хоёр арслан хуруугаараа дохилцоод ярилцаж байгаа бололтой. Д.Жамц арслан ганцхан турсиктэйгээ, зуун гартаа 1 шил архи барьчихсан “Нөхөр дэд хурандаад таны тушаасны дагуу хошууч Жамц би хамаг хувцсаа тайлсан болохыг мэдэгдье” гээд нүцгэн ёсолж байна гэнэ.

Сугиа эмч инээд нь хүрээд за болно л гэж. Хоёр арслан өнөөх шилтэй архиа бие бие рүүгээ түлхэлцээд нэлээд сандарч байгаа бололтой. Жамц арслан эрхий хуруугаа өөр рүүгээ заагаад, чигчий хуруугаараа Дэмүүл арслан руу заагаад, Дэмүүл нь мөн Жамц шигээ дохиж зангаад байж. Инээд нь хүрсэн Сугиа эмч: -Жамц арслан минь та ямар хагалгаа хийлгэсэн биш амаараа чөлөөтэй ярьж болно шүү дээ гэсэнд сандарсан арслан мөн л амаа жимийчихээд толгой дохиод байсан гэдэг.

 

Ж.МӨНХБАТ АВАРГЫГ САЛАМ ЗОДНО

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн начинг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм.

Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч гэнэ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.

 

ХҮНТЭЙ, ТЭРЭГТЭЙ НЬ . . .

Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Тариат сумын харъяат Нацагийн "Буур" Жамъян аварга гучаад оны сүүл үеэр Заяын гэгээний хийдийн хурал номын цав манзны ус, мөсийг хагалан тэргэнд ачаад, хэдүүл чирж, түрж ирдэг байжээ.

Нэг удаа нилээд өгсүүр газрын дунд хэрд очоод хамт яваа нөхөд нь аваргын хүчийг үзэхээр сэм ярилцаж "Аваргаа! Та арлаас нь чир, бид араас нь түрээд дээш нь гаргачихъя" гэхэд Н.Жамъян аварга "За!" гээд тэрэгний буулгаар мөрөвчлөн, арлаас сугавчилж бариад зүтгэхэд дүүрэн мөстэй тэрэгний ард гарсан хэдэн эр анх түрж хөдөлгөснөө арагш татаад зогсчихжээ. Гэтэл Н.Жамъян аварга "Хөөе! Та нар түрж байна уу? Яагаад хүндрээд байна вэ" гэж асуунгаа тэр чигээрээ тонгойн зүтгэсээр мөстэй тэргийг хэдэн хүнтэй нь чирсээр байгаад довцог дээр гаргачихаж байсан гэдэг.

 

ТА АВАРГА ХҮН БАЙЖ АЙЛЫН ХЭЦЭЭР . . .

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу? аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

 

УНАХ ТОО НЬ ГҮЙЦСЭН БАЙЖЭЭ . . .

“Данхраад” хэмээх Ш.Шаравжамц начин 1961 оны улсын баяр наадмын өмнө “Тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж начинтай гурван удаа таарч барилдаад гурвуулд нь хаясан байв. Бүр Жамъяндоржийн төрж өссөн Булган аймагт болсон барилдаанд үзүүр түрүүнд хоёулаа үлдэхэд “Би нутагтаа түрүүлье” гэсэн Б.Жамъяндорж начингийн гуйлтыг ч хэрэгсэлгүй хаясан байжээ.

Гэтэл 1961 оны улсын наадмын зургаагийн даваанд Б.Жамъяндорж, Ш.Шаравжамц хоёр таараад Жамъяндорж хаяснаар үл барам цааш барилдан долоо давж тэгш ойн жил байсан тул шууд “Улсын арслан” цол авсан билээ. Энэ тухай Шаравжамц начин “Тэмээ өргөдөг”-ийн надад унах тоо нь гүйцчихсэн байсан байх” хэмээн дурсдаг ажгуу.

Эх сурвалж: "Хүчит бөхчүүдтэй холбоотой домог хууч яриа"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]