Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийг айлгах ёстой цөмийн шумбагч сүйрсэн ньУншсан22,236

Хүйтэн дайны үеэр АНУ нь ЗХУ-ыг айлгах ёстой бас нэг шинэхэн зэвсгээ бүтээж туршин шалгаж эхэлжээ. Энэ бол цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг Трешер байлаа.

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүйтэн дайны үеэр АНУ нь ЗХУ-ыг айлгах ёстой бас нэг шинэхэн зэвсгээ бүтээж туршин шалгаж эхэлжээ. Энэ бол цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг Трешер байлаа.

Маш бага дуу чимээ гаргадаг, өндөр хурдтай, ёстой шүдээ хүртэл зэвсэглэсэн, уснаас ил гаралгүй дэлхийг хэдэн арав дахин тойрох боломж бүхий хөдөлгүүр, хамгийн орчин үеийн гидролокатор...

Зөвлөлтийн шумбагч онгоцны жинхэнэ эрлэг болох ёстой хөлөг байв. Ганцхан дутуу зүйл байсан нь гүн шумбах чадвар. Трешер хөлгийг 350 метрийн гүнд шумбах боломжтой байхаар тооцож хийсэн ба энэ айхтар гүнд үнэхээр ордог, ажиллах чадвартай хэвээр байж чадвал Зөвлөлтийн шумбагч онгоцны гол давуу тал үгүй болох байлаа. Тийм ч учраас Америкийн флотынхон уг онгоцны гүн шумбах бодит боломжийг харах гэж тэсэн ядаж байв.

1961 оноос хойш уг хөлгийг турших явцад мянга гаруй удаа яаралтай өөрчлөн сайжруулах ёстой зүйлүүд илэрч байсан ба хоёр ч удаа томоохон осол болох дөхсөн байна. Нэгэн удаагийн туршилтын үеэр генератор гэнэт ажиллахаа больж, цөмийн хөдөлгүүрээ ч хугацаанд нь асааж амжсангүй. Аз болж хөлөг ил хөвж явсан учраас айхтар юм бололгүй өнгөрсөн байна. Дараа нь шумбагч онгоц өөрийг нь чирэгч хөлөгтэй мөргөлдөн метр гаруй диаметртэй нүх гарсан явдал ч байв. Бас л ил хөвж байсан учраас тусламж амжиж, хөлгийг аварч чаджээ.

1963 оны 4-р сарын 10-ны өдөр. Энэ бол Америкийн флотынхны хувьд тун чухал өдөр буюу Трешер хөлгийн 350-360 метр гүнд шумбах туршилт.

Хөлгийн багийн гишүүд, туршилтыг хянах инженерүүд, флотын зарим албан тушаалтан нийлсэн 129 хүн бүгд байраа эзлэн аажмаар доошилж эхэллээ. Түүний дээд талд бүх л мэдээллийг хянаж, туршилтын үр дүнг бичих Скайларк хөлөг (бас аврах зориулалтын) хөвөн байлаа.

Өглөөний 7 цаг 47 минутад доошилж 30-50 метр гүнд орж бүх л зүйлийг шалгаж үзэхэд, энэ тэрүүгээр ус орсон юмгүй, бүх багаж хэрэгсэл хэвийн. Дараа нь 100, дараа нь 200 гэсээр өглөөний 9 цагийн үед 350-360 метрт хүрлээ. Энэхүү гүн рүү аажуухан орж байх үед Скайларк хөлөгтэй байнга гидроакустик холбоо барьж байв.

Зорьсон гүнд хүрч, Скайларкт байсан эвэртэн туурайтнууд нэг нэгэндээ баяр хүргэж байтал гэнэт холбоо муудаж, ойлгомжгүй гэмээр мэдээ ирж эхэллээ. Трешерийн ахмад хөлгийн урд хэсэг тонгойж байгаа тухай мэдээлээд, цистернийг хийгээр дүүргэхээр болсноо хэлсэн нь хөлөг яаран дээш гаргахаар шийдлээ гэсэн үг.

Удалгүй шахсан хийг цистернд шахах дуу бичигдэж эхлэх үеэс Скайларк холбоо барих гэж, юу болоод байгааг мэдэх гэж янз бүрээр оролдсоор. Ямар ч хариу өгөхгүй байснаа гэнэт 9 цаг 17 минутын үед үл ойлгогдох мэдээ ирсэн ба дараа нь энэ мэдээг “900 n... хэтэрлээ, хэт гүнд...” гэж тайлж уншсан гэдэг.

Айж сандарсан Скайларк Трешерийг дуудан байх үед бяцарч, хугарч байгаа металлын дуу гараад таг болж, удалгүй Трешер байх ёстой орчны далайн хөвөөн дээр тосны толбо гарч ирснээр бүх зүйл ойлгомжтой болжээ. Энэ нь 129 хүний амийг аван одсон хэрэг бөгөөд урьд хожид шумбагч онгоц живснээс болж ийм их хүний амь хохирсон тохиолдол гарч байгаагүй билээ.

Хэдэн сарын дараа асар их хүч гарган байж судалгааны батискафаар тухайн орчныг самнаж үзэхэд Трешер онгоцны хэсэг байж болох хэд хэдэн жижиг зүйл, хүний гутлын хэсэг олсон нь хөлөг сүйрсэн гэдгийн баталгаа байлаа. Харин хөлөг өөрөө байсангүй. Далайн тунамал хөрсөнд гүн шааж орсон бололтой. Өөрөөр хэлбэл хөлөг доош асар хурдтай унаж.

Осол болдог өдрийн 9 цаг 17 минутад ирсэн мэдээг харахад 900 гэдэг тоо ойлгомжтой ч энэ нь харин гүний хэмжээ юу, аюулын шатлалыг тодорхойлсон тоо юу гэдэг нь (аюулын шатлал 0 бол хэвийн, 1000 бол хөлөг сүйрлээ) мэдэгдсэнгүй. N үсэг ч мөн адил. Олон янзаар оролдож үзсэний үндсэн дээр N үсэг нь нэг бол Хойд (North) гэсэн үг эсвэл “negative” гэсэн үгний эхлэл байж болох нь... Дан таамаг.

Ямар ч байсан ерөнхий байдлаар ослын дүр зургийг гаргахад, Трешер хөлөг 350 метрийн гүнд урагш тонгойн аюултай хазайхад хөлгийн ахмад яаран дээшлэх тушаал өгч, хийн цистернийг агаараар дүүргэх гэж оролдсон бололтой. Энэ үед ямар нэг хавхлага гацсанаас усаа гадагшлуулж чадахгүй, хийгээр дүүргэж чадахгүй болж доош бүр гүн рүү унаж эхлэн 500 метрийн орчимд бут үсрэн хоёр хуваагдаад далайн ёроол руу одсон байна. Энэ хэсэгт далайн ёроол 2500 метрийн гүнтэй байв. (Үнэн бол Трешерийн багийнхан тэр даруй амь үрэгдсэн буюу “Курск”-ын зарим далайчидтай адил зовж, шаналж үхээгүй юм байна)

Энэ явдлаас хойш америкчууд шумбагч онгоцны аюулгүй байдал, найдвартай ажиллах тал дээр асар их ажиллаж олон өөрчлөлт хийж, шинэ стандарт тогтоосон боловч 1968 онд мөн л цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг сүйрсэн айхтар явдал болж байжээ. Харин үүнээс хойш Америкийн цөмийн шумбагч хөлөг дахиж живсэнгүй нь тэрхүү хоёр ослоос зохих сургамж авч, тодорхой арга хэмжээ авсантай холбоотой бөгөөд бусад цөмийн шумбагч бүхий улс орнуудад янз бүрийн айхтар осол энд тэнд, үе үе гарсаар...

P.S

Шумбагч онгоц гэж бид бичдэг, ярьдаг. Гэтэл үнэндээ энэ нь буруу бөгөөд шумбагч онгоц гэдэг нь далайн гүн рүү нэг шумбаад эргэн гарч ирдэг, 1920-1930-аад оны үеийн хөлгүүдэд л таарах нэр юм. Орчин цагийн дизель хөлгүүд нь усны дор 10-20, бүр 30 хоног байж чаддаг болсон ба цөмийн хөдөлгүүрт онгоцны хувьд энэ тоо нь 90 хоногоос цааш яригдана. Угаасаа шумбах зориулалттай, далайн гүн рүү нэг ороод гарч ирдэг жижиг хөлгүүд бас бий. Зөвхөн тийм техникийг л шумбагч хөлөг гэх ба бидний дээр ярьсан Трешер мэтийн хөлгүүд бол шумбагч биш усан доогуур явагч юм. Нэгэнт шумбагч хэмээн ярьж сурсан, хэвшсэн учир тэрхүү нэрээр нь нэрлэж бичсэн билээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]