Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэнхлэгийн орнуудын цэргүүдийн утгагүй үхэлУншсан8,517

Дэлхийн 2-р дайны үеийн тэнхлэгийн улс орнуудын зарим нөхдүүд хэрхэн яаж Дарвины шагналд “нэр дэвшсэн” тухай сонирхуулъя.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Дарвины шагнал” (Darwin Awards) хэмээх алдартай ойлголт бий. Энэ нь маш тэнэг, эсвэл бараг боломжгүй гэмээр нөхцөл байдлаас болж хүн амиа алдсан явдлыг элэглэн нэрлэсэн хэрэг бөгөөд энэ "шагнал"-ыг авсан өч төчнөөн тохиолдол бий. Гэхдээ энэ удаа Дэлхийн 2-р дайны үеийн тэнхлэгийн улс орнуудын зарим нөхөд хэрхэн яаж Дарвины шагналд “нэр дэвшсэн” тухай сонирхуулъя.

Итало Бальбо

1940-өөд оны үед Италид Бальбо хэмээх нэгэн нисгэгч од болж байжээ. Муссолинигийн зөвлөх, маршал цолтой энэ эр Италийн агаараас эсэргүүцэн хамгаалах албыг өөрчлөн сайжруулах талаар их л ажилладаг байсан юм байх.

Итало Бальбо Муссолинитэй хамт

Их дайн эхэлж Африк дахь Италийн чухал бааз-боомт болох Тобрукийг англичууд бөмбөгдөж эхэллээ. Бараг л өдөр болгон хуваарийн дагуу бөмбөгдөх учир боомтын ажил тэр чигээрээ зогссон нь ойлгомжтой. Италийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийнхэн яаж ч чадахгүй уйлан дуулан байсан гэдэг бөгөөд (сэтгэлийн хөөрөл ихтэй италичууд шүү дээ) нэгэн удаа дайсны ганцаараа орж ирсэн онгоцыг буудтал онож. Оноод шатааж. Шатаад унаж.

Анхны ялалт. Бүгд л бөөн баяр хөөр. Гэтэл энэ онгоц нь дайсных биш өөрийнх, бүр дотор нь нисэх хүчний маршал Итало Бальбо байсан болж таарлаа. Мань эр Тобрук дахь агаараас эсэргүүцэн хамгаалах ажиллагааг шалгах гэж ирж байгаад буудуулсан нь энэ байж. Яагаад андуурав?

Маршал маань боомт руу орж ирэхдээ өөрийн онгоц гэдгийг таниулах дүрмийг баримталсангүй. Дүрмээр бол өөрийн онгоц 300 метрийн өндрөөр алсын тойрог хийж байж л буух ёстой ба ийм маневр хийгээгүй онгоцыг шууд дайсан гэж буудаж байсан байна. Харин маршал 700 м-ийн өндрөөс шууд шулуунаар доошилсон ба энэ нь айсан хүнд яг л шумбан бөмбөгдөх гэж байгаа дайсан шиг харагдсан нь ойлгомжтой.

Энэ явдлын хамгийн сонирхолтой нь Бальбо хэдхэн өдрийн өмнө дээрх дүрмийг баталж гарын үсэг зурсан хүн бөгөөд энэхүү шинэ дүрмийг агаараас эсэргүүцэн хамгаалах албаныхан хэр зэрэг хэрэгжүүлж байгааг шалгах гэж явсан хүн байжээ. Шалгалтаа онц дүнтэй өгсөн болж таарах нь.

 

Хильмар Векерле

Улайрсан нацист энэ нөхөр Дахаугийн хорих лагерьт ажиллаж байхдаа хоригдогчдыг дэндүү ихээр тамлан зовоодог, хэт ихээр хөнөөдөг зэрэг “дутагдал” гаргасных нь төлөө фронт руу хөөжээ.

Нидерландад сайн тулалдаж батальон захирагч болсон төдийгүй бүр Төмөр загалмай одонгоор шагнуулаад авсныг бодоход шаггүй дайнч эр байсан бололтой.

Удалгүй ЗХУ руу довтлох үед СС-ийн штандартенфюрер Векерле тэргүүн эгнээнд байлдаж оросуудыг элдэж байхдаа зөндөө л гавьяа байгуулж, дараа дараагийн том шагнал авах, Германы бас нэг бахархан дууриах үйлстэн болох дээрээ тултал байлдсан гэнэ. Хэдхэн хоногт шүү.

1941 оны 7-р сарын 2-ны өдөр Хильмар Векерле Зөвлөлтийн шатаж сөнөсөн танкуудыг очиж үзэхээр шийджээ. Агуу том КВ, Т-34-үүдийг харж энд тэндээс нь татаж үзэн явсаар хамгийн сүүлийн танкны жолоочийн суудлын нээлхийг таттал өөдөөс нь үхэж байсан орос цэрэг буудаж... Дайнд ялж дархан цолоо дуудуулж байсан, суманд дийлдэхгүй шахам амьтан маань ийнхүү дууссан гэдэг.

Энэ мундаг баатраа Германы суртал нэвтрүүлэг ч жигтэйхэн магтан дуулж, амь үрэгдсэнд нь харамссан мэдээлэл тэр даруй гаргасан ба үүнийг харсан эхнэр нь үтэр түргэн өөр эрийн өвөрт орсон байна. Баатрын эхнэрийн базаахгүй явдал тэр даруй цуу яриагаар дамжин Герман даяар тарсан ба Гиммлер нөгөө эрийг нь тун удалгүй хорих лагерьт хорьсон гэдэг. Энэ хүний цаашдын хувь заяа тодорхойгүй гэдэг боловч юу болсныг тааварлахад нэг их хэцүү биш болов уу.

 

Карл Ползен

Гитлерийг галзууруулах шахсан десантын ажиллагаа нийтлэлдээ Германы десантчид ямар их хохирол хүлээн байж ялалт байгуулсан тухай бичиж байсан билээ.

Тэгвэл энэхүү тулалдаанд оролцож амьд үлдсэн Карл Ползен гээч эр (зураг дээр тамхи зуучихсан, туузтай сум мөрлөчихсөн байгаа хүн бол өнөөх Ползен) бусад дайчидтайгаа хамт нутагтаа татагдан амрахаар болжээ. Хальберштадтад тэд шөнөжингөө найр наадам хийж бужигнаж байх үед ядарсан Ползен ванн дүүрэн усанд орж хэвтэн таг унтчихаж. Бусад согтуу нөхөд нь мань эрийг сэрээх гээд дийлэхгүй болохоор нэг нь гар буугаараа хана руу буудсан ба буун дуунаар цочоон сэрээх гэсэн санаатай байсан бололтой. Харин буудсан сум нь хананд ойгоод усан дотор хэвтэж байсан Ползений толгойг онон, Критийн дайны баатар маань нөгөө ертөнцөд явсан байна. Буудсан нөхөр нь Критийн десантын ажиллагааны үеэр Төмөр загалмай одон хүртсэн Хорст Требес гээч эр байсан гэдэг. Сархад савнаасаа бусдыг, бүр дайны баатруудыг ч амархан дийлдэг бололтой.

 

Александру Иоанициу

Румыний зэвсэгт хүчний нэг том толгой болох Александру Иоанициу 1941 оны 9-р сарын 17-нд Одесс орчмын нисэх буудал дээр буулаа. Тэрээр онгоцноос бууж байхдаа бөөн бодол болсон амьтан байсан ба бодолдоо дарагдсан генерал явсаар байгаад өөрийнхөө ирсэн онгоцны эргэлдэж байгаа сэнс рүү давхиад орчихсон гэдэг. Мэдээж генералын үлдэгдэл гэж талаар нэг тарсан юм болж таараа. Их л удаан хугацаагаар нисэх буудлыг  хааж байж цэвэрлэсэн юм гэнэ лээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]