Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол цэргийн марш аа гэжУншсан4,051

Ангиудын маршийн бэлтгэл эхлээд хэд хонож байтал нэг өдөр ангийн захирагч намайг дуудаад “Салаа аваад маршийн трассаар гүйгээд ир,” гэсэн үүрэг өгдөг юм байна.

Дэд хурандаа Р.Энхболд бичиж байна.

МАРШАА ГЭЖ

Тун удахгүй, Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогддог бүхий л уралдаан тэмцээний ноён оргил болсон "Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн" Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвд явагдахаар бэлтгэлээ базааж байна. Тэмцээн нь олон төрлөөр зэрэг явагдах ба үндсэндээ байран дээрх ажиллагаа, гүйлт гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Байран дээрх ажиллагаанд жагсаал, гардан, биеийн тамир, галын бэлтгэл, химийн нормативууд орно. Харин гүйлтийн хувьд эрэгтэйчүүд 10 км, эмэгтэй цэргийн алба хаагчид 6 км замыг хамгийн богино хугацаанд гүйж туулах ёстой ба замдаа төрөл бүрийн саадыг давж, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх ёстой.

Тухайлбал 30 цэрэгтэй салаа 10 км гүйх замдаа саадын зурвас туулаад, гранат шидээд, буудлага хийж, торон доогуур мөлхөөд, 2 уул даваад, усан саад гатлаж, шархтан, сумтай хайрцаг зөөж, химийн норматив биелүүлдэг ба энэ нь ёстой л эр хүний шандас, хурд хүч, анхаарал, тэсвэр, тэвчээрийг тултал нь сорьдог юм. Мэдээж амжилт үзүүлэхэд бэлтгэл хэр хангагдсан, сэтгэлзүй тогтвортой байдал, хөлс хэр урссан зэрэг асуудлууд нөлөөлөхөөс гадна салааг ахлаж буй дарга офицер, цэргүүдийн гар нийлсэн хамтын ажиллагаа маш чухал юм. Ингээд марштай холбоотой нэгэн дурсамж өгүүлэе.

Миний бие 2001 онд БХИС-ийг төгсөөд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хөнгөн ротод салааны захирагчаар томилогдож байв. Ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр, штабын дарга, дэд хурандаа Т.Цогтсайхан нарын мундаг туршлагатай дарга нарын гар дээр очсон. Тухайн үед манай анги Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээнд орох болгондоо түрүүлдэг, бөхөөр бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг байдалтай байв.

Бидний цэргүүд хээрийн гаралт гээд 5 толгой руу байнга явдаг тул тактикийн сургууль, гүйлт, буудлага, гранат, гардан, жолоодлогын хичээл тасралтгүй хийнэ, өдөртөө хээр, болон буудлага, жолоодлогын талбайд өнждөг харин орой байрандаа ирээд химийн болон галын бэлтгэлийн нормативууд, түүний дотор төрөл бүрийн бууны задаргаа, угсаргаа, магазин сумлагаа зэргийг салааны бие бүрэлдэхүүнтэйгээ уралдаж хийдэг байлаа. Буудлагын хувьд бүх төрлийн буудлагын зэвсгээр хамгийн богино хугацаанд ямар ч байдлаас буугаа байлдаанд авч шууд оновчтой буудаж сургахад голлон анхаарч байсан ба товчхондоо байнгын өндөр бэлтгэлтэй байсан юм. Гэтэл 2003 оны 4 дүгээр сард “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд явахаар болсон тухай сураг дуулдаж, удалгүй манай ангиас 100 гаруй цэргийн алба хаагчид Таван толгой руу бэлтгэлд гардаг юм байна.

Ажиллагааны өмнөх бэлтгэл гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн нь магадгүй хамгийн удаанд тооцогдох байх шүү. Анхны ажиллагаанд явах оролцох бэлтгэл хангаж байсан манай “элит”-чүүд тэр жилийн армийн марш тактикийн тэмцээнд оролцохгүй, өнжих нь тодорхой боллоо. Энэ бол бусад ангиуд тэргүүн байрт орох тун ховор бөгөөд том боломж учраас ангиуд маш эрчимтэй маршийн тэмцээний бэлтгэлээ хангаж эхэллээ. Хот, хөдөөний олон ангиуд ирж байрлаад энд тэнд гүйсэн, харайсан, буудлага, гардан хийсэн хүмүүс таван толгойн хөндийгөөр пиг дүүрчээ.

Ангиудын маршийн бэлтгэл эхлээд хэд хонож байтал нэг өдөр ангийн захирагч намайг дуудаад “Салаа аваад маршийн трассаар гүйгээд ир,” гэсэн үүрэг өгдөг юм байна. Энэ бол хээр гараад хоёр сар гаруй хугацаанд гүйлт, буудлага, гранатын бэлтгэлийг тултал нь хийгээд байсан бидний хувьд тун амархан даалгавар байв. Би ч салаагаа аваад гүйх санаатай маршийн гараан дээр иртэл бусад ангиудын захирагч, дарга нар ирээд биднийг айхтар ажиглаж байх юм. Бид ч, тэд ч цагаа хараад гараанаас гараад гүйлээ дээ. Манай салаа маршийн замыг ёстой нэг "машиндана" гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүллээ.

“Бага, их зовлонт” хоёр уулыг бараг гүйгээд давсан байх. Ингээд хөнгөхөн гүйгээд ороод иртэл бөөн хэрэг мандлаа. Гадуур бусад ангиудын зүгээс болвуу манай 150 дугаар ангийнхан маршийн тэмцээнд орох гэж байна гэсэн цуу үг түймэр шиг тархжээ. Энэ талаар дуулсан ЭСАГ-ын дарга хурандаа хошууч генерал Г.Рагчаа агсан айхтар уурлаад салаа авч гүйсэн намайг дуудаж баахан загнаж билээ. Хожим бодож суухад манай ангийн удирдлага, тэр жил тэмцээнд оролцохгүй ч гэсэн оролцвол дахиад түрүүлж чадна гэдгээ бусад ангиудад мэдрүүлж, харуулахын тулд зориуд ингэж гүйлгэсэн байх гэж боддог юм.

Ер нь манай Монголын маршийн трасс, замдаа гүйцэтгэдэг дасгалууд нь бусад орны армитай харьцуулбал хүнд, хэр барагтай хүн давахгүй эд боловч нэгэнт туулаад барианд орсон цэрэг хүн бүр өөрийн эрхгүй уг замыг туулж чадсандаа бахархдаг, цэрэг хүний шандас сорьсон сайхан тэмцээн юм шүү.

Хээр хэвтэх яс нэг

Хэвлийд урсах цус нэг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]