Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.
Өвгөн Бямбадорж гуайн яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэж авчээ.
АДУУЧ ТҮМЭНД ТОХИОЛДСОН НЭГ ЯВДАЛ
Төв аймгийн Дэлгэрхаан сумын өвгөн Түмэн 96 нас хүрч ноднин жил нас барлаа. Тэр өвгөн залуудаа манай хошууны ноён У. бэйсийн адууг маллаж явсан хүн. У. бэйс их баян, адуу нь түм хүрч байсан юм.
Түмэн, нэг залуу нөхөртэйгөө хоёул нэг суурь адууг оторлуулахаар Хангай тийш туугаад явж гэнэ. Нэг шөнө хоёул адуугаа сайхан тогтоож адууны зогсоол болох үед нэг уулын энгэрийн хөх бууцан дээр дахаа нөмрөөд жаахан унтах гэж гэнэ. Тэр бууцны хойт тал нь өгсүүр, урд тал нь доошоо налуу тийм энгэр газар юм байжээ. Хоёул морио чөдөрлөж тавиад дахаа нөмрөөд эмээлээ дэрлээд газрын өгсүүр талд толгойгоо хандуулаад зэрэгцээд хэвтэж гэнэ. Тэгээд хоёул жаахан зүүрмэглэж байж гэнэ. Түмэн гуай нэг сэрсэн чинь хэвтэхэд нэг л эвгүй, толгой нь газар уруу шаагдаад байх шиг гэнэ. Өндийгөөд харсан чинь газрын уруу талд эмээл нь гарчихсан, өгсүүр талд хөлөө жийчихсэн байж гэнэ. Харсан чинь, нөгөө нөхөр нь бас уруу тал уруу толгойгоо харуулаад хэвтэж байна гэнэ. Хоёул сэрж бүр гайхаад эмээлээ өгсүүр талд нь тавиад бас л унтах гэж гэнэ. Түмэн гуайг зүүрмэглэж байтал нөгөө нөхөр нь тохойноос татаж байна гэнэ. Бидний толгой дээр сая нэг хүн шиг юм ирж байгаад алга боллоо гэж гэнэ.
Тэгэхлээр хоёул зэвүүцэж босоод морио барьж унаад адуугаа тойрон явж байгаад үүр цайлгаж гэнэ. Гэгээ орохоор харсан чинь тээр урд хэдэн гэр айл харагдаж гэнэ. Өглөө цайгаа чанаж тооноор нь утаа гарч байгаа нэг гэрт цай уух гэж орж гэнэ. Тэр гэрт эрих барьсан тарган улаан чавганц сууж байж дээ. Тэр чавганц: “Та нарын нутаг хаана вэ?” гэж асуухлаар: “Бид адуу оторлож яваа улс аа. Энэ хойт энгэрт унтаад ирлээ” гэж гэнэ. “Тэнд нэг хөх бууц байна уу?” гэж чавганц асуужээ. “Байна. Бид тэнд хонолоо” гэжээ. “Тэнд та нарт юм дайралдсангүй юу?” гэж. Хоёр залуу бие биеэ хараад нэг нь: “Юм дайралдсангүй. Тэнд юу байдаг юм?” гэжээ. Тэгэхлээр чавганц хэлжээ: “Тэнд нэг ганц бие өвгөн байгаад хэдэн жилийн өмнө нас барсан юм. Одоо шөнө үдэш тэрүүгээр хүн явахлаар морь малы нь үргээгээд байна гэж хүүхэд ярьдаг юм. Та нарт юм дайралдаагүй нь яамай даа” гэсэн юм гэнэ билээ.
ДАГДАН ХУЛГАЙЧ
Манай Мишиг гүний хошууны баруун залгаа их шавийн нэг отог байсан юм. Богдыг хаан ширээнд сууснаас хойш тэр отгийнхон их омогтой боллоо. Хэрэг зарга болоход тэд нарын буруу ч зөв болж, зөв ч зөв болдог боллоо. Хошууны хүмүүс тэднээс айдаг байлаа. Тэр отгийнхон улам гаараад бүгдээрээ шахам хулгай хийдэг боллоо. Хавь ойрын хошуу айлын морь малыг бараг ил шахуу хөөгөөд явчдаг боллоо. Энэ айхтар хулгайч нарын тэргүүн нь Дагдан гэдэг хүн байлаа. Хулгай луйвар хоёроор Дагдангийнх баяжлаа. Дагдан, Мэргэн Шовгор гэдэг нутагтаа их нэр хүндтэй ламыг шүтдэг байжээ. Мэргэн Шовгор томоотой, мэргэн, ид шидтэй лам байсан. Тийм хир нь тэр муу хулгайчийг харж хамгаалдаг байсан юм.
Мэргэн Шовгор нэг өдөр Дагданд хэлжээ: “Дагдаан! Чи ер нь хулгай зэлгий хийхээ боливол дээр байх аа. Сум ер булцуундаа хүрлээ шүү. Чамайг дааж тээхэд хэцүү боллоо шүү” гэжээ. Дагдан “За” гэсэн боловч хулгай луйвраа хийгээд л байжээ. Нэг өдөр нутгийн баруун захын Тэрмээ уулын баруунтаа нутаглаж байсан төвд ламын 2 морийг хулгайлаад авчихжээ. Тэр лам бол уг нь Монгол хүн, Төвдөд олон жил суусан учраас төвд лам гэж нэршсэн хүн юм. Төвд лам морий нь Дагдан авчихлаа гэдгийг мэдээд Гэсэрт сэржим өргөөд л байжээ. Тэгсэн чинь өнөөх Дагдан ар өвөр тийшээ таталдаж ойчоод үхлүүд хэвтэх болжээ.
Тэгэхлээр морьтой хүн яаралтай Мэргэн Шовгорт явуулж “Амь авар” гэжээ. Мэргэн Шовгор ном уншаад засаг буугаар Дагдангийн зүг буудаж гэнэ. Дагдангийн өвчин гайгүй болжээ. Үүнийг Төвд лам дуулаад нэг шавийгаа Мэргэн Шовгорт явуулжээ. Тэгэхдээ хэлжээ: “Чи хүүхээ Мэргэн Шовгорт очоод Дагдан үхчихлээ гэж хэл” гэж гэнэ. Тэр шавь нь хэлж: “Багш минь, Дагдан үхээгүй, харин өвчин нь гайгүй болж байгаа гэнэ билээ. Би яаж худал хэлэх вэ?” гэж. Багш хэлжээ: “Дагдан нас өнгөрчихлөө гэж Мэргэн Шовгорт худал хэлчихээд ир! Зүгээр” гэж. Шавь нь аргагүй Мэргэн Шовгорынд дахиад очиж гэнэ. Шовгор гэртээ сууж байна гэнэ.
“Ламбугай! Дагдан гуай нас барчихлаа” гэж гэнэ. “Яана гэнээ? Арай ч үгүй байгаа. Нээрээ юу?” гэжээ. “Нээрээ” гэж хэлчихээд хурдхан тэднийхээс мордож гэнэ. Замд нь нэг морьтой хүн ширүүн давхиж яваад мориноосоо ойчлоо гэнэ. Хажуугаар нь гарах юм уу гэснээ хүнийг мориноосоо ойчоод байхад туслахгүй, арай ч аягүй юм уу гэж бодоод морий нь бариад ойчсон хүн дээр нь очсон чинь Дагдангийн хүү Шарав байж байна.
“Ууц өвдөөд байна” гээд арай гэж босож байна. Түүнийг моринд нь мордуулж өгчээ. Шарав Мэргэн Шовгорт очиж Дагдангийн амийг авар гэж гуйх гэж яваа юмсанжээ. Тэгж бид хоёрыг мунгинаж байх завсар хойноос нь бас нэг морьтой хүн давхиж ирээд “Дагдан өнгөрчихлөө” гэжээ. Тэгээд тэр хоёр Мэргэн Шовгорт Дагдангийн тухай айлтгасанд “Би түүнд хэлж байсан юмаа, сум булцуундаа туллаа шүү гэж. Хүний үгэнд орохгүй болохоор одоо яана гэх вэ! Ийм боллоо. Хойт сүнсий нь бодохоос биш яах вэ!” гэж байсан гэдэг. Дагданг нас барсанд бид цөмөөрөө баярлаж байсан юм. Түүнийг Мэргэн Шовгор аврах гээд Төвд лам түүнийг цааш нь харуулах гээд тэгж мөргөлдөж байсан юм даа. Чадалтай улс урьд Монголд байсан юм шүү.
ЦАГААН ХАД
Сэлэнгэд нэг өвгөн хятад тариачин байжээ. Тэр хятад нэг өдөр хөдөө явж байтал нэг жижигхэн сайхан цагаан хад дайралджээ. Эхнэр хүний мээм шиг өө мөөгүй бөмбөгөр цагаан хад байжээ. Түүнийг сонирхон харж байгаад дээр нь шээчихжээ. “Яах ч гэж энэ хөөрхөн хадан дээр би шээчихэв дээ” гэж жаахан гэмшсэн гэнэ.
Тэгээд хариад шөнө унтсан чинь зүүдэнд нь нэг залуухан хөөрхөн цагаан хүүхэн ирээд өвөрт нь ороод янаглаж амраглаад байж гэнэ. Түүнээс хойш шөнө бүр зүүдэндээ нэг залуухан сайхан хүүхэнтэй жаргадаг болжээ. Нэг сар өнгөрөхөд өнөөх хятад өлбийсөн цонхигор цагаан өвгөн болжээ. Арьс мах нь шуугдаад, тамир тэнхээ нь барагдаад үхэхэд хүрчээ.
Эмчид очиж үзүүлсэн чинь “Дусал задрах гэдэг өвчин болжээ” гээд мэдрэлийг нь эмнэж гэнэ. Хичнээн эмнүүлсэн боловч тус болсонгүй. Нэг удганаас очиж асууж гэнэ. Тэр удган хэлжээ: “Цагаан лусад бузар оруулсан байна. Тэр газартаа очиж сан тавьж, тахил өргө” гэж гэнэ. Тэгэхлээр өвгөн хятад өнөөх цагаан хадаа эрсэн чинь яагаад ч олж чадсангүй юм байжээ. Өвгөн хятад зүүдэндээ жаргаж өлбийж ядарсаар байгаад нас барсан гэдэг.
ШАР ДАМБА
Манай нутагт Төв аймгийн Дэлгэрхаан суманд нэг их эрдэмтэй лам байжээ. Түүнд Монголын газар нутгийг тоочсон нэг ховор ном байжээ. Тэр номыг Шар Дамба гэдэг “Үзье” гэж гуйж аваад буцааж өгөхгүй их уджээ. “Өгнө” гэж хэлээд өгдөггүй юм байжээ. Тэгэхлээр тэр эрдэмтэй ламын шавь Тарган Осор /?/ гэдэг хүн, Шар Дамбын эзгүй байхад байшинд нь ороод өнөөх номыг аваад багшдаа аваачиж өгчээ. Түүнээс болоод Шар Дамба, Тарган Осор хоёр хэрэлдэж зодолдож чухам тангараггүй дайсан болжээ.
Тэгж байтал Шар Дамба өвдөөд үхэх болжээ. Үхэхийн өмнө “Би муу Тарганыг аваад явна даа” гэж үргэлж хэлдэг байжээ. Шар Дамбыг үхсэнээс хойш хориод хоноод Тарган, эв эрүүл байсан хүн, гэнэт өвдөөд хэдхэн хоноод үхсэн дээ. “Шар Дамба, Тарган Осорыг аваад явчлаа” гэж манай нутагт цуу үг гарсан юм.
Тэгээд бас Шар Дамбыг чөтгөр болоод Тарган Осорыг дагуулаад явж байлаа гэж үг гарсан юм. Сум нэгдлийн дарга Дүгэржавын эхнэр, хэн ч гэж нэртэй билээ? нэг хүүхэн нэг өдөр гаднаа зогсож байгаад гэнэт хашгирч гэнэ: “Хүүе яах билээ? Шар Дамба Осор гуайг хөтлөөд явж байна” гэж хэлээд ухаан алдчихжээ. Тэгэхлээр “Одоо яах билээ?” гэж Дүгэржавт албан ажил дээр нь очиж хэлжээ. Дүгэржав гэртээ ирж үзээд “Одоо би завгүй байна. Та нарт арга байвал аргал!” гэж хэлээд ажил дээрээ явчихжээ. Тэгэхлээр хамаатан садан нар нь Хөх Лувсан-Осор гэдэг зодчийг залж иржээ. Тэр бол сүмийн дуганч байсан эрдэм номгүй хүн, сүм хийдийг устсанаас хойш зодчи болж шийд гардаг байсан, сүүлдээ өөрөө зодчи болсон. Зодын ном л сурсан юм байх даа. Зодчи ирээд Дүгэржавын эхнэрийг тарнидаж үлээгээд зүгээр болгосон. “Тэгээд үхээрийн бузар болж” гэж сан тавьж ариулж өгөөд зүв зүгээр болгочихсон доо. “Үхээрийн бузар” гэдэг юу вэ? гэвэл Дүгэржавын эхнэр, Шар Дамбыг оршуулсан газрын ойр аргал түүж яваад гэнэт толгойн ясыг харж сэжиглэсэн юм гэдэг. Ийм л юм болсондоо. Одоогийн хүмүүс худал л гэх байх. Энэ бол 1970 онд болсон хэрэг.
ХӨХ ЛУВСАН-ОЧИР
Манай Төв аймгийн Дэлгэрхаан суманд хөх Лувсан-Очир гэдэг хүн бий. Энэ Лувсан-Очирыг далдын чадалтай хүн гэж хэлэлцдэг юм. Жишээ нь: манай нутгийн Дүгэржав гэдэг хүний эхнэр нэг өдөр “Шар Жамсран тэр явж байна” гэж хэлээд ухаан алдчихаж гэнэ. Шар Жамсран нь үхээд хэдэн сар болж байгаа юм байжээ. Дүгэржавын эхнэрийн ах дүү нь сандралдаад Дүгэржавыг ажил албан дээрээс нь дуудаж ирүүлж гэнэ. Дүгэржав ирээд “Би ажилтай завгүй байна. Ажилдаа явлаа. Та нар арга хэмжээ авч үз” гэж хэлээд ажилдаа явчихаж гэнэ. Тэгэхлээр гэртхэн Лувсан-Очирыг урьж авчраад өвчтэй хүнээ үзүүлж гэнэ. Лувсан-Очир ганц үлээгээд зүгээр болгосон доо.
Тэгээд байж байтал Чимиддоржийн хүүхэн үхлээ. Түүний ясыг бариулахаар Лувсан-Очирыг урьж авчирч гэнэ. Лувсан-Очир, Агваандорж, бас нэг хүүхэн ийм гурван хүн Чимиддоржийн хүүхний хүүрийг хөдөлгөж оршуулах гэж хүүрийг хадгалсан гэрт орж гэнэ. Тэр гурвуул хүүрийн дэргэд очтол тэр хүүр хэлж гэнэ: “Би явах болоогүй байна” гэжээ. “Амьд юм уу?” гээд үзсэн чинь бүр үхсэн байжээ. Яаж тэр үгийг хэлсэн юм бүү мэд. Тэр хүүрийг даавуунд ороож тэргэн дээр тавиад хөдөө аваачаад оршуулж гэнэ. Түүнээс хойш удалгүй Агваандорж, тэр хүүхэн хоёул үхсэн дээ. Лувсан-Очир хазгар болоод амьд үлдсэн. Лувсан-Очирыг “чадалтайдаа амьд үлдлээ” гэж хүмүүс ярилцдаг.