Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөртөө хагалгаа хийсэн эмчУншсан18,588

1961 оны 4-р сарын 29-ний өглөө Рогозовын бие тавгүйрхэж, дотор муухайран, дунд зэргийн эрчимтэй халуурсан бөгөөд төд удалгүй хэвлийн баруун доод хэсэгт огцом өвдөлт өгсөн гэнэ.

Өөрийн мухар олгойг авах мэс засал хийсэн эмч Леонид Рогозов /Антарктика, 1961/

 Леонид Рогозов бол 1960-1961 онд ЗХУ-ын Антарктикийн экспедицэд оролцож явсан эмч хүн билээ. Тэрбээр Новолазаревская суурин дахь цорын ганц эмч мэргэжилтэн байсан бөгөөд тэнд ажиллаж байх хугацаандаа мухар олгойн цочмог үрэвсэлт өвчнөөр гэнэт өвдсөнөөр өөртөө аппендэктоми буюу мухар олгой авах мэс засал хийхэд хүргэсэн байна. Энэ бол анагаах ухааны түүхэнд их алдартай тохиолдол юм.

Антарктикад шинээр баригдсан Оросын баазад Рогозов 1961 онд очиж суурьшжээ. Тухайн жилийн 3-р сарын Туйлын өвлийн улмаас тус баазад байсан 12 эр гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байна. 1961 оны 4-р сарын 29-ний өглөө Рогозовын бие тавгүйрхэж, дотор муухайран, дунд зэргийн эрчимтэй халуурсан бөгөөд төд удалгүй хэвлийн баруун доод хэсэгт огцом өвдөлт өгсөн гэнэ. Эдгээр нь мухар олгойн цочмог үрэвслийн сонгодог шинж тэмдгүүд гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр амьд үлдэхийн тлд зайлшгүй хагалгаа шаардлагатай гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр туйлын шөнийн зах хязгаар дахь шинээр бий болсон Антарктикийн хил хязгаарт байлаа. Түүнийг тээвэрлэх нь байж боломжгүй зүйл байв. Цасан шуургатайн улмаас нисэх талаар бодох ч юм биш. Түүнээс гаднах бас нэгэн асуудал гэвэл тэр бааз дээрх цор ганц эмч байлаа. Рогозов өөрийн тэмдэглэлд бичихдээ:

“Миний мухар олгой үрэвссэн бололтой. Би энэ талаар хэнд ч хэлэлгүй, зүгээр л инээмсэглэж байна. Яагаад найзуудаа айлгах билээ дээ? Хэн надад тусална гэж? Туйлын хайгуулч нарын хувьд эм байж болох ганц зүйл нь шүдний эмчийн ширээ. Би бүх боломжит уламжлалт эмчилгээний аргыг ашигласан ч (антибиотик, халуун бууруулах) биеийн байдал улам бүр муудсаар, биеийн халуун нэмэгдэж, бөөлжилт ч илүү ойртож байна.

Би урд шөнө огт унтсангүй. Чөтгөрийн гэмээр их өвдөж байна! Цасан шуурга бүх биеэр нэвт ташуурдаж, зуун цөөвөр чоно улих мэт байлаа. Гэхдээ цооролт үүссэн тодорхой шинжүүд илрээгүй ч ямар нэгэн муу совин татаж байна… Энэ байна… Би байж болох хамгийн боломжит зүйлийг бодож эхэллээ, өөрөө өөртөө мэс засал хийх… Ийм зүйл байж болохгүй… Гэхдээ л би гараа өргөөд бууж өгч чадахгүй, үхэж чадахгүй нь”.

Ингээд Рогозовт өөртөө мэс засал хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Эсвэл үхэх. Орон нутгийн цагаар 5-р сарын нэгний 02:00 цагт жолооч ба цаг уурчийн тусламжтайгаар тэр мэс заслыг эхлүүлжээ. Жолооч, цаг уурч нар Рогозовт багаж хэрэгсэл барьж өгөх, зүүн тал руу хагас эргэж, хагас суугаа байрлалд байгаа Рогозовт шууд харах боломжгүй талбайг харахад нь туслах толь барих үүрэг гүйцэтгэж байв. Мэс ажилбар эхэлснээс 30-40 минутын дараа Рогозовын бие тавгүйрхэж, толгой эргэсэн тул түр завсарласан байдаг. Эцэст нь тэр хүндээр үрэвссэн мухар олгойгоо авж чаджээ. Ажилбарын төгсгөлд хэвлийн хөндийд антибиотик түрхэж, шархыг оёсон байна. Үндсэн мэс засал нэг цаг 45 минут үргэлжилсэн гэнэ. Мэс засал хийж байх үеийнх нь гэрэл зургийг түүнд тусалсан багийнхан аваад амжжээ.

“Үндсэн мэс засал нэг цаг 45 минут үргэлжилсэн.”

“Би бээлийгүй ажилласан. Харахад хэцүү байсан. Гэвч толь их тус болохын сацуу саад болж байлаа. Учир нь бүх зүйл урвуу харагдаж байсан.  Би хүрэлцэх мэдрэмжээ голлон ашигласан гэж болно. Цус алдалт их байсан ч би цаг гаргаж, гарцаагүй зүйл хийхийг хүссэн. Би гялтанг (хэвлийн хөндийг) нээх үедээ мухар гэдсээ санамсаргүй зүссэн учраас оёх хэрэг гарсан. Гэнэтхэн миний толгойд “энд миний анзаараагүй илүү олон шарх байгаа” гэсэн бодол зурсхийн орж ирсэн. Миний бие улам сульдаж, толгой эргэж байв. 4-5 минут тутам би 20-25 секунд амарч байсан. Эцэст нь энэ, хараал идсэн дайвар эрхтэнг олж харлаа. Мухар олгой суурь хэсэгтээ аймшгийн хар толботой. Энэ нь би нэг өдөр л алдсан бол миний дотор задарч, би үхэх байсан гэсэн үг. Миний анзаарснаар мухар олгойг авах үед тохиосон хамгийн муу агшин бол миний зүрхний цохилт илэрхий удааширч, гар минь резин мэт болсон юм. Бүх зүйл муугаар төгсөх нь л гэж айж байлаа. Гэсэн ч хамаг чадлаа шавхсаны эцэст би аврагдсан юм байна гэдгээ ойлгосон”.

Мэс заслын дараа хэвлийн гялтангийн үрэвслийн шинжүүд багасч Рогозовын биеийн ерөнхий байдал аажим сайжирсан байна. Тав хоногийн дараа биеийн хэм хэвийн болж, долоо хоногийн дараа гэхэд оёдлоо авчээ. Харин хоёр долоо хоногийн дараа амьдралын хэвийн хэмнэлдээ орсон гэнэ. Өөртөө хийсэн мэс засал нь тухайн цаг үед Зөвлөлтийн иргэдийн дунд ихэд тархжээ. 1961 онд Рогозовыг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнажээ.

“Леонид Рогозов Орост эргэн ирснээс хэдэн жилийн дараа”

Рогозовын энэхүү мэс засал нь амьдралын төлөөх хүний шийдэмгий байдал, хүсэл зоригийн үлгэр жишээ болсоор байдаг. Түүнд сэтгүүлчид асуулт тавихад тэрээр зөөлөн инээмсэглээд “Бусадтай л адил ажил, бусдынхтай л адил амьдрал” гэж хариулдаг гэнэ.

1962 оны 10-р сард Рогозов Ленинград руу буцан ирж, их эмчээр ажиллаж эхэлсэн байна. 1966 оны 9-р сард “Улаан хоолойн хорт хавдрыг эмчлэхэд улаан хоолойг тайрах арга” сэдвээр докторын диссертацийг хамгаалжээ. Дараа нь Санкт Петербургийн олон төрлийн эмнэлгүүдэд эмч мэргэжлээрээ ажилласан гэдэг. 1986-аас 2000 оны хооронд тэрээр Санкт Петербургийн Сүрьеэ, уушги судлалын институтын мэс заслын тасгийн ахлахаар ажиллажээ. Тэрээр 2000 онд, 66 насандаа Санкт Петербургт уушгины хавдрын улмаас таалал төгсчээ.

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]