Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Севоль хөлөг онгоцонд тохиолдсон хачирхалтай сүйрэлУншсан26,643

Долоон жилийн өмнө болсон энэ явдлын дараа Солонгос байтугай дэлхий даяар шуугиж харамсан байсан бөгөөд хэргийн эзэн байж болох 339 хүнийг баривчлан шүүхэд шилжүүлснээс 154 хүн нь бодит ял авсан гэдэг.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

2014 оны 4-р сарын 16 ны өглөө Өмнөд Солонгосын Севоль хэмээх зорчигч болон ачаа тээврийн хөлөг онгоц Инчоноос Чежу орох замдаа сүйрч олон хүний амь нас авч одсон явдлыг зарим нэг нь санаж байгаа байх. Цаг агаар сайхан, далай тэнгис дөлгөөн, хуурай газар харьцангуй ойрхон, техник технологи өндөр хөгжсөн энэ үед ийм аймшигтай явдал болж байгаад олон хүн итгэж чадахгүй байсан билээ.  Энэ амиа алдсан хүний олонх нь сургуулийн сурагчид байсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй болов уу.

Долоон жилийн өмнө болсон энэ явдлын дараа Солонгос байтугай дэлхий даяар шуугиж харамсан байсан бөгөөд хэргийн эзэн байж болох 339 хүнийг баривчлан шүүхэд шилжүүлснээс 154 хүн нь бодит ял авсан гэдэг. Ингээд уг явдлын тухай.

Уг хөлөг онгоц огцом эргэлт хийх үед буруу ачсан ачаа нь нэг тал руугаа хазайж, хэсэг хугацааны дараа хөмрөн унасан билээ. Ослын шалтгаан ойлгомжтой мэт боловч яг бодит байдал дээрээ болсон үйл явдлыг цэвэр улстөржүүлж, улс төрийн нам бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө ширүүн өрсөлдөөндөө ашигласнаас болж маш олон ойлгомжгүй, бүр хачирхмаар зүйлүүд болсон гэдэг. Ялангуяа ослын шалтгааныг тогтоох ажиллагаа нь ёстой нэг холион бантан болсон байна. Гэхдээ энэ удаа яагаад хөлөг онгоц живсэн тухайд биш харин яагаад тэр олон өсвөр насны хүүхдүүд амиа алдсан талаар сонирхуулъя.

Өглөө 8 цаг 40 минутын үед хөлөг онгоц хазайж эхлэхэд ямарваа нэг аюулын дохио зэрэг зүйлийг уг хөлөг онгоцноос явуулаагүй байна. Зарим батлагдаагүй мэдээгээр бол аюулын дохиог уг хөлөг дээр байсан нэг хүүхэд анх утсаар аврах албанд өгөхөд нөгөө хэд итгэлгүй, ямар нэг тоглоом тохуу хэмээн өнгөрөөсөн гэнэ.

8 цаг 52 минутад хөлгийн дарга нь хоёрдугаар туслагч Ким Ён Хо гээчид хандан хөлөг дотор орж ирж байгаа усыг яаралтай шахуургадан гаргах тушаал өгчээ. Өнөөх харин өөдөөс нь шахуурга ажиллахгүй байгаа гэхээр нь ахмад хөлгийн ерөнхий механикийг шахуургын системийг яаралтай янзалж ажиллуулах тушаал өглөө. Тушаал биелсэнгүй гэх үү биелүүлсэнгүй гэх үү, шахуурга ажилласангүй.

8 цаг 55 минутад буюу хөлөг аюултай хазайж эхэлснээс хойш 15 минутын дараа л ослын дохиогоо өгчээ. Нэгдүгээр туслагч Кан Вон Сик энэ дохиог өгөхдөө “Хөлгийн урд хэсэгт дөнгөж сая ямар нэг дуу чимээ гаран, аюултай хэмжээгээр хазайж эхэллээ” гэсэн байна. Осол эхэлсэн цагаас хойш 15 минутын дараа боловч яг л одоо болж байгаа мэт ярьсан дохио байгаа биз.

Одоо тусламж хүссэн, холбоо барьсан дэс дарааг сонирхуулах бөгөөд энэ нь нэлээд юм хэлж өгч байж магадгүй юм.

8 цаг 55 минутад- 1-р туслагч Кан Вон Сик

9 цаг 7 минутад – мөн энэ хүн

9 цаг 14 минутад- залуурч Пак Кён Нам

9 цаг 21 минутад – бас нэг 1-р туслагч Син Чон Хун

9 цаг 24 минутад – 2-р туслагч Ким Ён Хо (нөгөө шахуурга ажиллахгүй гэдэг нөхөр)

9 цаг 25 минутад - залуурч Пак Кён Нам

9 цаг 26 минутад – залуурч Пак Кён Нам нь 123-р аврах хөлөг рүү холбогдлоо

9 цаг 28 минутад - 2-р туслагч Ким Ён Хо

9 цаг 37 минутад - 2-р туслагч Ким Ён Хо

Аврах ажиллагааны үеэр хэн нэг холбоо хариуцсан хүн биш бараг л хэн дайралдсан нь л ийш тийшээ залгаад орилоод байсан мэт санагдаж байна уу? Ийм ослын үед холбоо харилцаа хариуцсан нэг хүн байдаг л байж таармаар. Бүр 9 цаг 25 минутад болсон холбооны үеэр Чиндо дахь диспетчер нь “Ахмад тань яаралтай эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг гэнэ. Үүнийг "Хариуцсан хүнээс нь хэрэгтэй мэдээлэл авмаар байна. Бусад нь аврах ажилд саад бололгүй зайлаад өгөөч” гэсэн үг гэж орчуулж болмоор ч юм шиг. 15 минутын туршид дөрвөн өөр хүн өч төчнөөн үл ойлгогдох юмыг давхардуулаад яриад байхаар тэр диспетчер аргаа бараа биз.

8 цаг 40 минутад болсон ослоос хойш иймэрхүү юм болж байхад хөлөг дотор байсан хүүхдүүд бүгд л өрөө өрөөндөө байж байлаа. Хүмүүжилтэй хүүхдүүд болохоор гарч болохгүй өрөөндөө бай гэсэн тушаалыг биелүүлсээр. Энэ тушаалыг өгсөн хүн бол зорчигч хариуцсан ажилтан Кан Хэ Сон гээч. Тэрээр 8 цаг 52 минутад хүүхдүүдийг өрөөндөө байхыг хатуу тушаасан бөгөөд энэ бол цэвэр өөрийнх нь санаа байж. Бүтэн цагийн турш хөлөг онгоц живсээр байгааг тэр харж байсан ч хүүхдүүдийг өрөөнөөс гаргасангүй. Хүүхдүүд ч гарсангүй. Ингээд байдал засахын аргагүй муудсан үе буюу 9 цаг 53 минутад өрөөнөөс гарах тушаал өгсөн ч энэ нь дэндүү хожимдсон шийдвэр байжээ. Бүтэн цаг гаруй өөрсдийг нь аврахаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна гэж итгэж байсан хүүхдүүд онлайнаар шууд гэрийнхэнтэйгээ харьцаж, ярьж, инээж, тоглож, сүүлдээ айж, сандарч орилж хашхиран байгаа тухай зүрх шимширмээр олон бичлэг явдаг байсан ч одоо олдохгүй болгосон болов уу.

Энэ бүх үйл явдал болж байх үед хөлгийн хамгийн чухал хүн болох ахмад юу хийж байв аа?

Ослын дараа Солонгосын хэвлэлээр шуугиж байснаар бол энэ ахмад нь хүн аврах биш харин хамгийн түрүүнд зугтан, аврах завин дээр гарсан, өөрийгөө ахмад гэдгийг нууж энгийн хувцас өмссөн байсан гээд муу бүхнээр нь дуудсан байдаг.

Бодит байдал дээр бол ахмад нь живж буй хөлгөө орхихоос өмнө ямар нэг хэмжээгээр тушаал заавар өгсөөр байж. Өмнө хэлсэн шахуурга ажиллуулах тушаал биелээгүй бол 8 цаг 56 минутад зорчигчдод аврах хантааз өмсгө гэсэн тушаалыг хоёрдугаар туслагч Ким Ён Ход өгсөн боловч тушаал мөн л биелээгүй буюу аврах хантааз өмсөх тушаалыг хөлөг дотор ил зарласангүй. 9 цаг 27 минутад ахмад мөн л энэ тушаалаа дахин биелүүлэхийг шаардахад туслагч нь зарласан болоод өнгөрсөн байна. Номоороо бол 2-р туслагч энэ бүх ажил хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж шалгах ёстой юм байж. Гэтэл тэгсэнгүй.

 
Богино өмдтэй нь хөлгийн ахмад

Хөлгийн ахмад Ли Жун Свок компанитайгаа холбоо барихдаа өөрийнх нь тушаалыг биелүүлэхгүй байгаа талаар гомдоллсон байдаг бөгөөд дараа нь төв оффисоос нь 1-р туслагч Кан Вон Сиктэй холбогдож зарим нэг тушаал өгсөн бололтой. Харин ямар тушаал өгсөн нь мэдэгдэлгүй нууц өнгөрчээ. Нэг бол ахмадын тушаалыг үг дуугүй биелүүлэхийг шаардсан, эсвэл хөлгийн удирдлагыг гартаа ав гэсэн байх гэж таамаглахаас! Энэ яриа хөөрөө бүгд нууц үлдсэн гэдгийг дахиад нэг сануулъя.

69 настай ахмад энэ хөлгийг түр зуур удирдах, богино хугацаатай гэрээтэй хүн байсан ба угаасаа өндөр бус орлоготой, Солонгосын нийгмийн дээд давхаргын хүн биш байсан бололтой. Солонгосын хувьд ялих шалихгүй зэрэг зиндаанд ямар их ач холбогдол өгдөг гэдгийг бид ядаж киногоор нь мэдэх болохоор зарим нэг юм таамаглаж болох юм. Магадгүй дээдсүүд муусайн доодсын тушаал биелүүлж доош орохгүй гэсэн байж ч болох.  Ямар ч байсан хөлөг дотор нэгдсэн удирдлага гэж юм тэр чухал үед огт байсангүй.

Энэ мэтийн “ордны явуулга” явж байх хооронд, 9 цаг 50 минутад хөлгийн хазайлт 50 градуст хүрч, онгоцонд их хэмжээний ус орж ирэн, олон хүн өрөөнөөсөө гарах аргагүй болжээ.

Ер нь бол хөлгийн зүүн талд гарч ус руу үсрэн амьд гарах маш том боломж байсан боловч тийм тушаал өгөх хүн олдоогүй учраас, хүмүүжил сайтай хүүхдүүд ямар нэг тушаал хүлээж суусаар.

Ахмад хөлөг онгоцоо 9 цаг 46 минутад (хөлөг бүрмөсөн живэхээс 40 минутын өмнө!) орхисон байна. Яах аргагүй хөлгийн ахмадын хувцасгүй, энгийн богино өмдтэй нөхөр аврах завинд сууж байгаа бичлэг нь бий. Өөрийнх нь хэлснээр бол хөлөг онгоцны холбоо ажиллахгүй болсон учраас аврах завин дээр гарч холбоогоор удирдах гэсэн юм байх. Үнэн худлыг нь хэн мэдлээ.

Хөлгийн ахмад сүйрч буй хөлгөө хамгийн сүүлд орхих ёстой гэдэг дүрэм бий гэдэг. Хамгийн тод жишээ нь Титаник хөлгийн ахмад Эдвард Жон Смитийн үхэл. Харин Севолийн ахмад тэгсэнгүй. Багийнхан нь ч мөн адил.

Гэхдээ ахмад завин дээр гараад аврах ажиллагааг идэвхжүүлэхийг шаардсан боловч аврах хөлгийн ахмад өөрийн хөлөг дээр байгаа эрх мэдлээр далайлган дуугүй байхыг тушаасан ба уг аврах завь нь 15 минутын турш хөлөг тойрон эргэлдэж байгаад ганц нэг хийлдэг завь л усанд тавьсан байна. Асар том хөлөг онгоц бүрэн хөмөрч дээрээс нь дарах аюултай гэж л айгаад байсан бололтой.

Хэрвээ хоёр ахмадын хэн хэн нь жаахан шийдвэртэй байж, алтнаас үнэтэй цаг алдаагүй бол 304 хүнийг бүгдийг нь биш гэхэд багагүй хэсгийг нь аврах боломж (172 хүн амьд гарсан) дүүрэн байсан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]