Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Залуусын мөрөөдөл магнитофон гээч хаачсан бэ?Уншсан4,077

Бор өнгийг нь хусаж арилгаад хар өнгөтэй болгочихвол ч бүр янзтай. Даанч завсар хоорондын бор өнгө арилахгүй гэдэг нэг зовлон байж билээ.

Нэгэн уншигчийнхаа бичсэн "дурсамж"-ийг хүсэлтээр нь нийтэлж байна.

1980-аад оны үеэр арван жилийн сурагч, оюутнуудын хувьд хувийн магнитофонтой байх гэдэг онцгой чухал мэдрэмж байлаа. ЗХУ-д үйлдвэрлэсэн Электроника, эсвэл Весна барьсан залуучууд Алла Пугачёва юм уу Соёл-Эрдэнэ хамтлагийн дуутай алхах нь “ээс” гэж жигтэйхэн. Тэгвэл тэр “ээс” залуучуудад хамгаас чухал зүйл байсан нь Япон магнитфон бөгөөд нэр нь нэг их чухал биш. Япон бол япон л байлаа.

Ийм юмтай хүн гэдэг бол орчин цагийн дунд сургуулийн хүүхэд, 1 болон 2-р курсын оюутан дөнгөж гарч байгаа IPhone юм уу Samsung-ийн топ загварын шинэ утас барихтай л адил хэрэг байж билээ. Sanyo “мага” барьчихаад Бони М хангинуулан явах гэдэг үү...

Магадгүй зарим нэг нь тэр магнитофон гэж бас ямар юм байсан бол гэж гайхаж байж магадгүй. Тэгвэл танилц, 1980-аад оны үеийн Монгол залуусын мөрөөдөл болсон Электроника, Весна магнитофон энэ байна.

Бор өнгийг нь хусаж арилгаад хар өнгөтэй болгочихвол ч бүр янзтай. Даанч завсар хоорондын бор өнгө арилахгүй гэдэг нэг зовлон байж билээ. Харин доорхи эд бол өнөөх зүүдлээд ч олдохгүй Япон магнитофон гээч. Зарим нэг нь бүр нэг кноп дарахад дараагийн дуундаа шууд шилждэг байсан гэж байгаа. Гайхамшиг, өөр юу хэлэх вэ.

Миний мэдэхийн 80-аад оны дунд үеэр их дэлгүүрийн 3 давхрын зүүн талын буланд байдаг гадаад бараанд 2600 төгрөгийн үнэтэй япон магнитофон зардаг байж билээ. Зардаг ч гэж ямар ч байсан зарах барааны нэг болоод тэнд хэвтдэг байсан юм. Андуураагүй бол Hitachi байсан санагдаж байна, харахад л хачин сайхан амьтан байсан даг.

Харин 80-аад оны сүүл үеэр гадаадын оюутан залуус болон комиссын дэлгүүрээр дамжин ганц нэг Япон магнитофон ирдэг болсон бөгөөд дагаад Япон болон Герман кассет (мэдээж Баруун Германы Basf гэх мэт), бүр сүүлд нь хром кассет гээд л дэндүү гоё чамин, нарийн хийцтэй сайхан юмнууд их болж байсан юм даг. Тэгээд л зах зээл, Хятадын магнитофон гэхэд хэцүү, элдэв гэрэл, чахарсан дууны цуглуулга маягийн юм гарч ирээд удалгүй тэгэсгээд магнитофон гээч юм алга болж дээ. Тэр алдартай сайхан Япон магнитафонуудыг үйлдвэрлэгч нар хаачсан юм бол?

Toshiba

Энэ компани нь ахуйн жижиг зүйлээс эхлээд атомын цахилгаан станц хүртэл хийхгүй зүйлгүй байж. Магнитофоныг ч гэсэн хэдэн арав, зуун янзын загвараар үйлдвэрлэж байгаад 90-ээд оноос телевизорын үйлдвэрлэлд хамаг анхаарлаа шилжүүлэн магнитофон үйлдвэрлэхээ больсон.

Hitachi

Бас л сахлын машинаас эхлээд уурхайн том машин механизм, хурдан галт тэрэг үйлдвэрлэдэг компани. Сайн сайхан цагтаа энэ фирмийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 10 хувийг цахилгаан техник эзэлж байсан гэдэг бөгөөд үүний бараг 30 хувийг магнитофон, түүнтэй холбоотой бусад хэрэгсэл  эзэлж байв. 90-ээд оноос энэ бүхнийгээ больж видео тоглуулагч, телевизор үйлдвэрлэх болжээ.

Mitsubishi

Энэ бол ёстой “машин” байлаа. Дуу хөгжмийг ёстой чарлуулдаг сайхан эд байж. 70-80 оны үеийн магнитофоны их бужигнааны үеэр нэг хэсэг тэргүүн эгнээнд явж байсан магнитофон үйлдвэрлэх хэсэг нь одоо зөвхөн энэ фирмийн машины үйлдвэрт зориулсан хөгжим үйлдвэрлэх болжээ.

Pioneer

 Hi-Fi гээч юмны анхдагч гэж ярьдаг энэ брэнд нь 90-ээд оноос магнитофон үйлдвэрлэхээ больж машины хөгжим, телевизорт анхаарлаа хандуулсан боловч 2010 оноос олон жижиг хэсэг салбар болж үгүй болсон гэдэг.

Нэг юм үлдээд байгаа биз? Энэ бол өнөөх. Өнөөх гэдэг маань Sony.

Социализмын үед ийм магнитофонтой хүн гэдэг бол зүгээр л од. Дараа нь Sony Walkman гээч нь ийм үүрэг гүйцэтгэж байсан юм даг. "Стерео Сони"-той байхад бусад нь ёстой гай л байна гэж том ах нарын ярьж байхыг өөрийн чихээр сонсож байсан хүний нэг нь би. Надад ямар Сони байсан биш. Харин 10 жилд байхдаа тэр “Walkman” гээд байсан юмыг нь чихэндээ хийж нэг биширч байсан түүх бий.

Эдгээр олон магнитофон үйлдвэрлэгч нар маань яагаад зарим нэг нь дампуурч, өөр бусад нь үйлдвэрлэлээ зогсоосон бэ гэвэл гол буруутан нь Sony фирмийн Walkman аж. Чихэвч гэдэг юмтай алгын чинээхэн тоглуулагч тэр Walkman гарснаас  болж олон хүний мөрөөдөл болсон магнитофон үгүй болсон гэдэг яриа байдаг. Үнэн ч юм уу, худал ч юм уу хэн мэдлээ. Зах зээлийг хэдэн мянган төрлийн магнитофоноор дүүргэчихээд дараа дараагийн загвараа гаргахад зориулж хэт их мөнгө зарж байснаас болж дампуурцгаасан биз. Ямар ч байсан магнитофоныг залгах дараагийн техник хэрэгсэл гэж олигтой шинэ технологи гарч ирээгүй (Sony Walkman-ийг тооцохгүй, энэ нь магнитофоныг орлох техник биш харин түүний нэг төрөл байлаа) байхад л динозавр шиг бүгд мөхөөд алга болжээ.

Одоо энэ бүхнийг дурсч байхад хүүхэд залуучуудын ухаалаг утасны “солиорол” гээчийн тухай өөрийн эрхгүй санаанд орох юм. Магадгүй хэдэн жилийн дараа алга болох юманд тэгтлээ их шунан дурлах, өр зээл тавин байх хэрэг байдаг ч юм уу хэн мэдлээ. Үгүй тэгээд арваад жилийн дараа ухаалаг утас гэж нэг сайхан юм байж билээ гээд л зарим нэг нь ярьж, бичиж л таарах байх даа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 5 сар 15. 21:27
Зочин

Весна 202-ын Москвагийн олимпид зориулж гаргасан хувилбар нь манайд байдаг байж билээ. Дээрх зурагтай яг адилхан хэрнээ Москвагийн олимпийн логотой.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]