Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Их довтолгооны үеийн агаарын тулалдаанУншсан6,833

Магадгүй Бурмистров Японы цэргийг дайрч байх үедээ зенитийн их буунд оногдон шархдаж, дараа нь буцах замдаа үхсэн байж болох юм.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн 10 дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

Найм. Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

Ес. Наймдугаар сарын 20-21-ний тэнгэрт

Япончууд алдсан агаарын ноёрхлоо эргүүлэн авахын тулд, Зөвлөлт Монголын армийн давшилтыг агаараас хааж байгаа нисэх хүчний дэд бүтцийг нь бөмбөгдөх гэсэн нь бүтэлгүйтсэний дараа 8-р сарын 22-ноос Зөвлөлт Монголын газрын цэргүүдийг бөмбөгдөхөд илүү анхаарал хандуулж эхэлжээ. Гэсэн хэдий ч 22-ны өдөр тэд ямар ч амжилтад хүрээгүй ба олон сөнөөгчөөр хамгаалуулсан бөмбөгдөгч онгоцны бүлгийг Зөвлөлтийн сөнөөгч ангийнхан тухай бүрд нь урьдчилан тосож тулалдаанаар хавчин бөмбөгийг нь эзгүй газар хаяулсаар байв. Энэ өдөр хэд хэдэн жижиг агаарын тулалдаан болсон боловч Зөвлөлтийн тал ямар ч хохирол хүлээлгүй  (Японы мэдээгээр бол Зөвлөлтийн 9 сөнөөгч, 3 бөмбөгдөгчийг унагасан гэнэ)  дайсныхаа 4 онгоц унагасны дотор 14 ялалт бүхий Кожи Мотомура хэмээх ас бас алагджээ.

23-ны өдөр Зөвлөлтийн бөмбөгдөгчид бүслэгдэж байгаа Японы цэрэг, тэдгээрийн хангамжийн дэд бүтцийг бөмбөгдөх явцад Японы талаас ямар ч сөнөөгч агаарт гараагүй, таараагүй гэсэн хачин мэдээ бий. Харин зенитийн их буучид нь хошууч Семеновын СБ бөмбөгдөгчийг буудаж унагасан байна.

8-р сарын 24-ний өдөр Японы сөнөөгч нисгэгч Яжима өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичихдээ  “Өнөөдөр манай хорооны сүүлчийн дарга болох ахмад Масуда тулалдаанаас эргэн ирсэнгүй. Кагамихара нисэх баазаас надтай цуг энд ирсэн нисгэгчид дотроос би ганцаараа амьд үлдэж. Би яагаад одоо хүртэл ганцаараа амьд байна вэ? Амь үрэгдсэн бусад нөхдийнхөө өмнө би ичмээр байдалд байгаа боловч тулалдаанд алагдан тэдэнтэйгээ удахгүй уулзана гэдгээ тангараглаж байна” гэжээ.

Иймэрхүү тангараг тавьсан дэслэгч Яжима 8-р сарын 25-ны олон тулалдааны нэгэнд буудуулж унан тангаргаа биелүүлсэн байна.

8-р сарын 25 бол Халх голын агаарын тулалдааны бас нэг чухал өдөр юм. Тэр өдөр болсон агаарын тулалдаануудын тухай Зөвлөлтийн агаарын мэдээг харахад ёстой л “аймаар” гэмээр бөгөөд Халх голын дайны эхэн үед япончуудад ёстой нусаа суга алгадуулж байсан “Орос” нисгэгч нар энэ өдрүүдэд оролцсон тулалдаан болгондоо Японы хэд хэдэн онгоцыг унгасан, өөрсдөө хохиролгүй гэсэн баримт дүүрэн. Мэдээж даваадуулсан, тооны хойноос хөөцөлдөж нэмсэн зүйл байгаа нь тодорхой боловч тэд дайснаа бөөн бөөнөөр нь ялж дийлж, хамгийн гол нь нисгэгч, байлдааны техникийн хохиролгүйгээр ялж сурч байгаагаа харуулсан хэрэг юм.

9:55-11:00 цагийн хооронд 108 И-16 болон И-153 дайсны 80 орчим И-97 (Ки-27) таарч хохиролгүйгээр дайсны 15 онгоцыг унагасан,

12:45-14:00 цагийн хооронд 36 И-16 дайсны 25 И-97-той таарч хохиролгүйгээр 7 онгоц унагасан,

12:47-14:05 цагийн хооронд 11 И-16 нь 20 И-97-той таарч дайсны 3 онгоц унагахдаа хохирол хүлээсэнгүй,

14:20-15:25 цагийн хооронд 91 И-16 болон И-153 нь 3000 метрийн өндөрт 30-35 И-97, 25 ЛБ-97 (Мицубиши Ки-21)-ийг дайрч 12 И-97, нэг ЛБ-ийг устгахдаа хохирол хүлээсэнгүй,

17:35 цагт фронтын шугам чиглэн нисэж явсан сөнөөгчийн хамгаалалтгүй 9 ЛБ-97-г дайрч 5-ыг нь унагахдаа хохиролгүй,

18:25-19:00 цагийн үед 11 И-16, 13 И-153 Үзүүр нуурын (?) орчим 35-40 И-97-той тулалдан хохирол хүлээлгүй дайсны 5 онгоцыг устгасан...

 Зөвлөлтийн дээрх мэдээгээр Японы 48 онгоцыг агаарын тулалдаанд унагасан гэх боловч Квантуны арми 10 онгоц, 6 нисгэгчээ алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Тэдэн дунд 17 ялалт бүхий Эисаку Сузуки, 16 Зөвлөлтийн онгоц унагасан Ёсихико Яжима (тулалдаанд үхнэ хэмээн андгайлсан нөгөө нөхөр) зэрэг шилдэг сөнөөгч нар байв.

Харин Японы сөнөөгчид Зөвлөлтийн 18 онгоц унагасан гэж мэдээлэх боловч энэ өдөр “Оросууд” сөнөөгч нисэх хүчнээс ямар ч хохирол хүлээгээгүй бололтой бөгөөд харин бөмбөгдөгч нисэх хүчин сүүлчийн хохирлоо хүлээсэн гэдэг. (Халх голын агаарын тулалдаан цаашид нэлээд хугацаагаар үргэлжилсэн учир энэ баримт нэлээд эргэлзээтэй санагдана)

150-р сөнөөгч бөмбөгдөгч хорооны дарга хошууч Михаил Бурмистров даргатай бөмбөгдөгч СБ нь  зенитийн их бууны суманд оногдон унасан гэдэг боловч дайны турш 22 удаа хороогоо удирдан дайсныг дайрч байсан энэ туршлагатай хошуучийн үхэл бас л нэлээд маргаантай зүйл байдаг бололтой. Учир нь РС (тийрэлтэт сум-пуужин) бүхий  И-16-ийн групп агаарт гараад байлдааны чигээ аван явж байх үедээ  хоёр моторт хэсэг онгоц адил өндөрт явааг хараад дайсны “Мицубиши” Ки-21 гэж танин шууд дайрч эхэлжээ. И-16 г хөтөлж явсан Звонарев хамгийн түрүүнд ойртож очин гал нээхийнхээ яг  өмнөхөн  уг онгоцны далавчин дээр нь таван хошуу байгааг хараад огцом эргэж, далавчаараа дохин бусдадаа энэ онгоцыг өөрийнх гэж ойлгуулахыг оролдсон байна. Ард явсан эгнээний хэд түүний маневрийг дагасан бол дэслэгч Федосов эргэлт хийхээсээ өмнө хоёр РС харваж амжжээ. Нэг пуужин нь бөмбөгдөгчийн  хөтлөгч онгоцыг онон дэлбэрсэн ба тэр онгоц хэсэг хугацаанд чиглэлээ өөрчлөлгүй явж байгаад гэнэт огцом доош шумбалттай унасан нь нисгэгч ухаан алдсан юм уу үхэхдээ жолооны хүрдийг даран унаснаас болсон бололтой гэдэг. Онгоц унах үед штурман үсэрч амжсан бол онгоцны дарга Бурмистров, холбоочин Шарохин нар амь үрэгдсэн байна.

Магадгүй Бурмистров Японы цэргийг дайрч байх үедээ зенитийн их буунд оногдон шархдаж, дараа нь буцах замдаа үхсэн байж болох юм. Ямар ч байсан энэ сүүлчийн хохирлыг зенитийн их бууны суманд оногдсон гэж тооцсон боловч дээр дурдсан РС харвагч И-16-гийн бүлгийнхнийг шагнах үед ганцхан Федосовыг үлдээсэн гэдэг нь бас сонин. Өөр баримтаар бол бүх  багийнхан Улаан тугийн одон (Орден Красного Знамени) авсан байхад ганцхан Федосов л Эр зоригийн (За отвагу) медалиар шагнагдсан байна.

Японы нисэх хүчин хохирлоо нөхөн сэлбэх боломжгүй болсноор бүр хуучирч муудсан Кавасаки Ки-10 зэрэг биплан онгоцыг тулалдаанд оруулж эхэлсэн нь тэдний байдал ямар хүнд болсныг харуулж байгаа хэрэг биз ээ.

Үргэлжлэл, 11 дүгээр хэсэг: Япончууд агаарт тулалдах чадалгүй болов

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]