Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчирхэг эмэгтэйчүүдУншсан40,177

Ер нь эртний монголчууд эмэгтэйчүүдийг хамгаалсан төрийн хатуу чанд хуультай байсан ба тэдний нэр төр, алдар хүндийг ихээр дээдлэж байсан нь дэлхийн түүхэнд ч ховор үзэгдэл.

Монгол төрийн түүхэнд 34 их хатан байдаг. Түүхэн эх сурвалжуудад тэдгээр 34 их хатны 17-гийнх нь амьдрал Онон голын сав дагуу өрнөсөн хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гурван голын сав газрыг их хаадынхаас гадна их хатдын өлгий нутаг хэмээдэг нь үүнээс үүдэлтэй аж. Бид хаад ноёд, баатар ван гэж ярихаас бус ээжүүд эхчүүд, хатад гэж ярих нь ховор. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүхийг олон түмэнд тайлбарлан таниулах нь хойшлуулшгүй чухал ажлуудын нэг гэдгийг хатан судлаачид хэлдэг.

Ер нь эртний Монголчууд эмэгтэйчүүдийг хамгаалсан төрийн хатуу чанд хуультай байсан ба тэдний нэр төр, алдар хүндийг ихээр дээдлэж байсан нь дэлхийн түүхэнд ч ховор үзэгдэл. XIII зууны үед дайн дажины үед ч олзлогдсон эмэгтэйчүүдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны үед "Өнчин ядуусыг тэтгэх улсын сан" хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутүу бологсод тэдний гэргий, эр нөхрөө алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчүүдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.

1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Виллиам де Рубрук Монголын эмэгтэйчүүдийн ажилсаг, эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ "Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг, үнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бүрдэг" гэгчлэн магтан бичсэн байхад, "Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчүүд нь дайнд мордсон нөхцөлд ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг" гэж Марко Пологийн тэмдэглэлд Монгол эмэгтэйчүүдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн байдаг.

 
Алунгоо эх

 

Алунгоо эхийг зарим хүмүүс домгийн хатан гэж ойлгодог. Тэгвэл Алунгоо эх нь 900-гаад оны үед буюу Х зууны үед амьдарч  байсан түүхэн хүн бөгөөд язгуурын Монгол хаадын элэнц эмэг юм.

Добу мэргэнийг нас барсны дараа төрсөн хөвгүүд нь мөнх тэнгэрийн хүчний үйлчлэлээр төрсөн учир Монгол хаад тэнгэр язгуурт хэмээн тахин шүтэгдэж хамгийн хаад болсон хэмээх нь Алунгоо хатны домгийн гол үндэслэл юм. Алунгоо хатны отгон хүү Бодончар мунхагаас хаадын алтан ураг Боржигин овог эхэлдэг.

Алунгоо эх Монголчууд эв эеэ нэгтгэвэл багцалсан таван сум мэт бат бэх болж хэнд ч хялбар үл дийлдюү хэмээн сургасан ба тэр үеэс Монгол хаадыг тэнгэр язгуурт гэх болж хаадын зарлиг, албан бичиг бүхэн Мөнх тэнгэрийн хүчин дор хэмээн эхлэх болжээ. Алунгоо хатны хөвүүдээ сургасан таван сумны сургааль нь үеийн үед Монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, сургамж болсоор ирсэн түүхтэй. Турк улсын Топкап номын санд Монгол болоод Төмөрийн улсын удмын хаадын зураг бүхий хуйлмал Удмын судар хадгалагдаж байгаа. Тэрхүү сурвалжийг 1402-1423 оны хооронд бүтээсэн бөгөөд энд Алунгоа хатныг дүгрэг хүрээн дотор бохирсон байдлаар бүтэн дүрсэлж “шар нохой”-г зургийн хүрээний гадна дүрсэлсэн байна. Удам гарлыг хос шугамаар холбож нэр ус тайлбар сэлтийг хажуугаар нь уйгураар бичсэн байжээ.

Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг. 1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө  этгээдийн  Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг.

 
Өэлүн үжин

 

Монгол төрийн түүхэнд өмнө дурдсан Алунгоо эх, Өэлүн эх, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Түүний нэг болох Өэлүн эх нь Есүхэй баатар эцгийн хатан, дэлхийг дагуулсан эзэн богд Чингис хаан, Тэмүжиний хатан ээж юм. Их Монгол улсын төрийг байгуулалцаж явсан гавьяат эх Өэлүн үжин Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ зэрэг дөрвөн хөвгүүн Тэмүлэн нэрт охинтой. 1170 онд Есүхэй баатар нас нөгчихөд Өэлүн эх Есүхэй баатрын тугийг барьж овог аймгаа хураан захирахыг оролдсон ч санаснаар тийм амар хялбар байсангүй. “Цээлийн ус ширгэж цэгээн чулуу хагарав” хэмээн олонх иргэд тайчуудыг даган нүүж Өэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нутагт нь хаяжээ. Ингээд Өэлүн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүж өдөр хоногийг өнгөрөөж өл хоол залгаж явжээ.

Өэлүн эх өөрийн хөвгүүддээ хань түшиг болог хэмээн дайны хөлд хаягдсан Борохул, Хөгэчү, Хүчү, Шихихутаг нарыг үрчлэн тэжээж өөрийн хүүхдүүдийн адил сайтар сурган хүмүүжүүлжээ. Өэлүн эхийн хүмүүжлээр Тэмүжин, Хасар, Бэлгүдэй нар цөм алсын хараатай ухаантай зарчимтай улс төрч болж хүмүүжсэн юм. Өэлүн эхийн чармайлтаар өнчин хэдэн хүүхэд нь өндийн тэнхэрч 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөв. 1190 онд Жамуха Чингис хааныг гэнэдүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өэлүн эх нэгэн хүрээ болж цэрэг удирдан дайны ялалтыг баталж байжээ. Их Монгол Улс байгуулагдсаны сүүлээр Өэлүн эх санаа амар суусангүй. Их Монгол улсын төлөө санаа сэтгэлээ чилээсээр байжээ. Жишээ нь, Хөхөчү бөө Тэмүжин, Хасар нарын хооронд яс хаяж Хасарыг цааш хандуулахгүй бол Тэмүжинд халтай хэмээн өдөөн хатгасны улмаас Тэмүжин Хасарыг барьж аман өчгийг нь авч шүүж байлаа. Үүнийг мэдсэн Өэлүн эх шөнөжингөө аялж Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгодож үнэн худлыг ялгахгүй өөрийн үүрээ эвдсэн явдлыг шүүмжилж гарч мэдэх нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилттай давсан билээ. Өэлүн эх өөрийн авьяас чадвар, оюун билиг бүхнээ Монгол улсын хөгжил мандлын төлөө зориулжээ. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг төрийн эх хатнаар нэхэн өргөмжилсөн байдаг.

 
Бөртэ үжин

 

Бөртэ хатан бол Чингис хааны авааль гэргий бөгөөд Дай Сэцэний охин болно. Тэрээр эр нөхөр Тэмүжиндээ хань түшиг болж, олон удаа Чингис хааныг ятган сэнхрүүлж янз бүрийн улс төрийн хямрал аюулыг амжилттай даван туулж, Их Монгол улсыг байгуулах ба хамгаалан хөгжүүлэхэд баларшгүй гавьяа зүтгэл үзүүлжээ. 1179 онд Мэргэд аймгийнхан эрт цагт Өэлүн эхийн булаагдсан өсийг нэхэж Тэмүжиний гэр орныг дайрч, хөл хүнд байсан Бөртэ хатныг олзлон аваачсан байна. Тэмүжин эхнэр хүүхдээ аврахын төлөө Ван хан, Жамуха нартай хамтарч Гурван Мэргэдийг довтлон Бөртэ хатныг эргүүлэн авчирсан билээ. Үүнээс хойш Тэмүжин, Жамуха нар урьдын андаа дурдатгаж жил гаруй нэг хотонд суужээ. Гэтэл аль аль нь Монгол төрийн хаан болох хүсэлтэй гэдгийг ухаалаг хатан Бөртэ аль эрт гадарласан тул Жамухагаас эвээр салах арга өргөж нүүдлийн замд Жамухагаас салан явсан билээ. Тухайн үед Жамуха нөлөө ихтэй байсан тул Жамухагаас эвээр хагацсан явдал нь Тэмүжиний тэнхрэн босоход чухал ач холбогдолтой зүйл байсан юм. Ер нь Чингис хаан Монгол туургатныг нэгтгэх үйл ажиллагаанд Бөртэ хатан ч бие сэтгэлээрээ оролцож явжээ. Энэ тухай түүхэн сурвалжид “Үсээ чандлан богтолж, энгэрээ эвхэн бүсэлж, гэзгээ ороон богтолж, хормойгоо шуун бүсэлж” Чингис хаантай мөр зэрэгцэн байлдан тэмцэж явсан тухай дурдсан байдаг.

 Бөртэ үжин бол наран мэт гэгээн ухаантай, нуур мэт дэлгэр сэтгэлтэй, агуу эх хүн байсан юм. Тэрээр төрийн дөрвөн тулгуур мэт Зүчи, Цагаадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвгүүн Хожин Бэхи, Алага Бэхи тэргүүтэй хэд хэдэн охиныг төрүүлэн өсгөж сайтар сурган хүмүүжүүлсний дүнд бүгд төрийн агуу зүтгэлтэн болсон билээ. Хубилай Сэцэн хаан эмэг ээжийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж Богдын түшээ, Гэгээн ивээлт их хатан цол нэхэн өргөмжилж дээдсийн сүмийн найман цагаан ордонд Чингис хааны хамт хоёрдугаар ордонд тахилын гэргээ босгож шүтэн тахисан байдаг.

 
Хулан хатан

 

Хулан бол Чингис хааны хоёрдугаар их хатан болно. 1204 онд Чингис хаантай учран золгож, гоо үзэсгэлэн мэргэн ухаанаараа Чингис хаанд таалагдаж хоёрдугаар ордны хатан болов. Сурвалж бичигт Хулан хатны ордныг “Хоёрдугаар ордон”, “Солонгосын Барс орд”, “Саарь хээрийн Харилт дахь аяны ордон” гэх мэтээр нэрлэдэг. Хулан хатнаас Хүлгэн гэдэг ганц хөвгүүн төржээ. Чингис хаан түүнийг их хатныхаа хөвгүүдтэй нэгэн адил үзэж 4000 өрх иргэн соёрхсон гэдэг.

 1218 онд Чингис хаан баруунш дайлахаар мордсон үед хатдаас Хулан хатныг дагуулан явав. Хүнд бэрхшээлтэй аян дайны үед Хулан хатан Чингис хааны бие лагшинг сайтар харгалзсан төдийгүй олон зүйлт арга бодлого өргөж гарамгай мэргэн зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Чингис хаан таалал төгссөнөөс хойш, дөрвөн их хатных нь ордныг хэвээр хадгалж төр засгаас албан ёсны соёрхол хүлээж байсан байна. Хулан хатнаас төрсөн ганц хөвгүүн Хүлгэн нь 1235 онд ахмад хөвгүүдийн аян дайнд оролцож Батыг даган Орос орныг байлдан эзэлж явсан бөгөөд дайны дунд нас барсан гэдэг. Хулан хатан бол Монголын түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн агуу бүсгүйн нэг байсан юм.

 
Дөргөнэ

 

Их Монгол улсын үеийн төр мэдсэн хатан. Түүний талаар сайн, муу олон түүх үлдсэн гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр Их Монголын эзэнт улсын нөлө бүхий хүчирхэг эмэгтэй, Өгөдэй хааны хатан, их хаан Гүюгийн эх юм.

Тэрээр Өгэдэй хааны зургаадугаар хатан бөгөөд Найман аймгийн хүн. Өмнө нь Мэргэд аймгийн ахлагч Тогтоа Бэхийн их хөвгүүн Худугийн эхнэр байжээ. 1204 онд Чингис хаан Мэргэд аймгийн үлдэгдлийг байлдан ялж Дөргөнэг олзлон өөрийн хөвгүүн Өгэдэйд хатан болгон шагнажээ. Дөргөнэ төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд гоо үзэсгэлэн учир Өгэдэй хаанд таалагдан “Наймажин хатан” хэмээн өргөмжлөгдөж Гүюг тэргүүтэй хөвгүүдийг төрүүлсэн байна. 1241 онд Өгэдэй хаан нас нөгчсөнд Дөргөнэ хатан төр мэдэж 1241-1246 он хүртэл Их Монгол улсын хаан ширээг бүрэн хяналтдаа байлгасан гэдэг. Энэ хугацаанд тэрээр Фатима, Абдурахман зэрэг зальхай хүмүүсийг хэрэглэн Монгол төрийн эрхэт түшмэд Чингай, Елюй Чуцай, Ялавач зэрэг хүмүүсийг хорлохыг завдсанд эдгээр хүмүүс Өгэдэй хааны хоёрдугаар хөвгүүн Хүдэн ноёнд дутаан очиж амь хэлтэрч байжээ. Дөргөнэ хатан төр барьж байсан хугацаанд хууль цааз самуурч төр засаг цалгайран шударга түшмэд ихээхэн хор амсаж байсан нь сурвалжид үлджээ. Олон ноёд түшмэдийн шахалтаар 1246 онд өөрийн хөвгүүн Гүюгийг хаан сууринд өргөмжилсөн юм.

Дөргөнэ хатан түр төрийг засаж байсан үеийн байдлыг Юань улсын шашдирт “Ард түмний хүч тэнхээ барагдаж аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, ёс дэглэм сулраад ардын сэтгэлийг алдав. Өгөөдэй хааны үеийн өршөөл засаг үгүй болж замхрав” гэж тэмдэглэжээ. Мөн нөгөөтэйгүүр Гүегийг Хаан ширээнд залсан их гавяатай хүн хэмээн түүхэнд бичжээ.

 
Огул Хаймиш

 

Их хаан Гүюгийн их хатан, Их Монгол улсын төрийг түр хамаарагч. Огул Хаймиш бол Ойрад аймгийн Хутуга бэхийн охин юм. Гүюг хааныг нас барсны дараа, уламжлал ёсоор түүний бэлбэсэн хатан Огул Хаймиш 1249-1251 онд Бат болон олон ноёдын зөвшөөрснөөр төрийн хэргийг түр хамаарчээ. Гурван он дамнан Их Монгол улсын төрийг барьж эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхэд нь Сорхугтани бэхи, Чингай түшмэл нар ихээхэн дэмжлэг үзүүлж байжээ.

Гүюг хааныг нас бармагц Бат хаан элч зарж Огул Хаймишд бэлбэсрэлийн ёс гүйцэтгүүлээд төрийн хэргийг Огул Хаймиш, Чингай чинсан нарын санал харж шийтгэж байгтун гэж алтан ургийн хан хөвгүүдэд зөвлөсөн байдаг. Хан хөвгүүд Бат хааны зөвлөснийг хайхралгүй, Огул Хаймиш, Чингай чинсан нарын үгэнд оролгүй цөм зоргоороо загнаж байжээ. Огул Хаймиш төр хамаарч байх үедээ Өгэдэйн угсаанаас ялангуяа Ширэмүнийг хаан суулгах гэж их зүтгэсэн байна. Гэвч санасандаа хүрч чадаагүй ажээ. Огул Хаймиш хатан Мөнхийг хаан суусан явдлыг илээр эсэргүүцэж байгаад цаазаар авахуулсан байна. Эрх мэдлээ алдахгүйн тулд, мөн Өгөдэйн угсааныхан төрийн эрх мэдлээс зайлуулагдахын эсрэг улайран тэмцсэнээс нь болж Мөнх хаан Өгөдэйн угсааны олон хан хөвүүд, ноёдыг цус асгаруулан хороосон харамсалтай явдал Огул Хаймишийн нэртэй холбоотой. Гэсэн ч Огул Хаймиш Монголын түүхэнд томоор бичигдэх, нөлөө бүхий хүчирхэг эмэгтэй байсантай эвлэрэхээс аргагүй юм.

 
Сорхугтани

 

Сорхугтани бол Чингис хааны отгон хүү Толуйн их хатан хожмын Монгол төрийн дөрвөн их хаан Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү нарын эх юм. Хэрэйдийн ноён Жаха хамбу 1203 онд Чингис хаанд дагаар орох үед өөрийн охин Сорхугтаниг Чингис хааны отгон хүү Толуйд гэргий болгон өгчээ. Толуй өөрийн эцэг Чингис хаан, ах Өгэдэйн хамт аян дайнд байнга морддог байсан тул хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлэх ажлыг Сорхугтани хатан хариуцаж байв. Тэрээр хөвгүүддээ өндөр боловсрол олгохын тулд ихээхэн хичээж байжээ.

Сорхугтани эр нөхрөө нас барсны дараа “Толуйн улс” буюу Монголын голомт нутаг, ард иргэдийг захирах болсноор Монголын эзэнт гүрний дотор ихээхэн эрх мэдэлтэй болжээ. Монгол эзэнт гүрний их хаан Өгэдэй бүх ажил хэргийнхээ талаар Сорхугтани хатантай зөвлөлдөж, түүний ямарваа шийдвэр, тушаалд халдан, өөрчилдөггүй байсан гэдэг. Өгэдэй хаан Сорхугтаниг өөрийн хүү Гүюгт гэргий болгон өгөх гэсэнд тэрээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн эелдгээр татгалзсан учир ёс журамтай эмэгтэй хэмээн ихэд алдарших болсон ажээ. Сорхугтани христийн шашны несторийн урсгалыг шүтдэг байсан хэдий ч аливаа шашныг хүлцэх Монголчуудын уламжлал ёсоор будда, ислам, даосын суртлыг ч дэмжин тэтгэж байжээ. Тухайлбал, өөрийн хувь өмч болгон авсан Дундад Азийн Бухар хотод мадрас (шашны сургууль) байгуулах хэрэгт мөнгө хандивлаж байв.

1236 онд Өгэдэй хаан урьдны Алтан улсын Хэбэй мужийн 80 мянган хятад өрхийг Толуйн угсааныханд хувь өмч болгон өгчээ. Сорхугтани хатан тус бүс нутгийн аж ахуйг сэргээн босгож, газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч, түүнээс авах татварын орлого нэмэгдүүлэхийг оролдож байв.

1246 онд Өгэдэйн ахмад хөвгүүн Гүюг их хааны ширээнд суусныхаа дараа өрнө зүгт аян дайн хийх нэрийдлээр Батын эсрэг байлдахаар хөдлөхөд Сорхугтани Батад нууцаар хэл хүргэн сэрэмжлүүлжээ. Гүюгийг нас барсны дараа Сорхугтанийн ахмад хөвгүүн Мөнх Бат ханы идэвхтэй дэмжлэг, оролцоотойгоор 1251 онд Монголын их хааны ширээнд суув. Ийнхүү Толуйн удмынхан, Мөнх Монголын их хааны суурийг эзлэхэд Сорхугтани хатны улс төрийн оролцоо, хичээл зүтгэл чухал нөлөө үзүүлжээ. Сорхугтани 1252 онд нас баржээ. Түүнийг их хаадыг оршуулдаг Их хоригт оршуулсан гэдэг. Монголчууд Сорхугтани бэхид зориулан Эш хатны цагаан гэр хэмээх тусгай тайлгын гэр байгуулан, дотор нь түүний хөргийг залж, тахих болжээ. Энэ нь эзэнт гүрний дараахь үед “Чингисийн найман цагаан гэр” хэмээх шүтээнийг бий болгож, тайлга тахилга үйлдэх үед түүний нэг болсон ажээ.

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 16. 20:12
Зочин kayroseki

Өгөдэйн удмийхан ямар муухай хүмүүс вэ яагаад Өгөдэйг хаанаар өргөмжилөн юм бол Алалтун бэхиг хороож архинд өрж Өгөдэйн удмийхан төр барьж байхад ард түмэн зовсоор иржээ Сорхогтани хатаны үйлс хэрэгийг бахархаж бас талархаж бна

2021, 12 сар 20. 19:47
88

Би бол чамтай яг эсрэг байна Тулуйн удмынханд маш дургүй байна. Их Хаан Өгөөдэйн гэрээсийг зөрчиж ширүмэнийг хаан болгоогүй, их хуралдайн гаргасан тангарагыг үл тоосон, Өгөөдэйн бүх ач нарыг алсан өгөөдэйн носдыг мөн алсан монголын түүхэн дэх анхны алтан ургын хагаралыг эхлүүлсэн хийсэн эзэнт гүрний хагаралыг эхлүүлсэн гэтэл аав Тулуй нь хэзээ нь хаан болох тухай бодож байгаагүй хаан ах өгөөдэйн төлөө өөрийнхөө амийг егүүтгэж байсан. Тулуйн удам хаан ширээнд хэзээ ч гарах ёсгүй байсан монголын хагарал тэндээс л эхэлсэн

2022, 6 сар 16. 0:31
Зочин

Ширмэн бол хаан болоход хэтэрхий бага залуу байсан. Өгөөдэйн хатан Дөргөнө их олон муу үйл хийснээс болжил хагарал үүссэн. Өгөөдэйн удмынхан Мөнх хааны эсрэг тэмцэн төрд тэрсэлсний улмаас л бүгд удмаараа хядуулсан. Чингис хааны гэрээслэлд Хубилай хаан болох л байсан.

2019, 4 сар 3. 23:27
Зочин

Энэ мундаг хатан зоригт хатадын тухай манай УИХ-эмэгтэй гишүүд үлгэрлэн түүхийг уншмаар юмдаа Маш их таалагдлаа

2021, 10 сар 7. 22:24
Зочин с.энгүүн

Монгол хатдын түүх маш бүдэг энэ магадгүй ягч бодит биш байж магадгүй

2020, 9 сар 13. 22:28
Зочин

Чи өөрөө ч бас Их Хаадынхаа түүхийг унш

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]