Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эцсийн үгээ цамцан дээр цусаараа бичиж үлдээсэн Ө.ПунцагУншсан11,581

1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож цусан гавьяа байгуулсан баатруудын дундаас Өлзийбүрэнгийн Пунцаг гэж гайхамшигтай эр зоригтны үлдээсэн нэгэн түүх бий.

1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож цусан гавьяа байгуулсан баатруудын дундаас Өлзийбүрэнгийн Пунцаг гэж гайхамшигтай эр зоригтны үлдээсэн нэгэн түүх бий. Тэрбээр хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдахын өмнө нөхөр Д.Догсом, А.Амар, Х.Чойбалсан нарт “Би цэргийн тангарагтаа үнэнч байснаа цусаараа тангараглав. Монгол Улс мандтугай. Монголын ард түмэн мандтугай” гэж эцсийн үгээ цамцан дээрээ цусаараа бичиж үлдээсэн нь өдгөө архивын ховор нандин баримт болон хадгалагдаж иржээ.

Өлзийбүрэнгийн Пунцаг хэмээгч нь хэн байв? Түүнийг юуны учир хэлмэгдүүлэв? "Эрүү" хочтой Өлзийбүрэнгийн Пунцаг нь Хантайшир Уулын аймгийн нутаг Наранбулаг хэмээх газар 1897 онд төрсөн, Ховд аймгийн Буянт сумын харьяат.

1937 онд хэлмэгдэх үедээ 40 настай байсан. Түүний биеийн байцаалтад, “Эх Норжин, дүү Цэвэгжав, Чимгээ, Батхүү, эхнэр Бадамгарав, хүү Бадамбазар, Цэдэнсодном, Михайл нарын хамт ам бүл есүүл. Үхэр 10, хонь 10, гэр 2, хашаа 1 хөрөнгөтэй. Намын гишүүн. Монгол бичиг, орос хэл мэднэ. 3 дугаар зэргийн жолоочийн үнэмлэхтэй. Урьд 200 төгрөгөөр торгуулсан. Баригдахын өмнө Аж үйлдвэрийн комбинатын дарга байсан” хэмээн бичжээ.

Тэрбээр 1921 онд Ардын журамт цэрэгт элсч салаа, суман, хороон даргын үүрэг гүйцэтгэж гамин, цагаантантай сэлэм эргүүлэн амиа үл хайхран цусаа урсган тэмцэлдэж явсныг  нь Цусан гавьяаны одон, Алтангадас одон, Ворошиловын алтан сэлмээр шагнагдсан зэрэг нь баталдаг. 1921 оноос хойш Дотоодын цэргийн Ерөнхий сургуулийн давтан курс, Зөвлөлтийн морин цэргийн дунд сургууль, хоршооны дээд курст тус тус суралцсан нь шинэ тулгар улсын цэргийн дээд удирдлагуудын эгнээнд түүнийг оруулжээ. Улмаар Дотоодыг хамгаалахын тусгай хэлтсийн даргын албыг хашиж байгаад БНМАУ-ын Цэргийн прокурорын өндөр албан тушаалд томилогджээ.

Ингээд Цэргийн прокурор, БНМАУ-ын прокурор, Дорнодын 2 дугаар корпусын дарга, Хоршоодын Ерөнхий хорооны дарга, Аж үйлдвэрийн комбинатын дарга зэрэг ажлуудыг хийж байжээ.

Корпусын дарга, Цэргийн прокурор, БНМАУ-ын прокурор зэрэг батлан хамгаалах, хуулийн салбарын өндөр хариуцлагатай алба хашиж байсан цусан гавьяаны эзэн, партизан Ө.Пунцагийг энэ салбараас нь холдуулж Аж үйлдвэрийн комбинатын даргаар томилсон нь сонирхол татам. Ямартай ч Ө.Пунцагийг Аж үйлдвэрийн комбинатын дарга байхад нь 1937 онд улс төрийн хэрэгт баривчилжээ.

Энэ бол төр засгийн томчууд бөөн бөөнөөрөө баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын тушаалаар буудуулж байсан цаг. “Монгол Улсын түүх”-ийн 5 дугаар ботид “И.Сталины зааврыг хэрэгжүүлэхэд бүх хүч чадлаа зориулах болсонд Монголын эрх баригчид бараг цөмөөрөө Х.Чойбалсанг дэмжихээ больж, харин ч түүнийг эсэргүүцэж байлаа. Тухайлбал, 1937 оны эхээр Улсын прокурор Ч.Чойдогсүрэн, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар хамтарсан тушаал гаргаж, ДЯЯ-ны ажилд хуулийн хараа хяналт тогтоох, хууль ёс завхруулах явдлаас урьдчилан сэргийлэх чиглэл бүхий заалт оруулсан байна” хэмээжээ. Гэвч нам, төрийн удирдагчдын зүгээс Дотоод явдлын яамны мөрдөн байцаалт хууль бусаар явагдаж байгааг илчилсэн шүүмжлэлийг “Хууль хяналтын байгууллагаас Дотоод явдлын яамны ажилд саад учруулж байна” хэмээн зэмлэсэн төдийгүй МАХН-ын Төв Хорооны 1937 оны 5 дугаар сарын 31-нд Тэргүүлэгч гишүүдийнхээ хурлаар Х.Чойбалсангийн байр суурийг бүрэн дэмжсэн байна. Улмаар 8 дугаар сарын 23-нд нь маршал Г.Дэмид ЗХУ-д албан хэргээр одох замдаа хорлогдон нас барсан ба 9 дүгээр сарын 2-нд Х.Чойбалсанг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилж, удалгүй мөн л түүнээр даргалуулсан “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг байгуулснаар улс төрийн хэлмэгдүүлэлт гал дээр тос асгасан мэт газар авчээ.

Үндэсний Төв архивт хадгалагддаг Улсын прокурор Ч.Чойдогсүрэнд тулгасан хэргийн материалаас энэ байдал тодорхой харагддаг. Түүнийг “Улсын прокурорын үүрэг гүйцэтгэж байхдаа дайчлах баривчлах, хорих ялыг шийтгэх явдлуудыг саатуулан хориглож Дотоод явдлын яамны гүйцэтгэх ажилд ноцтой хохирол учруулж байсан” хэмээн ял тулгаж байж.

Ийнхүү шүүгч, прокуроруудыг олноор нь хэлмэгдүүлэхэд Цэргийн прокурор, Улсын прокуророор ажиллаж явсан Ө.Пунцагийг ч мөн үлдээж хоцроохгүй нь тодорхой хэрэг байв.

Тухайн үед Улсын прокуророор ажиллаж байсан Ч.Чойдогсүрэнг баригдахад 10 дугаар сарын 7-нд нь Улсын прокуророор томилогдоод 10-хан хоног үүрэгт ажлаа гүйцэтгэсэн Н.Борхүү, өмнө нь Шүүх яамны сайдаар ажиллаж байсан Ж.Дэндэв, мөн Улсын прокурор, Шүүх яамны сайдаар ажиллаж байсан М.Ядамсүрэн нар баривчлагдан хилс хэрэг тулгагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр цаазаар авахуулжээ.

12 дугаар сарын 30-нд амиа алдахаасаа сар гаруйн өмнө шөнө, шоронгийн хүйтэн өрөөнд хоригдож, эрүүдэн шүүгдэж байхдаа Ө.Пунцаг "УДИРДАГЧ ДОГСОМ, АМАР, МАРШАЛ НАРТ. ҮНЭНЧ ЯВСАН БА ҮНЭНЭЭ ИЛЭРХИЙЛСНЭЭ ЦУСААРАА ТАНГАРАГЛАЯ, МОНГОЛ УЛС ХЭЗЭЭД МАНДТУГАЙ! ПУНЦАГ. 27.11.28 " хэмээн өөрийнхөө цусаар цамцан дээрээ бичиж үлдээжээ.

“27.11.28” гэсэн нь Монгол Улсын 27 он буюу 1937 оны 11 сарын 28-ны өдөр юм.

Хожим буюу 1962 онд Ө.Пунцагийн хэргийг хянаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос 80 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан түүхтэй.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2017 онд “Ардын хувьсгалын баатрууд” үзэсгэлэн Монгол Цэргийн музейд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнгийн зорилго нь 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож, ард түмний өмнө цусан гавьяа байгуулсан гарамгай удирдагчдын нэг, зэвсэгт тэмцлийг манлайлсан 12 баатрын амьдрал, тэмцлийн түүхийг харуулах.

Энэ үеэр Монгол Цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай “Өнөөдөр бид Монгол Улсын баатруудын тухай ярихдаа зөвхөн 1936 онд БНМАУ-ын Баатар цол хүртсэн Шагдарын Гонгор, Агаарын Зоригтбаатар, Дамчаагийн Дэмбэрэл нараар эхэлсэн 69 хүнийг ярих болжээ. Тэгвэл түүхийн хуудсыг сөхвөл Богд хаант Монгол Улс, Хэмжээт эрхт хаант улсын үед эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тэмцэн баатарлаг үйлс бүтээж, гавьяа байгуулсан 113 хүнд “Баатар” гэдэг эрхэм цолыг хүртээсэн” хэмээсэн байдаг.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын Үндэсний музей болон Монгол Цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ардын хувьсгалын баатруудтай холбоотой 20 гаруй биет үзмэрийг дэлгэснээс Тэргүүн хорооны туг, жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан хулсан ташуур, Хатанбаатар С.Магсаржавын шагайн харвааны хэрэгсэл, бичгийн ширээ, данх сав зэрэг түүхэн ховор үзмэрүүд байснаас олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан нь Ө.Пунцагийн эцсийн үгээ цамцан дээрээ цусаараа бичсэн түүхэн бичээс байв. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]