Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэднийг шийтгэх бурхан тэнгэр нь тэгээд хаана байна?Уншсан15,122

Петр Брзица, Иссей Сагава мэтийн олон бузар алуурчид ял шийтгэлгүй амар тайван амьдарч байсан, тэдэнтэй адил олон алуурчид одоо ч бас тайван сайхан амьдарч байгаа нь тодорхой.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна

Хүн алж бузар муухай үйлдлээрээ алдаршсан олон хүмүүс бий. Тэдний ихэнх нь зохих хариуцлагаа хүлээн ял шийтгэл аван шорон хоригдох, цаазаар авахуулах зэргээр дуусдаг гэж хүмүүс боддог боловч яг үнэндээ тийм биш байж тун магадгүй, үгүйдээ л ингэж эргэлзэх үндэс байгаа юм. Учир нь олон түмэнд мэдэгдэж, шуугиулсан гэж болох түүхэн, томоохон янз бүрийн аллагыг гардан хийсэн, тийм тушаал өгсөн... зэрэг уг аллагад оролцсон янз бүрийн хүмүүс ямарваа нэг ял шийтгэлгүй явсаар, насны эцэс болж төгссөн тохиолдол дэндүү олон.

Хамгийн түрүүнд B-29 «Bockscar» бөмбөгдөгч онгоцны багийн дарга Чарльз Суини нь олон хүний санаанд бууж байгаа болов уу. Мөн яг түүнтэй адил түүхтэй Пол Тиббетс ч гэсэн мөн адил. Энэ хүмүүс 1945 оны 8-р сард Японы хоёр хот дээр цөмийн бөмбөг хаяж олон мянган хүний аминд хүрсэн. Эдгээрийг даргын тушаал, дайны үеийн нөхцөл байдал, тушаалыг эсэргүүцсэн ч өөр хэн нэг нь хийх байсан... гэх мэт түмэн шалтгаанаар өмөөрч болно. Ингэж өмөөрөх ч ёстой байх.

Энэ хоёр нисгэгч буруугүй, зөвтгөх үндэстэй үйл хэрэг хийсэн гэж үзвэл Францын их хувьсгалын үеэр өчигдрийн хааныг өнөөдөр, өнөөдрийн Ерөнхийлөгчийг маргааш нь цааш харуулж байсан Шарль Анри Сансон гэх мэтийн нөхдүүдийн тухай (бараг 3000 гаруй хүнийг нөгөө ертөнцөд илгээсэн гэдэг) бас ярьж болмоор мэт.

Иймэрхүү байдлаар тоочоод байвал хүний аминд хүрсэн муу муухай хүн гэж бараг байдаггүй юм шиг болчих гээд байдаг нэг зовлон бий. Энэ удаа дээрх хэдээс арай өөр төрлийн гэмээр хоёр алуурчныг танилцуулах бөгөөд түрүүн дурдсан хүмүүстэй адилтгах юм нь тэд үнэхээр гэмтэн боловч ямар нэг ял шийтгэл хүлээж байгаагүй явдал. Иймэрхүү хүмүүс түүхэнд олон үлдсэн байдаг бөгөөд нийтлэлийн эхэнд дурдсан эргэлзээ маань чухам иймэрхүү хүмүүст хамаатай билээ. Ингээд Хорватын Петр (Петра) Брзица, Японы Иссей Сагава хэмээх хоёр алуурчны тухай.

Петра Брзица

Хорватын үндсэрхэг үзэлт энэ эр нь Сербийн олзлогдсон цэргүүдийг хорих лагерт хуяг болон очсон байна. Угаасаа сербүүдийг алж хядаж байх ёстой, Хорватын тусгаар тогтнолын эх үндэс нь сербигүй байх нөхцөл гэсэн өөрийн үзэл бодолтой энэ залуухан эр ажил төрөлдөө ер бусын махруун хүн байсан гэдэг. Янз бүрийн уралдаан тэмцээн байнга зохион байгуулагдахад хамгийн идэвхтэй оролцож хамгийн олон шагнал авсан гэдэг бөгөөд хамгийн амжилттай оролцсон нэг уралдааныхаа шагналд шарсан гахай, алтан бугуйн цаг, ихээхэн хэмжээний мөнгө авч байжээ. Энэ хүнийг гудамжаар явж байхад нь зарим хорватууд “Хорват хүн хамгийн хурдан нь”, “Амжилт хүсье, илүү ихийг“ хэмээн хашгиралдах нь цөөнгүй. Тэмцээн гээд байгаа зүйл маань ердөө л “Хоригдол болохоос хүн биш” сербүүдийг аль болох олныг, тодорхой хугацаанд цааш харуулахыг хэлж байгаа хэрэг юм.

Ингээд хамгийн том шагнал бүхий тэмцээн нь 1942 оны 8-р сарын 28-29-ний шилжих шөнө болж Петр Брзица нь 1300 гаруй серби хүнийг хүйтэн мэсээр цааш харуулж, тэргүүн байр эзлэн дээрх шагналуудыг авч байлаа. Нэг шөнө 1300 хүн гээд төсөөл дөө. Үнэхээр 1300 (Америкийн судлаач Говард Блюмын гаргасан тооцоогоор) хүнийг нэг шөнө нөгөө ертөнцөд нь илгээнэ гэдэг дэндүү гэмээр эргэлзээтэй тоо бөгөөд яахав багаар бодоход үүнээсээ тав дахин бага байлаа ч гэсэн тийм явдлыг төсөөлөхөд үнэхээр бэрх байна. Дээр нь бас бусад оролцогчид гэж байгаа. Мөн ч айхтар цаг байж дээ.

Нэг удаа мань эр гэнэ алдаж хоригдлуудын дунд ганцаараа хоцорч, жинхэнэ  тасдуулах дээрээ тулж байх үед гаднаас санаандгүй бусад хуяг орж ирэн амийг нь аварсан гэдэг. Мань эр ч бас л хариугаа авч байна гэж зуугаар тоологдох нөхдүүдийг өөрийн гараар цааш харуулсан юм байх.

Дайн дуусч Гитлерийн Герман, холбоотнууд нь ялагдан янз бүрийн шүүх хурал энд тэнд болон, цэргийн гэмт хэрэгтнүүдийг ид шүүж байх үед Петр Брзица нь яаж яваад юм бүү мэд АНУ-д очсон байж. Югослав улс түүнийг Америкт байгааг мэдсэний дараа АНУ-аас энэ алуурчныг, цэргийн гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөхийг гуйхад нь өгсөнгүй. Тэр үед дэлхий ертөнц социалист, капиталист гээд хоёр ертөнцөд хуваагдан дайсагнаж байсан үе гэж тайлбарлаж болох ба америкчууд ямар ч байсан тэр нөхрийг нэлээд сайн хяналтад авсан юм гэдэг. 1990-ээд оны үед соц систем задран унах үед дахин шилжүүлж өгөхийг гуйхад нь “Сураг бараагүй болсон” гэдэг үгээр ам хааж байжээ. Уг нь сэтгүүлч сурвалжлагч нар хүссэн үедээ энэ хүнийг олж чаддаг, өнөөх нь ч зураг хөрөг авахуулахдаа бас нэг их дургүйцэж сүйд болоод байдаггүй байсан тухай яриа бий. Энэ хүн 2007 он хүртэл амьд сэрүүн, айх аюулгүй амар тайван байж байгаад тэрхүү алга болсон гэх Америк нутагтаа насан эцэс болсон гэдэг.

Иссей Сагава

Хар багаасаа бүрэг ичимхий, аймхай, хүний өөдөөс харж чаддаггүй болж өссөн, царай зүсээр тун муухан, үүнээсээ ч их ичиж зовдог энэ хүн Сорбоннийн их сургуульд орж суралцаж байжээ. Тэрээр нэгэн удаа цуг сурдаг маш сайхан голланд бүсгүйг уран зохиолын хичээлээ хамт давтая гэж гуйсныг нөгөөх нь зөвшөөрч байранд нь цуг очсон байна. Энэ бол 1981 оны 6-р сарын 11 байсан бөгөөд  Иссей Сагава бүсгүйг цаашаа харан сууж байхад нь буудаж... дараа нь янз бүрийн юм хийсэн тухай ярих боловч энэ нь үнэн худал гэдэг нь мэдэгдэлгүй өнгөрсөн байдаг. Япон алуурчныг цагдаа нар баривчлан хоёр жил хорьж байгаад сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлснийг япончууд хөөцөлдөж байж нутагтаа авчраад мөн л сэтгэцийн өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй гээд 15 сарын турш эмнэлэгт байлгаж байгаад зүгээр л суллан тавьжээ. Хөрөнгөлөг аав ээжтэй хүн хаа ч газарддаггүй бололтой.

Энэ явдлаас хойш, хүн алсан тухай дурсамжаа бичин гаргаснаас хойш, нөгөө хүний өөдөөс харж чаддаггүй, царай зүс муутай эр чинь алдаршиж, хэд хэдэн ном бичиж, олон янзын телевизийн нэвтрүүлэгт байнга уригдан ордог, хамгийн гол нь олонд нэр хүндтэй, хоолны том мэргэжилтэн, шүүмжлэгч болсон юм байх. Золгүй бүсгүйн тухай ой гутам юм ярьж байснаас үүдээд мань эрийг ийм мэргэжилтэй байхад таарна гэж Японы нийгэм үзсэн бололтой. Хамгийн үнэтэй ресторанаар хэсүүчлэн, дайлуулан явах энэ эр нь хаанахын ямар хоол сайхан, муухай тухай бичиж олны анхаарлын төвд байж ашиг орлого сайтай амьдардаг болсон бөгөөд хэрэвзээ тэрхүү аллагыг хийгээгүй бол хэзээ ч ингэж алдарших, мөнгө олж чадах хүн болохгүй байсан гэж олон хүн үздэг юм билээ. Японы нийгэм гэмт хэрэгтэнд сайн муу ямраар ч ханддаг байлаа гэсэн сэтгэцийн өвчтэй, хүний аминд хүрсэн этгээд сэтгэцийн эмнэлэгт, сэтгэцийн өвчингүй нь шоронд л байдаг баймаар. Үгүй дээ л хохирогчдын ар гэрийг доромжилж байгаатай адил санагдахгүй байна гэж үү.

Петр Брзица, Иссей Сагава мэтийн олон бузар алуурчид ял шийтгэлгүй амар тайван амьдарч байсан, тэдэнтэй адил олон алуурчид одоо ч бас тайван сайхан амьдарч байгаа нь тодорхой.  Энэ талаар юу ч гэж хэлэх ёстой юм мэдэхгүй.  Хүн төрөлхтнийг гэж том ярихаа больё гэхэд хэн нэгнийг маш их доромжлон дээрэлхэж байгаа мэт ...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]