Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аймшигт Зеро аажимдаа “амархан хоол” болсон ньУншсан19,606

Америкчууд Зеро-гоос айдаг байх үедээ зөвхөн шумбалтаар зугтдаг байсан тухай дээр хэлсэн. Хэдийгээр цул металл боловч дээд зэргээр хөнгөлсөн Зеро-гийн бат бөхийн чанар ямар байх нь ойлгомжтой.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн шилдэг сөнөөгч онгоц нь чухам хаанахын, ямар онгоц байсан тухай маргаан хаа сайгүй. Тэрхүү олон шилдэг онгоцны дунд Японы Мицубиши А6М-Зеро онгоц хамгийн тэргүүн байранд л өрсөлдөж байдаг билээ. Гэхдээ энэ онгоцыг бас хамгийн адгийн онгоцны нэг гэж үзэх хүмүүс ч бий. Японы энэ алдарт Зеро гээч нь яг ямаршуу араатан байсан юм бол...

 "Зеро"-г магтан дуулах нь

1940 оны 9-р сарын 13. Хятадын тэнгэрт 12 ширхэг Японы тэнгисийн цэргийн шинэхэн сөнөөгч болох “Мицубиши А6М” буюу дараа нь дэлхий даяар нэр алдар нь түгсэн ”Зеро” гэнэт гарч иржээ. Энэ үед Хятадын 27 сөнөөгч онгоц агаарт байсан бөгөөд тооны хувьд цөөхөн Япон нисгэгчид зугтах биш харин шууд наран талд гаран дайрч эхэллээ. Зөвлөлтийн И-16, И-15 онгоц бүхий Хятад нисгэгч нар дайсныхаа энэ ер бусын хурдтай, хүчирхэг зэвсэгтэй, хэвтээ босоо чиглэлд өндөр маневр бүхий онгоцны эхний дайралтын дараа л замбараа алдан зугтаж эхэлжээ. Зерогийн эхний дайралтаар хэд хэдэн онгоц агаарт шууд л бут үсрэх үед айж сандарсан Хятад нисгэгч нар байлдааны жагсаалаа алдан, хаашаа хамаагүй амь хоохойлон зугтах үедээ хоёр нь мөргөлдөж мод, төмөр, даавууны шатсан хог л болж. Зерогийн дараагийн хэдэн оролтын дараа тэнгэрт Хятадын ганц ч онгоц үлдсэнгүй. Унах нь унаж, бут үсрэх нь бут үсэрч дууссан байлаа. Бүр гурван хятад нисгэгч дайсны ширүүн дайралтыг тэсэж чадалгүй зүгээр байгаа онгоцоо хаян шүхрээр үсэрсэн гэдэг. Японы шинэхэн онгоцны энэ дайралтаар хятад нисгэгч нар аргаа барж, арчаагаа алдсаныг зөвхөн энэ шүхрээр үсэрсэн жишээ л хэлж өгөх болов уу.

27 онгоцыг 12 онгоц 30 минутын дотор байхгүй болгосон гэж байдаг, тэр тусмаа тэр дайрсан 12 онгоцоос ганц ч онгоц унаагүй, гэмтээгүй гэдгийг энд нэмж хэлэх хэрэгтэй байх.

Энэ тулалдааны дараа Зеро онгоцны суу билэг Япон даяар тархаж, Наран улсын техникийн хөгжлийн нэг нүүр царай болсон байна. Харин Японы ирээдүйн дайсан болох АНУ, Их Британи, ЗХУ зэрэг улсууд энэ онгоцны тухай тун бага мэдээлэлтэй байсан бөгөөд ялангуяа америкчуудыг энд онцлон хэлэх хэрэгтэй.

Янкууд ирээдүйн дайсан болох Япон улсын техникийн, тэр тусмаа нисэх хүчний хөгжлийн тухайд өөрийн гэсэн ойлголттой улс байлаа. Япон бол орчин үеийн нисэх техник дангаараа бүтээж чадахгүй, чадсан байлаа ч тэр нь хуучирсан онгоцноос илүү гарах юмгүй гэж тэд үзэж байжээ. Энэ чиглэлээр ажиллах ёстой Америкийн тагнуулын болон бусад албыг муу ажилласан учраас тэд ийм ойлголттой байжээ гэж дүгнэж огт болохгүй юм. Учир нь тийм тагнуулын алба америкчуудад ер байгаагүй гэдэг. (зөвхөн нисэх хүчний техникийн судалгааны тухай ярьж байгаа гэдгийг нэг сануулах нь зөв байх). Ази “сармагчин"-гийн хийсэн юмыг анхаарах ч шаардлага байхгүй, зүгээр л нэг хүүхдийн тоглоом гэж үзсэн юм байх.

Хятадад болсон олон тулалдааны дараа Зерог япончууд өөрийн нутаг дахь үзэсгэлэнд хүртэл ил гаргаж, ард түмэндээ үзүүлэн гайхуулж байсан тэр цагт Япон дахь Америкийн элчин сайдын яамны цэргийн атташегийн нэгэн туслах бас тэр үзэсгэлэнгээр тэнэж байж. Танихгүй нэг сайхан онгоц байхаар нь очиж үзтэл техникийн үзүүлэлтийг нь бичсэн байхаар нь хуулж бичиж аваад далавч болон их биеийн ерөнхий хэмжээг нүдэн багцаагаар тооцож, тайлан бичээд нутаг руугаа явуулсан байна. Ингэж Америкийн нууц албадын олж илрүүлээгүй юмыг “албан ёсны тагнуулын алба” илрүүлжээ.

Удалгүй АНУ-аас хариу ирлээ. “АНУ-ын нисэх хүчний мэргэжилтнүүд энэ онгоцны тухай өөрийн чинь ирүүлсэн мэдээллийг хянан үзээд таны хэлсэн тийм онгоц байх боломжгүй гэж үзлээ. Цаашдаа иймэрхүү худал ташаа, утга учиргүй, хий санаанаасаа зохиосон юм явуулахгүй байхыг танаас шаардаж байна” гэсэн утгатай хариу байж. Япон дахь АНУ-ын цэргийн атташегийн жирийн нэгэн ажилтан болох Стивен Жерик нь цорын ганцхан удаа тайлан бичиж, тэр тайлангийнхаа хариуг авсан нь энэ юм гэнэ лээ.

Дараа нь дайн эхэллээ. Их Британийн нисгэгчид Зерод салам нүдүүлэн, Спитфайр зэрэг шинэ онгоц ирүүлэхгүй бол дууслаа гэж будант Альбионыг захиагаар, гуйлтаар дарж байсан бол америкчуудын хувьд зүгээр л шоконд орсон байна.

“Японы Мицубиши А6М, Zero онгоцны эсрэг манай F2A-3, F4F-3 зэрэг сөнөөгчүүд ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байна. Дайсны энэ онгоц нь маш хурдан өндөр авдаг, онцгой маневр сайтай, хүчтэй зэвсэгтэй... Энэ онгоцноос зугтах цорын ганц арга нь хамаг хурдаараа шумбах өндөр хангалттай л байгаасай билээ гэж залбирах явдал...” гэсэн юм зөндөө. Тулалдах биш зугтах тухайд ярьж байгаа биз. Нэг үгээр хэлбэл “Зеро-гоос айх айдас” гэдэг юманд  автсан мэт байжээ. Номхон далайн тэнгэрт болсон олон тулалдаанд Америкийн онгоцнуудыг Зеро ёстой л сүйдэлж байсан бөгөөд Сабуро Сакай мэтийн асуудын гарт байгаа энэ онгоцыг япончууд өөрсдөө бурхны сэлэм гэж ярьдаг байлаа.

Америкийн сөнөөгч (нисэх онгоц тээгчийн сөнөөгч) онгоцнуудаас олон үзүүлэлтээр давуу Зеротой тулалдахын тулд хамгийн сүүлийн шинэ онгоцнуудыг авчирч эхэлсэн боловч байдал нэг хэсэгтээ огт өөрчлөгдсөнгүй. Хурдны хувьд Зерогоос яагаад ч дутуугүй байх ёстой Аэрокобра P-39 шумбалтаар зугтаж дайралтаас гарах ч удалгүй Зерод гүйцэгдэн нам өндөрт буудуулан унаж байсан олон тохиолдол бий. Техникийн үзүүлэлтээр илүү, хурдаар ч илүү Кобра яахаараа хурдаар дутуу Зеро-д гүйцэгддэг билээ гэж зарим нэг хүн гайхдаг. Зеро бол салхин хөргүүрт мотортой бол Кобра усан хөргүүртэй мотортой. Усан хөргүүрт мотор удаан хугацаагаар дээд хүчээр ажиллахаар ус халж хөдөлгүүрийн хүч сулрах бол салхин хөргүүрт хөдөлгүүрт ийм асуудал байхгүй.

Дээр нь Зеро тухайн үеийн Америкийн сөнөөгч онгоцноос гурав дахин их зайд (нэмэлт шатахууны савтай) агаарын эргүүл хийж чаддаг онгоц байлаа. Ийм зайд эргүүл хийх сөнөөгч онгоц гэж байж болмооргүй гэмээр. Зеро жинхэнэ аймшигт араатан мэт байлаа.

Зеро сулхан сөнөөгч

Бараг жилийн дараа л Америкийн элдэв “муурнууд” (Hellcat, Wildcat) Зеро-гоос зугтах биш, харин бүр унагах гэж яардаг болсон байдаг. Энд P-47 Thunderbolt, P-51 Mustang зэргийг бүр яриад ч яахав. 

Яагаад?

Зеро бол хурдтай, хүчтэй зэвсэгтэй (20 мм-ийн 2 их буу), маневртай, алсын зайд нисэх чадвартай, ерөнхий хэмжээ том ч жин багатай гээд олон давуу талтай онгоц. Гэтэл энэ бүх давуу талын эх үүсвэр нь түүний сул тал байжээ.

Анх Японы тэнгисийн цэрэг өөрсдийн сөнөөгч онгоц нь хүчирхэг зэвсэгтэй, өндөр хурдтай, босоо хэвтээ чиглэлд маневр сайтай буюу жин багатай, байлдааны радиус их байх ёстой гэж үзэн зохион бүтээгчдэд даалгавар өгч байж. Дээрх олон шаардлагууд нь хоорондоо зөрчилдсөн, аль нэгийг хангах гэхэд нөгөөх нь болохгүй болох тийм нөхцөлтэй байгааг харж байгаа байх.

Гэсэн ч Мицубиши компанийн зохион бүтээгч Хорикоси Зиро нь энэ бүх шаардлагад нийцсэн онгоц бүтээнэ гэж амлаж, бүтээж ч чадсан юм. Тун ч сулхан хөдөлгүүртэй (780 морины хүчтэй) хийсэн анхны загварын дараа цэргийнхэн арай хүчтэй мотор болох Накажима-Сакае 12 хөдөлгүүр (940 морины хүчтэй энэ хөдөлгүүр нь Мицубишигийн өрсөлдөгч компанийн мотор) тавьсны дараа л цэргийнхний шаардлагыг хангасан байна. Хорикоси Зиро яаж ингэж чадав аа? Тэрээр цул металл онгоц хийхдээ хамгаалалтын тал дээр ганц ч зүйл хийсэнгүй. Өөрөөр хэлбэл Зеро-д 1 грамм ч хуяг байсангүй. Шатахууны савны хамгаалалт, нисгэгчийн нуруу болон толгойн хамгаалалт гэж юу ч байхгүй. Нэг ёсондоо 7,62 мм-ийн 2-4 сум, зарим тохиолдолд ганцхан сум Зерог оноход энэ онгоц дуусч байж. Гэтэл Америкийн онгоцны голлох зэвсэг нь том калбирийн пулемётууд байлаа.

Америкчууд Зеро-гоос айдаг байх үедээ зөвхөн шумбалтаар зугтдаг байсан тухай дээр хэлсэн. Хэдийгээр цул металл боловч дээд зэргээр хөнгөлсөн Зеро-гийн бат бөхийн чанар ямар байх нь ойлгомжтой. Ийм онгоц өндөр хурдаар шумбахад агаарт бут үсэрнэ. Америкчууд яагаад шумбалтаар зугтдаг байсны хариулт нь, Зеро-гийн давуу тал нь сул талынх нь эх үүсвэр байсан гэж хэлсний шалтгаан нь энэ.

Зеро онгоцонд цаашид олон удаагийн өөрчлөлт, шинэчлэл хийсэн (А6М2-оос М8 хүртэл) боловч угаасаа сайжруулах нөөцөөр тун маруухан энэ онгоц олигтой сайжирсангүй. Цааш цаашдаа духны хамгаалалт, шатахууны савны хамгаалалт зэргийг хийж бүр илүү хүчирхэг мотор тавьсан боловч Америкийн сөнөөгч онгоцны буудах дуртай бай болсоор дайныг дуусгасан билээ.

Аймшигт Зеро аажимдаа “амархан хоол” болсон бас нэг шалтгаан нь нисгэгч. Дайны эхэн үед дэндүү гэмээр хатуу шаардлага ханган байж сөнөөгч нисэгч болдог байсан Японы нисгэгчийн сургуулийг жилдээ тун цөөхөн хүн төгсдөг байсан тухай Сабуро Сакай өөрийн номондоо бичсэн байдаг. Бараг л 500-гаад хүнээс 50-60 нь л сөнөөгч болох ба бусад нь хатуу ширүүн сургуулилалт, тамлалтыг дааж чадалгүй орхидог, амиа хорлодог байж. Дайны эхэн үеэр тэрхүү том шалгалтыг давсан нисгэгчид нь тухайн цагийн сайн онгоцоор америкчуудыг ялж дийлж байсан боловч дайны цагийн хуулиар энэ сайн нисгэгчид дуусах үед байдал эсрэгээр эргэсэн байна. Дээр нь Америкийн онгоцны тактик, техникийн үзүүлэлт хөгшин Зеро-гоос дэндүү хол давуу болж байсан гэдгийг санах юм бол яагаад “агуу Зеро нь адгийн Зеро” болж хувирсан нь ойлгомжтой болов уу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]