Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алдар цуут Баянмөнх аваргаУншсан18,301

Алдарт Баянмөнх аваргыг насан өөд болоход нь Өндөрширээт сумын нутагт байх Буянт хэмээх уулын нарлаг энгэрт оршуулсан гэнэ.

 Түшээт хан аймгийн Тавнан вангийн хошууны алдар цуут Баянмөнх аварга бол 1816-1840-өөд оны хооронд Монгол бөхийн дэвжээн дээр нэр юугаа дуурсгасан агуу хүчтэний нэг билээ. Тавнан вангийн хошуу нь одоогийн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан зэрэг сумдыг хамарч байсан. Өндөрширээт сумын анхны дарга агсан Цэрэнбазар гуай 1960-аад оны сүүлчээр нутаг усныхаа магтаалыг зохиож, түүнийг нь концерт тоглоход уран сайханчид яруу сайхнаар уянгалуулан уншдаг байжээ. Уг магтууд "Долоон хошуу Даншгийн Домогт хурдан морьдтой нутаг, Ууган аварга Баянмөнхийн Урьтаж түрүүлсэн түүхтэй газар" хэмээн шүлэглэсэн нь бий. Энэ магтуунд гарч буй тэрхүү Баянмөнх аварга бол Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгийн заагт орших Мөөрс хэмээх бяцхан гол бүхий дэлгэр сайхан нутаг орчноор амьдран суудаг байсан гэж нутгийн өвгөд хуучилдаг байжээ. 1983 оны зун 3.Дамдинжав гуайн хуучилсан түүхийг үндэсний бөх, бөхийн түүх домог сонирхогч уншигчдадаа сонирхуулж байна.

Баянмөнх хүү өсөн торнисоор эрийн цээнд хүрч барилдах дур хүсэл нь оргилон байсан ч, Даншгийн их наадамд хүссэн болгон явдаггүй тул халхын сайчуудтай хүчээ сорих боломж гарахгүй л байлаа. Гэвч Баянмөнх хүү нутгийн овооны наадмын аманд гарч хэд хэдэн сайн бөхийг шороодуулсан нь олны анхаарал татан, бас ч өөрт нь урам зориг нэмжээ. Тэр хорь орчим настайдаа үлэмж өндөр нуруутай, ханхар өргөн цээжтэй онцгой сайхан эр болж дээ.

Нэгэн жилийн наадамд ноёдын ачаа хөсөг хөтлөн явж тэдний ая тавыг харсаар яаралгүй буцаж ирэхэд буурин дээрээ эх нь ганц гэр хоцорсон байж гэнэ. Учир юун гэвэл Баянмөнх хүү эхтэйгээ хоёул нэгэн баян айлд зарцлагдан амьдарч байсан бөгөөтөл, өнөөх баян айл буурь сэлгэн, зарц хамжлагуудын хамт нүүдэллэхдээ, гэр орноо ачиж нүүлгэх тэнхэлгүй хөгшнийг төвөгшөөн нутаг дээрээ орхисон нь тэр байжээ. Баянмөнх ч баян эзнийдээ очиж тэрэг, унаа хөсөг гуйтал, дураараа тэнэж тэнэж ирчихээд бас хол газар морь мал зовоох гэлээ гэх зэргээр баян эзэн хахирган зан гаргаж гэнэ. Үүнд нь Баянмөнхийн дургүй хүрч явган буцаж ирээд дөрвөн ханатай гэрээ багахан эд хогшилтойгоо хамт баглаж үүрээд дээр нь ээжийгээ суулган өртөө орчим газар огт амралгүй нүүгээд очиж байсан гэнэ. Тэгэхэд ээж нь “Зөөлөн яв” хэмээн саврынхаа ишээр үе үе ёворч байсан гэдэг. Бодвол Баянмөнх уурандаа хурдан хурдан алхахад нь хөгшин настай хүнд явдал нь ширүүдэж байсан бололтой. Энэ явдлыг нутгийн олон мэдээд түүний асар их бяр тэнхээг аргагүй гайхан биширч, Даншиг наадамд барилдахыг зөвлөх болжээ. Ингээд 1820 оны арван засгийн наадамд 160 бөх барилдсанаас долоо давж Сэцэн хан аймгийн Мин засгийн Жамъянд унаж үзүүрлэснээр нэр цуу нь түгж эхэлсэн бөлгөө. Мөн онд дахин зохиогдсон наадамд 176 бөх барилдсанаас арслан цолтой дөрөв давж байв. Энэ нь 1820 оноос ч өмнө Даншигт түрүүлж арслан цол авсныг нотолж байгаа хэрэг ээ. Тэрээр 1821 оны Даншигт 1040 бөх барилдахад арав давж 11-ийн даваанд алдарт Намжилжав аваргад унаж үзүүрлэсэн байна. 1824 оны даншигт 960 бөх барилдсанаас мөнхүү Намжилжав аваргад унаж үзүүрлэсэн үзэгдэнэ. Гэтэл 1825 оны арван засгийн наадамд аварга цолтойгоор 6 давсан байна.

Энэ нь 1822, 1823 оны Даншиг наадамд 1-2 удаа түрүүлснийг харуулж байгаа хэрэг. Учир нь тэр үед чухам Даншигт хоёр түрүүлээгүй бөхөд аварга цол олдоггүй хатуу ёс журамтай байсан билээ. 1830 оны даншигт 960 бөхөөс Түшээт хан аймгийн Хундагаатай үлдэн үзүүрлэсэн байна. Одоо ч нутаг ус амжилт нь тодорхой бус байгаа Хундагаа арслан бол одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум, Түргэний гол хавиар нутаглаж байсан гэсэн яриа бий. 1834 оны Даншигт 800 бөхөөс мөн үзүүрлэжээ. 1835 онд 1032 бөхөөс дээрх Намжилжав аваргад дахин унаж үзүүрлэсэн байна. Бүрэн бус мэдээгээр 1836, 1837 онуудын даншигт тус бүр зургаа, 1838 онд долоо, 1841 онд гурав давж байжээ. 1823 оны арван засгийн наадамд үзүүрлэснээс гадна 1826 онд зургаа, 1828 онд долоо, 1829, 1832 онд тус бүр тав давсан байна. Баянмөнх аваргыг ид байхад гол өрсөлдөгчид нь Орхон, Туулын сав газраар (Одоогийн Төв аймгийн Заамар, Булган аймгийн Орхон зэрэг сумдын орчим) нутагладаг Намжилжав аварга, Сэцэн ханы Мин засгийн Жамъян аварга, нэг нутаг хошууны Чүлтэм аварга зэрэг бөхчүүд байжээ. Баянмөнх аварга өөрөө өндөр нуруутай үлэмж том хүн байсан тул бие жижиг түргэн хөдөлгөөнтэй бөхчүүдээс нэлээн цэрвэдэг, тэднийг лав барьж байгаад давхар мэх хийж хаядаг байсан гэнэ. Ер нь эгэм тахим, суйлах зэрэг чац мөч сайтай хүний хийдэг голдуу мэхтэй байсан байна. Түүхэнд тэмдэглэснээр Баянмөнх аварга аргагүй харьж бараг хамгийн сүүлд 1841 оны даншигт гурав давснаас хойш яг 100 жилийн дараа буюу 1941 онд Монгол улсын их баяр наадамд завсаргүй тав, нийт зургаан удаа түрүүлсэн алдар цуут Жигжидийн Мөнхбат аварга энэ нутагт мэндэлжээ. Эрдэнэсант сумын харьяат Ж.Мөнхбат аварга бол алдарт Баянмөнх аваргын алдар сууг үргэлжлүүлэгч аргагүй мөн бөгөөд энэ нутгийн ард түмэн энэ хоёр аваргаар үеийн үед бахархаж байх буй заа.

Алдарт Баянмөнх аваргыг насан өөд болоход нь Өндөрширээт сумын нутагт байх Буянт хэмээх уулын нарлаг энгэрт оршуулсан гэнэ. Зарим хүн Наранбилэгт уулнаас урагш Эмгэн дэл гэдэг газарт хөдөөлүүлсэн гэж ярьдаг. Буянтын орчимд хээр хоносон хүнийг бөх болно гэж манай нутагт ярьдаг юм хэмээн 3.Дамдинжав гуай хуучилжээ. Нутаглуулснаас нь хойш цээжнийх нь хөндийд чоно гөлөглөсөн байсан бөгөөд учир нь хавирганууд нь завсаргүй битүү байсан юм гэнэ билээ гэж нутгийн олон ярьдаг. Дээр цагт үнэнхүү хүчит сайн бөхийн цогцсыг нутаглуулсан газраас нь сэм хулгайлан өөрийнхөө нутаг хошуунд авч ирж оршуулдаг, тэр нутгаас сайн бөх төрдөг гэсэн яриа байжээ. Ийм явдал ч нэг бус удаа гарч байсан гэнэ. Тухайлбал Босоо хэмээх Самдан аваргын цогцсыг Хэнтийн нутгаас баруун зүгийн хэсэг жинчид аваад явчихсан тухай яриа байдаг. Үнэн худлыг бүү мэд, алдар цуут Баянмөнх аваргын мөнөөх битүү хавирга бүхий араг ясыг Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууныхан сэм авч явсан, тэгээд эндээс хожмын цуут хүчтэнүүд төрсөн гэсэн сонин яриа бий. Үүнийг энэ нутгийн захын хүн ярих бизээ. Эсвэл энэ нутгаас нэгэн хэсэгтээ сайн бөх тасарч залгаа Дайчин вангийн хошуунаас Намхай, Лувсанжамбаа, Нацаг зэрэг сайчууд төрөн гарсантай холбоотой яриа байж ч болох талтай. Харин Дайчин вангийн хошуу бөх сайтай байсан нь энэ хошууны бөхийн сорилго Монголд хамгийн сайн чанартай нь байсанд оршино. Баянмөнх аваргын нэгэн нутаг хошуунаас Чултэм аварга, Дарьнэрэн арслан, Бадрах заан зэрэг олон сайн бөх төрөн гарсан бөгөөд нэгэн жилийн Даншиг наадмын 1024 бөхөөс шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн бөх дөрвүүлээ Тавнан вангийн хошууных байсан тохиолдол ч бий. Баянмөнх аваргын гол өрсөлдөгч Намжилжав аварга түүнээс илүү хүчтэй хүн байсан бололтой юм. Баянмөнх аваргатай бараг нэг нутгийн Шагдар арслан гэгч хүн чухам л хэнд ч дийлдэхээргүй боллоо гэж боддог байх үедээ нэлээд харьсан Намжилжав аваргатай хүчээ сорихоор очоод үхрийн дунд чөмөг адилхан бяц мушгицгааж байжээ. Харин адууны далыг Намжилжав аварга хуга цохиход Шагдар арслан чадаагүй тул “Би аваргаас хол дутуу юм” гэж ярьж байсан гэнэ. Энэ Шагдар нь Их хүрээнд шавилан суудаг, барилдахаасаа илүү банди зо хэмээх лам нарын зодооныг гарамгай эзэмшсэн хүн байжээ. Шагдар хүний эрүүн дороос ямар ч тохиолдолд алдалгүй өшиглөдөг, том гэрийн тоононы голоос үлээсэн гүзээ дүүжлээд өшиглөн сургууль хийдэг байсан гэнэ. Ингэж байгаад хүчтэй үсрэн гэрийн тооныг дээш нь суга өшиглөж байсан ажээ.

Хүчит бөхийн түүх домог, хууч яриа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]