Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

192 километрийн өндрөөс үхэлтэй тэмцэлдэн шидэгдсэн Зөвлөлтийн сансрын нисгэгчидУншсан21,896

Хэт нарийн гироскоп, бүхээгийн компьютерууд хөлгийн байрлалыг тогтоох гэж өчүүхэн жижиг өөрчлөлт болгоныг мэдрэн тооцоолж, зөв байрлалд оруулах ёстой хөдөлгүүрүүдийг удирдаж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын Союз-ФГ зөөгч пуужин хөөрөх явцдаа 70 орчим километрийн өндөрт, нэгдүгээр угсраа нь салах үед гэмтэл гарч дэлбэрсэн билээ. Уг хөлөг Олон улсын сансрын станц руу Америк болон Оросын сансрын нисгэгч (астронавт, космонавт) бүхий Союз МС-10 багийг хүргэх зорилготой хөөрсөн болохоор айхтар шуугиан тарьж ганц нэг цагийн турш дэлхийн олон хүний зүрхийг түгшүүлж байв. Удалгүй багийн гишүүд амьд мэнд, хэт ачааллын улмаас зарим нэг зовиуртай төдий байна гэсэн мэдээ гарч түмэн олны санааг амрааж билээ.

Энэ удаагийн Союз-д тохиолдож, сансрын нисгэгчид нь амьд үлдсэн осол бол анхных нь биш бөгөөд урьд нь хоёр ч удаа үүнтэй төстэй осол болж нисгэгчид нь амьд үлдэж байжээ.

1983 онд Союз Т-10 хөлөг хөөрөхөд хэдхэн минут дутуу байх үед зөөгч пуужин шатаж эхлэн, аврах систем автоматаар ажиллан Владимир Титов болон Геннадий Стрекалов нарын амийг аварч байв. Харин нөгөө осол нь 1975 онд болсон ба Союз-18-1 заримдаа Союз-18А хэмээн нэрлэх нэгэн азтай ч гэмээр, бас нөгөө талаар азгүй баг, тэдэнд тохиолдсон адал явдлын тухай сонирхуулъя.

Союз-18 хөлөг Байконураас хөөрөн хил хязгааргүй сансар өөд зүтгэсээр байлаа. Нэгдүгээр угсраа ном ёсоороо ажиллаж дуусан хөлгөөс салан хоёрдугаар угсраа дүнгэнэсээр. Удалгүй хоёрдугаар угсраа ч ажиллаж дуусан хаягдах үед гуравдугаар угсраа залгаж авав. Одоо 3-4-хөн минут энэ угсраа ажиллаад тойрог замдаа орох ёстой байсан боловч гэв гэнэт хөлөг дотор хэт даралт үгүй болж жингүйдэл мэдрэгдсэн бөгөөд хөлгийн бүхээгийн самбар дээр «Авария РН» (зөөгч пуужин осолд орлоо) гэсэн бичиг анивчиж түгшүүрийн дохио хангинаж эхлэлээ. Энэ үед хөлөг хэдийнэ 150 километрийн өндөрт хөөрсөн байсан ба зөөгч пуужинд гарсан ослын улмаас хөлгийн аврах систем автоматаар ажиллан зөөгч пуужингаас хөлгийг салган шидсэн байна.

Хөлгийн ахлах нисгэгч, ЗХУ-ын баатар Василий Лазарев, сансрын хөлгийн борт инженер, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Олег Макаров

Союз-18 хөлөг баллистик траектороор дахиад хэсэг дээш явах ба (сүүлд хийсэн тооцоогоор 192 километрийн өндөрт шидэгдсэн) хэрвээ ямарваа нэг бэрхшээл гарахгүй бол хөлгийн буугч аппарат яг л сансраас бууж байгаа үе шиг хэвийн ажиллан багийн гишүүдийг аврах ёстой байв. Гэхдээ энэ бол онол. Бодит амьдрал дээр шалгаж байгаагүй, шалгах боломж ч үгүй нөхцөл байдал. Харин ослын үед байдал ямар байв?

Зөөгч пуужинд гарсан гэмтлийн улмаас хөлөг салах үедээ нэлээд хазайсан байдалтайгаар салсан ба энэ бол эргэн буух янз бүрийн тооцоо хийх, зөв баллистикаар буухад маш хэцүү нөхцөл үүсэж байгаа нь тэр. (Аполла-13 киног санаж байна уу)

Автомат систем, бүхээгийн компьютер энэ бүхнийг тооцож чадах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ чадахгүй бол ойлгомжтой, нисэх багийнхан үхэх болно.

192 километрийн өндөрт Зөвлөлтийн сансрын систем, багийн хоёр гишүүн үхэлтэй амь тэмцэн байлаа. Хэт нарийн гироскоп, бүхээгийн компьютерууд хөлгийн байрлалыг тогтоох гэж өчүүхэн жижиг өөрчлөлт болгоныг мэдрэн тооцоолж, зөв байрлалд оруулах ёстой хөдөлгүүрүүдийг удирдаж байв.

Удалгүй унаж байгаа хөлөг маань дэлхийн татах хүч, асар их халууны үйлчлэлд нэрвэгдэж эхэллээ. Энэ үед нислэгийг удирдах төвийнхөн чухам юу ч хийж чадахгүй байсан ба зөвхөн аврах системд л найдаж суув. 192-километрээс унаж буй хөлгөөс ирэх бүх л мэдээллийг харах боловч юугаар ч тусалж чадахгүй, хамгийн гол нь тэрхүү шидсэн чулуу шиг унаж байгаа багийнхан хэт даралтад орон хүний бус гэмээр дуугаар чарлаж, бяцлуулж байгааг сонсож суух хамгийн хэцүү нь байсан гэдэг. Багийн гишүүн Лазерев, Макаров нар эхлээд 10 g хэт даралт мэдэрч байсан бол удалгүй энэ аймшигтай тоо 15 g болж өслөө. Дараа нь 21,3g.

Лазарев, Макаров нар сургуулилт, бэлтгэлийн үеэр

Эхлээд хэт даралттай тэмцэх гэж хашхиран байсан багийнхан удалгүй хашхирч чадахаа больж, юм харж чадахаа больсон боловч, газарт хийсэн бэлтгэлийн хүчээр ухаан алдалгүй тэссээр, хэт даралтын эсрэг тэмцсээр байв. Өөрсдийнх нь сүүлд ярьснаар тэд эцсээ хүртэл тэмцэж хашхирсаар байсан гэх боловч нислэгийг удирдах төвийнхөн тэрхүү хашхираан нь яаж суларч улам бүр үхэж буй, бяцлуулж байгаа хүний сулхан хоолой хоржигнох төдий зүйл болж хувирч байгааг харж сонсож байжээ.

Аврах систем тэмцэлдсээр байгаад хөлгийг зөв байрлалд оруулж, хэвийн буух горимд шилжиж чадлаа. Хөлгийн дотор ч хэт даралт аажмаар буун байдал эрс өөр болж ирсэн байна. Саяхан л үхэж байсан, юм харж, ойлгож чадахгүй байсан хоёр сансрын нисгэгч маань хөлгийн унах хурд маш огцом буурч шүхэр дэлгэгдсэнийг мэдэрлээ. Энэ бол аврагдлаа гэдэг дохио.

Хүн төрхөндөө орсон хоёр буухад бэлтгэж байх үед гэнэт О.Макаров нь

-Вася, Макаров хаана байна?

-Макаров байрандаа л байгаа

Василий Лазарев чухам Макаров гар буу байрандаа байгаа гэж хэлсэн үү, багийн нөгөө гишүүн Олег Макаровыг солиорч байна гэж хэлсэн эсэхийг мэдэхгүй. Гэтэл хөлгийн навигацийн системийн дохиог харж байсан Макаровт энэ хачин гэмээр асуултыг асуух үндэслэл байжээ. Учир нь хөлөг Зөвлөлтийн биш Хятадын хил орчмын газарт буух магадлал өндөр болж ирсэн учраас тэгж асуусан нь тэр. Бүх л чухал баримт бичгээ газар буунгуут устгаж шатаахад бэлдэж эхэлж байх үед хөлөг газардсан боловч газрын уруу уруудан өнхөрч эхэллээ. Тэд Зөвлөлт Хятадын хилийн ойролцоо, Зөвлөлтийн нутагт, өндөр уулан дээр буусан байна.

Модонд орооцолдсон шүхэр буугч аппаратыг өнхрөхийг зогсоосон бөгөөд  тэдний өнхөрч байсан замаар дахиад 150 метр явбал асар гүн ангал байсан гэдэг. Чухам яагаад шүхэр салгах систем ажиллаагүй, эсвэл ажиллуулахаа мартсан тухай ямар нэг яриа байдаггүй юм билээ. Ямар ч бай энэ алдааны хүчээр ангал руу нисээгүй нь үнэн. Казахстаны хээр талаас 20 минутын өмнө сансарт хөөрсөн хүмүүс хаа байсан Горно-Алтайд уулан дунд, цээжээр татсан хунгар цасанд сууж байхдаа юу бодож байсан бол. Эрлийн багийнхан ч нисгэгчдээ дор нь оллоо. “Байдал хэвийн. Газардалт ЗХУ-ын нутагт болсон байна. Уулын орой хавьд буугч аппарат, хоёр хүнийг ялган харж байна” гэсэн мэдээг аврах багийн нисдэг тэрэгнээс авсан Нислэгийг удирдах төв дотор олон хүн дуу алдан унаж, баярлан хашхирч, тэврэлдэн, уйлалдсан гэдэг.

Зөвлөлтийн сансар судлалд (Орос улс Союз МС-10-ыг юу гэж нэрлэхийг харъя) зөвхөн бүрэн амжилттай болсон нислэгт л цэвэр дугаар өгдөг учир энэ нислэгийн дугаар нь Союз-18 биш болж Союз-18-1 хэмээн нэрлэгдэх болсон билээ.

ЗХУ-ын баатар Василий Лазарев

P.S

Хэт даралт 10, дараа нь 15, хамгийн оргил үе нь 21,3 g хүрнэ гэдэг юу гэсэн үг вэ? Хамгийн энгийн нэгэн жишээгээр тайлбарлах гэж оролдоё. F1-ийн нисгэгч Хейкки Коволайнен хэдэн жилийн өмнө McLaren багт уралдаж байхдаа нэгэн уралдааны үеэр дугуй нь хагарч тэр чигээрээ нисэн хашлага мөргөж байсан билээ. Тэр үед Хейкки 24 g хэт даралт авсан байна. Хашлага мөргөх үеийн хурд 200 км/цаг-аас дөнгөж бууж эхэлж байсан гэж байгаа. Багцаа мэдрэгдэж байна уу?

Нэг ялгаа нь Хейкки хашлага мөргөх яг тэр л үед 24 g мэдэрсэн бол Олег Макаров, Василий Лазарев нар удаан хугацааны турш 10-21,3 g мэдэрсэн байна. Тэд хэт даралтын эсрэг зөвхөн хашхиран тэмцэж чадах байсан бөгөөд Лазарев байдгаараа хашхирч байсан бол Макаров орос хэлний бүх л хатуу хөтүү хэллэгүүдийг нь бүгдийг нь урсгаж байсан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]