Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (3-р хэсэг): Сансарт хүн нисгэхийн төлөөУншсан1,881

Тэрээр мөр даган мөшгөх мэт Зөвлөлтийг нэхэж, хиймэл дагуул тойрог замд оруулав.Хоёр суутны дараагийн зорилго нэгнээсээ өрсөн сансарт хүн нисгэх явдал байх болно.

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (1-р хэсэг): Нацистын пуужингийн төлөө

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (2-р хэсэг): Хиймэл дагуулын төлөө

Сергей Королев бол Зөвлөлтийн сансар судлалын хөгжлийн төлөө засан хүмүүжүүлэх газраас суллагдсан хүн. Түүний өрсөлдөгч Вернер фон Браун сансрын анхдагчдын нэг боловч нацист намын гишүүн байсан хүн. Тэрээр мөр даган мөшгөх мэт Зөвлөлтийг нэхэж, хиймэл дагуул тойрог замд оруулав. Хоёр суутны дараагийн зорилго нэгнээсээ өрсөн сансарт хүн нисгэх явдал байх болно.

 

Сансарт түрүүлэн хүн нисгэх нь

 

"30 орчим настай, 170 см-ээс ихгүй өндөр, 70 кг-аас бага жинтэй, хамгийн чухал нь сайхан инээмсэглэдэг эрэгтэй хүн байх ёстой."

Сүүлийнх нь хошигнол байсан боловч сансрын анхны нисгэгчид тавигдах шаардлагыг 1959 онд Королев ийнхүү тодорхойлов. Зөвлөлт улсын өнцөг булан бүрээс шаардлагад нийцэх хүмүүсийг шалгаруулж, маш хүнд хэцүү нөхцөлд бие махбод, сэтгэлзүйн шалгалт хийжээ. Шалгаруулалтын үед хэт өндөр даралт, температурын нөхцөлд тэсвэр алдаж, амиа алдахаас наахна бууж өгөх хүн ч гарч байв. Эцэст нь зургаан хүн шигшигдэн үлдсэн байна. Америкаас хол тасарсан Королевийн Р7 пуужин цөмийн зэвсэг тээврлэн тив алгасан нисэх боломжтой болсон байв. Түүгээр сансарт хүнийг ч нисгэж чадна. Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн капиталист, социалист нийгмийн хооронд үүссэн шинэ дайнд тооцогдож, Нью-Йорк таймс сонингийн нэрлэснээр "Оршин тогтнох эсэхийг шийдэх" тулаан байв.

1959 оны 4-р сарын 9-нд Зөвлөлттэй өрсөлдөх зорилгоор байгуулагдсан Америкийн Сансарын агентлаг НАСА нь сансрын долоон нисгэгчийг олон нийтэд танилцуулав. Тэднээс нэг нь америкчуудын дундаас сансарт нисэх анхны хүнээр сонгогдох болно. "Та бүхний дунд сансраас эсэн мэнд эргэж ирнэ гэдэгт итгэх хүн байна уу" хэмээн хэвлэлийн бага хурлын төгсгөлд нэгэн сэтгүүлчийн тавьсан асуултад бүгд нэгэн зэрэг гар өргөн хариулжээ. 5-р сарын 18-нд Флорида мужийн Кэйв Канаверал хошуунд Америкийн анхны тив алгасах баллистик пуужин Атласын туршилтын өдөр ирэв. Сансрын долоон нисгэгч ч найдвар тээн туршилтыг өөрсдийн нүдээр ажиглаж байв. Гэвч пуужин агаарт дэлбэрч, "Ашгүй дээ, гологдол бүтээгдэхүүн нэгээр цөөрлөө" хэмээн тэдний нэг хэлсэн байна. Үүгээр Америкийн хуурай замын цэргийн хүчний Рэдстоун пуужингаас өөр сонголт НАСА-д үлдсэнгүй.

Фон Браун энэ үед уг пуужинд сансрын нисгэгчийг суулгах үед тохирох хэлбэрийг шийдэхээр агаарын эсэргүүцлийн туршилт хийж байв. Рэдстоун нь Германы Ви-2 пуужингийн зураг төсөлд тулгуурласан шинэ загварын пуужин. Агаарын зохиомол урсгалын туршилтаар пуужингийн хурд дууны хурдад дөхөх тусам их биед хүчтэй чичирхийлэлт мэдрэгдэж байв. Чичирхийллийн хэмжээ 150 децибильд хүрч, сансрын нисгэгч амьд үлдэх нөхцөл үгүйг илтгэжээ. Үүнээс гадна сайжруулалт хийх шаардлагатай пуужингийн хэсгийн тоо 800-д хүрсэн байна. Хамгийн гол нь хүчний хувьд Королевийн Р7 пуужингаас 10 дахин бага. Энэ нь хүн нисгэхэд дөнгөн данган хүрэлцэх түвшин. Энэ мэтчилэн хүндрэлээс гадна өрсөлдөгчийнх нь амжилт фон Брауныг тулгамдахад хүргэж байв.

Америк, Зөвлөлт аль аль нь саранд нисгэгчгүй станц буулгахаар төлөвлөж байсан ч 1959 оны 9 сарын 14-нд Королевын "Лунар-2" станц түрүүлэн хүрч, сансрын технологийн түүхэнд томоохон алхам хийжээ. Уг үйл явдлыг Хрушёвийн Америкт хийсэн айлчлалтай цаг хугацааны хувьд зориуд тааруулав. Хрушёв "Саран дээр газардахад Зөвлөлт түрүүлэв, харин зайдас үйлдвэрлэлтээр Америк түрүүллээ" хэмээн телевизийн дэлгэцээр гайхуулжээ. Түүнээс хойш гурван долоо хоногийн дараа Королевын станц түүхэнд анх удаа сарны эсрэг талын зургийг авав. "Зөвлөлтчүүдийн энэ амжилт социализм капитализмаас илүү гэдгийн баталгаа боллоо" хэмээн олон улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Удаа дараалан гарсан сансрын технологийн энэхүү ололт амжилтуудын цаана ямар хүн байгааг фон Браун мэдэхийг асар ихээр хүсч байсан ч ямар ч боломжгүй байв. Учир нь түүний тухай бүхий л мэдээллийг улсын нууцад хамруулсан. Тэр ч байтугай Королевын шалгуурт тэнцсэн сансрын нисгэгчид зургаан сарын сургуулилт хийсний дараа л сая түүнтэй нүүр тулан танилцжээ.

1960 оны 6-р сарын 18-нд сансрын нисгэгчийг суулгах Восток капсулыг тэдэнд үзүүлэв. Капсул дотор жолоодлогын ямар ч төхөөрөмж суурилуулахгүй, нислэг ихэнхдээ автоматаар хийгдэж, шаардлагатай удирдлагыг газраас хангана. Восток хөлгийн капсул дэлхийг 26000 км/ц хурдаар тойрно. Дэлхийд эргэн ирэхийн тулд жижиг оврын тийрэлтэт хөдөлгүүр ажиллаж, хурдыг сааруулж, агаар мандалд орж ирэх ёстой. Мөн уг хөдөлгүүрийн ажиллагааг маш нарийн тохируулах шаардлагатай. Тийрэлтийн хүчийг яльгүй ихэсгэвэл хөлөг хэт хурц өнцгөөр агаар мандалд орж, агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатна. Харин хүч яльгүй бага бол дэлхийгээс холдож илүү өндөр тойрог замд шилжинэ. Ийм тохиолдолд хөлөг дэлхийд хэзээ ч эргэн ирэх боломжгүй болж, дэлхийг мөнхөд тойрон эргэлдэх болно. Харин агаар мандалд нарийвчлан тооцоолсон өнцгөөр орж ирсэн тохиолдолд шаталгүйгээр хурдаа сааж, газардах бэлтгэл хангагдана. Энэ үед капсулын гадаргын температур 6-10 мянган хэмд хүрнэ. Энэ нь бараг нарны гадаргын температуртай адил.

фон Браун

Зөвлөлт улс сансарт хүн нисгэхээр бэлтгэж байгаа тухай тагнуулын мэдээлэл тэр дороо Америкт хүрчээ. Харин НАСА-гийн төлөвлөгөө бүтэн нэг жилээр хоцорч, инженерүүд шахалтад орсон байв. НАСА-гийн тэргүүн ажлын явцыг шалгахаар ирсэн боловч түүнийг тулгамдсан шинэ асуудал угтаж авчээ. Капсулын хэмжээ пуужинд залгагдах хэсэгтээ нэг см-ээр томдсон учир түүнийг зүлгэж, жижигрүүлж байв. Учир нь нарийн хэмжээг фон Браунд урьдчилан өгөөгүйгээс тэр. Фон Браун капсулын дараагийн загварыг пуужинд урьдчилан тааруулж байж Кэйв Канаверал дахь НАСА-гийн үйлдвэрт илгээж байхыг шаардав. Энэ нь ихээхэн цаг хугацаа шаардана. Амжилтгүй болсон чичирхийллийн туршилтаас авахуулаад бүхий л хариуцлага фон Браунд ирэх учир тэрээр аюулгүй байдалд ихээхэн анхаарч байв. Тэгвэл оросууд 11-р сард сансарт хүн нисгэж магадгүй хэмээх Холбооны мөрдөх товчооны мэдээлэл авсан НАСА цаг хугацаанд хавчигдаж, яарч байсан нь бодит байдалтай зөрчилдөхөд хүргэжээ. Тэгээд ч капсулыг НАСА, пуужинг Боингийн зураг төслөөр фон Браун бүтээж, Вашингтоноос нэгдсэн удирдлагаар хангаж байгаа нөхцөлд ажлын уялдаа холбоог хангахад хүндрэлтэй байв.

 Фон Браун НАСА-тай сөргөлдөж байх үед Королев мөн адил өөр нэгэн пуужингийн багтай санхүүжилтийн асуудлаар сөргөлдөж байв. Валентин Глушкогийн бүтээсэн хөдөлгүүр Зөвлөлтийн артиллерын Ерөнхий маршал, стратегийн пуужингийн судалгааны төслийн удирдагч Митрофан Неделиний санаанд нийцэж байв. Хэрэв хөдөлгүүр баллистик пуужин (missile)-д ашиглагдвал санхүүжилт түүнд төвлөрч, Королевын пуужинд төсөв хүрэлцэхгүй болно. Королев, Глушко нарын харьцаа анхнаасаа сайн байгаагүй. Цагтаа Королевийг нууц цагдаад илчилж, зургаан жил хоригдоход хүргэсэн хүн. Глушкогийн хөдөлгүүр асах хурд өндөр байдлаар давуу боловч, түлш нь хүний биед ихээхэн хортой. Мөн Глушкогийн хөдөлгүүрийн туршилт амжилттай хийгдэж, Королевийн мөрөөдлийг үгүй хийхэд хүргэх аюул учрав. Иймд тэрээр коммунист намын тэргүүлэгчдийг ухуулах зорилгоор сансарт амьд амьтан хөөргөж, эсэн мэнд буцаан ирүүлэхээр шийджээ.

Сансрын нисгэгчдийг хөөргөх Восток капсулд Лисичка, Чайка хэмээх хоёр нохойг суулган 1960 оны 7-р сарын 28-нд хөөргөв. "Хэрэв туршилт амжилтгүй болвол дахиад барууныхны амьтны эрх хамгаалагчдын хэл амны бай болно шүү" хэмээн маршал Неделиний хэлсэн үг тоглоом хийх, дорд үзэхийн алин болох нь мэдэгдэхгүй байв. Пуужинг хөөргөх явц тоогоор илэрхийлэгдэнэ. Хэрэв тоо таваас доош буувал аюултай нөхцөл байдал үүссэнийг илтгэнэ. Оператор тавын тоог үргэжлүүлэн хэлж байсан боловч, дөрөв, гурав хэмээн багассаар нэг болж, нохдын дүрс дэлгэцнээс алга болжээ. Пуужин хөөрснөөс хойш 28 секундын дараа дэлбэрч, Лисичка, Чайка хоёр эргэж ирэхээргүй болов. Королев сарын дараа дахин нохой хөөргөхөөр шийджээ. Белка, Стрелка хоёр Р7 пуужингаар хөөрч, тойрог замд ороод зогсохгүй эсэн мэнд эргэн ирэв. Энэ мэдээ намын төв хорооныхонд хүчтэй ухуулга болсноос гадна Р7 пуужин, Восток хөлөг сансарт хүн нисгэж, эргэн ирүүлэх чадвартайг нотлон харуулав. Харин Хрушёв тохуурхаж найрамдлын бэлгэдэл болгон Стрелкагийн гөлгийг Цагаанд ордонд илгээжээ.

Бэлэг хүлээн авсан Ерөнхийлөгч Жон Кеннеди талархлаа илэрхийлэхийн хамт ялагдлаа хүлээн зөвшөөрч, "Анх удаа сансарт аялсан амьтны нэр бол ямар нэгэн Роб, Файт бус зөвхөн Стрелка, Чайка юм" гэжээ. Тэр үед америкчууд сансарт хүн нисгэхэд хараахан бэлэн болоогүй байв. 1960 оны 11 сарын 21-нд фон Брауны төлөвлөсний дагуу Рэдстоун пуужинг хөөргөх туршилт хийхээр болжээ. Гэхдээ хоосон капсул угсарч хөөргөнө. Туршилтын зорилго сайжруулалт хийсэн эд ангиудыг шалгахад чиглэж, хэрэв амжилттай болвол хүн нисгэх хугацааг тодруулна. Хяналтын төвийн дэлгэцэнд пуужин утаа манан татуулан хөөрч харагдсан боловч ослын дохиолол ажиллажээ. Пуужингийн үзүүр хэсэг хөөрсөн хэдий ч их бие хөөргөх тавцангаас дөнгөж 10 см хөндийрсөн байв. "Энэ удаагийн бүтэлгүй туршилтаар америкчуудын сансарт хүрэх мөрөөдөл талаар боллоо" хэмээн Нью-Йорк таймс сонин мэдээлсэн бол өөр нэгэн сонин "Бид оросуудаас түрүүлэхгүй нь тодорхой болов" гэсэн гунигтай гарчигтай нийтлэл хэвлэжээ.

1960 оны 10-р сарын сүүлээр Королевийн сөргөлдөгч баг Глушкогийн хөдөлгүүрийг суурилуулсан Зөвлөлтийн анхны тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг хийх гэж байв. Гэвч түлшний алдагдал гарч, хүний биед хортой нөхцөл байдал үүссэн ч ажилчдыг 72 цагийн турш үргэлжлүүлэн ажиллуулжээ. Пуужинг амжилттай хөөргөх тушаал Хрушёвоос авсан Неделин хөөргөх тавцангийн дэргэдээс хормын төдий ч холдолгүйгээр засварын явцыг хянаж байв. (Энэ тухай "Маршал Неделиний аймшигт сүйрэл" нийтлэлийг сонирхоно уу)

Гэтэл цахилгаан хэлхээний гэмтлээс үүдэлтэй хуурмаг дохиолол илгээгдэж, пуужингийн 2-р шатны тийрэлтэт хөдөлгүүр гэнэт ажиллажээ. Дэлбэрэлтийн орчны температур 3000 хэмд хүрч, замын асфальт хайлснаас хөл тушигдсан олон хүн галын дөлд автсан байна. Хөөргөх тавцан дээр ажиллаж байсан хүмүүсийн бие лаа мэт хайлан урсав. Дэлбэрэлтээр маршал Неделиний хамт 91 хүн амь үрэгджээ. Ийнхүү Зөвлөлтийн пуужингийн түүхэнд хамгийн том гарз хохирол учрав. "Неделиний сүйрэл" хэмээн нэрлэгдэх болсон энэхүү гамшгийн тухай бодит үнэн 30 жилийн дараа л олон нийтэд тодорхой болжээ.

Америкчууд 1961 оны 4-р сарын 12-нд сансрын нисгэгч Алан Шепардыг Рэдстоун хөлгөөр сансарт нисгэхээр төлөвлөв. Гэхдээ түүнээс 12 долоо хоногийн өмнө хийх туршилт амжилттай болсон нөхцөлд төлөвлөгөөний дагуу нислэг хийгдэнэ. 1-р сарын 31-нд фон Брауны мөрөөдлийн хамт 65 дугаартай шимпанзегийн амь насыг Рэдстоун пуужинд даатган хөөргөв. Хэрэв шимпанзе 15 минутын нислэг амжилттай хийж, эсэн мэнд эргэж ирвэл түүнд албан ёсоор нэр өгөх болно. Үрэгдвэл 65 дугаартайгаа дуусна. Хөөргөх явцад пуужингийн чичиргээ хэтэрхий нэмэгдэж, сармагчин ухаан алдах түвшинд хүрчээ. Гэвч азаар пуужингийн үзүүр хэсэг автоматаар салж, "65 дугаар" амьд үлдсэн байв. Ослын шалтгаан түлшний насос хэт ачаалал авч, пуужин төлөвлөснөөс илүү хурдалсанд байв. Фон Браун дахин туршилт явуулах уу, эсвэл шууд хүн нисгэх үү гэдгийг шийдэх ёстой болов. Хэдийгээр Зөвлөлтөд ялагдах магадлалтай ч аюулгүй байдлын 100 хувийн баталгаатай байх үүднээс хөөргөх туршилтыг дахин явуулахаар шийджээ. Үүгээр Алан Шепардын нислэг өмнө төлөвлөсөн хугацаанаас нэг сараар хойшлох болно.

Гагарин, Королев хоёр

Яг тэр үед зөвлөлтчүүд сансарт хүн нисгэхэд сүүлчийн алхмаа хийх үлдээд байв. Тэр нь хэнийг сонгох вэ гэдэг асуудал юм. Түүхэн үүрэг гүйцэтгэх хүнийг коммунист намын төв хороо шийднэ. Түүнээс өмнө нэр дэвшигдсэн зургаан нисгэгч тус бүрийн сансарт нисэхийн өмнөх сэтгэгдлийг дүрс бичлэгт буулгав. Ухаалаг, толгой сайтай, хүмүүст таалагдах төрхтэй, эцэг нь мужаан буюу жинхэнэ хөдөлмөрчин хүний удам болох Ю.Гагарин анхны сансрын нисгэгчээр сонгогджээ. Хэдийгээр анхлан сансарт нисэх хүн шийдэгдсэн боловч пуужинд асуудал уул овоо мэт байв. Нохой суулган хөөргөсөн хоёр удаагийн туршилт дараалан бүтэлгүйтсэн байна. Королевт илүү их цаг хугацаа хэрэгтэй байсан ч америкчууд гүйцэж түрүүлэхэд ойрхон байв. Фон Брауны хоёр дахь туршилт амжилттай болж, хүн нисгэх бэлтгэлдээ оржээ. Гэвч Зөвлөлт нэг алхам түрүүлж, 1961 оны 4-р сарын 12-нд нислэг бэлэн болов. Королев сүүлийн үеийн бүтэлгүйтлээс үүдэн Ю.Гагарины амьд эргэн ирэх магадлал таван хувиас хэтрэхгүй гэж бодож байв. Өглөөний 9 цаг 06 минутад пуужин хөөрч, гурван минутын дараа үндсэн пуужингийн хөдөлгүүр асчээ. Хөөрснөөс хойш таван минтуын дараа Ю.Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансрыг өөрийн нүдээр харсан бол есөн минутын дараа хурд, хүндийн хүч түүнд мэдрэгдэхгүй болов.

Удалгүй нислэгийг удирдах төвийн хяналтын дэлгэцнээс Гагарины дүрс алга болж, долгион хүрэх хязгаараас гарсныг илтгэнэ. Хөөрснөөс 30 минут хүрэхгүй хугацаанд Восток хөлөг дэлхийн сүүдэр талд оржээ. Удалгүй зөвлөлтчүүд түрүүлэн сансарт хүрснийг үл мэдэн нойрсох америкчуудын дээгүүр нисэн өнгөрөв. Нэг цагийн дараа агаар мандалд орох өнцгийн тооцооллыг дуусгажээ. Хэрэв агаар мандалд хэт их өнцгөөр орвол Гагарин шатаж үхнэ. Хэт бага өнцгөөр орвол дэлхийн мөнхийн дагуул болон хувирна. Эсрэг тийрэлт авах хөдөлгүүр (тормос) ажиллаж эхэлсэн боловч хөлгийн төхөөрөмжийн хэсэг капсулаас салсангүй. Капсул хүчтэй эргэлтэд орж, холбоо тасарсан тул хүлээхээс өөр сонголт Королевт үлдсэнгүй. Агаар мандалд орох үед халалтаас үүдэн кабель тасарч, төхөөрөмжийн хэсэг салсан байв. Газрын гадаргаас 4500 м-ийн өндөрт Гагарин капсулаас аюулгүй зайд шидэгдэж, шүхэр амжилттай дэлгэгджээ. Гагарин дөнгөж 108 минутын хугацаанд 40 мянган км зай туулж, хүн анх удаа дэлхийг тойров. Нөхөдтэйгээ амжилтын хундага тулгасан Королев баярлан хундагаа хага шидсэн байна. Бусад нь дууриахыг завдсан боловч нэг нь "Королевоос бусад нь болохгүй, эд анги хариуцагч толгой авна" хэмээн хөгжилдөцгөөжээ.

1961 оны 5-р сарын 5-нд Гагарины нислэгээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Алан Шепард сансарт нисэх өдөр ирэв. Гэвч цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн тэрээр капсулд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн хэвээр 5 цаг хүлээжээ. Шепардад бие засах шаардлага гарсан боловч бүхнийг дахин эхлэхэд хэтэрхий их цаг хугацаа орох тул анхны хүнийг сансарт төлөвлөсний дагуу нисгэх нь өмсгөлөө норгохоос илүү чухал зүйл байв.

("Өмдөндөө авсан" сансрын нисгэгч нийтлэлийг сонирхоно уу.)

Алан Шепард

Нислэгийн үргэлжилсэн хугацаа дөнгөж 16 минут байсан ч Шепард 480 км зай туулж, жингүйдлийг зургаан минутын турш мэдэрчээ. Энэ нь америкчууд сансарт хүн нисгэсэн хэмээн нотлоход хангалттай хугацаа байв. Гэвч Хүйтэн дайны өрсөлдөөнд зөвлөлтчүүдийг ялахын тулд илүү тодорхой үр дүн гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад онд багтаж Саранд хүрэх тухай зарлав. 1961 оны 8-р сарын 17-нд, Шепардын нислэгээс хойш гурван сарын дараа Зүүн Германы арми Берлиний ханыг барьж эхлэв. Өрнө, дорны сөргөлдөөн ширүүсч, цөмийн дайны аюул бодитоор заналхийлж эхэлжээ.

"Robomec"-ийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Төгсгөл - Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (4-р хэсэг): Саран дээр буухын төлөө

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]