Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Намайг үзэх гэж найман мянган хүн ирсэн, чамайг үзэх гэж чавганц ч ирээгүй"Уншсан28,214

Хүндийн өргөлтийн улсын аваргын алт мөнгөн медаль хүртэж байсан Ж.Төмөрхуяг Алдар нийгэмлэгт тамирчин байхдаа улсын начин Бортой дотно үерхдэг байсан юмсанж.

Үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Манай алдарт аварга, арслан, хүчит бөхчүүдийн ард түмнийхээ дунд түгэн тархсан хууч яриа болсон явдлууд олон бий.

 

Араар сундал, явъя

Хүндийн өргөлтийн улсын аваргын алт мөнгөн медаль хүртэж байсан Ж.Төмөрхуяг Алдар нийгэмлэгт тамирчин байхдаа улсын начин Бортой дотно үерхдэг байсан юмсанж. Нэгэн зун долоон буудлын орчимд замын хажууд автобус хүлээн зогсож байтал нь чехийн хуучин жижиг улаан «ЯВА» унан хэд эвхрэлдсэн Бор начин ирээд хажууд нь тормоз даран зогсож гэнэ. Жижиг улаан «ЯВА» нь Бор начинд эгээ л жирийн хүн хүүхдийн, хуучны 75-ын дугуй унасан мэт харагдаж байжээ. Мотоциклийнх нь хоёр гар тэр дор, өөрийнх нь толгой тээр дээр хоёр өвдөг нь урд дугуйныхаа хоёр талд шахам тун инээдэмтэй харагдаж байсан тул ойр хавьд байсан улсууд инээдээ барьж чадахгүй байсан гэдэг. Бор начин найзыгаа араар сундал, явъя гэж хэд хэд шаардсан боловч Төмөрхуяг автобус хүлээхээр шийджээ. Учир нь Борын ард 5-6 насны хүүхэд л суух зай байсан гэнэ. Гэтэл мань эр 90 гаруй кг жинтэй тул сундлах гэж оролдсон бол олны өмнө нэгэн “шог гараа” үзүүлэх байсан гэнэ билээ.

 

Мөрийцсөн нь

Улсын арслан Дэмүүл гуайн тухай олон наргиа яриа бий. Дэмүүл арслан тээврийн замд олон хоног хоол муутай явсаар замын нэг буудлын гуанзанд орж хоол байгаа эсэхийг лавлахад гуанзны хүүхэн, бууз л байна даа, хэдийг авах вэ гэж гэнэ. Арслан ч баярлаж ихэд өлсөж явсан тул “За 100-хан бууз авъя даа” гэж үнэнээ өчжээ. Гэтэл гуанзны хоёр хүүхэн эхлээд гайхаж байснаа удалгүй тоглоом тохуу болгон 100 бууз идчихвэл үнийг нь аваад ч яахав дээ гэцгээж гэнэ. Тэр гурав хоорондоо бяцхан мөрийцөж арслан 100 буузыг идэж дээрээс нь гуулин данхаар дүүрэн хар цай уучихаад талархал илэрхийлэн гарч одсон гэнэ.

 

Улсын арслан хүн манайд ирлээ

Дэмүүл арслан улсад турүүлснийхээ дараахан тээврийн замд явж байгаад хөдөөгийн нэгэн айлд бууж гэнэ. Аз болоход гэрийн эзэн туранхай янхигар хөх өвгөн бөхийн хорхойтны нэг байсан тул арсланг ч таньжээ. Улсын арслан хүн манайд ирлээ хэмээн өвгөн ихэд бэлгэшээн, хоол унд зэхэж, идээ будаа бэлд хэмээн удаан хөдөлгөөнтэй охиноо үе үе зандран шавдуулж хоол цай болох зуур хууч дэлгэн сууж гэнэ. Дэмүүл арслан ч хэн хэнтэй хэрхэн барилдаж орхисон тухайгаа ярин их л тухлан сууж дээ. Арслангийн яриаг шимтэн сонсож суусан өвгөн чих тавин чагнах зуур таваг дээрээс дөрвөлжин ёотон авч эрхий долоовор хоёроороо имрэн нунтаглаад шүдгүй ам руугаа хийн идэж суух юм гэнэ. Арслан ч ярианыхаа завсарт үүнийг ажиглаад нэг ёотон авч өвгөнд мэдэгдэхгүйг хичээн хуруугаараа имэрч нунтаглах гэж хэчнээн ч оролдоод хүчирсэнгүй тул ичихдээ болсон хоол цайнаас амссан болоод бушуухан явж одсон гэнэ.

 

Намайг үзэх гэж найман мянган хүн ирсэн болохоос

1967 онд Ж.Мөнхбат аварга ам бөхөө амлахаар бөхчүүдийн нэр сонсож суутал наадмын комиссын гишүүн, тухайн үеийн Дээд шүүхийн дарга Лувсаншарав ирээд "Мөнхбат аа, чи бушуухан амаа ав, наадамчин олон, нам засгийн удирдлагуудыг илээж гүйцлээ" гэж зандрангуй хэлжээ. Хүний сав хоосон буцаах дургүй Ж.Мөнхбат аварга ч "Намайг үзэх гэж найман мянган хүн ирсэн болохоос чамайг үзэх гэж чавганц ч ирээгүй. Дахиад нэрээ унш" хэмээсэн тухай цэргийн начин А.Тэгшээ хуучилж байлаа.

 

Модоо хураачихлаа

Нэгэн удаа олон бөхчүүд мод цагаалахаар ууланд гарцгааж гэнэ. Хүн болгон хоёр хоёр машин мод бэлтгээд майхныхаа гадаа хураах ёстой байж. Бөхчүүд хөрөөдөж унагасан модоо богино болгон тайраад нэг нэгээр нь зөөгөөд л байж. Үдийн цайнд иртэл Мөнхбат аварга аль хэдийнэ ирсэн бололтой унтаж байх юм гэнэ. Оройхон бүгд ажлаа дуусаад иртэл аварга мөн л хэвтэж байна гэнэ. Гэтэл майхны гадаа аваргын авчирсан ганц ч мод байсангүй. Удалгүй Мөнхбат майхныхаа эгц урдах өндөр уул руу яваад өгчээ. Бөхчүүдийг хоолоо идэж дуусах үед аварга “модоо хураачихлаа” гэсээр орж ирж гэнэ. Гарч үзвэл үнэхээр хоёр машин мод хураачихсан байжээ. Учир нь хамгийн өндөр уулын оройд шахам унагасан модоо тулгуур хийн хураачихаад бусдыгаа дуусахаар нь очиж тулгуур хийсэн дэрээ хөшин суллахад бүдүүн моднууд бие биенээ түлхэн өнхөрсөөр уулын бэлд буусан хэрэг байжээ. Тэгээд дор нь хоёр хэсэг хураасан нь тэр гэнэ. Энэ нь Мөнхбат аваргыг ухаалаг, тооцоотой бөх гэдгийг харуулсан яриа бололтой юм. Мөнхбат аварга бол тухайн жил, тухайн наадам бүү хэл, аль даваанд хэн хэнтэй, яаж барилдвал хаяж чадахыг маш сайн мэдэж, тооцож чаддаг бөх байсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]