Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

PQ-17 цуваа (3-р хэсэг): Сүүлчийн онгоцуудУншсан1,575

7-р сарын 10-ны 03:00 цаг буюу шөнө дунд амь өрссөн тэмцэл үргэлжлэв. “Замалек” хөлөг бөмбөгний дэлбэрэлтээс болж хурд нь саарсан боловч азаар юнкерсуудын түлш дуусч агаарын дайралт өндөрлөсөн юм байна.

Хөрвүүлсэн Г.Дашнамжил


1-р хэсэг нь: "Морины нүүдэл" ажиллагаа

2-р хэсэг нь: Сэтгэлийн тамд унагасан нь

 
PQ-17 ЦУВАА: 3-Р ХЭСЭГ

 

Долдугаар сарын 5-ны хэрэг явдал

Германы шумбагч завь, нисэх хүчний нэгтгэлүүд ямар ч хамгаалалтгүй болсон PQ-17 цувааны хөлгүүдийг устган ангуучлахаар боомтуудаасаа ухасхийн гарлаа. Магадгүй энэ нь занга байж болзошгүй хэмээн германчууд сэрэмжилсэн боловч тагнуулын мэдээллүүд үнэхээр цуваа хамгаалалтгүйгээр хэдэн хэсэг болж хуваагдан, харин хамгаалалтын бүлгүүд нь эх нутгийн зүг ум хумгүй алга болж өгч байгааг баталж байв.

Эхний олз нь “Эмпайр Байрон” болов. Түүнийг Германы U-703 шумбагч завины ахмад-дэслэгч (хуурай замын цэргийн ахмад цолтой дүйх) Байлфельдийн тушаалаар торпедоор харваж живүүллээ. Өглөөний 07 цаг 15 минутад Байлфельд дайралтын байрлалаа эзэлж Английн тээврийн онгоц руу хоёр хоёроор торпедоор харвасан ч байгаа оноогүй юм байна. 08 цаг 27 минутад харвасан тав дахь торпед нь харин байгаа яг оножээ. Англичууд аврах завь хоёрыг буулгаж 42 хүнээ аварч чадсан ч 18 далайчин үрэгдэв. Арай өмнө зүг U-88 хөлгөөр ахмад-дэслэгч Боманн “Карлтон”-ыг мөрдөж 10 цагийн үед хоёр торпед харван хөлгийг живүүлэв. Далайчид бүтэн үлдсэн цорын ганц аврах завь руу сэлж хүрч аврагджээ.

Альта-фьорд дэх Германы хүнд хөлгүүд дөрвөн цагийн аяны бэлэн байдал зарласан ч хөдөлгөхгүй байлгаад байсан нь нөхцөл байдал занга болон хувирах вий хэмээн хаширлаж байсантай холбоотой байжээ.

Тэгж тэгж хашир германчууд тагнуулын мэдээллийг найдвартай болгосны дараа л өдрийн 15 цаг гэхэд  булангийн боомтоос задгай тэнгист гарчээ. Хүнд хөлгүүдээ буурь заан азнаж байх хооронд Германы бөмбөгдөгч онгоцны эскадр бүрэлдэхүүнээрээ агаарт хөөрч, шумбагч завинууд ч Английн тээврийн онгоцуудтай хэдийнэ хөөцөлдөөнийг эхлүүлсэн байлаа. Өдрийн 14:30 цагийн үед Германы шумбагч завь U-456 Английн "Хонома” хөлгийг идшээ барих араатан лугаа хөөж олоод, торпедоор харваж живүүллээ. Усанд буулгасан аврах завиар амь гарсан далайчдыг ойролцоо хөвж явсан Германы U-334, U-88 шумбагч хөлгүүд олж байцаан мэдээлэл олж аваад бусад Америкийн хөлгүүдийг олж живүүлэхээр цааш хөдөлжээ.

“Фэйрфилд Сити”, ”Дэниэл Морган” хөлгүүд усан мандалд буусан мананг ашиглан дайснаасаа нуугдахыг оролдсон ч тэднийг Bv-138 нисэх онгоц илрүүлчихжээ. Ингээд цагийн дараа гэхэд манан дундаас гарсан тэднийг Ju-88 бөмбөгдөгч онгоцны дайралт угтав. Гурван нисэх онгоц дараалан “Фэйрфилд Сити” дээр хэд хэдэн бөмбөг унагаж амжив. 76 мм-ийн зенитийн буугаар зэвсэглэсэн “Дэниэл Морган” хөлөг хэдэн цагийн турш агаарын дайралтыг няцаан тулалдлаа. Гэвч орой тийшээ юнкерсүүд хөлгийг гэмтээж чаджээ. Гүйцэж ирсэн Германы шумбагч U-88 хоёр торпед харвасан ч энэ үед америк далайчдын аз болж Зөвлөлтийн танкер Донбасс хөлгийнхөн эрэлхгээр тулалдаж тэднийг аварчээ.

Цувааны хөлгүүдийн багийнхан сэтгэл санааны ихээхэн дарамтад орж цаашдын хувь заяаныхаа төлөө санаа зовнисон зарим багийнхан өөрийн хөлгөө аюул багатай дээр нь хаяж орхиж байв. Тэгж хаяж явсны нэг болох “Сэмюэль Чейз” хөлгийн багийнхан Германы шумбагч хөлгийн яндан дуранг уснаас цухуйж байгааг харангуут л аврах завиа буулгаад арилж өгчээ. Хоосон хөлөг хоёр цагийн турш далайн уснаа хөвж байхад нь багийнхан нь аюул эрсдлээ мартан эргэн ирсэн байна. Ийм явдал “Алькоа Рейнжер” хөлөгт ч тохиолджээ. Багийнхан нь Германы тагнуулын “Фокке-вульф” онгоц тэдний дээгүүр нисч өнгөрмөгц хөлгөө хаяж завинд сууцгаажээ. Тагнуулын онгоц нисч өнгөрөөд багагүй хугацаа өнгөрсний дараа л аюулгүй хэмээн үзэж тэд хөлөгтөө буцан ирцгээж.

Ганцаар хөвж явсан ”Питер Керр” онгоц 15:00 цагийн үед 906-р эскадрийн He-115-уудын дайралтад өртөв. Гэсэн ч багийнхан чадварлаг ажиллаж агаараас хаясан бүх торпедоос нь бултав. Хоёр цаг хөөцөлдөөн, буудалцаан өрнөсийн эцэст гурван Юнкерс-88 онгоцны дайралтад өртөж гэмтэл авснаар багийнхан хөлгөө хувь заяанд нь даатган орхижээ. 17:00 цагаас хойш агаарын дайралтад өртсөн хэд хэдэн хөлөг живлээ.

Бөмбөгдөгч онгоцны дайралтаас мултарч чадсан чирэгч “Саламандер”, танкер “Олдерсдейл”, тээврийн “Оушен Фридом”, аврах багийн “Зафаран” хөлгүүд бие биедээ харагдах орчинд хөвж байсан ба тэднээс зүүн өмнө зүгт “Замалек” хөлөг салж одсон байлаа. Ойролцоогоор 17:30 цагт “Олдерсдейл” дахин бөмбөгдөлтөд өртөв. Түүн рүү “Саламандер” хөвж очоод багийнхныг нь аврав. Яг энэ үед нэлээн зайдуу явсан Оросын “Зафаран” хөлөг бөмбөгдөлтөд өртлөө. Энэ хэсгээс “Паломарес” хөлгийн бүлэг холгүйхэн байрлаж байв. Тэднээс “Бритомарт” “Замалек” -үүд салан хөвж, живж байгаа “Зафаран”-аас далайчдыг нь аврахаар очжээ. Удалгүй “Замалек”, ”Оушен Фридома”, “Паломарес”, “Бритомарт”, “Хэлсион” хөлгүүдээс бүрдсэн багахан цуваа дорно зүг рүү хөдөлгөөнөө үргэлжүүллээ. Хожуу тэдэнтэй “Саламандер” хөлөг живсэн “Олдерсдейл” танкерийн экипажийг авраад нийлжээ.

Бусдыгаа амь наана там цаана явах үед “Болтон Кастл”, “Вашингтон”, “Паулюс Поттер” гэсэн гурван хөлөг цуваа задарснаас хойш хойд зүгийг барин аюулгүй хөвсөөр байв. Удалгүй тэд умардын мөсөн уулнуудтай тулгараад зүүн тийш эргэж "Шинэ газар" арал хүрлээ. Гэсэн ч орой гэхэд тэднийг бөмбөгдөгч онгоцууд хайж олоод хамгийн түрүүнд “Вашингтон”-ыг дайрав. Олон тооны дараалсан дэлбэрэлтүүдээс хөлөг онгоц жолоодлогогүй болж, экипаж нь аврах завиа буулгалаа. Германы нисгэгчид тэднийг орхин одов. Дараагийнх бай нь “Болтон Кастл”. Нэг бөмбөг ачааны хэсэгт унаснаас онгоц хөвдөг бамбар болж хувирчээ. Азаар дэлбэрэлт болоогүй тул багийнхан эсэн мэнд хөлгийг орхилоо. “Паулюс Поттер” мөн л бөмбөгний дэлбэрэлтэд өртөж жолоодлогоо алдсан тул багийнхан нь яаравчлан аврах завиар буужээ.

Бүх юм хэдхэн минутын дотор болсон ч далайчдаас азаар хохирсонгүй. “Вашингтон” шатаж, “Болтон Кастл” живж, “Паулюс Поттер” гэмтэл учраагүй мэт харагдсан ч жолоодлогогүй. Хойд зүг рүү явсан өнөөх гурвалаас тасарч үлдсэн “Олопана” хөлөг живж буй хөлгүүд рүү хөвж байв. Гэвч гурван хөлгийн далайчид түүний тавцан дээр гарахаас татгалзав. Тэд түүнийхээ оронд аврах завин дээрээ үлдсэн нь аюул багатай гэж үзэж байжээ. Тэднийг хэрэгтэй хүнс, устай нь үлдээгээд “Олопана” цааш хөдөлсөн байна. “Болтон Кастл”-ын хөлгөөс буусан аврах завинууд Зөвлөлтийн эргээс зүүн хойд зүгт 400 километр зайд хөвж байсан бол “Вашингтон” ба “Паулюс Поттер”-ээс буусан далайчид Шинэ газрын зүг Арктикийн тэнгисийн мөсөн уулнууд дундуур хоёр оронтой тоогоор хэмжигдэх хасах хэмийн хүйтэн жавраас үл зүрхшээн үхэлтэй тэмцэн зүүн зүг хөвж байлаа.

Юнкерсуудын ээлжит бай мөсөн уулан дунд хөвж яваа “Панкрафт” хөлөг болов. Хөлөг шатаж багийнхан орхилоо. Дараагийн өдөр дэлбэрэлт болж хөлөг олон хэсэг болж агаарт шидэгдэв. Дахин нэг бөмбөгдөгч онгоцны салаа ганцаар хөвж байгаа ”Эрлстон”-ыг довтолж гэмтэл учруулан хөдөлгөөний хурдыг удаашруулсан нь U-334 шумбагч завины олз болгож 17:47 цаг гэхэд 3 торпед харван живүүллээ. Энэ үед U-334 шумбагч завийг өөрийнх нь нисэх онгоц алдаа гарган ноцтой гэмтээсэн тул Норвеги рүү буцав.

22 цагийн үед U-703 шумбагч завь “Ривер Афтон” хөлгийг илрүүлж гурван торпед харван живүүллээ.

Зөвлөлтийн шумбагч К21

Британийн онгоцууд ангуучлагдаж байх үед аль өдрөөс эхлүүлээд 2-р зэргийн ахмад Лунинаар удирдуулсан Зөвлөлтийн шумбагч хөлөг К-21 Германы усан дээгүүрх хөлгүүдийн эсрэг ганцаараа тулалдаж байв. Германы эскадрын яг эгц өөдөөс К-21 хөвж очин хүчирхэг Тирпицтэй тулгарав. 16:30 цагийн үед хөлгүүд чиглэлээ өөрчилсөн тул К-21 хитэгний аппаратаа ашиглав. 17:01 цагийн үед “Тирпиц” дайралтын байрлалаа эзэлмэгц өрсөж 4 торпед харваж орхиод Зөвлөлтийн шумбагч 30 метрийн гүнд шумбалаа. Гурван минутын дараа багийнхан хоёр удаагийн дэлбэрэлтийн чимээ сонсчээ. Лунин холбоочдод Германы хүнд хөлгийн бүлгийг довтолж, “Тирпиц”-ийг торпедоор балбасан тухай илтгэлийг дамжуулав. Германы тэнгисийн хүчний бэлгэ тэмдэг, бахархал болж байсан аварга хөлөг онгоц Тирпицийг задгай тэнгист гаргаснаар түүнийг Английн тэнгисийн нисэх онгоцууд, байлдааны хөлгүүд ангуучлах вий гэдгээс Германы командлал ихэд айж байжээ. Гэтэл эсрэгээрээ Зөвлөлтийн шумбагч онгоцны довтолгоонд өртсөн нь тэднийг ихэд сандаргаж оройн 9 цаг өнгөрөөд ажиллагааг дуусгах тухай тушаал авсан Германы хүнд хөлгүүд Тирпицийг чирээд Норвегийн эрэг дэх бааз руугаа буцав.

Хүнд өдөр дуусч байхтай зэрэгцэн Колийн булангаас цувааны хамгаалалтыг нэмэгдүүлэхээр Зөвлөлтийн “Гремящий”, “Грозный”, ”Сокрушительный” эсминецүүд хөдөлсөн ба Зөвлөлтийн командлал тухайн үед цувааг сүйрч байгаа тухай ямар ч мэдээлэл аваагүй байжээ. Эсминецүүд долдугаар сарын 7-ныг хүртэл аварга том цувааг хайгаад олсонгүй, түлш шатахуунаа барсны улмаас бааз руугаа буцахад хүрч.

7-р сарын 5-наас хойшхи үйл явдал

Цуваанаас үлдсэн хөлгүүдийн багийнхан дайсандаа баригдахаас болгоомжлон радио холбоогоор харилцах чимээгүй горимд шилжсэн байв. “Сильвер Сода”, “Трубэдуэ” ба “Айронклэд”, “Айршира” хөлгүүд хөвөгч мөсөн уулнуудтай тулгарав. Хөлгүүд шөнийн турш үүр цайж гэгээ орох хүртэл мөсөн уул мөргөчихгүйн тулд аюул дундуур аажмаар хөвж үүр цайхын үед дайснуудаас мултрах эцсийн арга хэрэглэж, хөлгүүдээ цагаан өнгөөр будаж авав. Энэ нь ч тус болсон уу, азын бурхан ивээж тэднийг дайснууд илрүүлсэнгүй.

7 дугаар сарын 6-ны 11:00 цагийн орчимд “Паломарес”, чирэгч онгоц “Бритомарт”, “Хэлсион”, “Саламандер” аврах хөлөг “Замалек” нараас бүрдсэн хөлгүүд "Шинэ газар" аралд хүрчээ. Удалгүй тэдэн дээр “Оушен Фридом” хөлгийн багахан бүлэг ирж нэгдэв. Өдрийн 14:30 цагийн орчимд энэ бүлэг Маточкины буланд зангуугаа хаясан байна. Хоёр өдрийн өмнө тавцангаас хөөргөсөн “Валруса” нисэх онгоцноос авсан мэдээгээр Карын тэнгис рүү явах зам мөсөөр хаагдсан тул цорын ганц гарц болох өмнө зүгт Баренцийн тэнгис рүү хөдлөх болов. Оройн 18:00 цагт “Позарика”, “Ла-Малоне”, “Поппи” хөлгүүд тэдэн дээр ирсэн бол “Ла-Малоне” цувааны бусад үлдсэн хөлгүүдийг хайж олохоор салж хөвөв. Үдшийн 22:00 цагийн орчимд “Ла-Малоне” “Хузиер”, “Эль Капитан”, “Сэмюэль Чейз”, “Бенжамин Харрисон” хөлгүүдийг дагуулж ирлээ. Шөнө дундаас өмнө мина цэвэрлэгч “Ноферн Гем”, “Лорд Остин”, “Лорд Миддлтон”, араас нь “Панкрафт”, “Ривер Афтона” хөлгүүдийн амьд үлдсэн багийнхныг суулгасан “Лотос” хөлөг орж ирлээ. Ийнхүү Чонын сүргийн бараг суган доогуур гэмээр мултарч гарч чадсан 17 онгоц Маточкины буланд бөөгнөрөв.

Энэ үед хойд зүгээс "Шинэ газар" руу нэг нэгээрээ тарж салсан долоон хөлөг “Жон Уайтерспун”, “Алькоа Рейнжер”, “Эмпайр Тайд”, “Беллингем”, “Хартлбери”, “Олопана”, “Уинстон-Сэйлем” хөвж байв. Тэднээс “Жон Уайтерспун” салж хөвсөн ба удсан ч үгүй Германы U-255 шумбагч завь амдаад авчээ. Дөрвөн торпед харвасаны дараа хөлөг хоёр хэсэг болж хуваагдан далайн гүн рүү одов. Хаа нэгтээ цувааны хөлөг онгоцууд дайснаасаа амжилттай мултарч байхад өөр газарт юнкерсуудын ангуучлал үргэлжилсээр байв. Бөмбөгдөгчид “Пан Атлантик” хөлөг рүү хоёр бөмбөг мулталсан нь ачааны тавцанг цөмлөн дэлбэрч багийн 26 далайчны амийг авч одов. Хөлөг хошуу хэсгээрээ тасарч мөн л далайн гүн рүү булхав. Энэ нь бүтэн өдрийн турш “Пан Атлантик"-ийг устгахаар мөрдөн мөшгиж байсан U-88, U-703 шумбагч завинуудын ахмадуудыг ихэд гонсойлгосон байх юм.

"Шинэ газар" арлын хойд хэсэгт ч үйл явдал үргэлжилж байв. Тэнд байсан “Беллингем” хөлгийг илрүүлсэн германчууд хоёр торпед харвалаа. Азын тэнгэр англичуудыг ивээж хоёр торпедын нэг нь байгаа онолгүй хажуугаар нь шүргэх шахам өнгөрч, хоёр дахь нь бөөрөнд нь зоогдсон боловч дэлбэрсэнгүй. Хөлөг шумбагч завинаас зугтаж амжив. Ингэж байтал U-255 шумбагч “Алькоа Рейнжер”-ийг амдаад авав. Шумбагчид гурван торпед үлдсэн байж. Германчууд цагаандаа гарч хөлгийг тавцангийнхаа их буугаар устгав.

U-457 шумбагч багийнхан нь орхисон “Олдерсдейл”-ийг олоод живүүлсэн бол U-355 шумбагч "Шинэ газар" арал руу тэмүүлэх “Хартлбери”-г илрүүлэн сүүл даран мөшгив. Хөөцөлдөөн удаан үргэлижлсэнгүй тээврийн хөлөг хоёр торпедод оногдон тэр дороо живлээ. Олон далайчин мөстэй усанд осгож амиа алдсан ба эрэг хүртэл 20-иод далайчин л сэлж амь гарсан байна.

Цуваанд юу тохиолдсоныг мэдсэн оросууд Умард тэнгисийн флотын нисэх хүчний 95-р нисэх хорооны Пе-3 сөнөөгч онгоцуудаар цувааг халхлан дэмжих гэж бүх л бололцоотой оролдлогыг хийжээ. Долдугаар сарын 6-нд ахмад Н.Ф.Кириковын жолоодсон нисэх онгоц тагнуулын нислэгт гараад эргэж ирсэнгүй. Дараагийн гурван өдрийн турш цаг агаарын байдал Пе-3 нисэх онгоцуудад цуваанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн саад болсон юм байна. Долдугаар сарын 5, 6-наас эхлэн Чонын сүрэгт ангуучлагдаж байсан тээврийн хөлгүүдийг долдугаар сарын 10-ны өглөө л Оросын нисгэгчид хамгаалах бололцоотой болжээ.

Долдугаар сарын 7-ны 19:00 цагт гэгээ тасрах алдад Маточкины буланд бөөгнөрсөн, цуваанаас үлдсэн 17 хөлөг азаа үзэн бүх хурдаараа хөдөллөө. Тэд Канины мөргөцөг рүү хүрээд дараа нь Цагаан тэнгисийг чиглэхээр төлөвлөв.  7-р сарын 7-ны өдрийн хоёрдугаар хагаст “Эмпайр Тайд”-ыг живүүлснээс хойш U-255 шумбагч завь дахин нэг хөлгийг өмнө зүг хөвж байхыг нь илрүүлэн түүнийг мөшгив. 7-р сарын 8-ны шөнө хөлгийг гүйцэхэд тэр нь “Олопана” байжээ. Үлдсэн ганц торпедоороо тайван гэгч хараалж оноод, тавцангийн их бууны галаар зүйл дуусгав.

Зөвлөлтийн командлалаас долдугаар сарын 8-нд PQ-17 цуваанаас үлдсэн онгоцуудыг хамгаалуулахаар “Гремящий”, “Грозный”, “Куйбышев”, “Сокрушительный” гэсэн дөрвөн эсминецийг хөдөлгөлөө. Тэд ч Германы Юнкерс-88 бөмбөгдөгч онгоцуудын довтолгоонд өртөж, дээрээс нь цувааны үлдсэн хөлгүүдийг олж чадаагүй тул буцсан байна.

Өдөр өнгөрч 7-р сарын 8-ны шөнийн тагнуулын нисэх онгоц Fw-200 "Хадат хамар" арлаас 160 километрт ”Беллингем”, “Рэтлин” хөлгүүдийг илрүүлээд авлаа. Цааш нь болсон үйл явдал мань нисэх онгоцны багийнхны төгсгөлөөр өндөрлөв. Юу гэвэл тагнуулын онгоцны нисэх багийнхан бөмбөгдөгч онгоцуудаа дуудахын оронд тэднийг өөрсдөө суман мөндөр буулгахаар доошилсон нь алдаа болж дээрх хоёр хөлгүүдийн зенитийн суманд оногдож тэнгист унажээ. “Рэтлин”-ээс дайсны онгоцны багийнхныг аврахаар моторт завь буулгасан боловч осолдсон хэсэгт хүрэхээс нь нисэх онгоц экипажийнхаа хамт живсэн байна. Хойд өргөрөгийн орчимд “Беллингем”, “Рэтлин”-тэй Зөвлөлтийн “Донбасс” танкер нийлжээ. Гурван хөлөг Архангельскийн боомтод 7-р сарын 9-нд PQ-17 цуваанаас зорьсон газраа хүрэгсдийн анхдагчид болцгоов.

Энэ үед "Шинэ газар" арлын Маточкины булангаас гарсан хөлгүүд замдаа өмнө нь живсэн хөлгүүдийн үлдэгдэл сэлттэй таарч нүд хальтирч, зүрх шимширч байсан гэдэг. Тэд замдаа живсэн “Жон Уайтерспун”, “Пан-Атлантика” хөлгүүдийн далайчдыг олж аварчээ. Долдугаар сарын 8-ны орой мананд бие биеэсээ төөрч салах болсон тул мөсөн уулнуудын захаар хөвөхөөр тохиролцжээ.

Удалгүй тэднийг Германы U-376, U-408 ба U-703 гэсэн 3 шумбагч завинууд гүйцэж ирээд довтлохыг оролдсон боловч хамгаалалтын дагалдагч онгоцууд эрэлхгээр амь өрсөн тулалдаж гүний бөмбөгөөр бөмбөгдөж холдуулжээ. 7-р сарын 9-ний орой нэгдүгээр бүлэг манангийн бүсээс дөнгөж гартал Германы тагнуулын онгоц илрүүлж, бөмбөгдөгч онгоцны 30-р эскадрийг дуудав. Дуудлага авсан бөмбөгдөгчид үдшийн 22 цаг гэхэд хөлгүүдийг гүйцэж ирээд юнкерс-88 онгоцнуудын дайралт шөнө дунд хүртэл үргэлжилжээ. Араас нь Германы шумбагчид ч гүйцэж ирэв. Эхний бай “Хузиер” боллоо.  “Ла-Малоне” тээврийн хөлгийг U-376 шумбагч завь гүйцээв.

7-р сарын 10-ны 03:00 цаг буюу шөнө дунд амь өрссөн тэмцэл үргэлжлэв. “Замалек” хөлөг бөмбөгний дэлбэрэлтээс болж хурд нь саарсан боловч азаар юнкерсуудын түлш дуусч агаарын дайралт өндөрлөсөн юм байна. Цуваанаас хоцорсон тул хөлгийн механикууд гэмтсэн эд анги, хэлтэрхийнүүдийг салгаж хаяад цуваагаа гүйцэв. Үүр цайх 05 цагийн үед “Эль-Капитана” хөлгийг ганцаар нисч ирсэн Юнкерс онгоц бөмбөгдлөө. Бөмбөг тавцангийн зүүн хэсэгт унаж дэлбэрсэн тул хөлгийн хурдыг бууруулж дөнгөв. Экипаж нь хөлгөө орхисныг “Лорд Остин” хөлгийнхөн аварсан ч хэдэн цагийн дараа түүнийг U-251 шумбагч завь гүйцээв. Агаарын дайралт үүрээр дахин эхэллээ. Англичууд Зөвлөлтийн сөнөөгч онгоцуудыг хамгаалалт хүсэн дуудсан боловч цаадуул нь цувааг олж чадалгүй буцсан нь тодорхой болжээ. Хөлгүүдийн зенитийн багууд бүх сум, галт хэрэгслээ дуустал тулалдаж үндсэндээ ямар ч хамгаалалтгүй болов.

11:00 цагт 16 юнкерс онгоцноос бүрдсэн дайралтын хоёр дахь давалгаа эхэллээ. “Сэмюэль Чейз” хөлөг хамгийн түрүүнд гэмтэл авсан байна. Эрэгт ойртсон байсан тул түүнийг аварч үлдэх шийдвэр гаргасан байлаа. Нэг чирэгч онгоц хөлгийг аргамж залган дайсны бөмбөгдөлтийг үл тоон Йоканьг руу татав. “Оушен Фридом” “Бритомарта”, “Ноферн Гем” хөлгүүд цааш хөвлөө. Өдрийн хоёрдугаар хагаст ашгүй агаараас халхлах Зөвлөлтийн Пе-3, “Харрикейн” сөнөөгч онгоцууд гарч ирлээ. Тэд бөмбөгдөгч онгоцуудыг үлдэн хөөв. Сөнөөгч онгоцуудын хамгаалалт дор хөлгүүд долдугаар сарын 11-ний 16:00 цагт л Архангельскт орж ирэв.

Долдугаар сарын 11-нээс эхлэн үүргээ сайн биелүүлсэн Германы шумбагч завинууд бааз руугаа буцаж эхэлсэн байна.

4-р хэсэг буюу Төгсгөл: Цувааны тухай маргаан

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]