Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Автай сайн хан, сайхан Гонгорын домогУншсан14,326

Автай сайн хаан Баруун хайрхны шилээр албат иргэдээсээ дагуулж ан гөрөө хөөж яваад өрөөсөн хөл нь хавджээ.

Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна. Монголын хэл шинжлэл, утга зохиол, аман зохиол судлалын салбарт олон нэртэй эрдэмтэн мэргэд, зүтгэлтнүүдийг төрүүлсэн тэрбээр  аман зохиол судлалаар “Хурим найрын дэг ёс”, “Уул усны зуун домог”, “Цасан ширхэг”, “Орчин үе, яруу найраг”, “Монгол домог”, “Малчин ардын зан үйлийн уламжлал”, “Монгол ардын аман зохиол”, “Монгол яруу найргийн товчоон”, “Монгол аман зохиолын товчоон” тэргүүтэн судалгааны үнэт бүтээлүүдийг туурвиж олны хүртээл болгосон юм. Түүний "Монгол домог" номондоо тэмдэглэн үлдээсэн нэгэн домгуудаас уншигч олон, залуус та бүхэндээ хүргэж байна.

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Домогт уран саналгын зүйл байх боловч тэр нь үнэн баримтын учир зүйг тааварласан шинжтэй байдаг бөгөөд өнгөрсөн үеийн тухай уран сэтгэмжийн үндсэн дээр бат итгэлтэйгээр тааварлан түүнийгээ уран сайхны дүрээр илэрхийлдэг.

 

АВТАЙ САЙН ХААН

Автай сайн хаан Баруун хайрхны шилээр албат иргэдээсээ дагуулж ан гөрөө хөөж яваад өрөөсөн хөл нь хавджээ. Ингэж байтал тэртээ хол гал гялтганаж харагдахад, «Энэ эзгүй цөл, усгүй шилд юун гал байх билээ?» гэж давхилдан очсонд гэзэг үс нь сэгсийсэн муухай царайны хоёр хүн байна гэнэ.

 Та нар хаанахын хэн гэгч хаачиж яваа вэ? гэж загнаад явуулчихжээ.

 Тэгээд тэр хоёрын байсан газар түр суутал Автай хааны, хөлийн хавдар намдаж,

 -Аа энэ учиртай улс явсан байна. Тэр хоёр хүнийг олж ир гэж зарлиг буулгаад, ойр хавьд эрээд ер олсонгүй. Харин нэг хүн жингэр жингэр хийсэн дуутай жижиг төмөр эд олж ирж. «Энэ юу гэгч, хаана байдаг зүйл вэ, саяын хоёр хүн юун улс вэ» гэж мэргэч төлөгч нараа цуглуулж асуусанд мэдэх хүн огт гарсангүй. Харин энд тэнд явж эргэл мөргөл хийж их тэнэсэн нэг өвгөн «Саяын хоёр хүн бол азар гэдэг, энэ дуутай төмөр бол Баруун зуу гэдэг газар байдаг «хонх» гэдэг юм аа» гэж хариулсан байна. Автай хаан энэ үгийг сонсмогц "Аа би тэр газрыг чинь очиж үзнэ" гээд хурдан цагаан морио унаж, хуяг дуулгаа агсаж, Баруун зууд явахаар болов оо. Тэр шөнө Далай лам зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар ирж явна гэж зүүдэллээ. Маргааш өглөө нь лам нараа цуглуулж

-За би урьд шөнө зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар, сүмд орж ирж байна гэж зүүдэллээ. Бодвол Халхын галзуу баатар ирж явах шиг байна. Тэр их дүрэмгүй хүн, дураар нь байлгалгүй тун горьгүй. Та нар хэрэггүй, би их сүрдэж байна.

За та нар Шуурхай хар толгой өнгөрөөд ирвэл таван шар нохойгоо тавиад нэг үзээрэй. Тэд ямар янзтай байх нь вэ? гэж.

Тун удалгүй хурдан цагаан морийг унасан хуяг дуулга агссан баатар шинжийн хүн ирлээ гэж хэл ирж, таван шар нохойгоо тавиадахсан, өмнө хойно нь гарч эрхэлж тоглоод яах ч үгүй байж.

За тэгээд Автай хаан далай ламд хар хадаг барьж мөргөж гэнэ.

-Чи яагаад над хар хадаг барьж мөргөж байгаа билээ гэсэнд

-Би төрийн хар хүн. Ном шашин гэгчийг чинь мэдэхгүй гэжээ.

 -За тэгвэл шашин, бурхан шүтээн гэгчийг үз гэж далай лам хэлжээ. Үзэж ирээд ном шашин үзлээ гэж цагаан хадаг барьж мөргөж байна гэнэ.

Автай хаан дараа өдөр нь:

- За би энэ сүм дуган, бурхан шүтээнийг Халхад байгуулна. Над шүтэх бурхан, тахих лам өг гэж хэлжээ.

-Зэр зэвсэг барьсан зэлүүд талын баатар таны авна гэснийг чинь өгнө, өөрөө үзээд ав гэж байна гэнэ.

Тэгээд дуганы дотор сууж байгаа лам нарын нь элэг рүү сэлмээ чиглүүлээд явж, цөм л цочиж гэдрэгээ болж байж. Харин хамгийн арын доод мөрөнд сууж байсан өрөөсөн нүдээ дарж боосон доожоогүй муу банди ажрахгүй сууж байна гэнэ. Тэгэхээр нь Автай хаан:

 -За, таньдгаараа муу сохрыгоо аваад явъя гэж.

Тэр банди хэлжээ. «Би очиход очно оо. Энэ дүрээрээ очиж болохгүй. Хойноос чинь төрөл арилжиж очно» гэж хэлжээ.

Бурхны нь мөн л элэг рүү нь сэлмээрээ чичлээд явж. Тэгсэн Гомбо гүр бурхан, жаахан хөдөлж гэнэ. «Энэ нэг жаал амьтай шиг юм уу даа» гээд аваад сугавчилчхаж гэнэ. Ингээд Автай хаан нутагтаа буцаж яваад, Бөгсийн даваа гэдэгт бууж тамхи нэрж суусан ганзагалаатай бурхан нь хэлтийгээд байхаар нь аваад газар тавьчхаад тамхиа татаж дуусаад мордох гэсэн цээж нь өндөгнөөд бөгс нь газар наалдчихсан байна гэнэ. «Дургүй бөгс нь үлдэг, дуртай цээж нь яваг» гээд цээжийг нь тас цавчиж авч ганзагалаад явжээ. Ингээд тэр даваа Бөгсийн даваа нэртэй болсон гэдэг.

За тэгээд сүм дуганаа барьчхаад, Далай лам тэр сарын тэдний өдөр ирж аравнайлж60 өгнө гэсэн тэр өдөр нь ч яг болж, алга болохоор уур нь хүрч хурдан цагаан морио эмээллэж, хуяг дуулгаа агсаад мордох гэж байтал бороо орох янзтай малгайн чинээ хар үүл гарснаа юу юугүй ойртож ирээд намрын цатгалан адууны хомоолын дайтай халтар арвайгаар бороо орж,

-Аа энэ чинь ингэж аравнайлах байсан юм аа гээд явахаа саатсан гэдэг. Тэр арвайнаас манай нутагт Насан хувьтай тайжийнд нэг байдаг байсан. Тэрнээс хойш Автай хаан Баруун Хайрхан гэдэг газар ав хөөж явтал. Тээр баруун дор нь утаа гарч гэнэ. «Энэ юун утаа вэ? үзээд ир» гэж нэг хүн давхиулжээ. Явсан хүн ч тун удалгүй хүрч ирээд:

-Нэг муухай царайтай хув орог зүстэй хүн гурван чулуу тулаад хар цай чанаж сууна гэж хэлж ирж. Автай хаан "Аа тэр хүнтэй уулзана" гэж тэр лүү давхилдацгааж. Тэгсэн Автай хаан мориноос буумагц мөргөж адис авч байна гэнэ. Хар цайнаас нь ууж, хар модон аяганаас нь будаа идэж байх юм гэнэ. «Энэ хаан чинь энэ муухай амьтнаас сэжиглэхгүй, эгээ солиороогүй бололтой билээ» гэж албат нар нь гайхаж байж. Тэр хув орог хүн хэлж байна гэнэ. «Ханджамц хатныг миний энэ голомт дээр хөнгөрүүлнэ шүү» гэж, Автай ч «За, за» л гэж байх юм гэнэ. Тэгээд тун удал ч үгүй Түшээт ханы Ханджамц хатан хөл хүнд болж тэр газар хөнгөрүүлэхээр авч очсон сон. Нөгөө газар нь нэг өнжгөө зулзагалаад 8 зүйл өнгийн зулзагатай өөрийнхөө хамт есөн зүйлийн амьтан байж байна гэнэ. Тэрний нь зайлуулаад хөнгөрсөнд хүү гарсан гэнэ. Халхын дөрвөн хаанаас бэлэг ирүүлсэн ба Цэцэн ханаас гэгээн цолоо өргөж ган бүстэй өлгий явуулсан гэлцдэг юм. Тэр есөн зүйл гэдэг нь хуучин Илдэн вангийн хошууны нутаг. Сүүлдээ хувираад «Усан зүйл» болсон юм. Өндөр богдыг ингэж мэндэлсэн гэлцдэг. Тэр есөн зүйлийн хавьд үнс шиг жижиг саарал толгой байсан гэдэг. Түүнийг Өндөр богдын живхний үнс гэж ярьдаг байсан. Тэр газар одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт л байх даа.

Тайлбар: Автайн сайн (1534—1586) хаан болбоос одоогийн Сэлэнгийн хавиар нутаглаж байсан Онохуй эзэн ноёны хүү бөгөөд 1576—1579 оны хооронд дайн тулаан хийж яваад 1585 онд Далай ламд мандал өргөж, түүнд амласан ёсоор 1586 онд Эрдэнэ зуугийн хийдийг бариулсан байна. Энэ нь Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн учраас Монголын анхны Богд Өндөр гэгээн Занабазар (1635— 1723) ч Автай хааны домогтой холбогдож байна. Уран зохиолын зарим судлагч нарын ажиглалтаар Халхын «Шилэн галзуу баатар хүү» гэсэн тууль ч Автай сайн хааны явдлаас сэдэвлэгдэж гарсан байж магадгүй байна.

 

САЙХАН ГОНГОРЫН ДОМОГ

Автай сайн хан шарын шашны бурхныг баруун зуугаас залж ирэн Эрдэнэ зуу хийд байгуулж байх үед энэ хавьд түүнийг дургүйцдэг сайхан Гонгор гэдэг хүн амьдарч байв. Автай сайн хан Эрдэнэ зуу хийдэд тавьж тахих шүтээнийг баруун зуугаас залж ирээд нэг жижиг толгой дээр буун ёслол үйлдсэн гэнэ. Эрдэнэ зугаас баруун хойно 1 км зайтай орших бөгөөд одоо Наваанжалба гэдэг нэртэй толгой дээр авч яваа бурхнаа газар тавьжээ. Тэднийг олон хүн угтсаны дотор сайхан Гонгор ч явж байжээ. Гэтэл Гонгор угтагсдын дотроос гэнэт гарч ирээд:

-Энэ муу хиймэл эдийг газрын холоос хөл үймээн болж авчирсны ашиг юу байна. Энэнд чинь ид шид огт байхгүй. Цаасаар хийсэн дүрс гээд бурхныг нь няц гишгэчихжээ. Ингээд тэр бурхны толгой нь бүтэн бусад нь эвдэрчээ. Энэ бурхныг Гомбо˗гүр гэдэг аж. Эрдэнэ зуу хийдэд амилсан шүтээн гэгдэж байсан Гомбо˗гүр үнэхээр толгой нь модонд өлгөөтэй түүн дээрээ хувцас өмсгөн их биеийг орлуулсан байсан юм гэдэг. Автай сайн хан тэр дор нь сайхан Гонгортой тулалдах гэтэл дагаж яваа лам нар нь бурхны хуурамч чанар илрэхээс болгоомжлон хорьжээ.

Хэд хоногийн дараа нэг өдөр Эрдэнэ зуу хийдэд сайхан Гонгор галзуу баавгай хөтөлж ирээд баавгайтайгаа хоёул сүм дуганы доторх олон бурхдыг эвдсэн бөгөөд сүмийн дэргэдэх хоёр чулуун нохойны нэгний нь хөлийг хугалж бусад олон юмыг сүйтгэжээ. Үүнийг олон хүн харж байсан боловч галзуу баавгайгаас айгаад халдаж чадсангүй. Сайхан Гонгорын хамт шашныг эсэргүүцэгчид байсан боловч зарим нь урважээ. Сайхан Гонгорын дагуул Жов гэдэг хүн байжээ. Тэр шашны талд урван ороод сайхан Гонгор бол ар халхын оронд шашин дэлгэрүүлэхтэй, үеийн үед үндэс угсаа тасартлаа тэмцэнэ гэж тангарагласан хүн гэж ярьжээ. Гонгорыг хүчээр барих арга байхгүй. Харин аргаар барьж магадгүй. Сайхан Гонгор Ар модны амны их ногоон дотор голдуу байдаг юм. (Энэ нь Эрдэнэ зуугаас 10˗аад км зайтай) Гонгорын байгаа эсэхийг мэдэхэд өглөө нар гарах үеэр юм уу эсвэл орой нар шингэх үеэр уулын орой дээр байвал ногоон дотроос туяа тусч байваас Гонгор байгаа гэсэн үг гэжээ. Энэ туяа нь Гонгорт нэгэн баатар эрээс бэлэглэсэн шижир алтан дээл байдаг бөгөөд түүнийгээ өмсөхөөр тийм их туяа гардаг байна. Сайхан Гонгорыг нэг удаа Өлийн хадан хошуун дээр хоноод өглөө босож байхад нь лам хар олон хүн бүслэн тойрсон байв. Тэд сайхан Гонгорыг одоо хаашаа ч гарч чадахгүй гэж бодоцгоон яахыг нь харж байв. Энэ үед Гонгороос урвасан Жов бүслэгсдийн ард чичирч байсан гэнэ. Сайхан Гонгор аажуухан босож хажуудаа идээшлэн буй морио барьж эмээллээд богцтой юмаа морин дээрээ тохоод өврөөсөө нарийхан сур гаргаж ороогоод олонд хандаж «Та нар намайг барьж чадахгүй. Жов та нартай ирсэн нь сайн байча. Өнөөдөр уулзсан дээрээ Жовд боовыг нь өгье» гэж хэлээд газраас нэг ширхэг чулуу авч мориндоо мордоод Жовын нуугдаж байсан зүгээр дайран гарчээ. Тэгэхдээ Жовын эрүүг чулуугаар хуга цохисон учир Жов шүлсээ гоожуулсаар хэд хоногийн дараа үхэж гэнэ.

Сайхан Гонгор хадан хошууны хойд эгц рүү бууж Орхон голыг гаталж Уртын ам руу давхиж оджээ. (Уртын ам нь Хадан хошуунаас дээш голын хойд талд бий)

Бүслэгсэд Хадан хошуу руу бууж чадаагүй бөгөөд цааш Орхоныг гаталж чадахгүй тул дэмий л харсаар хоцорчээ. Дараа нэг өдөр нь сайхан Гонгорыг Ар модны амны их ногоон дотор сууж байхад нь өглөөний нар нэлээд дээр хөөрсөн хойно урьдын танил нэг нөхөр нь хүүхэд дагуулж ирээд: Лам багш чамайг надтай цуг ир гэж байна. Эрдэнэ зууд чиний нэртэй сүм байгуулж тэргүүнээр нь чамайг томилж, олон шавьтай лам болгоно гэж байна гэхэд Гонгор хамт яваа хүүхдээс нь:

— Чи намайг барих гэж яваа юу гэж асуужээ.

— Тийм ээ, би таныг барих гэж яваа.

— Чи хэдэн настай вэ?

— Долоон настай

— Нэр хэн билээ?

— Нэр Болд гэж ярилцаад сайхан Гонгор хутгаа хуйнаас нь сугалж үзүүрээр нь мах хатгаад үүнийгээ амаараа ав гэхэд хүү ёсоор нь гүйцэтгэж амаараа махыг авчээ.

Сайхан Гонгор "Аа, цаг нь болжээ" гээд долоон настай хүүд баригджээ. Ингээд сайхан Гонгорыг цаазалжээ. Үүнээс хойш Эрдэнэзуу хийдэд Гонгорын аймаг Сүмчин дуган гэж байсан бөгөөд одоо ч түүний суурь бий гэнэ. Гонгорын аймагт голдуу ядуусын хүүхэд суух тул ядуу аймаг байв. Гонгорын аймгийн хурал жилд нэг удаа болдог бөгөөд Гонгорын дунд чөмгийн ясаар хийсэн Гандантай байжээ. Бас сайхан Гонгорын баавгай гэж хар баавгайн чихмэл дүрсийг тогтмол хурлын үед гадаа үүдэндээ өндөр ширээнд тавьж залдаг байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]