Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Марал илжигний туурай Хаалган даваа давуулахгүйУншсан4,693

Ийм хүнд үед өнөөдрийн туурга тусгаар Монгол Улсыг сэрээх эхлэлийг тавилцаж, их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцсэн нэгэн хүнийг Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж гэж үздэг.

 

Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон суут хүмүүсийн гавъяа түүхэнд бичигдэн үлджээ. XX зууны эхэн үед харийнхны эрхшээлд ядарч туйлдсан тархай бутархай Монголчуудыг Америкийн Индианчуудын хувь заяа хүлээж байсан гэдэг. Ийм хүнд үед өнөөдрийн туурга тусгаар Монгол Улсыг сэрээх эхлэлийг тавилцаж, их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцсэн нэгэн хүнийг Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж гэж үздэг. Тэрээр 1869 онд Булган аймгийн нутагт үе улиран, угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Мэжиддоржийн гэр бүлд төржээ. Багаасаа язгууртны гэр бүлд хүмүүжиж Монгол, манж, хятад бичиг сурч хожимоо орос хэлийг гаргуун сурсан гэдэг.

1892 онд Хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залган авч төрийн хэрэгт оролцох болжээ. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж тэдний Монголд явуулах нууц бодлогыг мэдэж авснаар эх орноо хамгаалах үзэл санаа нь бүрэлджээ. Тэрээр Монгол Улсын гадаад харилцааны ууган сайдын хувьд улсынхаа гадаад бодлогын алтан аргамжийг таталцаж шинэ цагийн гадаад харилцааны үндсийг тавьсан томоохон зүтгэлтэн гэж үздэг юм.

М.Ханддоржийг Монголынхоо төлөө амь нас, гэр бүл, үр хүүхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэснийг түүхэнд тод томруунаар тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр шинэ тулгар улсаа хөгжүүлэхэд олон зүйлийг сэдэн гүйцэтгэжээ. 1911 оны зун Богд хааны зарлигаар олон аймаг шавиас даншиг өргөх нэрийн дор Халхын дөрвөн аймгийн ноёд, түшмэд, хутаг хувилгаадыг цуглуулж Хүрээний Эрдэнэ шанзодвын тамгын газар хуралдаж Манжийн шинэ засгийн бодлогыг хэрхэн эсэргүүцэх, Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай ярилцжээ. Үүний дараа Манжаас тусгаар тогтнох цаг болсон гэж үзсэн тууштай хэсэг хүмүүс, тэдний дотор Халхын дөрвөн хан тэргүүтэй ноёд лам нар Богд уулын арын модон дотор гэр бариулан нууц зөвлөлгөөн хийсэн гэдэг.

 Зөвлөлгөөнөөс гадаадын тусламжгүйгээр өөрсдөө тогтноход бэрх тул хойд айл Орос улсад тусгай төлөөний түшмэл элч явуулсугай. Явах элчид Чин ван М.Ханддорж, да лам Цэрэнчимид, Хайсан гүн нарыг томилсугай гэж шийдвэр гаргажээ. 1912-1913 онд төлөөлөгчдийг тэргүүлэн Хаант Орос улсад очиж, Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр, дипломатын аргаар хүчин зүтгэсэн байдаг. Мөн түүний санаачилгаар 1912 оны гуравдугаар сард 47 сурагчтайгаар шинэ цагийн анхны бага сургууль байгуулжээ. Мөн Орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалж авчран Гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэлийн үйлдвэр ажиллуулж байжээ. Ингэснээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болсон түүхтэй. М.Ханддорж анх Богд хаантай тохиролцон халхын дөрвөн аймаг, шавь тавыг уриалснаар Өндөр Жанрайсигийн сүмийг 1911-1913 онуудад бариулсан гавъяатай хүн. Өөрийн төрөлх Дайчин вангийн хүрээг уран барилгын цогцолбор, өвөрмөц чамин соёлын дурсгалт төв болгохоор олон зүйлийг сэдэж байсан гэдэг. Иймийн учир М.Ханддоржийг Богд хаан зарлигаараа 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнажээ.

 Чин ван М.Ханддорж улс үндсээ харийн эрхшээлээс чөлөөлөх үйл хэрэг, тусгаар төрийн бодлого, үйл ажиллагаанд дайчин зоримог байдал, ухаалаг чанар сэтгэлийн хатамжаар үлгэр жишээ үзүүлж чадсан. Чингис хааны удмын хат сайт төрийн түшээ байсныг түүхчид нотолсон юм. Чин ван М.Ханддоржийг 1911 оны үндэсний хувьсгалын хошуучлагч байсан гэж үздэг юм. Түүний гадаад бодлогын чиг шугам өнөөдөр жинхэнэ утгаараа хэрэгжиж он цаг холдох тусам нэр төр, үйл хэрэг нь тодорсоор байна.

 Чин ван М.Ханддорж XIII далай ламыг Монголд ирж өвөлжүүлсэн нь манжийнхны дургүйг хүргэсэн удаатай. Ханддоржийн хайрт хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдгээр Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь тавган дээр тавьж үзүүлсэнд өгүүлшгүй уй гашууд унаж отго жинстэй малгайгаа авч шидэн “Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэсэн андгай тангараг тавин, хайрт хүүгийнхээ толгойг ганзаглан эх нутагтаа ирсэн гэдэг. Энэ бүх явдал түүнийг Манжийн түрэмгийллийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх эрчийг улам нэмсэн ажээ. Тэрээр өөрийн хошуу нутгаас манжийн албыг залгуулахаас цааргалж байсан удаатай. Тэрээр олноо Өргөгдсөний тавдугаар оны цагаан сарын шинийн 6-нд дөнгөж 46-ны сүүдэр зооглосон учир битүүлгээр хорлогдон нас эцэслэсэн билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 28. 21:28
Зочин

Чин Ван Ханддорж зэрэг дэвийн хувьд Халхын хангуудын дараа орохоор том ноён байсан гэдэг. тиймдээ ч Бээжинд өөрийн эзэмшил байшинтай байсан. Жилдээ 1-2 удаа урагшаа явдаг байсан гэдэг. 1 удаа явж ирэхдээ баахан аврах хантааз авчираад таньдаг мэддэг хүмүүстээ маш чухал хэрэгтэй юм гэж магтаж тарааж байхад нь Рамстэдт очиж таарсан гэдэг. Рамстэдтийн номонд Чин Ван олон дурдагддаг. Чин Ван Рамстэдттэй дотносох гэж их хичээж байсан бололтой байдаг. Яагаад ч юм Рамстэдт нэг их ойртоогүй юм шиг байдаг. Хожим Рамстэдтийг нутагтаа байх үед Чин Ван нууцаар Санкт-Петербургт очиход Оросууд яах учираа олохгүй байх үед Рамстэдттэй холбоо бариж ирж туслахыг хүссэн гэдэг.

2020, 12 сар 27. 9:23
Зочин

Богд хаан Монгол улсаа анхлан байгуулж байхдаа тухайн үеийн Хаант Орос улсаас тусламж их авдаг байж.Оросын элчингээр Коростовцев сууж Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс маш их оролцож Монголын хамаг сайчуудыг Богдийн гараар хор өгч бурханы оронд явуулдаг байж.Ханддорж ван Оросд элэгтэй тул 1911-1915оны хооронд дажгүй яваад ажилаа хийдэг хужаа нарыг үздэггүй хүн!Хужаа нартай хувь,хувьсгалын өшөөтөй хүн байжээ.Гэтэл 1916оноос эхлэн Оросууд Германтай байлдаад,ордны дотоод уур амьсгалч өөрчлөгдөж хүрээнд сууж байсан хужаагийн төлөөлөгчид болохЧен Лүн,туслахЧен И нар ч дотоод санаагаараа Монголчуудыг хахуулдахийг нь хахуульдаад,архи дарс,хүүхэн,албан тушаалаар Монголчууд тэр дундаа том толгой лам нарыг ашиглан Богдод нөлөөлөөд эхлэж!мэдээж үүнд хамгийн түрүүнд Ханддорж ван том саад болно.Богд гэгээн явуулах гэж байгаа хүндээ Богдын хишиг гэж юм өгдөг түүнийг нь хүртсэн хүн төд удалгүй бурхан болдог түүнийг нь тухайн үеийн дээдчүүл гадарладаг байж.Тэр 1н өдөр Ханд ванд орой Богдын өргөөнд найртай та заавал оч хишиг хүртээнэ гэж яам нь дээр нэг,гэрт нь нэг заллага ирждээ!Ханд ван болон ойр дотных нь учрыг мэдэж битгий яв!аргалаад өнгөрөөчих гэхэд очихгүй байж болохгүй араас маань богдын хишиг гээд заавал юм амсуулна харина тэр найранд нь очоод хүмүүсийн ууж идэж байгаагаас хамаагүй идээд архинаас нь уугаад байвал нэг удаадаа гайгүй өнгөрч магад бид ч улаан нүүрээрээ дахин уулзах өнгөрөв бололтой гээд ярьж сууж.Загд гэж захирагч нь 2сайн хиагаа дагуулж явуулъя та минь маш сонор байгаарай гэж.Найр ч нэлээд хавтгайрч Богд хаан ч нэлээд халамцуу Ханд ванд арз шагная гээд Дондогдулам хатан руугаа хархад Ханд ван гуйвж очоод архийг нь алдаад асгачихаж хаан ч төд удалгүй хүнээр сугадуулан яваад өгч!Ханд ванг маргааш нь үүрийн гэгээгээр бялуугаар толгой руу нь 2нүдийг нь сугарч гартал цохиулаад бурхан болчихсон шарилыг олсон гэдэг.Загд захирагч болон бусад түшмэд нь ноёныхоо амийг нэхэж богдтой заалдана гэхэд нь Ханд вангийн төрсөн дүү Гунгаадорж гэж тойн нь ятгасаар болиулсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]