Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөлөг онгоц болон шумбагч онгоцны нэгэн хачирхалтай тулаанУншсан17,956

1943 оны 10-р сарын 11 ний өдөр Америкийн тэнгисийн цэргийн хөлөг “Бори” эсминец (destroyer) нэгэн яаралтай даалгавар авсан нь 700 гаруй милийн зайд Германы шумбагч онгоц явааг олж устгах явдал байжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1943 оны 10-р сарын 11-ний өдөр Америкийн тэнгисийн цэргийн хөлөг “Бори” эсминец (destroyer) нэгэн яаралтай даалгавар авсан нь 700 гаруй милийн зайд Германы шумбагч онгоц явааг олж устгах байжээ. Бори хэдийгээр нэлээд хуучирсан боловч дайсны шумбагч онгоцыг олж илрүүлэх, устгах зэрэг даалгаврыг биелүүлэхтэйгээ байлаа. Бас тэгээд 4 ширхэг 100 мм-ийн их буу, 76 мм-ийн зенитийн их буунууд, 4 торпед харвагч суурь, үй олон гүний бөмбөг...

Дайсны шумбагчийг хайж явсан Боригийн локатор нь нэг биш харин хоёр ч шумбагч онгоц илрүүлсэн ба Боригийн ахмад Хатчинс шууд л ойрхон байгаа руу нь (U-256) дайрч эхэлжээ. Дайсны дээрээс хоёр хэсэг гүний бөмбөг хаясны дараа өнөө шумбагч гэмтсэн бололтой ил гарч ирсэн боловч Америкийн эсминец хажууханд байгааг мэдээд дахин шумбажээ. Одоо дайсны гэмтсэн онгоц хаана байгааг яг таг мэдэх болсон Бори дахин нэг хэсэг гүний бөмбөг хаясны дараа далайн усан дээр нефть тосны томоохон толбо гарч ирсэн нь дайсны онгоц сөнөсөн, үгүйдээ л байлдах чадваргүй хэмжээний гэмтэл авсан гэдэг нь ойлгомжтой.

Хатчинс тэр даруй төв удирдлагадаа “Нэг гахайг цусаллаа, дараагийнхыг нь хайж байна” гэсэн мэдээ явуулж бараг дуусаагүй байтал нөгөө шумбагчийг илрүүлсэн мэдээг туслах нь өгчээ. Дайсны онгоцны байрлалыг яг тодорхойлж дээр нь гарах гэж хөөцөлдсөөр байх хооронд тэнгэр муудан далай ч эвгүйрхэн, давалгаа 4,5 метр хүртэл өндөр, хүчтэй болж иржээ. Шөнийн 01 цаг 53 минутын үед Боригийн гидроакустик дайсныхаа яг дээр ирлээ гэсэн дохио өгсний дараа гүний бөмбөг ээлж дараалан хаясаар байх үед гэнэт Германы шумбагч (U-405) ард нь ил гарч ирэв. Энэ бол дор нь байгаа гэж бөмбөгдөж байсан шумбагч нь анхны бөмбөг тэсэрч эхлэхтэй зэрэгцэн ард нь хоцорч, ил гарч ирсэн хэрэг байв. Далайн сөнөөгч болсон эсминецийн хувьд ил байгаа шумбагчийг сөнөөж гэмтээх шиг амархан юм байхгүй гэхэд хол зөрөхгүй байх. Гэсэн ч Германы шумбагч 88 мм-ийн их буугаар араас нь буудаж, Бори ч хариуг нь их буугаар өгч эхэллээ.

Германы шумбагч

Энэ буудалцаан бүтэн цаг үргэлжилсэн ба хэн хэн нь нэгнийгээ сүртэй гэмтээж чадсангүй. Тэнгэр сайхан, далай дөлгөөн байсан бол Германы шумбагч таван минут ч тэсэж чадахгүй байсан бөгөөд тухайн үеийн далайн догшин ааш занг тэд сайн ашиглаж үзэлцсээр байв.

Хатчинсон анаж байгаад Германы шумбагчийг шууд зад мөргөн дайрах санаатай довтоллоо. Далайн давалгаанаас болж Бори Германы шумбагчийг мөргөж чадсангүй буюу урд хэсэг дээр нь зөөлөн гээч нь мордоод авсан байна.

Хэт ойрхон учраас Бори зенитийн болон бусад их буугаа хэрэглэх боломжгүй болсон бол U-405 нь өөрийн ганц их буугаа дайсны хөлөгт мөргүүлж гэмтээсэн байв. Нэгэнт их буу болон бусад том буугаар буудалцах боломжгүй үед нөхдүүд зүгээр байлтай биш пулемёт, винтов гар буугаар байлдацгааж эхэлжээ. Арван минутын турш наалдсан хоёр онгоцны багийнхан ингэж байлдсан бөгөөд сүүлдээ сум нь дуусаж дохионы гар буу, хутга мэс хэрэглэх дээрээ тулсан байна. Ямар ч байсан далайн нэг том давалгаа хоёр хөлгийг салгахад Германы нэг цэргийн биед холоос шидсэн хутга зоогдон хөнөөсөн байсан бол өөр нэг цэргийн толгой хагаран цус нөж болсон байж. Америкийн цэргүүд их бууны том хонгио ончтой шидсэн нь тэр.

Хоёр хөлөг салсны дараа Германы шумбагч дайсныгаа зад мөргөхөөр дайрч эхэллээ. Эсминец бултаж гараад дайсныг араасаа дайруулахгүйн тулд гүний бөмбөг ардаа хаяснаар Германы шумбагч хөөж чадахгүй болон зай авч, үүнийг нь хүлээж байсан эсминец их буугаараа буудаж, хэд хэдэн удаа оносноор шумбагч живж эхэлжээ.

Герман цэргүүд живж байгаа онгоцноосоо үсрэн гарч хийлдэг завин дээр сууж байх үед Бори хар хурдаараа давхин ирж олон завийг бяц дарсан ба Хатчинсоны хэлснээр бол өөр нэг шумбагч онгоцноос торпед харвасан байж болох дохиог гидроакустик локатороос авсан учир сандран зугтахдаа санаандгүй тэдгээр хүмүүсийг дайрчихсан юм байх.

Ширүүн тулалдаанаас ялагч болон гарч ирсэн Бори онгоц ч айхтар гэмтсэн байлаа. Хөдөлгүүрийн хэсэг усанд автаж, яваандаа ажиллахгүй болсноос цахилгаангүй болж, удахгүй живэх нь тодорхой болжээ. Маргааш өдөр дундын үед Борид туслахаар Гофф болон Барри хөлгүүд хүрэлцэн ирсэн боловч далайн догшин давалгаанаас болж багийнхныг хөлөг хооронд шилжүүлэх бараг боломжгүй байлаа. Гэсэн ч Бори хэзээ мөдгүй живэх дээрээ тулж байсан учраас аврах ажиллагааг эхлүүлээ.

Бори тулалдааны дараа

Германы хоёр ч мундаг шумбагч онгоцыг устгасан Бори хөлгийн багийнхан уг тулалдааны үед ганц ч хүнээ алдаагүй бол харин гэмтсэн онгоцноос өөр онгоц руу шилжих үедээ 27 хүнээ далайд алдсан юм гэнэ лээ.

P.S

Борид дайруулсан анхны шумбагч болох U-256 хөлөг нь живж сүйрээгүй бөгөөд дайснаа хуурахын тулд худлаа баахан тос шатахуунаа асгаж бага хурдаар дайны талбараас гарч зугтан боомтдоо эсэн мэнд хүрэлцэн очсон юм гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]