Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Орос хэлийг заавал судлах хичээлээс хасвал ОХУ-тай байгуулсан тунхаглалаа мөрдөөгүй хэрэг болно”Уншсан4,852

"Хоёр орны эцсийн шийдийг улс төрийн тунхаглал гэдэг юм байна лээ. Манайхан улс төрийн тунхаглал гэж нэрлэхгүй байгаа харагдсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан сайтад улс төрийн тунхаглал гэсэн байсан шүү."

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн профессор, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэмаамтай ярилцлаа.

- УИХ-ын хаврын чуулганаар батлах гэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар ярилцъя. Та үүний тухайд ямар бодолтой байгаа вэ?

- Боловсролын ерөнхий хуулийн, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуульд заавал судлах үндсэн гадаад хэл нь Англи хэл байна гэсэн заалт орох гээд байгаа юм. Үүний үр дагаварт Орос хэл заавал судлах хичээлээс хасагдах юм л даа. Өнөөдрийн байдлаар ЕБС-д Орос хэлийг 7,8,9-р ангид л судалж байна. 10,11,12-р ангид заавал судлах хичээлийн тоонд байдаг ч сонгон судалж болно гэчихсэн байдаг. Ингэхлээр хүүхдүүд цаг үеэ дагаад өөр хичээл үзэж байгаа юм. Тэгсэн мөртлөө 12-р анги төгсөхдөө Орос хэлээр ЭЕШ өгдөг. Үндсэндээ Орос хэлний багш болох гэж байгаа хүүхэд мартчихсан зүйлээрээ ЭЕШ өгч байна гэсэн үг.

Бид намар Орос хэлний багш нарын онц их хурлыг онлайнаар хийхэд бүх аймаг сумдаас 305 багш оролцсон. Энэ хурлаас бид энэ хуулийн заалтаа эргэн хараач гэх агуулгатай шаардах хуудас УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хаяглаад хүргүүлсэн. Дөрвөн сар болоход хариу ирээгүй л байна. БШУЯ-ны дунд боловсролын газрын дарга нь манай хуралд оролцоод “өнөө, маргаашгүй хасахгүй, одоо баримталж байгаа сургалтын хөтөлбөрийг 10 жил хөдөлгөхгүйгээр баталсан. Өөрөөр хэлбэл Орос хэлийг 2023, 2024 он хүртэл үзсээр байна. Та нар ажлын хэсэгт орж, хэлэлцүүлэг хий” гэсэн л дээ. Одоо болтол хэлэлцүүлгээ хийгээгүй байна. Боловсролын хууль санаачилсан, ажлын хэсэгт нь байгаа УИХ-ын гишүүдийн нь яриаг сонсоход хэдийнээ шийдчихсэн юм уу гэсэн бодол төрсөн. Англи хэлийг дунд сургуульд заавал судлах төдий биш, нарийн ажиглавал Монгол Улсын хоёр дахь хэл болох гээд байна. Ингэж байж манай улс хөгжинө гээд мэдэгдээд байна л даа. Бид энэ хуулийн заалтыг хас гээд тэмцээд байгаа биш. Харин бидний гол санаа нь Англи хэл үндсэн хэл байж болно. Орос хэлийг л битгий хас гэдгийг л хэлээд байгаа юм.

- Орос хэлийг заавал судлах хичээл хэвээр үлдээхийн ач холбогдол юунд байна вэ?

-  Би 1990-ээд оны эхээр нийгмийн хэл шинжлэлийн чиглэлээр орос хэлний байдлыг судалсан юм. Тэр үед насанд хүрсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь Орос хэлээр ярьдаг, бичдэг байсан. 70 гаруй хувь нь ямар нэг байдлаар албан ажилдаа ашигладаг гэсэн дүн гарч байлаа. Өөрөөр хэлбэл манай улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын дараа бичигдэж байсан юм. Одоо өөр болсон л доо.

Ач холбогдлын тухайд гэвэл, манай улс орос хэлийг бүх шатныхаа сургуульд 100 гаруй жил заачихсан. Би сая хэллээ, гучаадхан жилийн өмнө хүн амын хагас нь шахуу Оросоор ярьдаг байсан. Мөн маш олон оюуны бүтээл Орос хэл дээр бий. Орос хэл НҮБ-ийн албан ёсны зургаан хэлний ч нэг. Бид ОХУ-тай мөнхийн хөршийн харилцаатай байна. Энгийндээ, хамтарсан үйлдвэр байгуулъя гэхэд л боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн жил болгон 600 хүн Оросын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Ингээд харахаар хэлний хэрэглээ нь нэгэнт байгаа.

Би үе үеийн УИХ, Засгийн газрын албан сайтруу орж, гишүүдийн анкетыг хардаг л даа /энэ удаагийнхыг харж амжаагүй байна/. УИХ, Засгийн газрын гишүүд 100 хувь орос хэлтэй. Тэдний 20 гаруй хувь нь ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс. Тэд хуулиа боловсруулж, бодлого тодорхойлохдоо Орос хэлийг ашигладаг гэж дүгнэж болох нь. Гэтэл тэд яагаад залуу үеийн Орос хэл сурах эрхийг хангаж өгөхгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Ер нь бусад орнуудыг хараад байхад ямар хэлийг заавал судлах хичээлд оруулах вэ гэдэг нь улс төрийн бодлоготой нь холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл улс, гүрнүүдийн геополитикийн бодлого давхар явж байдаг.

- Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлахын өмнө ил захидал хүргүүлсэн байсан?

- Тийм. Бид ийм хууль гарах гэж байна. Ерөнхийлөгч анхаараасай, ил захидлаас санаа аваасай гэж хүргүүлсэн. Ерөнхийлөгч ОХУ-д айлчлаад хамтын ажиллагааны тухай ярихад Орос хэлийг судлахгүй байх тухай заалт Боловсролын хуульд чинь орох нь гэх асуудал хөндөгдөхвий гэж болгоомжилсон юм. Санаа авсан ч юм болов уу гэж бодож байгаа.

- Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөрш руу айлчлал хийж, хамтарсан тунхаглал гаргасан. Тунхаглалд, талууд орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэсэн агуулга байсан шүү дээ?

-Энэ хамтарсан тунхаглал 2011 оноос эхлэлтэй. 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ирэхэд, 2013 онд тухайн үеийн манай улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахад Улаанбаатарын тунхаглал, Москвагийн тунхаглал гэж гарсан. Энэ хоёр тунхаглалд хоёуланд нь нэг заалт бий. ОХУ-д Монгол хэл, Монголд орос хэл заахыг талууд дэмжинэ гэсэн байдаг.

Харин саяын Ерөнхийлөгчдийн тунхаглалд ОХУ-д Монгол судлалыг, Монголд орос судлалыг хөгжүүлэхэд анхаарна гэсэн байна. Мөн нэмээд өмнө байгаагүй нэг заалт оруулсан нь “..талууд орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ...”гэсэн байгаа юм. Оросын талаас сурах бичгээр хангана, багш бэлдэж өгнө гэх мэтээр туслалцаа үзүүлж болно.

Харин Монгол Улс Орос хэлийг сургалтаас хасахгүй байх нь туслалцаа болох юм л гэж би ойлгож байгаа. Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос тус тунхаглалтай холбогдуулж мэдэгдэл гаргасан. Хоёр орны эцсийн шийдийг улс төрийн тунхаглал гэдэг юм байна лээ. Манайхан улс төрийн тунхаглал гэж нэрлэхгүй байгаа харагдсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан сайтад улс төрийн тунхаглал гэсэн байсан шүү. Үүнээс харахад, орос хэлийг заавал судлах хичээлээс хасвал Манай улс ОХУ-тай байгуулсан тунхаглалаа мөрдөөгүй хэрэг болно.

- Хэрэв хаврын чуулганаар Боловсролын Ерөнхий хууль ийм маягаар батлагдчихвал Орос хэлний багш нар, багшаар сурч байгаа хүмүүсийн асуудал мөн хөндөгдөх нь?

- Тийм. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн 7,8,9-р ангид 157,688 сурагч, 10,11,12-р ангид 97,009 сурагч орос хэл сурч, тэдгээрт 567 багш сургалт явуулж байна. Энэ бол эрх баригчдад юу ч биш юм билээ. Цөөхөн л байна шүү дээ, сонгож үзэх нь нээлттэй л гэнэ. Харин багш нарын тухайд төрөөс мөнгийг нь гаргаад л англи хэлний багш болгочихно гэх бололтой байгаа юм. Бид нарт энэ бол маш том асуудал. Тэдгээр багш нарын ард талд гэр бүл нь байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 5. 2:13
Зочин

Япон Сингапур Өмнөд Солонгосын өндөр хөгжил Англи хэлтэй салшгүй холбоотой харин орос хэл бол англи шиг дэлхийн хэл биш зөвхөн оросын ертөнцөд зориулагдсан хэл Зөвхөн оросуудад зориулсан хэлнээс болж орос хэлтэй орнуудын дунд Сингапур шиг хөгжсөн улс байхгүй Туркменистан шиг умард солонгос маягийн орнууд байдаг Монгол улс Сингапур шиг хөгжихийг хүсвэл нийтээрээ Англи хэл сурч байж Дэлхийн зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулж чадна Одоо орос хэл сурвал юу болдгийг боловсон хүчинээ орост бэлддэг Монгол цагдаагийн боловсролыг харахад болно доо

2 сар 10. 12:59
АвБ

Япон Курилын арлуудаар , харин Сингапур , өмнөд Солонгос улсууд нь Оростой бараа ч байхгүй ! Харин манай улс ОХУ-тай хэдэн мянган км газраар хил залгаа хөрш улсууд ! Тэгээд яах юм бэ ? Нутгаа аваад Англи , Сингапур , өмнөд Солонгосыг бараадах уу ? 50-н жилийн дараа үр хүүхдүүд чинь , 100-н жилийн дараа ач гуч дөч нар чинь , 500-н жилийн дараах монголчууд оросуудаас зай барина гэж яаж толгойд чинь багтаад байгааг ойлгохгүй юм !

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]