Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ж.Самбуу дарга солонгосчуудад сануулга өгсөн ньУншсан42,591

Түүний тайван байдал солонгосчуудыг зоригжуулж байсан гэдэг. Мөн нэг удаа Хойд Солонгост айлчлалаар очиж л дээ.

Ж.Самбуу гуай Монголын төрд тасралтгүй 50 жил зүтгэжээ. Энэ хугацаандаа Монгол орныг ноён нуруутай удирдаж, ард түмэнд жинхэнэ төрийн хүн, төрийн мэргэн өвөө хэмээн хүндлэгдэж явсан. Тэрээр хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж байв.

Мөн ЗХУ-д есөн жил, Хойд Солонгост хоёр жил элчин сайдаар сууж байсан анхны дипломатчдын нэг юм. Насан элтлээ төрийн өндөр албан тушаал хашиж явсан боловч түүнийг уур уцааргүй, голчтой үнэн үгтэй, бага ярьдаг, шатар тоглох дуртай, хэнийг ч алагчилж харьцдаггүй өндөр ёс суртахуунт нэгэн байсныг ойр дотно ажиллаж, ажиж явсан эрхмүүдийн дурсамжууд гэрчилнэ. Сэтгүүлч, хуульзүйн ухааны доктор Ширчингийн Сүхбаатар абугайн "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээх бестселлер номонд ч Ж.Самбуу гуайн тухай ихийг өгүүлнэ.

Б.Ренчин гуай нэгэнтээ "Монгол зантай, Монгол ухаантай, Монгол зүрх сэтгэлтэй Ж.Самбуу, С.Лувсан хоёр бол манай дээдсийн дотор магнаг дотроо өтөөгүй хоёр өвгөн" гэж хэлж байв.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн тухай хуучаас хүргэж байна.

Би нэг ярья

Төв аймгийн Бүрэн сум 1956 онд хаяа зэргэлдээ сумддаа хуваагдан тарж, ард олны сэтгэл ч амар тайвангүй байв. Баясгалантын Дөнгөт тэргүүтэй хүмүүс “Самбад л хэлье” гэж хотыг зорьжээ. Энэ дуулианаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нутагтаа очив. Нутгийн олон, хөгшин залуугүй “Хүний нутагт мал тогтохгүй нутаг руугаа гүйж, чоно нохойд уруулчих гээд хэцүү байна. Сумаа буцаан байгуулж аль”  хэмээн ам амандаа гуйцгаажээ. Азаръяа хэмээх том толгойтой биерхүү эр арга нь барагдав уу гэлтэй хэнгэнэтэл уйлахад “Атан тэмээ буйлах, Азаръяа уйлах муу ёр” гэж хүмүүс шоолж байжээ. Ж.Самбуу гуай “Би нэг ярья” гэснээс өөр тойвтой үг ч хэлсэнгүй буцав.

“Ингэхэд би аль нутгийн хүн гэх вэ?”

Нутаг олныхоо сэтгэлийн зовнил, хүсэл эрмэлзлийг сонссон Ж.Самбуу дарга Улаанбаатарт ирээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчоо, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүдийн хамтарсан хуралдаан дээр “Ингэхэд би аль нутгийн  хүн гэх вэ?” гээд таг болчихов. Хуралдаанд суусан дарга нар бие биенээ харцгааснаа Төрийн тэргүүнийхээ унасан газар, угаасан ус Бүрэн сумыг тарааж зэргэлдээ Өнжүүл, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдад нийлүүлсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахад хүрч Бүрэн сумыг дахин байгуулан хил нутгийг нь баталгаажуулж өгчээ.

"Надаас хүсэх юм байна уу"

Ерөнхий сайд асан Д.Содном "Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв.Түүнийг хараад би маш их биширдэг байлаа. Ж.Самбуу гуай Хойд Солонгосын дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй. Үнэхээр Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг. Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа. Ж.Самбуу гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр материалыг нь хамт бэлдсэн юм.

Их л хичээн сууж гурав хоног ажиллав, Сүүлд Ж.Самбуу дарга намайг дуудаад "Надаас хүсэх юм байна уу" гэж асууж билээ. Би ч "байхгүй" гэлээ. Ингэж доод албан тушаалтнаа анхаардаг хүн байсан юм. Нөгөө нь Ж.Самбуу гуайн 70 насны ой боллоо. Би очоод дуулсан юм. Тэгтэл Ж.Самбуу дарга "баярлалаа" гээд миний духан дээр үнсэж байв. Ингэж агуу хүнтэй хоёр удаа нүүр тулж байлаа.

Ж.Самбуу хоёр чемодантайгаа буцаж ирлээ

Улсын шалгарсан хошой баатар, маршал Х.Чойбалсан 1949 онд Улсын Бага хурал дээр нам улсын хариуцлагатнуудад хандаж улсын өмч хөрөнгийг хайрлан хамгаалж хямгадах талаар үг хэлэхдээ "Ж.Самбуу Москвад олон жил ажиллаад ирэхдээ барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирлээ. Гэтэл манай зарим нөхөд хэдхэн хонохдоо хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирдэг.

Ер нь төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн талаар Элчин Самбуу шиг бай" гэж зад загнасан гэдэг. Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны жолооч асан Дэжидийн Чойжил "Өндөр албан тушаалд насаараа ажиллахдаа өөртөө огтхон ч юм наагаагүй, ганц амбаар ч бариулаагүй. Москвагаас буцахад нь В.Молотов Нямаа гуайтай хоёуланг нь хүлээн авч уулзахдаа тус бүрт нь нэг алтан аяга бэлэглэснийг хүртэл музейд өгчихсөн юм билээ" гэж хуучилжээ.

Энэ мөнгийг эх хүүхдийн эндэгдлийг багасгахад зориул

Ж.Самбуу даргыг 1966 оны тавдугаар сарын 1 -нд Олон улсын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагналаар шагнажээ. Шагналд 25000 ам.доллар дагалдаж ирсэн нь тухайн үедээ Монголд тоолж байгаагүй их мөнгө байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай Эрүүлийг хамгаалахын сайд Туваанд "Энэ мөнгийг эх хүүхдийн эндэгдлийг багасгахад зориул" гээд өгчихжээ. Тэр мөнгөөр нь улсын тэргүүний ясли, цэцэрлэг болон шатарын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг урамшуулдаг болсон аж.

Монголын Элчин сайдын баатарлаг үйл

Ж.Самбуу даргыг Хойд Солонгост айлчлахад албан ёсны орчуулагчаар нь эрдэмтэн Б.Сумъяабазар ажиллаж байж. Тэрбээр нэгэн хууч ярьсан юм. Түүнийг нь товчилбол Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен нэгэн удаа Ж.Самбуу даргын баатарлаг явдлыг шагшин ярьж "Самбуу дарга бол баатар хүн" гэжээ. Учир нь Солонгосын дайны үед Монголын Элчин сайдын яамыг маргааш бөмбөгдөнө гэсэн мэдээлэл ирсэн тул нүүлгэж л дээ.

Маргааш нь агаарын бөмбөгдөх дохио өгөхөд бие хамгаалагч, нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод түүнийг орхиход Ж.Самбуу гуай ганцаараа шатраа бариад тайван алхаж явсан байна. Үүнийг нь харсан Ким Ир Сен "Монголын Элчин сайдын баатарлаг үйл" гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд гаргах тушаал өгч байсан аж.

Түүний тайван байдал солонгосчуудыг зоригжуулж байсан гэдэг. Мөн нэг удаа Хойд Солонгост айлчлалаар очиж л дээ. Солонгосчууд андуураад Монголын далбааг буруу харуулаад өлгөчихсөн байсан гэдэг. Гэтэл Самбуу гуай үг дуугаралгүй хаалганых нь дэргэд очоод зогсчихож, урагшаа явдаггүй. Солонгосын тал сандарч яав ийв гэхэд далбааг буруу харуулсан байна гэж орчуулагч нь хэлж. Тэд алдаагаа мэдэж дор нь засахад л босгыг нь давж алхсан тухай мөн ярьсан юм.

Монголын үрс маш олон болтугай

Монголын хүн ам өсөхөд ч Самбуу гуайн гавьяа их гэнэ. Энэ тухай нэрт орой хуульч О.Нарангэрэл нэгэн хууч дэлгэлээ. "Нэг удаа хурал дээр үр хөндүүлэх асуудал яригдаж өдөржин хуралдсан гэдэг. Тэгтэл Ж.Самбуу гуай чив чимээгүй сууж байгаад "Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа" гэчихээд гараад явчихжээ. Үр хөндүүлэх асуудал дэвшүүлж хуралдагчид ч яаж ч болсонгүй тэгсгээд үр дүнгүй болж хурлаа өндөрлөжээ. Ийм л агуу хүн байсан байгаа юм" хэмээв.

Бие лагшин тунгалаг уу

Тээвэр холбооны яамны орлогч сайд, сайдаар 1964-1979 онуудад ажиллаж Монгол Улсаас ЗХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1979-1984 онд ажиллаж байсан Д.Готов хүн чанартай, тулхтай тэр хүний тухай ярьсан нэгэн ярилцлагадаа "Сайн байна уу гээд хурдан хэлчихгүй С-а-й-н байна уу гэж уртаар энтэй хэлнэ.

Айлын хоймор суугаа төрх нь хүртэл намбалаг. Мал сүргийг асуухаасаа өмнө хүнийг нь асууна. Идээ будаанд хүрэхдээ их өөр. Амсахаасаа өмнө өргөж цацах ч юм уу. Хүмүүстэй уулзаад "Бие лагшин тунгалаг уу, хэдэн хүүхэдтэй вэ, гурил будаа" энэ тэр гэж асууна. Бид тийм юм асуухаасаа өмнө "Мал сүрэг, төл бүрэн авсан уу" гэх жишээтэй" хэмээдэг нь буруу аж.

Мөн ч эр зоригтой сайхан амьтан шүү

Хатуу бэрхийг олон үзсэн энэ дарга Сүхбаатар аймгийн нутагт чонын авд явж байхдаа нэг том чоно буудаад машиныхаа ард хийчихээд цааш яаруухан давхижээ. Хоноглох газраа чоноо буулгах гэтэл нөгөөх нь амилчихсан өөдөөс нь архирч байна гэнэ.

Бие хамгаалагчид нь айж "Бушуухан намная" гэхэд өвгөн дарга учиргүй баясч "Мөн ч эр зоригтой сайхан амьтан шүү" гэж магтаж, байгальд нь буцааж тавьж байсан гэдэг. Энэ мэтээр жишээлээд байвал номыг бүтнээр нь хуулж бичмээр санагдана. Түүнтэй холбоотой олон дурсамж, амьд ярилцлага, домог, баримтыг багтаасан сэтгүүлзүйн даацтай бvтээлийг уншигч танд Ш.Сүхбаатар өргөн барьжээ. Таалан соёрхох буй за.

Дэмүүл хүүгийн уур гараад

Үерийн жил буюу 1966 оны наадам. Наадам 4, 5 хоног хойшилж Спортын төв ордонд бөхөө барилдуулжээ.

Амгалан дөлгөөн зантай, ардын ухаант удирдагч гэгдэн ард нийтээр хүндлэгдсэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай шөвгийн дөрвөн бөх гарах үед эргэн тойрныхоо хүмүүсийг хэсүүлэн харж “Дэмүүл хүүгийн уур гараад заан болсон хүүг үнсэж байна” гэж хэлж байжээ. Заан болсон хүү нь армийн байлдагч Д.Түвшин бөгөөд тавын даваанд заан Дэмүүл (улсын арслан)-тай хайнцсан ч тайлбарлагч давсан гээд зарласнаас Дэмүүл арслан сүрхий уурласан юм билээ.

Лам хүн түрүүлбэл цол өгөхгүй нь ээ

Мөөеө аваргыг Дамдин аваргын ижил дараалан 5 түрүүлнэ хэмээн зөгнөсөн үү, эсвэл аа ихтэй гэсэн үү хоёр түрүүлэхэд нь аварга цол олгосонгүй. Дамдин гуайн тухайд циркийн сургуулийн онцлогоор барилддаг учир аварга цол олгохгүй өнжих нь зөв хэмээн бөхийн комиссынхон үзсэнээс үүдэлтэй гурав түрүүлэхэд нь л аварга олгосон гэлцдэг сэн.

Харин Мөөеөд цол олгоогүй асуудал ямар нэг шугамаар Самбуу даргын сонорт хүрчихжээ. Учрыг олохоор холбогдох хүмүүстэй уулзах үеэр манайхан л болсон хойно хэргийн гогцоог хэн нэгний толгойд угладаг заншлаар “Түвдэн аварга л...” гэх аястай үг хэлээд бултахыг оролдож.

Нэг нөхөр “Шашин шүтлэгтэй...” гэх ухааны юм хэлэхэд Ж.Самбуу дарга “Өө тийм үү, та нар тэгээд лам хүн түрүүлбэл цол олгохгүй нь ээ” гэж хэлээд таг дуугүй суучихжээ. Хэлэх үггүй гацсан тэд гарч ч болдоггүй, илүү үг ч дуугарч болдоггүй биеэ хөштөл сууж, ёстой л хатуу шийтгэл амссан гэнэ лээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
12 сар 1. 14:12
Зочинмо

Дүнкүү гар байжээ. Меленхоллик улаан сэтгэдэг

11 сар 21. 21:53
Зочин

Буурал өвгөний бурхан ухааныг мартажээ сайн үйлсийн дэлгэрүүлээд өгөх санаа сайтай хүмүүс ховордсон гэжүү гэсэн бодол хаяа төрдөг байсан хөдөө аж ахуй мал сүргийн тухай бичиж үлдээсэн ном хаана байдаг бол танд баярлалаа

11 сар 24. 10:00
Зочин

goe tvvh bna iluu olon tvvx oruulaarai

11 сар 22. 21:31
Ш.Дамбадорж

Багад нь нутгийнх нь сайн лам хаан заяатай хүн юм гэж айлдсан гэдэг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]