Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Элчингийн ажилтнууд еврейчүүдтэй үзэлцсэн ньУншсан9,854

Яамны хашаан дотор буун дуу гарч эхлэнгүүт бүх ажилтныг хоргодох байранд оруулж, ганц нэгхэн хүнийг гадаа юу болж байгааг мэдээлж байлгахын тулд байрандаа үлдээлээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1973 оны Араб Израйлийн дайн Ойрхи Дорнодод дүрэлзэж олон зуун араб болон еврей залуучууд цусаа урсган нэгнийгээ хядаж байсан тэр үе. Дамаскийн ойрхон танк шатаж, онгоц сөнөж, энгийн ард иргэд дайны хөлд хэлмэгдэн сүйд болж байх тэр цагт НҮБ дайтагч хоёр талд дайн тулаанаа дуусгах хатуу шаардлага тавьж, энхийн гэрээ байгуулах тодорхой арга зам санаачилсныг Сирийн Хафез Асад (одоогийн Ерөнхийлөгч Башар Асадын аав) хамгийн түрүүн хүлээж авчээ. Тэр оройдоо л Асад радио телевизээр ард түмэндээ хандаж дайн дууссан тухай, энэ дайнаар ямар үр дүнд хүрсэн тухай ярьж эхэлсэн байна. Гэхдээ алавит нөхөр нь Араб хэлний Сири аялгаар биш харин уран зохиолын, сонгодог Араб хэлээр ярьсан ба Сирийн баатарлаг цэрэг, арми нь дайснаа хэрхэн дарж, олон газар нутгийн чөлөөлж чадах шахсан тухай, бараг чадсан тухай л яриад байсан гэнэ. Ер нь бол Израйлийг яг газрын хөрснөөс арчих шахсан, бараг ялсан юм байх.

Гол нь тэрхүү сонгодог араб хэлэнд аливаа зүйлийг эхэлж тоочиж байгаад дараа нь тэрхүү тодорхойлох үгнүүд нь ордог болохоор Хафез Асадын яриа нь тэр чигээрээ л ялсан дийлсэн тухай болж хувиран, хөөрүү ард түмэн ярианы талыг сонсоод л ялалтдаа баярлаж (манайхны сүүлийн үед ярих дуртай омогших гэдэг үг энэ тохиолдолд яг таарах байх) сүйд болж байсан ба хэл бичгийн дүрмээрээ хамгийн сүүлд хэлэгдсэн тэрхүү “бараг”, “шахсан” гэдэг үгийг хэн ч сонссонгүй “омогшин” “бардамнасаар” байв. Угаасаа ч ийм зорилгоор сонгодог араб хэлээр ярьж байсан Асад ч  даарин дээр нь давс нэмж олныг шуугиулсаар.

Ерөнхийлөгч Асад

Удалгүй омогшиж хөөрсөн олон арабууд байгаа буу болгоноороо тэнгэр газар руу буудаж, Улаан армийн цэргүүд Рейхстагийг аваад буудаж байснаас ч сүртэй юм болсон бололтой.

Харин энэ үед Дамаск дахь Зөвлөлтийн Элчин сайдын яамныхан тун ч хэцүүхэн байдалд байв. Хэдийгээр аль эрт Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүдийг буцаан татаж, улс хоорондын элдэв маргаантай байдал үүсэхээс зайлсхийж чадсан ч еврейчүүд Дамаскт давхиж ирээд сүйд хийх магадлал маш өндөр байлаа. Тэгвэл дайсных нь холбоотон болсон Зөвлөлтийн элчин сайдын яамны ажилтнуудыг яаж ч магадгүй.

Тэр тусмаа америкчууд иймэрхүү юм болж магадгүй шүү гэдгийг чимээгүйхэн ойлгуулсан, өөрсдөд нь хамгаалалт хийх элс шуудай хүрэлцэхгүй байгаа тухай гомдоллож, туслалцаа байна уу гэх маягийн  хачин жигтэй яриа болоод удаагүй байлаа.

Элчин сайдын яамны соёлын хэлтсийнхэн сандарч түмэн янзын баатарлаг төлөвлөгөө зохиож эхэлсэн бол харин цэргийн атташе болон түүний туслахууд илүү ажил хэрэгч хандаж, яамны янз бүрийн ажилтнуудыг ээлжээр харуул хамгаалалтад гаргах болсон байна. Хэдийгээр арабууд яамны байрыг гадна талаас нь хамгаалж байгаа боловч тэд хэзээ ч яаж ч урваж шарваж магадгүй улсууд гэж тооцсон учраас тэр.

Ингээд Зөвлөлтийн атташегийн төлөвлөгөөний дагуу жижүүрүүд томилон ажиллуулж эхэллээ. Тухайн цагийн Зөвлөлтийн армид байсан “оны ялгаа” гэдэг албан бус зарчмын дагуу аль залуу, гар хөлийн үзүүрт зарагдах боломжтой нөхдийг шөнө оройн цагаар жижүүрт гаргаж эхэлсэн ба 1973 оны 10-р сарын 23-ны орой, ЗХУ-ын Элчин сайдын яамны дээвэр дээр харуул хийх үүргийг нэгэн орчуулагч залууд өгсөн байна. Энэ залуу супер араб хэлтэй боловч нүдний хараа гэж “хасах аймаар их” гэдэг зэрэгтэй тул нүдний шилгүй бол юм харна гэж бараг үгүйтэй адил нөхөр байжээ.

Удалгүй Хафаз Асадын өнөөх алдарт яриаг орон даяар нэвтрүүлж, ард олон ч омогшин хөөрч тэнгэр хангай руу буудаж эхэлсэн тэр цаг давхцав. Дээвэр дээр байсан харуул эр гэв гэнэт олон түмэн хашхиран орилолдож байгаад гэнэт буудаад эхлэх үед еврейчүүд ороод ирлээ гэж айн сандран хэвтэхдээ нүдний шилээ гээжээ. Эргэн тойрноо харахад энд тэндгүй цагаан юм харагдсан нь еврейн десантчид байхаас зайлахгүй. Орчуулагч орос залуу маань их дайнд ялалт байгуулсан ард түмний хүү юм болохоороо өөрт өгсөн ганц муу “АК”-гаараа доошлон буух еврейчүүдийг буудаж эхэлжээ. Эх орны төлөө, интернациональч үүргээ нэр төртэй биелүүлэн дайсанд сум харамлахгүй ёстой л үзэлцэж байж.

Яамны хашаан дотор буун дуу гарч эхлэнгүүт бүх ажилтныг хоргодох байранд оруулж, ганц нэгхэн хүнийг гадаа юу болж байгааг мэдээлж байлгахын тулд байрандаа үлдээлээ. Тэрхүү үлдсэн хүмүүс юу болоод байгааг ойлгох гэж будилж байх хооронд дор байгаа яамны баатарлаг ажилтнууд яаран сандран чухал нууц бичиг баримтыг устгаж эхэлсэн байна. Хэт яарч олноор хийснээс цаас зүсэн бутлах машин эвдэрч таг. Одоо яах вэ? Соёлын харилцааны атташегийн бас нэг баатарлаг туслагч шууд нууц бичгийг идэж эхэлсэн бол цэргийн атташегийнхэн ойрхон байсан шатах шингэн авчирч төмөр ширээн дээр нууц бичгүүдээ овоолоод шатааж байв.

Энэ мэтээр оросууд 15 минут хэртэй шатаахыг нь шатааж, идэхийг нь идэж байх хооронд байрандаа үлдсэн нөхдүүд дээвэр дээр байгаа нөхрийг гэнэт санан яаран очтол өнөөх нь сумаа дуусгасан ч эх орон ард түмнийхээ төлөө яруу сайхан ура хашхиран, муусайн еврейчүүдтэй нүцгэн гараараа барилцаж авахаар орилж байсныг олж авсан ба хараа муутай эр маань угаагаад хатаах гэж тавьсан, арабуудын ор дэрний даавуу шиг угладаг хувцаснуудыг дайсны цэргийн шүхэр гэж харснаас энэ бүх юм болжээ. Энэ дайчин эрийг тайвшруулах гэж яамны ажилтнууд эхлээд ус дараа нь архиар шахаж байж нэг зүгээр шахам болгосон гэдэг ба харин нууц баримтыг өөрийн биеэр устгаж байсан залууг яаралтай эмнэлэгт аваачихаас өөр аргагүй болсон юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]