“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт эхлэх байсан ч цагаасаа хоцорч эхэлсэн, мөн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байдалтай байна.
МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав Бөхийн өргөөнд дөнгөж сая мэдэгдэл хийлээ. Тэрбээр барилдаан цаашид үргэлжлэх боломжгүй болох магадлалтай байгааг дурдаад бөх сонирхогч, бөхийн хорхойтон олон түмнээ, Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг олон жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн "Жем интернэшнл” группийн хамт олныг хүндэтгэн үзээд бөхчүүдийг барилдаандаа оролцохыг уриаллаа. Мөн одоо талбайд ердөө 16 бөх барилдаж байна, даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг Үндэсний баяр наадмын комиссоос 11 сараар хассан, энэ хугацаа нь дуусгавар болоод байгаа учир эдгээр бөхчүүдийн барилдах хүсэлтийг бүртгэж авсан хэмээн тайлбарлалаа. Ингээд бөхчүүдийг үзэгч түмнээ хүндэтгэн барилдаандаа оролцох, бусад 253 бөхийнхөө эрх ашгийг хүндлээд Н.Батсуурь нар энэ барилдааныг түдгэлзэж өнжихийг уриалаад нэгийн давааг дахин эхлүүлэхийг гарын да нарт чиглэл болголоо.
Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэсэн бөгөөд Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх бүртгүүлсэн.
Улмаар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн О.Хангай тэргүүтэй бөхчүүд дэвжээнд гаралгүй эсэргүүцэл үзүүлж, барилдаан цагтаа эхлээгүй боловч даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий нар дэвжээнд гарч барилдааныг эхлүүлсэн. Ингээд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар нар тус тус нэг даваад байгаа юм.
О.Хангай харцага өөрийн сошиал хуудастаа "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу? Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн эсэргүүцэж буй шалтгаанаа дурджээ.
Аварга Н.Батсуурийн хувьд даян аварга цолтой барилдах анхны барилдаан бөгөөд хэдхэн өдрийн өмнө болсон барилдаанд бүртгүүлсэн ч барилдуулсангүй хэмээн олны анхаарлыг татаад байгаа юм. Мөн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын 11 сар барилдах эрхээ хасуулсан шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойшхи анхны барилдаан гэдэг утгаараа мөн бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа.
Сонирхуулахад, Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдааныг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд хамгийн анх 2006 онд болж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байлаа. Энэ жилийн Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаанд бүртгүүлсэн улс, аймгийн алдар цолтой 256 бөхчүүдээс улсын цолтой бөхчүүдийн нэрсийг хүргэж байна.