Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Түвдэн хүүг надтай биччих, хийтэй бол хий нь арилаг"Уншсан27,300

“Боохой” хэмээн алдаршсан Данзан арслангийн сонирхолтой түүхийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, бөх судлаач Ш.Мягмар гуайн бичсэнээр уншигч та бүхэнд толилуулъя.

“Боохой” хэмээн алдаршсан Данзан арслангийн сонирхолтой түүхийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, бөх судлаач Ш.Мягмар гуайн бичсэн "Их аваргыг тодруулсан арслан" нийтлэлийг уншигч та бүхэндээ толилуулъя.

Ширвээ хар сахалтай, ханхар том биетэй, хэн ч харсан сүрдмээр сайхан эрийг хүмүүс тойрон шавж, үгийг нь газар гээхгүй гэсэн аятай, бүр зарим нь амаа ангайн, хүзүүгээ далжийлган чагнана. Дорнодын гулзгай Дамчаа, Завханы урт гарт Лхагва, Архангайн Төрбат гээд амныхаа хүүхдэд тахимаа амттай идээ шиг таваглаад өгчихгүй хашрууд байхад над мэт нь найм хавьцаа үлдвэл болох нь тэрээ гэж хуучлах өнөөх эрийг явахаар завдахад хүмүүс хүндэтгэн зам тавьж өглөө. Энэ бол Сэлэнгийн Боохой хэмээн улс даяар алдаршсан Данзан арслан улсынхаа наадамд барилдахаар ирсэн нь энэ ажгуу. Улс хувьсгалын наадамд (1933 онд) өөрөө үзүүрлэж, улаанбор морь нь гуравт хурдалж цог золбоотой гялалзаж явсан өдрүүд нүдний өмнө ирэлзэн үзэгдэх шиг болоход Данзан арслан унаа морио усалж, нурууг нь амраахаар Туул голын хөндийг уруудан галгиулжээ.

Тэрээр голын ширгэн дээр тас гэдрэгээ харан тэрийн хэвтээд түр дугхийх зуураа “Гурвын даваанд Лхагвааг амлаж, цаадах нь учиргүй баярлан шовхоо үзье. Хэн давсан нь хийморьтойхон барилдана аа хөө гээд халз өмнө нь тэвхэлзэн өрлөө” хэмээн зүүрмэглэх төдийд зүүдлэн сэрээд өндийн суув. Урт гарт ирсэн бол сураглаад уулзмаар юм. Наадам эхлэхэд долоохон хоног үлдсэн болохоор газар газрын хүчтэнгүүд их хүрээний зүг ойртож л байх ёстой гэж бодоод өчигдрөөс Буянт ухаагийн дэнжээр үзэгдэх болсон жижиг гэр, майхны зүг хараа тогтоон нэлээд ажиглав. Данзан, Молиго бүргэд гэж улс даяар алдаршсан Бат-Очир арсланг тавын даваанд дайраад ороод ирэхээр нь хийг нь тааруулан түлхэн хаячихсан ч хойтон нь яг өөрийнхөө мэхэнд унаснаа дурсан “Энэ майхан, гэрүүдийн нэг молиго бүргэдийнх байж магадгүй” хэмээн ширэг ширд ширд зулгаах морь өөдөө алхав...

Наадмын өдрийн үд хэвийх үед нэгэн түнтгэр бор цэрэг хэд хэдэн зодог сольж өмсөөд багтсангүйд бөхийн майхны дэргэд ажиглаж суусан Данзан “Цулмаг бор хүү начингийн даваанаас нааш тогтохгүй дэг. Хөөрхийд тохирох хэрэглэл олоод өгчих юмсан” гэж бодоод босов.

Тэр цэрэгт нөхөөстэй хөх зодог яг таарахад өөрийн дүүгээс ялгалгүй баярлаж Булганаас татагдсан шинэ цэрэг болохыг мэджээ. Өнөөх цэрэг учирсан бүхнээ ядарч зүдрэх юмгүй авч чулуудсаар дөрөв даваад тавын даваанд үе тэнгийн цулцгар шар залуутай тунаж, хүч тэнцэн удтал ноцолдсоор давав. Харин зургаагийн даваанд дөрөвт баараггүй үлдэнэ, эв таарвал үзүүрт магадгүй гэлцэн үзэгч олны хандлага сайтай байсан Завханы Дорлиг зааныг тун түүртэлгүй хаяад бяслаг, боорцог цацан дэвэх Түвдэндоржийг дагуулан харж зогссон Данзан арслан бөхийн шүүгчдийн өмнө ам авахаар очихдоо соёо сахлаа нэг илбээд "Түвдэн хүүг надтай биччих. Хийтэй бол хий нь арилаг. Бяртай бол намайг хаяад заан болог. Миний мэтийнхэн нь бүү хэл бяр, мэх нь биендээ багтахгүй аахилж яваа Дорлиг заан бараагүйг бодоход нэг шинэ заан төрж дээ, төрж..." гэж хэлээд хувцаслахаар зүүн майхны зүг алхах зуураа “Эгзгийг олоод түлхэхэд даваа нь Данзангийнх болж магадгүй” хэмээн бодож байв.

Тун баралгүй ойччихоод малгайгаа баруун гартаа хумин базсаар буцаж ирэхдээ “Данзан, учирсан бөхөө газардуулж салдагсан. Гэтэл энэ хүүг яагаад ч дийлсэнгүй дээ. Би ер нь харих тийшээ ханджээ...” хэмээн өөрийгөө чамлангуй бодсоор хувцасласан ч Түвдэндоржийг түрүүлж арслан цол хүртэхээр “Арслан болчихсон байхад аварга ойрхон доо” хэмээн аминчлан захиж, сахалтай хошуу шөрвийлгөн үнсчээ. Данзангийн түлхээг давж гарах аавын хүү олонгүй гэх яриа тухайн үед ард түмний дунд түгээмэл дэлгэрснийг санахад түүний хэр зиндааны бөх байсныг илтгэх тод баримт буюу. Данзан арслан цэргийн залуу бөх Түвдэндоржид зааны даваанд үнэн хүчээр үзээд тун дийлэлгүй тахимаа өгөхдөө “За дүү минь зоригтой, золбоотой барилдаж үзүүр түрүү булаагаарай. Ахыг тань барагтай хүүхэд санаснаараа авч чулуудчихалгүй өдий хүрсэн юм. Цаадуул чинь Боохойн бяр их, түлхээ хэцүү л гээд байдаг юм” хэмээн урам хайрласан үгээр шагнажээ. Үе тэнгийн бөхчүүлийн сэтгэлд шар ус хуруулж явсан цуутай арслангийн үгэнд илт зоригжсон залуу бөх Түвдэндорж Төрбат, Лхагва арслангуудыг цувуулж хаяад түрүүлэхэд дайн байлдаантай жилийн наадамд цэргийн хүү түрүүллээ гэлцэн олон түмэн ихэд бэлэгшээн олзуурхаж байжээ. Хэн өрссөн нь давдаг, сүүлийн наамамд унасан нь дараачийн наадамд очиж даагаа нэхдэг байсан сайн найз Булганы Данзансодов заан Сэлэнгэ аймгийн наадамд Данзан арслангийн түлхээнд уначхаад “Боохойн түлхээнд энэ удаа бэртэлгүй салсан минь аз болж. Цаадах чинь саяныхаараа бол тошсон бух, орсон буурыг ч хэмх түлхэх нээ” гэж шогширч зогссон гэлцдэг. Бас дөрвөн хүнтэй “Газ-69” тэргийг шаварт суухаар нь бөх бат олсоор оосорлон таван зуу гаруй метр газар чирсээр гаргасан юм гэнэ лээ гэсэн яриа бөхчүүдийн дунд байдаг юм. “Даан ч олхисгүй бяртай хүн байсан юм гэнэ лээ. Миний хувьд харьсан хойно нь харж, танилцаж, уулзаж учирснаас барилдаж үзээгүй. Ер нь тэгээд ид залуудаа мань мэттэй нь эгнэхээргүй бяртай хүн байсан гэлцдэг юмаа” хэмээн даян аварга Чимид-Очир агсан хуучилж суусан харагдах шиг...

Сэлэнгэ аймгийн Түнхэл хороонд амьдардаг улсын заан Ц.Дамдиндорж гуайн дурсамж яриа тун сонин байх биз ээ. Улс даяар өмсдөг хэмээн алдаршсан энэ бөх цав цагаан толгойгоо нэг илээд 57 насандаа онцгой барилдсан хоёр бөхийг би мэднэ. Нэг нь Данзан арслан юм шүү. Миний төрсөн ах Нанжаа заан /өөрөөс нь арав гаруй дүү/-ыг амлаж хаяад тав давахдаа “Яггүй бяртай нөхөр юмаа” гэж шивнэхийг засуулч нь сонсоод “ Хай зайлуул Данзан гуай болих тийшээ ханджээ. Барилдааны үед үглэх бүү хэл, инээхийг цээрлэдэг хүн” хэмээн сонирхонгуй ярьж байсан юм гэнэ лээ. 57 настай өвгөн шөвөглөнө гэдэг амаргүй хэрэг. Би 65 настайдаа Сэлэнгэ аймгийнхаа ойд чүү чай нэг даваад өвдөг шороодсон юм шүү гэж ярьсан юм. Энэ бол Боохой хэмээн алдаршсан Данзан арслан давтагдахгүй сайн бөх болохыг зүй ёсоор илтгэнэ.

Хүчит бөх, түүх домог хуудас

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 23. 12:21
Зочин

Ай мөн сайхаан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]