Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Ганзориг: Монгол Улс энхийг сахиулагчдын тоогоор Ази тивд тэргүүлж байнаУншсан980

Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэж буй амжилтаар түүхт ойгоо угтаж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Мэндчилгээ

Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагч цэргийн алба хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өнө эртний бахархам түүхтэй, өргөн уудам нутаг дэвсгэртэй монгол эх орон болоод монгол хүмүүн бүрийн оршин амьдрахын учир утга, монгол төрийн их бэлгэдэл туг, сүлд, төрийн эрдэнэ хэмээн дээдлэгддэг эрэлхэг жанжид, эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан тэмцэл, ялалт, өнөөгийн алдар хүнд, амжилт ололт бүхэн монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой билээ.

Тиймээс манай орны хөгжлийн түүхэнд цоо шинэ эргэлтийг авчирсан 1921 оны Ардын хувьсгалыг өнө мөнхийн ялалтаар дуусгасан Ардын журамт цэргээс эхлэлтэй орчин үеийн Зэвсэгт хүчний түүх нь улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн эх орончид, цэргийн алба хаагчид, нийт ажилтнуудын бахдам амжилт, бахархам гавьяаны түүх юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэн, улс орныхоо стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцож, даян дэлхийд амар амгаланг тогтоох энхийн үйлсэд идэвхийлэн зүтгэж, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсаар байна.

Өдгөө Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүн дээшлэн, нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт улам бүр өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэж буй амжилтаар түүхт ойгоо угтаж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

 Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улсыг хөгжүүлэх томоохон стратегийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцож бодит хувь нэмрээ оруулж байгаагийн дотор Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын төмөр бетон гүүр,  Дорнод аймгийн Халхгол сумын шинэ бүтээн байгуулалт, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хүнд даацын авто замын барилга, угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн явдал юм.

 Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын доод, дээд бүтцийн ажил, энэхүү төмөр замыг дагасан дэд бүтэц буюу нэг өртөө, зургаан зөрлөгийн барилгын ажлыг Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр бид бүхэн бахархаж байна

Бид удахгүй монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэх бөгөөд цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нь нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах ажлыг хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор энхийг дэмжих ажиллаганд 20356 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 гаруй улсаас 25, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгдэж, нэг хүнд ноогдох энхийг сахиулагчдын тоогоор Ази тивд тэргүүлж буй нь Та бидний бахархал юм.

Цаашид дэлхий дахины болон бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын үзэл хандлагад гарч байгаа өөрчлөлтүүдэд нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, мэдээллийн болон энхийг дэмжих ажиллагааны чадавхыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг томоохон зорилт бидний өмнө тулгарч байна.

Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд бүх шатны удирдлага, албан тушаалтны идэвх санаачилга, хичээл зүтгэл, дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй бөгөөд өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил, төлөвшилд бодит хувь нэмрээ оруулан их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажил, албанд тань арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе! Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]