Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XIV-XVII зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс Цагаан хэрэм хүртэл нутаглаж байв. Тус тусдаа бие даасан олон тархай бутархай ханлиг байсан энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг.

90-ээд онд Монголыг шуугиулсан мэдээлэл буюу "Алмас барьсан түүх"Уншсан9,012

Сэргийлэхийн дүрэмт хувцастай цаашаа харж зогссон хүн нэлээд өндөр, биерхэг үстэй амьтантай хүч үзэхээр өрөн зогсжээ гэмээр фото зураг бүдэгхэн ч гэсэн хамт нийтлэгджээ

1990-ээд оны эх юмсан. Ардчилал ялж, Монголын нийгэм уг үндсээрээ өөрчлөгдөж эхэлж байх үед “Монголын залуучууд” сонинд нэгэн мэдээ гарав. Тодруулж хэлвэл 1991 оны 4 дүгээр сарын 1-ний дугаарт.

Сонины 4 дүгээр нүүрт Дамбадаржаа орчимд алмас хэмээх амьтныг цагдаагийн ажилтнуудын туслалцаатайгаар барьж, Улсын циркийн амьтан сургуультай амьтдаа байлгадаг төмөр торонд түр хугацаагаар хорьж авсан тийм ч урт биш мэдээлэл гарав. Бас болоогүй сэргийлэхийн дүрэмт хувцастай цаашаа харж зогссон хүн нэлээд өндөр, биерхэг үстэй амьтантай хүч үзэхээр өрөн зогсжээ гэмээр фото зураг бүдэгхэн ч гэсэн хамт нийтлэгджээ. Мэдээний төгсгөлд Ц.Батбаяр хэмээсэн байв. Өө хайсан хүнд ийм чухал, дэлхийг ч шуугиулмаар мэдээллийг 1 дүгээр нүүрэндээ томоор, үгүй ядах нь аа тэргүүн нүүрнээсээ дамжуулаад гаргамаар сан гэмээр.

Ингээд л бөөн шуугиан дэгдэх нь тэр.

Тэр үед ямар интернэт, ядаж л олон сувгийн телевизүүд байсан биш, ид сонин хэвлэлүүд хүчээ авч эхэлж байсан үе. Хүн төрөлхтөн алмас гээчийг амьдаар нь харж үзэхийн хүслэн, өчнөөн мөрөөдөл болсон байтал мөнөөх алмасыг Азийн Монголын нийслэлд хээв нэг тэнүүчилж явахад нь аргагүй овсгоотой тулдаа манайхан бариад авч шүү. Алмас үзэхээр циркийн гадаа хүмүүс бүчиж, гэрэл зурагчид, сурвалжлагчид тэр аугаа их үйл явдлыг гэрчлэхээр шавсан байлаа. Бүр Япон болон бусад орны сонин хэвлэлийнхний анхааралд ч энэ явдал хүрээд амжсан гэнэ. Циркийн жижүүр өвгөн сандарч, “Энэ тухай юу ч мэдэхгүй, манайх ерөөсөө мэдээгүй, дуулаагүй” хэмээн мэлзэж хуйлран түрэх, түмэн олны дургүйцлийг өдөөж байв.

Ингээд циркийн хашаа, хаалга, цонх эвдэлж, байшин барилгыг нь нураах дөхсөн учир арга буюу циркийнхэн тэр үеийн засаг, төрийн удирдлагад хандаж арга хэмжээ авч өгөхийг хүсч улс орон даяар хэрэг мандаж билээ. Баргийн юманд итгэдэггүй, хашир эрхмүүд хүртэл яав ийв болон чих тавьж байсан гэдэг.

Гэтэл энэ нь зүгээр л нэг шог мэдээ төдий байж.

Дараа нь хэргийн эзнээр сэтгүүлч Ц.Батбаяр тодорч арай нэг банга хүртэж ажлаасаа мултралгүй салсан хийгээд тэр цагаас хойш “Алмас” хэмээх эрхэм тодотголтой болсон билээ.

“Монголын залуучууд” сонины редакцийнхан 4 дүгээр сарын 1-ний өдөр буюу инээдмийн баярт зориулан хошин мэдээлэл сэтгүүлч Ц.Батбаяраар бичүүлж, бараг л анхны фотошоп юм уу даа гэмээр зурагт эвлүүлэг тавьсан нь ингэж өндөрт гарна гэж бодоогүй буй за.

Уншигч авгай нар жаахан анзааргатай байсан бол сонины тэргүүн нүүрнээ, “Монголын залуучууд” гэсэн сонины нэрний дээд талд “Өнөөдөр 4-р сарын 1” хэмээгээд “Манай үзэсгэлэн” гэх хөмсөгний дор "Самандын Цогтбаяр, Тоншуул сэтгүүлийн зураач энэ залуугийн гараас гарсан бүтээлүүд уншигчдын соинрхлыг ямагт татдаг билээ. Уран бүтээлийн ганзага дүүрэн олзтой яваа залуу уран бүтээлч 4 дүгээр сарын нэгний өдөр инээдмийн баяраар “Манай үзэсгэлэн”-д морилон ирлээ. Таалал оршиг!” гэсэн тайлбар байгаа сэлтээс анзаарч болох л байж. Түүнчлэн 2 дугаар нүүрт Ж.Барамсайн "Чөтгөрийн дуулиан" шог өгүүлэл нийтлэгдсэнийг харж болох.

Инээдмийн баярын өдөр!

Сэтгүүлч “Алмас” хэмээх Ц.Батбаяр шуугиан тарьсан, эрч хүчтэй авьяаслаг сэтгүүлч байлаа. Түүний бичсэн “Халаасны хулгайчтай өнгөрүүлсэн гурав” хоног, “Биеэ үнэлэгчтэй өнгөрүүлсэн нэг шөнө”, “Өвгөнтийн архичинтай өнгөрүүлсэн хоёр хоног“ гэх мэт сурвалжлага тэмдэглэл, хошин аястай хөрөг нийтлэл нь бичлэгийн шинэ өвөрмөц, задгай хэлбэрээр бичигдсэн шинэ өнгө аяс сэтгүүл зүйд бий болгож билээ.

Ерөөсөө тэр байгалиас заяасан авьяастан байлаа. Гэвч он, жилүүд цаг хугацаа түүнийг гэрэлт орчлонгоос харамлаад мөн л цэл залуугаар нь буцаагаад авчихсан гэдэг.

Ингээд Ц.Батбаяр агсны дуулиант мэдээллийг бүрнээр нь хүргэе.

Монголд... Дэлхийд... анх удаа алмас барилаа

Дамбардаржаагийн аманд сүүлийн үед сонин явдлууд их тохиолдох болжээ. Ид шидтэй мэргэн хүүхнээс авахуулаад ладыг хардаг хүүхэд хүртэл тодров бололтой. Гэтэл саяхан энэ хавьд тодруулбал гуравдугаар сарын 28-ны оройн 19 цагийн орчимд Дамбадаржаагийн эмнэлгийн ойролцоо явж байсан тэндхийн оршин суугч Н.Чулуун 2 метр хэрийн өндөр биетэй, биеэрээ дүүрэн үсэн бүрхүүл бүхий хоёр хүн явж байхыг харжээ. Ингээд ойролцоо явж байсан хотын цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нарт очиж хэлсэн байна. Тэднийг очиход өнөөх хүн-амьтангуудын нэг нь зугтааж амжсан боловч цахилгаан бороохойн ачаар нөгөөг нь барьж чадсан байна. Сонирхолтой нь уг амьтан 380 вольтоор муужруулдаг гүйдэлд (бороохойны) удаан муужирсангүй, ердөө л 20-иодхон мөч хэвтээд босоод иржээ. Энэхэн үед авхаалж самбаатай гурван цагдаа гар хөлийг нь гавалж амжсан байна. Эргүүлийн цагдаа нар “Тийрч буй тэмээ лүгээ адил” хэмээн хэлж байлаа. Уг алмас их холоос гүйж ирсэн бололтой хөлс нь үсэнд нь бөнжигнөж байжээ. Энэхүү мэдээг дуулаад ШУА болон бусад газрынхан “Хоноц хоноцдоо дургүйн” үлгэрээр их дургүйцэж байсан боловч манай гэрэл зургийн сурвалжлагч С.Лувсаншагдар овсгоо гарган, дээрх зургийг дарж чадав. Энэхүү алмасын хөлийн мөрийг хэмжин үзэхэд уртаашаа 40.7, өргөөшөө 19.3 см хэмжээтэй байв. Өндрөөшөө барагцаалбал 2 метр 10 см орчим харагдаж байв. Уг амьтныг тэнд очсон эрхтэн дархтангууд тортой машинд хийн авч одов. Тэдний хэн нь ч нэрээ хэлэхийг хүсээгүй ба хааш нь авч яваагаа ч хэлсэнгүй. Маргааш нь холбогдох газруудаас сураглахад “Энэ бол алмасыг амьдаар нь барьсан анхны тохиолдол, НҮБ-д мэдэгдсэн. Мэргэжлийн хүмүүс болон алмас судлалаар мэргэжсэн эрдэмтэд гурав хоногийн дараа ирнэ” гэсэн хариу өгөв. Дэлхийн алмас судлаачид энэ мөчөөс эхлэн бүтэн нойртой хонох болно гэдэгт итгэнэм. Ямар ч л гэсэн дэлхийн шинжлэх ухаанд удахгүй ховор сонин нээлт болох нь дамжиггүй. Одоогоор уг хүн амьтан улсын циркийн баавгай хорьдог байсан торонд байгаа сурагтай. Зарим “сонор чихтэнгүүд”, тухайлбал сэтгүүлч Х.Бүрэнтогтох үүнийг овжин ашиглаж “Майн баяраар алмастай цирк тоглоно” хэмээн цуурхал тарааж буй бололтой. Энэхүү хүн амьтан биднээс юу хүсээ юм бол. Энэ тухай бид дараа тодорхой мэдээлэх болно.

Ц.Батбаяр

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]