Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол рейнжерүүдУншсан11,807

Тавдугаар сарын 29 бол Олон улсын энхийг сахиулагчдын өдөр. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт орон орны бахархал болсон энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд баяраа тэмдэглэдэг

 

2016 оны сурвалжлага.

Тавдугаар сарын 29 бол Олон улсын энхийг сахиулагчдын өдөр. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт орон орны бахархал болсон энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд баяраа тэмдэглэдэг. Дэлхийн цэнхэр дуулгатнуудын дунд үүрэг гүйцэтгэх чадвараараа өндөрт үнэлэгддэг Монгол цэрэг эрс ч мөн энэ өдрийг ёслон өнгөрүүлдэг. Лавтай давхардсан тоогоор 10 мянга хол давсан Монгол цэрэг хилийн дээс давж дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж энхийг сахиулах ажиллагаанд оролцсон гэж бодоход бахархмаар.

Ингээд цэрэг эрсийн хувьд жирийн биш энэ өдрийг тэдэнтэй цуг өнгөрүүлэхээр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг зорьсон юм. Тус төвийг зорихын өмнө интернэтээр хайлт хийж үзэхэд Five Hills training Area in Tavantolgoi хэмээн Америк тэргүүтэй маш олон орны хэвлэлээр нэр нь дурдагдаж, зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэрэг офицерууд сургуулилт хийж буй “Хааны эрэлд”-ийн шинэ мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн байхыг хараад олон улсад данстай цэргийн бэлтгэлийн төвд хөл тавих нь дээ хэмээн бахархаж байсан сэтгэлээ очсон хойноо улам ч баталгаажуулсан юм.

Сурвалжлах багийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ найрсгаар хүлээн авсан юм. Тэрээр бидэнд ангиа танилцуулахын хажуугаар хошууч генерал Гүрийн Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагаанд хамт олноо бэлдээд тун ч завгүй байлаа.

Зэвсэгт хүчний анги нэгтгэл бүрт зохион байгуулах өндөр авьяастай, ангийн бүх л ачааны хүндийг нуруун дээрээ үүрч явдаг, түүнийхээ зэрэгцээ цэрэг эрсийнхээ ах, эцгийн үүргийг гүйцэтгэж байдаг штабын офицерууд байдаг. Мэдээж хэрэг тийм офицерын нэг хурандаа Б.Бат-Эрдэнэ байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ хурандаа дашрамд дурдахад Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх дараагийн ээлжийн цэргийн багийг ахлах өндөр хариуцлагатай үүрэг хүлээн наймдугаар сард хилийн дээс алхах гэж байгаа юм.

Энхийг сахиулагчид баярынхаа өдрөөр хошууч генерал Гүрийн Рагчаа агсанд хүндэтгэл үзүүлдэг нь учиртай. Г.Рагчаа генерал бол тэртээх хорин хэдэн жилийн өмнө ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжиж орсон хүнд бэрх цаг үед батлан хамгаалах салбарт шинэчлэлийн өрхийг татсан офицер юм.

Тэрээр иргэд картын бараанд оочерлож байхад Монгол Улсын зэвсэгт хүчин дэлхийн энхийг сахиулах үйлст хүчин зүтгэж болох гарцыг эрэлхийлж, олон жилийн цаадхыг харж чадсан генерал. Түүний болоод нөхдийнх нь, шавь нарынх нь оролцоотойгоор манай зэвсэгт хүчин дэлхийд данстай болж, энхийг сахиулах ажиллагаанд тасралтгүй оролцож байгаатай хэн ч маргахгүй.

Өдгөө манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа үйлсэд гол хошуучлагч офицерууд нь бүгд түүний шавь нар, залгамжлагч нар байдаг юм. Эхнээсээ байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийг нотолж байна.

Г.Рагчаа генералын зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлсэн бөгөөд Засгийн газрын тогтоолоор Зэвсэгт хүчний 311-р ангийг түүний нэрэмжит болгосон түүхтэй. Тиймээс баярынхаа өдрөөр ангийн хашаанд орших генералынхаа хөшөөнд энхийг сахиулагчид маань цэцэг өргөж, гэр бүлийнхнийг нь хүндэтгэн хүлээж авдаг уламжлалтай болжээ.

Дээр дурдсан Г.Рагчаа генералын залгамжлагч нарын нэг бол хурандаа Л.Гансэлэм. Батлан хамгаалахын салбарт болд мэт хатаагдсан, нэр шигээ хурц, гялалзсан офицер бол Л.Гансэлэм бөгөөд олон удаагийн энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийг удирдан оролцсон өндөр туршлагатай. Л.Гансэлэм хурандаа 311-р ангид тохижуулсан Г.Рагчаа агсны эд өлгийн зүйлс, түүх намтрыг өгүүлсэн танхимыг гэр бүлийнхэнд нь үзүүлж танилцуулсан юм.

Хурандаа Л.Гансэлэм

Тэрээр Г.Рагчаа генералыг Монголын энхийг сахиулагчдын загалмайлсан эцэг хэмээн арми даяар хүндэтгэж явдгийг яриад "АСЕМ болох гэж байна, олон орны дарга төлөөлөгчид ирнэ гээд л мэдээлээд байна. Манай энэ Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж байгаа Khaan Quest бол нэг ёсондоо Батлан хамгаалахын салбарын, цэнхэр дуулгатнуудын АСЕМ шүү дээ, бас л 47 орны цэрэг, офицерууд, командлагч нар ирчихсэн бэлтгэл сургуулилтаа харилцан шалгаад, бие биедээ зааж сургаж байна" хэмээсэн юм. Тавантолгойн сургалтын талбайд хөл тавьж олон орны цэрэг, офицеруудын хэрхэн бэлтгэл, сургуулилтаа хийж байгааг харахад үнэхээр бахархмаар.

Олон улсын стандартын дагуу барьж байгуулсан, Бүс нутгийн хэмжээний сургалтын төв болж хүлээн зөвшөөрөгдсөн, үүнийг нь батлах сертификат, үнэлэлт дүгнэлтээ ч бүрэн ёсоор нь авчихсан газар.

Баазын харуул хамгаалалтын бэлтгэл, сургуулилт, хичээлийн цэгт Малайзын цэргийн баг ажиллаж байхад, Явган эргүүлийн бэлтгэлийн цэгт Японы цэргийн баг, Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох бэлтгэл, сургуулилтын цэгт канадчууд, Хүмүүнлэгийн тусламж бараа түгээх бэлтгэлийн цэгт солонгосчууд, хөдөлгөөнт шалган нэвтрүүлэхийг бэлтгэх сургуулилтын цэгт Индонезийн цэргийн баг, Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтын цэгт Монголчууд гэх мэтээр цэнхэр дуулгатнуудын үүрэг гүйцэтгэх явцдаа хийж болох бүх л үйлдэл, ажиллагааны бэлтгэлийг энд хийж байх юм.

Цувааны хамгаалалтын бэлтгэлийг хийхэд л жишээ нь цэргийн цувааг бүхэл бүтэн хэд хэдэн уул тойрсон замаар явуулж, замд нь отолт, террористуудын дайралт зохион байгуулж яг л халуун цэгт байгаа мэт газар орчны байдал, жүжиглэлт зэргийг бодитоор хийж гүйцэтгэж байна. Тэгж байж л тэдгээр олон орны цэрэг эрс халуун цэгт үүрэг гүйцэтгэх бэлтгэлтэй болох юм.

Өнгөрсөн зуунд манай улсыг эзлэн түрэмгийлэхээр довтолж байсан Япон цэргүүдийн үр сад, хойч үеийг Монголын газар шороон дээр харах нь бас ч гэж сонин мэдрэмж төрүүлэх. Гэхдээ тэд манай цэргүүдтэй мөр зэрэгцэн энхийг сахиулах ариун үйлст бэлтгэгдэж байгаа юм шүү, цаг хугацаа гэж.

НАТО-гийн сургалтын төвийн сүлжээнд холбогдсон, олон улсын цэргийн стандартын дагуу баригдсан Five Hills training Area-г ажиглаж байх зуурт дурдахгүй байхын аргагүй нэг хүн санаанд орсон юм. Тэр бол Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг.

Үеийн офицеруудаасаа ямагт нэг алхмын түрүүнд явж бэлтгэгдсэн Монголын энэ цаг үеийн армийн шилдэг цэрэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Монголчууд энхийг сахиулах үйлст хүчин зүтгэх ажилд бие сэтгэлээ зориулж яваа түүний хүчин зүтгэлээр Тавантолгойн сургалтын төв өнөөдрийн зэрэгт хүрээд байгааг цэрэг, офицерууд ярьж байсан юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг.

Бригадын генерал Д.Ганзоригаас Khaan Quest-ийн талаар асуухад "Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлж байлаа. Хоёр талын хамтарсан сургууль маань 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Энэ жилийн “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөртэй хамтран дөрвөн удаагийн төлөвлөлтийн шатны хурлаар хэрэгжүүлэн, бэлтгэлийг ханган зохион байгуулж байна" хэмээн цэргийн хүний ёсоор товч бөгөөд тодорхой танилцуулж байв.

Бяцхан түүх дурдахад тэрээр Америкийн армийн рейнжерийн сургалтыг 70 хоногийн дотор дүүргэж рейнжер болсон Монголын анхны цэрэг эр. Түүний араас дээр дурдсан хурандаа Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр нар рейнжерийн сургалтыг давж чадсан гэнэ. Түүнээс хойш олон офицерууд Америкийг зорьж рейнжерийн сургалтад суусан боловч шалгуурыг дааж чадалгүй, рейнжер болж чадалгүй эргэн ирсээр байдаг гэнэ. Тэгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд гуравхан рейнжер байдгийн нэг нь Бригадын генерал Д.Ганзориг юм.

Рейнжерийн сургалтын тухайд ер нь хүн гэдэг амьтны юм бүхнийг хийж гүйцэтгэж чадах бүх түвшний чадварыг гаргаж илэрхийлэхийн тулд маш олон хүнд шалгуур давдаг аж. Буудагч байх, сэтгэлзүйн хувьд ямар ч аймшигтай хүнд үед төлөвшсөн байх, хүнд цаг үед бусдыг хамт олон болгон нягтруулж манлайлах чадвартай, байлдааны талбарын ямар ч нөхцөлд биеэ удирдаж зөв шийдвэр гаргадаг, бие бялдар эрүүл саруул, чадал тэнхээ, хурд хүч шаардсан бүхий л даалгавар биелүүлдэг байх зэрэг ерөнхий шаардлагын хүрээнд эхлээд шалгалт авдаг гэнэ. Энэ шалгалтад тэнцсэний дараа рейнжерийн дамжаанд оролцох эрхтэй болж хүнд сорилтуудыг давж туулах болдог аж. Олон хоног нойр, хоолгүй явах бол наад захын шалгуур. Ингэхдээ байлдааны төрөл бүрийн даалгаврыгнойр, хоолгүй олон өдөр цаг хугацаагаар усан дотор, хуурай газарт, агаарт гүйцэтгэж чадаж байж энэхүү 70 хоногийн дамжааг дүүргэдэг юм байна.

Монголд гурав байдаг рейнжерийн хоёртой нь энд таарсандаа бид тун ч олзуурхсныг хэлэх илүүц биз.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 14. 8:52
Зочин

бас нэг ренжир Түвшинбаяр хурандаагийн талаар бичээгүй байна

6 сар 11. 15:45
Цахиур

Эх нутгийг маань харийн хорлон сүйтгэгчид тонох гэж шилдэг хөвгүүдээ харийн газар эрсдэл дагуулуулан явуулж буй нь харин эмгэнэл бус уу?!

2017, 11 сар 30. 15:11
Зочыыыин

ээ хөөрхий монголд 3 хан л рэнжэр байдаг юм уу. 30 америк рэнжэр ирээд л монголыг будаа болгох юм байна дөө.

2017, 12 сар 27. 21:55
Ганзориг

Америкчууд монголд шагайж ч чадахгүй.

2016, 6 сар 22. 15:37
Зочин

эрээнжур гэж ямар хүн байдгийн?

2016, 7 сар 28. 9:50
Зочин

чамаас мянга дахин мундаг хүнийг эрээнжур биш рейнжер гэнэ. Энэ нь цэргийн дээд сургалтыг давж чадсан хүн байна

2016, 6 сар 20. 13:34
Зочин

Та нараар бахархаж байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]