Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Өрлөг" хэмээх цол хэрхэн бий болов?Уншсан18,475

Монгол Улсын түүх бичлэгт өнөө хир хэлбэржин тогтож, нэг мөр болоогүй судалгаа шаардсаар буй асуудлууд цөөнгүй.

Д.Баярсайхан
(Улаанбаатарын Их Сургууль. 
Түүхийн ухааны доктор Ph.D)
 

Монгол Улсын түүх бичлэгт өнөө хир хэлбэржин тогтож, нэг мөр болоогүй судалгаа шаардсаар буй асуудлууд цөөнгүй. Тэдгээрийн нэг нь дундад үеийн монголчуудын хэрэглэж байсан ӨРЛӨГ хэмээх цол, түүнтэй холбоотой асуудлууд юм. Тодруулбал,

- Өрлөг хэмээх цол хэдий үед хэрхэн бий болсон,

- Өрлөг хэмээх цол ямар утгыг агуулдаг, түүнийг хэрхэн ойлгох гэх зэрэг асуудлууд өнөө хир шийдэгдээгүй байсаар байна.

XIII зуунд Чингис хаанд өрлөг хэмээгддэг есөн хүн байгаагүй гэдгийн манай эрдэмтэд хэдийн судлан тогтоосон  бөгөөд харин “Есөн алдалд эрүүд бүү ортугай” хэмээн дархан эрх авсан таван хүн байсан аж. Эдгээр хүмүүс бол Чингис хааны өр зүрхний дотно итгэлт нөхөд юм. Үүнийг хожмын зарим түүхэн сурвалжид гуйвуулан тайлбарласнаас үүдэн “Есөн өрлөг” (yisUn OrlUg) гэдэг буруу ойлголт үүссэн байна . Мөнхүү өрлөг (OrlUg) хэмээх үгийн утгыг эрдэмтэд дараах байдлаар тайлжээ. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов, XIV-XVII зууны монголын зарим ноёд өрлөг хэмээх цол хэрэглэж байсан гэж бичжээ .

 

Ш.Гаадамба гуай өөрийн бүтээлдээ, “... Өрлөг гэдэг үгийг хуучны бичиг судар, аман ярианд эрэлхэг баатар гэсэн утгаар нь биш хайрт, өршөөл хүлээсэн, энхрий гэсэн утгаар нь хэрэглэж ирсэн байна”  хэмээн тодорхойлов.

Харин доктор С.Амарбаяр бээр өрлөг хэмээхийн тухайд, “... Есөн өрлөг гэдэг бол Монгол төрийн үед Чингис хаан засаг, цэргийн чухал эрхийг атгасан, 9 ноёдоо өргөмжлөн дуудаж байсан”  гэжээ.

Доктор Д.Гонгор гуай, “... Өрлөг – OrlUg хэмээх үг нь өр дотны, өр зүрхний хэмээх тул эдгээр өрлөгүүд монголын хааны шадар дотно нөхөд болох нь зайлшгүй бөгөөд тэд голдуу цэрэг дайны гарамгай баатар жанжнууд байжээ.”  хэмээсэн бол доктор Ж.Гэрэлбадрах бээр,
“... Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол улсын цэрэг дайны хэрэг эрхэлсэн албан тушаалтан, баатар эрсийг нэрийдэх нэгэн нэр нь өрлөг байв.”  гэх зэргээр бичсэн байна.

Харин монгол хэлний тайлбар толиудад энэ үгийг дараах байдлаар тайлсан байна. Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-доо,

“... Өрлөгө. I. Төрсөн биш боловч хөхөө хөхүүлсэн эх, өрлөг эх. II. Цэрэг удирдах явдалд их гавьяа байгуулсан их жанжин, өрлөг жанжин, есөн өрлөг.”  хэмээсэн бол, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бүтээлд, “... Өрлөг I Төрүүлээгүй боловч хөхөө хөхүүлж өсгөсөн эх. Өрлөг II Дайн байлдаан, цэргийн үйл хэрэгт их гавьяа байгуулсан жанжинд олгодог цол. Өрлөг III Дээд албан тушаалтан болон ихэс дээдсийн хэлсэн үг,, зарлиг шийдвэр. Өрлөг IV Өрж жагсаах, давхарлан тавих үйл ажиллагаа.”  гэсэн байна.

Дээрх эрдэмтдийн судалгаанаас харахад өрлөг хэмээх цолыг,  Монгол хаадын дотны цэргийн жанжид нь өр зүрхний, өр дотны итгэлт хүмүүс байсан тул өрлөг хэмээх цол бий болсон хэмээн үзэж буй аж. Харин энэ цол хэдий үед бий болсон тухайд,

- XIII зууны үед бий болсон

- XVII зууны үед бий болсон гэх мөн хоёр салаа саналд төвлөрч байгаа бол, энэхүү өрлөг хэмээх үгийг хэрхэн ойлгох тухай асуудал нь,

- Өр зүрхний, өр дотны, хайр хүлээсэн, энхрий хүмүүс гэх утгаар нь,

- Өрлөг жанжин, өрлөг баатар гэх утгаар нь энэ цолыг ойлгох гэсэн мөн хоёр салаа саналд тус тус төвлөрч байгаа юм.  Чингээд энэхүү өрлөг хэмээх цол хэдий үед хэрхэн бий болсон, түүнийг хэрхэн ойлгох талаар судалгаагаа хүргэе.

“Монголын нууц товчоо”-нд цор ганцхан газар энэ үг дурьдагдах агаад харин бидний судлан буй цэргийн зүтгэлтэн, өрлөг жанжин гэх утгаар нь бус харин өр зүрхний, өр дотны гэх агуулгаар “Өрлүүд” хэмээн гарч байна. Нууц товчооны 201-р зүйлд,

“... Эдүгээ энэ төрөлхийд анд бид хоёр ургах нарнаас шингэх наран дор хүртэл нэр минь хүрэв зэ. Анд сэцэн эхтэй, төрөлхийн хүлэг баатар төржээ. Эрдэмтэн дүү нар, өрлүүд нөхдөөрөө, далан гурван агтаараа болж, андад ялагдав”  хэмээсэн нь бидний судалгаанд холбогдохгүй юм. Тэгээд ч энэ үгийг Ш.Гаадамба гуай есөн өрлөг хэмээх утгаар нь бус, “... хайрт, өршөөл хүлээсэн, энхрий”
гэсэн утгаар нь тайлсан бол профессор А.Очир өөрийн бүтээлдээ , “... “Монголын нууц товчоо”-нд өрлөгүүд гэдэг үгийг өрлү`үд (őrlь'ьd) хэмээн тэмдэглэсэн байна.”  хэмээсэн байна.

Ш.Гаадамба гуайн өгүүлснээр есөн өрлөг хэмээх нэр томъёо “Монголын нууц товчоо”, П.Карпини “Монголын түүх”, Рубрук “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл”, Жувейн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, Рашид-Ад-Диний “Судрын чуулган”, “Юан улсын судар” зэрэг XIII-XIV зууны түүхэн сурвалжуудад огт дайралдахгүй ажээ . Харин “Арван буянт номын цагаан түүх”-нд,  “... Есөн их бэлгээ есөн өрлөг мэдээ”  мөн түүнчлэн, “... Есөн өрлөгүүд, өрлөгүүд”  хэмээн гарч буйг бид нэлээн хожуу үеийн нэмэлт болов уу хэмээн үзнэ.

Учир нь “Цагаан түүх”-ийн бидэнд уламжлагдан ирсэн эх нь XVI зууны сүүл үед Хутагтай сэцэн хунтайжийн нэмэн засварласан эхээс 1874 онд Ванчигравдан хэмээхийн хуулан бичсэн эх юм . Энэ тухай сурвалжийн хуулбар эхэд тодорхой өгүүлсэн зүйл буй.

Мөн эрдэмтэд “Цагаан түүх”-нд гарах есөн өрлөгийг есөн бэлэгийг эрхлэх есөн хүн хэмээсэн байна. Тэрчлэн “Чингис хааны алтан товч нэрийн цэдиг”-т ч буй “Өрлөг  хэмээх нь хожмын хуулагчийн нэмэлт бололтой аж. Тэгээд ч энэхүү сурвалжийг эрдэмтэд хожим эмхтгэсэн, домог үлгэрийн эмхтгэл хэмээн үзсэн нь ч бий.

Эндээс ажиглахад мөнхүү ”Өрлөг” хэмээх үг нь XVII зууны үеэс эхлэн түүхэн сурвалжуудад гарах болсон бөгөөд үүнийг бид “Монголын нууц товчоо”-н дахь “Өрлүүд” хэмээхтэй холбон үзэж болохгүй юм. Нууц товчоонд гарч буй “Өрлүүд” нь өр зүрхний, өр дотны хэмээх утгыг илэрхийлж байгаа бол “Өрлөг” нь цэргийн жанжин, баатар эрстэй холбогдож байгаа юм. Энэхүү баатар, цэргийн жанжинтай холбогдох “Өрлөг” хэмээх үг сурвалжид анх гарч буй нь бидний олж үзсэнээр 1604 онд өнөө хир түүхэнд нэр нь эс мэдэгдсэн зохиогчийн бичсэн “Хаадын үндсэн хураангуй Алтан товч” хэмээх сурвалжид “Аргусан хуурчийн домог”-той холбогдон эхлэн гарч байгаа юм. Энд, “... Есөн өрлөгүүд минь нэгэн нь эчиж үг барилдаж эрхүл чухал санам за” хэмээн гарч байгаа бол 1618 оны үед өмнөд Монголын Авга хошууны Таюн хиагийн зохиосон “Алтан хааны тууж”  хэмээх сурвалжид тааралдахгүй байна.

Түүний хойно Лувсанданзан гүүшийн бичүүлсэн “Алтан товч”-д,
“... Есөн өрлөгийн үг тэнцэхэд”
“... Есөн өрлөгийн үгийг буруу гэж”
“... Хэтэрхийеэ есөн өрлөгийн үгийг хэрэглэн”
гэх зэргээр “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир”-тай холбогдон гарч буй бол харин түүхэн үйл явдалтай холбогдон,
“... Мэнд өрлөг эхлэн нэгэн хэдэн нөхөдтэй Цэвдэнийг довтолж өшөөгөө авав.”  хэмээн гарч байна.

Саган сэцэний туурвисан “Эрдэнийн товч”-д түүхэн үйл явдалтай холбогдон,
“... тэндээс өрлөг ноён, эзэн минь ээ сайны салтар муугийн сарбум халдам, сайдын эрдэм, доордын гэм хүртэм гэлээ, муухай ёрт уулийн уршиг сайн хэлт шаазгай халдав, Хасар дүүгээ тавиасай хэмээн өчвөөс.”  хэмээсэн байна.

Мөн “Алтан хүрдэн мянган хигээст бичиг” сурвалжид,
“... Есөн өрлөг, таван тайш эхлэн”
гэсэн бол, Баарины Раашипунцагийн “Болор эрих”-д өнчин хөвгүүний цэцэлсэн үйл явдалтай холбогдуулсан өгүүлсэн нь,
“… Эзэн богд Чингис хаанд эрхт есөн өрлөг айлтгаваас”
“… Есөн өрлөгийн үгийг буруу буюу”  
гэжээ.

Мөн “Хөх түүх” сурвалжид өнчин хүүгийн шаштиртай холбогдон, “... Есөн өрлөгүүд хийгээд бас бус хүчнээ өгсөн бүгдэд”  гэсэн байна. “Сувд эрих” хэмээх сурвалжид мөн л өнчин хүүтэй холбогдуулан, “... Есөн өрлөг хийгээд бусад бас хэтийдсэн баатар зүтгэлтэн”  хэмээсэн бол гүн Гомбожав “Гангын урсгал”-д,“... Богд Чингис хааны эрхэм сайд есөн өрлөг”  гэсэн бол Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д, “... Есөн өрлөгүүд минь” “... Чингисийн есөн өрлөг нь”  хэмээжээ.

Тэрчлэн Ишбалдан бандида “Эрдэнийн эрих”-д, “... Есөн өрлөг нь”  гэх зэргээр өгүүлсэн байна.

Дээрх сурвалжийн мэдээнээс харахад ихэвчлэн бие биенийхээ мэдээг давтсан байхын дээр анхлан Лувсанданзан гүүшийн бичүүлсэн “Алтан товч”-д гарах “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир” хэмээх домог, үлгэрийн шинж чанартай сурвалжийн мэдээг үндэслэн “Өрлөг” хэмээх ойлголтыг гаргаж ирсэн аж.  Энэхүү сурвалж нь түүхэн гэхээсээ илүү, домог, үлгэр, уран зохиолын шинж чанартай тул түүний мэдээг итгэмжит гэж үзэх үндэслэл муутай юм. Академич Ц.Дамдинсүрэн гуай “Чингис хааны есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир”-ыг, “... Чухам түүхт үйл явдал гэж үзэж болохгүй. Уран зохиолч шүлэгч хүн эмээлийн дуу, хуурын дуу болгож зохиосон шүлэглэл гэж үзэх хэрэгтэй.”  хэмээсэн бол, “... Түүхэн иш үндэс бүхий үйл явдал дээр тулгуурлан хожим зохиосон гэдэгтэй ихэнх судлагчид санал нийлдэг” бөгөөд бид ч үүнтэй санал нэгтэй байгаа юм.

Харин цөөхөн газар түүхэн үйл явдалтай холбогдуулан “Өрлөг” хэмээн гарч байна. Энэ нь ихэвчлэн XV-XVII зууны түүхэн үйл явдалтай холбогдон гарч байна. Энд Мэнд өрлөг, Горлосын Бабахай өрлөг, Борбухын Элчигэ өрлөг, Балхачны Эсэн өрлөг гэх зэргээр гарч байна.  Тэгэхээр XVII зууны үеэс мөнхүү өрлөг хэмээх цол түүх бичлэгт бий болсон гэх үндэслэл байгаа бөгөөд хэрэв энэхүү “Өрлөг” хэмээх цол нь өр зүрхний, өр дотны хэмээхээс үүсээгүй харин баатар, жанждын цол яваандаа өрлөг хэмээх цолыг үүсгэсэн гэхүл урьд өмнөх уламжлал заавал байж таарна гэсэн үг.  XVII зуунаас өмнөх үеийн монголчуудын зэрэг дэв, тэр дундаа жанжин, баатар эрсийг нэрийдэж байсан цол зэргийн холбогдол бүхий мэдээ сэлтийг хайн үзвэл “ӨРВӨЛӨГТӨН” хэмээх цол тохиох бөгөөд, бидний олж үзсэнээр энэхүү хэргэмийн тухай түүхэнд ганцхан зурвас мэдээ байх агаад, энэ хэргэмтэн 1452 оны түүхэн үйл явдалтай холбогдон гарч байна. XVII зуунаас хойш энэ хэргэмтэн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн байдал бид олж үзсэнгүй. 

Өрвөлөгтөн хэмээх хэргэмтэний тухай өгүүлсэн сурвалжийн мэдээг дурьдвал, “Хаадын үндсэн хураангуй Алтан товч”-д өгүүлсэн нь,
“... Жинон эхлэн гучин гурван өрвөлөгтөн.”  хэмээсэн бол Лу “Алтан товч”-д,
“... Жинон эхлэн гучин гурван өрвөлөгтөн”  гэсэн бол “Шар тууж”-д,
“... Жонон эхлэн гучин гурван өрвөлөгтөн”  гэжээ. Харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д,
“... Гучин гурван өрвөлэгтнийг хядаж барахуй.”  гэсэн байна. Мөн түүнчлэн “Асрагч нэртийн түүх”-нд,
“… Агваржин жонон эхлэн гучин гурван өрвөлөгтөн”  хэмээжээ. Тэрчлэн “Алтан хүрдэн мянган хигээст бичиг” сурвалжид, “... Жонон эхлэн гучин гурван отогт, дөчин дөрвөн өрөвлэгт”  гэсэн байна. Баарины түүхч Раашипунцаг “Болор эрих” хэмээх түүхэндээ, “… Агбаржи тэргүүлэн гучин гурван отогт, дөчин дөрвөн өрвөлөгт, жаран нэгэн хиуртан бүгдийг албай”  гэх зэргээр өгүүлсэн байна.

Эдгээрээс өөр “Өрвөлөгтөн” хэмээх цол гарч буй мэдээ олж үзсэнгүй бөгөөд энэ нь бие биенээ давтсан байдалтай, өөрөөр хэлбэл түүхэн ганцхан үйл явдал дээр гарч байна. Тодруулбал, 1452 онд Эсэн тайш тэргүүлэн Ойрадын ноёд хуйвалдан Агваржин жинон тэргүүтэй зүүн монголын нэр нөлөө бүхий гучин гурван өрвөлөгтөн, дөчин дөрвөн отготон, жаран нэгэн хиуртан нарыг хядсан түүхэн үйл явдалтай холбогдон гарч буй юм. Энд гарч буй зэрэг, цолыг дараах байдлаар үзсэн нь бий. Үүнд,
- Отготон (otoGatan): Агваржин жинонгийн захиргаанд явж асан бага ноёд язгууртнууд .
- Өрвөлөгтөн (Orbelgeten): Жинонгийн ойрын шадар ноёд бололтой .
- Хиуртан (kiyirten): Туг хиур барьсан бусад дагалт хүмүүс .

Харин бидний үзэхэд Отготон нь малгайдаа отог хадсан, их хаанд төрийн хэргийг зөвлөдөг бичгийн түшмэд байсан агаад харин Өрвөлөгтөн нь малгайдаа шар шувууны өд хадсан цэргийн асуудал хариуцсан жанжид, Хиуртан нь туг, хиур барьсан бараа болон шадарлах хүмүүс байсан болов уу гэж үзнэ. Эдгээрээс бидэнд хамаарал бүхий Өрвөлөгтөн гэж хэн болох талаар чухал мэдээ баримт “Цагаан түүх”-нд бичигдэн үлджээ. Энд өгүүлсэн нь,  “... Есөн үе хошуу удирдан мяталгүй чин зоригт болж асар үлэмж хүчээ өгвөөс шар шувууны өрвөлөг малгайд хатгаж гурван мужийн эзэн хашха цолыг соёрхо”  хэмээсэн нь бий.

Мөн түүнчлэн Х.Нямбуу гуай өөрийн бүтээлдээ, “… Нангиад зурагт дүрслэн гаргасан Юан улсын хаадын хөрөгт голчлон оройдоо дор нь өрвөлөгтэй жинстэй цан малгай өмсгөсөн байна.”  гэсэн бол мөн “Монголын соёлын түүх” тэргүүн ботид,  “…XIII зууны үед гавъяатны малгайд өд хатгах, өрөвлөг зүүх, жинс хийх, фүст хүрэм дээл өмсөх зэргээр хүндэтгэл үзүүлдэг байв. Улмаар тэдний өрөвлөг отго нь ялгаран шагналын тэмдэг болжээ. Тиймээс XV-XVI зууны үед 33 отготон 44 өрөвлөгтөн хэмээн сурвалж бичгүүдэд олонтаа гардаг.”  гэх зэргээр өгүүлсэн байна.

Харин толь бичигт энэ үгийг хэрхэн тайлбарсан талаар сөхөн үзвэл, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д, “... Өрвөлгө. Шувууны өд, тахианы толгойн цэцэг, бууран тэмээний толгойн дээрх урт үс”  гэх зэргээр бичсэн байна. Харин “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бүтээлд, “... Өрвөлөг 1. Шувууны жижиг өд, чандар; 2. Тахианы толгойд ургасан хэсэг үс өд, толгойн цэцэг; 3. Буурын толгойн ар дахь сэгсгэр үс; 4. Хүүхдийн үсний хүндэтгэл; 5. Хулс, зэгс зэрэг ургамлын сагсгар түрүү.”  гэх зэргээр тайлан бичсэн байна.

Дээрх мэдээнээс харахад Монголын Их Юан гүрний үед есөн үедээ дайн байлдаанд цэрэг хошуучлан орж, их хаанд үлэмж их хүчээ өгвөөс шар шувууны өрөвлөг малгайд нь хатган гурван мужийг эзлүүлэн төрийн их албыг хашуулдаг байжээ.

Мөн түүнчлэн энэхүү “Өрвөлөгтөн” хэмээх цол нь түүхнээ ганцхан удаа гараад түүнээс хойш гарахгүй байгаа нь тун их сонирхол татаж байгаа юм. Харин мөн үеийн түүхэн үйл явдалтай холбогдуулан цэрэг, удирдан манлайлдаг хүмүүсийг өрлөг хэмээн бичсэн нь буй. Тухайлбал, сурвалжид гарах,
- Мэнд өрлөг – хааныг дагалдан явдаг, итгэлт цэргийн хүн байсан байна.
- Горлосын Бабахай өрлөг – Улсболдыг жинон болоход шадарлан явж байсан.
- Борбухын Элчигэ өрлөг – Барсболдыг хүргэж ирсэн 7 баатрын нэг.
- Балхачны Эсэн өрлөг - Барсболдыг хүргэж ирсэн 7 баатрын нэг байсан нь сурвалжийн мэдээнээс бэлэхнээ харагдана.

XVII зууны түүхэн сурвалжуудад Чингис хааны есөн өрлөг хэмээн гардаг. Энэхүү есөн өрлөг хэмээх нэрийн дор 10 хүний нэр дурьдагддаг нь гайхалтай. Гэтэл бидний өгүүлэн буй Өрвөлөгтөн хэмээх цолтон нь мөн л есөн үе хошуу удирдан орсон хүн өгдөг цол байна.  Энд адилшаалтай нэгэн зүйл нь “Өрвөлөгтөн” нь малгайдаа шар шувууны өрөвлөг хадсан цэрэг удирдагч хошууч, жанжид байсан бол “Өрлөг” мөн л хаан, жинон нарын итгэлт хүн цэргийн зүтгэлтэн баатрууд байсан аж.

Мөн тэдний малгайг хооронд нь харьцуулан үзэхэд ч энэ хоёр цол хэргэмтэн адил болох нь бэлээхнээ харагдана. Монгол баатар, цэргийн жанжин нар малгайдаа өрөвлөгө хатгадаг байсан уламжлал бий.

Монголчууд малгайндаа өд, өрвөлөг хатгах уламжлал нэлээд эртний уламжлалтай юм. Дөрвөлжин булшний соёлоос гарсан баатар эрийн малгайн оройд буй сэнж нь ямар нэгэн зүйл тогтоодог болох нь илэрхий. Энэ нь өд, өрөвлөг зэргийг тогтоох сэнж байхаас зайлахгүй.

Мөн Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн хадны зурагт буй морьтой хүн нь малгай өмссөн байх агаад тэрхүү малгайных нь оройгоос унжлага унжиж буйг харж болно .

XIII-XIV зууны үеийн монголын хэргэмтнүүд мөн малгайдаа өд, өрвөлөг зэргийг хатгадаг байсан нь мөн соёлын дурсгалаар дамжин бидний үед иржээ. Чингэхдээ томоохон сайд, ноёд, хатад малгайдаа өд хатгадаг байна.

Харин энэ үеийн баатар эрсийн малгайд өд бус, өрвөлөг хадаж байсныг бид дараах зургаас харж болно.  Мөн түүнчлэн энэхүү Өрлөг ба Өрвөлөгтөн цолыг харьцуулан үзсэн байдлаа хүснэгтлэн харуулбал дараах байдалтай байна.
Өрлөг Өрвөлөгтөн
XVII зууны үеэс түүхэн сурвалжид гарч байна. XIII зууны үеэс сурвалжид гарна.
XIII, XV-XVII зууны үеийн түүхэн үйл явдалтай холбогдон гарна. 1452 оны түүхэн хэрэг явдалтай холбогдон гарна.
Цэргийн зүтгэлтэн нарын цол байдлаар гарна. Агваржин жинонгийн дагалт шадар баатар нь
Есөн өрлөг, өрлөг гэх байдлаар гарна Есөн үе хошуу удирдсан, өрвөлөгтөн гэх байдлаар гарна
Өрлөг баатрууд нь малгайдаа өрвөлөг хатгадаг Малгайдаа шар шувууны өрвөлөг хатгадаг
Балчир хүүхдийн үсийг Өрлөг үс гэдэг Балчир хүүхдийн сэвлэг үргээхийг өрвөлөг үргээх гэдэг
 

XVI зууны сүүл XVII зууны эхэн үед монгол бичгийн хэлэнд томоохон шинэчлэлт хийгдсэн бөгөөд энэ нь Харчин аймгийн Аюуш гүүш “Али гали” хэмээх гадаад үгийг тэмдэглэх галиг үсэг зохиосонтой шууд холбоотой байж ч болох талтай.

Мөн түүнчлэн өнөө Монгол Улсын нутгийн зарим хэсэгт нялх хүүхдийн сэвлэгийг Өрлөг үс гэдэг бол зарим нутагт сэвлэг үргээхийг өрвөлөг үргээх гэдэг хэмээн Ш.Гаадамба гуай бичсэн  нь, энэхүү өрлөг, өрвөлөгө хэмээх хоёр үг нь хоорондоо адилшаалтай болохыг илтгэн харуулж байна.

Тэрчлэн БНХАУ-ын эрдэмтэн Дай Хун И, Буян нар мөнхүү өрвөлөгтөн хэмээхийг,
“... Гучин гурван өрлөгтөн”
хэмээн хөрвүүлэн бичсэн нь бас нэгэн учиртай болов уу. Энэхүү судалгааны эцэст доорх санал, дүгнэлтэнд хүрч байна. Үүнд,

- Чингис хааны үед есөн өрлөг хэмээх цэргийн зүтгэлтэн есөн хүн байгаагүй хэмээсэн өмнөх эрдэмтэдийн судалгааг дэмжиж байгаа бөгөөд энэхүү есөн өрлөг хэмээх нь XVII зууны үед бий болсон зохиомол цол мөн болох нь илэрхий ажээ.

- Дундад үеийн монголын түүхэн дэх өрлөг хэмээх цол нь XIII-XIV зууны үед бий болсон “Өрвөлөгтөн” хэмээх цолны шууд үргэлжлэл мөн бөгөөд энэ үг хэл зүйн хувьд хувьсан өөрчлөгдөж, XVII зууны үеэс түүхэн сурвалжид өрлөг хэмээн тэмдэглэгдэх болсон байлтай.
 
АШИГЛАСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
 
1. “Арван буянт номын цагаан түүх” УБ., 2006. Монгол бичгээс хөрвүүлж, бусад эхтэй харгуулан тайлбар хийсэн Ш.Чоймаа, Р.Төрдалай. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
2. Баасанжав.Н “Есөн өрлөг” УБ., 1996.
3. Владимирцов.Б.Я “Обществнной строй монголий” М., 1934.
4. Гаадамба.Ш “Өрлү’үд гэдэг үгийн учир” УБ., 1990. -//”Монголын нууц товчооны судлалын зарим асуудал”.
5. Гаадамба.Ш  ”Монголын нууц товчооны судлалын зарим асуудал” УБ., 1990.
6. Галдан “Эрдэнийн эрих” УБ., 2006. Боть 20. Монгол бичгээс хөрвүүлж, эхүүдийг харьцуулан тулгаж, оршил бичин, тайлбар хийсэн доктор Ж.Гэрэлбадрах, Д.Бүдсүрэн, П.Бямбахорол. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
7. Гомбожав “Гангын урсгал” УБ., 2006. Боть 10. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар, хавсралт хийсэн Б.Баяртуяа, Ц.Батдорж, Б.Пүрэвдэлгэр. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
8. Гонгор.Д “Халх товчоон” УБ., 1970. Тэргүүн боть.
9. Гэрэлбадрах.Ж “Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг” УБ., 2010.
10. Дай Хун И, Буян “Умард Юаны түүх” Хайлаар., 1991.
11. Дамдинсүрэн.Ц “Өнчин хүүгийн шаштирын тухай” УБ., 1956.
12. Дарма гүүш “Алтан хүрдэн мянган хигээст” УБ., 2006. Боть 15. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн Т.Жамьянсүрэн, Л.Халиун -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
13. Дэндэв.Л “Дундад үеийн монголын түүх” УБ., 2008. Монгол бичгээс хөрвүүлж, удиртгал бичсэн Ж.Гэрэлбадрах, Д.Өлзийбаатар.
14. Жамба “Асрагч нэртийн түүх” УБ.,2006. Эмхтгэж, худам монгол үсгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн Д.Баярсайхан -//”Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд”.
15. Ишбалдан “Эрдэнийн эрих” УБ., 2006. Боть 19. Төвд хэлээрх сурвалжуудтай харгуулан, монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар, хэлхээс хийсэн Д.Бүрнээ. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
16. Лувсанданзан “Алтан товч” УБ., 2006. Лувсанданзан “Алтан товч” УБ., 2006. Тал 246. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, харгуулан тайлбар хийсэн Ш.Чоймаа. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
17. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” УБ., 2008. Дэд боть.
18. “Монголын нууц товчоо” УБ., 2005. 201-р зүйл. Сонгомол эх.
19. “Монголын соёлын түүх” УБ., 1999. Тэргүүн боть.
20. “Монголчуудын зэрэг дэв” УБ., 2009. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл.
21. Нямбуу.Х “Монгол хувцасны түүх” УБ., 2002.
22. Очир.А “Монголчуудын гарал нэршил” УБ., 2008.
23. Раашипунцаг “Болор эрих” УБ., 2006. Боть 13. Харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Бүдсүрэн. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
24. Саган сэцэн “Хаадын үндэсний Эрдэнийн товч” УБ., 2006. Эмхтгэж, худам монгол үсгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн Д.Баярсайхан -//”Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд”.
25. “Сувд эрих хэмээгдэх шаштир оршив” УБ., 2006. Боть 18. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн С.Амарбаяр. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
26. Цэвэл.Я “Монгол хэлний товч тайлбар толь” УБ., 1966.
27. Цэвээндорж.Д “Баянлигийн хадны зарим зургууд” УБ., 2003. Тал 8. -//”Хар сүлд” УБ., 2003. ¹ 1 (02).
28. “Чакраварди Алтан хааны тууж” УБ., 2006. Хөрвүүлж, тайлбар зүүлт, нэрийн хэлхээ хийсэн Д.Заяабаатар. -//”Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал”. Боть 4.
29. “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” УБ., 2006. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн С.Дашдэжид. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
30. “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир” УБ., 2003. Хөрвүүлж, зүүлт, тайлбарын хамт хэвлүүлсэн Э.Пүрэвжав.
31. “Хаадын үндэсний хураангуй Алтан товч” УБ., 2006. Эмхтгэж, худам монгол үсгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн Д.Баярсайхан -//”Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд”.
32. “Хөх түүх” УБ., 2006. Боть 16. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар, хавсралт хийсэн О.Дэмчигмаа. -//”Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал” 30 боть.
33. “Эртний монголын хаадын үндэсний их шар тууж” УБ., 2006. Эмхтгэж, худам монгол үсгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн Д.Баярсайхан -//”Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд”.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 5. 17:24
M

Тэмүүжинд ЧИН-ГИС цолыг тив зайран тэнгэрээс олгосон цол хэмээн буулгаж өгсөн байдаг бол. хэн хэзээ хаана ямар учир шалтгаанаар богд гэдэг цол өгөв

2017, 10 сар 5. 17:17
Цахар

Оревлег гэдэг нь тун зев санагдаад явчихлаа. Аливаа уг хэллэг урт удаадаа хэлбэр утгаасаа яалт ч угуй еерчлегддег байх. Судлууштай сайхан зуйл байлаа.

2016, 11 сар 13. 21:20
Есøн жанжин

За ямарч байсан Богд эзэн Чингис хааны есøн тvмэн (ерэн мянга) цэргийн жанжид болох есøн тvмтийн ноён байсныг дан ганц манай тøдийгvй, гадаад дахь тvvxэн сурвалжууд нотлодог юмаа.

2016, 11 сар 7. 18:41
Зочин

Солонгос ноёны угаадас долоосон Баярсайхан гэдэг **** жаахан юм уншихад яанаа? Арай эртний сурвалж уншиж чаддаггүй үхэр юм байх даа?

2016, 11 сар 4. 12:12
мунхаг намайг өршөө

9-с олон жанжин, зөвлөхүүд байсан байхалдаа тэдгээрээс 9 нь байх үед өнчин хүү цэц булаалдсан тухай шаштар байдаг нь ийм ойлгол төрүүлсэн болуу хэмээн мунхаг би сэтгэв.жирийн нэгэн өнчин хүү ИХ ХААНЫ баатаруудтай чөлөөтэй ярилцан цэц булаалдаж байсаныг бодохоор манай монгол баатарууд энгийн үед даруу жинхэн баатар хүний шинжийг агуулсан хүмүүс байжээ.ямаан омогтой ***** нар байсан бол өнчин хүүг өргөөнд орсонийх нь л төлөө өчиггүй цаазлах байсан

2016, 11 сар 3. 21:01
зочин

Монгол яриад байгаа ноход хуцаад байн уу кккк
Шаа сда **** гэсэн яриатай ядуу тарчиг оюуны тураалд орчихсон хаха

2016, 11 сар 3. 20:59
Монгол зочин

Дор байгаа нөхөрт өөрийнхөө үзэл санааг илэрхийлэхдээ уур бухимдлаар биш хэлэх үгээ бодож цэгцтэй хэлж байна гэмээнэ оюун ухаант хүн гэсэн нэрээ дээдлэхийн утга учир оршино. Эсвээс хотонд хуцах нохой адил харагдах тул адгуус адил уурыг түрүүнд барьдаг зангаа татаж яваарай гэж захьяа

2016, 11 сар 3. 19:56
Зочин

Тэр нууц товчоог хэн бичсэн юм бол?

2016, 11 сар 2. 22:46
ЦАГААНЦООЖ

5 ӨРЛӨГ ,4 ХӨВҮҮН НИЙЛЭЭД 9 ӨРЛӨГ БОЛДОГ ГЭДЭГ БАЙХАА

2016, 11 сар 1. 14:09
Зочин

Дараа нь Чингис гэж байгаагүй гэх юм байна л дөө

2016, 11 сар 2. 19:45
Зочин

Tany hiisen sudalgaag unshij bolohu. Harin ch surwaljiin medeeg ilt bichsen bgan bishu

2016, 11 сар 1. 13:41
Зочин

энэ ямар нэгэн гуйвуулга оруулаад үгүйсгээд байгаа учир явдал юу байна их хааны маан гуншин дотор өст дайсан түвдүүд богд нэр оруулчихаад байгаа шүү энийг хэлэхгүй байхсан одоо өндөр гэгээн гэж монгол үндэстэнийг язгуур угсаагаараа урвуулж их хааныг маан хүртэл бурхан болгож зураад дагуулаад ингэж бичүүлж байгаагүй биз Монголын өндөр хөгжил олон улсын сүлжээт технологи хотын зохион байгуулалт цэрэг зэвсэгийн төрөл тактик орон зай орон байр одон орон зурхай гээд монголын бүхнийг түвд болгох гэж их санаархаж байгаа шүү

2016, 11 сар 1. 12:59
Зочин

TUUHEE UGUISGESEER BAITAL TURK, HYTADUUD NAAD TUUHIIG CHIN UMCHLUUD BSHDEE, TUUHCHIDEE

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]