Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарын хаан Мессершмитт-109Уншсан15,835

Дэлхийн 2-р дайны агаарын тулалдаанд оролцож байсан шилдэг онгоцнуудын тухай цуврал нийтлэлийн энэ удаагийн баатар маань “өнөөх” Мессершмитт-109.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны агаарын тулалдаанд оролцож байсан шилдэг онгоцнуудын тухай цуврал нийтлэлийн энэ удаагийн баатар маань “өнөөх” Мессершмитт-109. “Ясан хэдрэг” хэмээн алдаршсан энэ онгоцны тухай маш их юм, бүр дэндүү олон юм ярьж болох ч энэ удаа аль болох товчхон, болж өгвөл магтахгүй байхыг хичээлээ.

Испанийн иргэний дайны үед германууд Мессершмитт 109-ийг авчирч Зөвлөлтийн И-16, И-15-ын эсрэг тулалдаанд оруулж, Гитлерийн Герман улс нь орчин цагийн сөнөөгч онгоцтой болсон гэдгээ харууллаа. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа сүйдтэй илүү гараад байхаар юм үзүүлээгүй ч усан хөргүүрт хөдөлгүүртэй (тухайн үед усан хөргүүртэй сөнөөгч онгоц гэж бараг байгаагүй гэхэд болно) энэ онгоц нь цаашдаа тэнгэрийн хаан болно гэдэг нь олон мэргэжилтнүүдэд ойлгомжтой болсон юм. Спортын онгоцноос гаралтай учраас маш хөнгөн, хөнгөн учраас маневрлах чадвар өндөр, аэродинамикийн маш цэвэрхэн хэлбэр (усан хөргүүрт хөдөлгүүрийн ач), өндөр хурд, боломжийн зэвсэглэлтэй, цул металл, өөрчлөн сайжруулах нөөц ихтэй...

Гэхдээ энэ онгоцны хамгийн гол давуу тал нь маш хямд үнээр бөөнөөр үйлдвэрлэх, хээрийн нөхцөлд засвар хийх өргөн боломжтой явдал байв. Хамгийн энгийн жишээ гэхэд 109-ийн далавчийг солих хэрэгтэй болсон бол 1-2 механикууд элдэв өргөгч ашиглаад л сольчихно. Дайны цагийн үед, хээрийн нисэх буудалд ийм боломжтой байна гэдэг бол ихээхэн чухал чанар юм. Дээр нь талх үйлдвэрлэж байгаа юм шиг олноор нь, хямдаар үйлдвэрлэнэ гэдэг бол бүр хамгийн чухал зүйл гэж ч болох байх. Тэр тусмаа дайны үед.

Одоо сул талын тухай. Мессер-т дутагдалтай юм  маш цөөхөн байсан буюу хөл анги, гаргрот гэх мэт гарын таван хуруунд багтмаар. Гэхдээ энэ нь засаж сайжруулах аргагүй тийм л дутагдал байлаа.

Мессер-ийн далавчийг ганц нэг хүн сольчихдог тухай түрүүнд дурдсан бөгөөд энэ нь хөл анги далавчинд биш онгоцны их бие дээр суурилсантай холбоотой юм. Ийм учраас уртлаг, нарийн их бие дээр байрлах хоёр дугуйны хоорондох зай дэндүү бага болж таараа. Хоорондоо ойрхон дугуй гэдэг бол газраас тасрах, газардах, өчүүхэн жижиг донсолгоо дайрах зэрэгт дэндүү эмзэг зүйл байх болно.

Сүүлд Хартманы ярьснаар бол түүний нисэх ангийн Мессер-үүдийн хохирлын 20-22 хувийг хөл анги эвдсэнээс болж хүлээж байж. Газраас хөөрөх, буух гэж байхдаа л эвдэрч сөнөнө гэж. Германы экспертүүдийн (ас), шилдгүүдийн шилдэг анги шүү дээ. Өөр бусад жирийн сөнөөгч ангид энэ тоо ямар байх нь ойлгомжтой болов уу. Алдарт Покрышкин ч олзны мессерээр нисэж туршиж байхдаа хөл ангийг нь гэмтээж хаяад даргадаа хөөгдөж байсан тухай дурсамжид нь байдаг гээд бодвол олон юм хэлж өгөх байх.

Гаргрот. Мессерийн нисгэгчийн бүхээг нь онгоцны их биед сууж өгсөн, арын хэсэг нь гаргротоор хамгаалагдсан байгааг зургаас харж болно. Тухайн үеийн олон онгоц ингэж л хийгдэж эхэлсэн байдаг ч яваандаа гаргротыг авч, дан тунгалаг нээлхийтэй болсон байдаг. Араас нь дайрах дайсан байгаа эсэхийг харахад энэ гаргрот бол хамгийн том саад. Мессершмитт үүнийг арилгах гэж маш их ажил хийсэн ч гаргротын хэмжээг багахан болгохоос өөрөөр өөрчилж чадаагүй юм. Энэ деталиас болж өчнөөн олон нисгэгч нар араас дайрах онгоцыг харалгүй буудуулж сөнөсөн тухай ярих хэрэггүй биз. Ялангуяа дайны төгсгөл үед буюу Германы цөөрч дуусаж байсан экспертүүдийг ангаахай нар орлож эхэлсэн цагт уу.

Гэсэн хэдий ч энэ онгоц хамгийн шилдгийн нэг байлаа. Гитлерийн Герман Европыг тэр чигээр нь эзлэх үед Польшоос өөр улс агаарын тулалдаанд ямар нэг хэмжээний эсэргүүцэл үзүүлж чадаагүй нь Мессертэй холбоотой юм. Харин Британийн төлөөх дайнд Мессер ингэж давамгайлж чадаагүй нь дайны театрын онцлог, английн Спитфайр... гээд олон шалтгаантай. Энэ нь ч тусдаа сэдэв биз.

1941 онд Герман улс ЗХУ руу халдан довтлохдоо ганцхан өдрийн дотор агаарт бүрэн ноёрхох болж, Зөвлөлтийн бүслэгдсэн, ухарч яваа цэрэг цувааг Люфтваффе ямар ч эсэргүүцэлгүй шахам бөмбөгдөхөд Мессер 109-ийн оруулсан хувь нэмэр шийдвэрлэх үүрэгтэй байлаа. Африкт, Европт бусдыг айлган чичрүүлж байсан Мессер Оросын их талд мөн л галзуурч, Зөвлөлтийн сөнөөгч бөмбөгдөгч, дайрагч онгоцыг зуу зуугаар нь унагаж байсан ба тухайн үеийн Зөвлөлтийн олон нисгэгч нар Мессер хараад л тулалдааны талбараас зугтдаг байлаа. Ингэж “Мессерийн айдас” гээч айхтар “өвчин” Зөвлөлтийн нисэх хүчинд бий болж, агаарт арчаагүй байгаагийн бурууг өөрийн онгоцны өөдгүй дорой, Мессер-ийн ер бусын хүч чадлаар тайлбарлаж байсан юм. 

Энэ Мессер-ийн айдас гээч өвчнөөс Мессер-ийн бас нэг онцгой давуу тал харагддаг. Аймшигт Мессер нь (энд Мессершмитт-109 Е буюу Емил-ийн тухай ярьж байна) хурдаар Зөвлөлтийн Миг-3-аас дутуу, маневрлах чадвар Як-1-ээс илүүгүй, зэвсэглэл Лагг-3-аас сул боловч агаарт маргаангүй ноёрхсоор байсан нь сонирхолтой ба магадгүй онгоц гэхээс илүү нисгэгч нараас шалтгаалсан хэрэг байв уу?

Оросууд мессер-тэй үзэлцэх чадалтай онгоц бүтээх гэж улайран ажиллаж байхад Вилли Мессершмитт ч бас зүгээр суулгүй онгоцоо сайжруулсаар байлаа. Зөвлөлтийн зохион бүтээгчдийг бодвол Мессершмиттэд сайн хөдөлгүүр гарч ирсээр байсан учир Вилли илүү хүчтэй хөдөлгүүр тавиад, үүндээ тааруулан онгоцоо сайжруулан, илүү хүчирхэг зэвсэгтэй болгон (30 мм-ийн их буу, 13 мм-ийн хоёр синхрон пулемёт г.м) тулалдаанд оруулах бөгөөд оросууд ч хариуг нь хэсэг хугацааны дараа барьсаар. Гэсэн ч Мессер 1944 оны эхэн хүртэл Зөвлөлтийн ямар ч онгоцноос илүү байгаад яваандаа байдал өөрчлөгдөж эхэлсэн юм. Зөвлөлтөд тэр үед Як-3, Ла-5 ФН, Ла-7 гэсэн мундаг онгоцууд бий болж, дээрээс нь Аэрокобра мэтийн Америк, Английн онгоцууд улам бүр олон болж байсан цаг. Техникийн үзүүлэлтийн хувьд Мессер-ийн шинэ хувилбарууд (Фридрих, Густав, Курфюст) өмнөхтэй мөн л адил давуу юмандаа давуу, дутуу юмандаа дутуу байсан ч өмнөх шиг агаарт ноёрхох биш харин ч ноёрхлоо алдан зарим тохиолдолд Зөвлөлтийн ас-уудын дуртай бай болж эхэлсэн байдаг билээ. Шалтгаан нь юу байв аа?

Мессершмитт-109 нь зохих сургалтыг төгсөөд гарсан дунд зэргийн бэлтгэлтэй нисгэгчид болон экспертүүдийн гарт аюултай зэвсэг байлаа. Маш сайн шумбадаг, өндөр авах тал дээрээ хэнээс ч илүү шахам, “цохь-зугт” аргаар тулалдахад сайхан тохирсон онгоц төдийгүй “нохой зодоон"-оор Як-3 мэтийн нөхдүүдтэй ч бас үзчихнэ. Гэхдээ энэ онгоцны сайн талыг зохих туршлагатай нисгэгчид л гаргаж чадаж байлаа.  Харин яаран сандран нисэх сургууль төгссөн болсон, нисэх буудал дээрээ газраас тасарч, бууж  сурснаас цаашгүй нөхдүүдэд энэ онгоц нисдэг авс байсан бөгөөд дайны төгсгөлд хичнээн олон залуус хээрийн нисэх буудалд онгоцоороо тасрах, буух гэж байгаад осолд орсон, араас дайрах онгоцыг харалгүй тулгаж буудуулж сөнөсөн бол гэдгийг таамаглах ч хэцүү юм. Иймэрхүү өч төчнөөн тохиолдлын тухай баримт бий бөгөөд тохиолдол гэхээс бараг л ердийн явдал байсан гэвэл нэг их буруудахгүй байх. Нэг үгээр хэлбэл Мессершмитт 109 нь зохих нисэх урлаг эзэмшсэн хүний удирдлагад хамгийн хүчирхэг зэвсэг байсан бол “ангаахай” нарын хувьд өөрсдийг нь тамд аваачих хэрэгсэл байжээ.

Мессершмитт 109 онгоцыг дайны цагт бараг 33 мянган ширхэг үйлдвэрлэсэн гэдэг нь сөнөөгчийн хувьд хамгийн их тоо бөгөөд энэ дайны үеийн нийт онгоцнуудын дундаас зөвхөн Зөвлөлтийн ИЛ-2 л түүнээс олноор үйлдвэрлэгдсэн байдаг. Алив нисэх онгоцны сайн муу гэдэг талаар дуусашгүй маргааныг зогсоох хамгийн чухал баримт бол үйлдвэрлэсэн тоо гэдэг ойлголт бий. Энэ ойлголтоор бол Мессер нь яах аргагүй дэлхийн 2-р дайны хамгийн шилдэг сөнөөгч онгоц байх нь. Тэр ч бүү хэл энэ онгоцыг 30 жилийн турш үйлдвэрлэж байсан бөгөөд дайны дараа бүр Израйлийн зэвсэглэлд авч байжээ.

P.S

Мессершмитт-109-тэй холбоотой, онигоо, бодит явдлын аль нь мэдэгдэхгүй нэг инээдтэй яриа нисэх хүчин сонирхогчдын дунд явдаг, үүнийг сонирхуулья. Их Британийн шилдэг ас-ийн нэг Жонсон (хувийн 34, группын 7 ялалт) Лондон хотын охидын нэг элит сургуульд уригдаж агаарын тулалдааны тухай яриа хийсэн байна. Нисгэгч хүн болсон хойно тулалдаанаа ярьж байхдаа бараг л босч ирэн гараараа онгоцны маневрыг дууриан хөдөлгөж ярьж өгч.

-Би Мессерт тулж ирээд их бууныхаа нэг ээлжээр унагалаа. Тэгсэн араас хоёр дайсан дайрч байна шүү. Би ч элдэв маяг хийгээд зугтаж эхлэлээ. Тэгсэн факкерууд чинь салдаггүй араас яг л дагаад...

Энэ үед охидын сургуулийн багш яриаг нь тасалж,

-Охидоо факкер гэдэг нь Германы нэг сөнөөгч онгоцыг хэлж байгаа юм шүү. Тийм биз мистер Жонсон?

-Тийм нь тийм. Гэхдээ тэр факкерууд Мессер байсан л даа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 4 сар 6. 20:56
Зочин

hah bagsh bas fokeriig medej l bna shd.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]