Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1985-1989 оны Монголын “перестройка”Уншсан1,196

Ер нь бол зохиогчид нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхийг тавьсан эргэлтийн үе болох 1990 оныг үндэс болгон бүтээлээ туурвисан буй. Тэд 1990 оноос өмнөх Монголын түүхийг огт судлагдахуун болгож байгаагүй болохоор Зөвлөлтийн перестройкагийн үед Монгол Улсад гарсан томоохон өөрчлөлтүүд, нийгмийн өөрчлөлтийн уг хөдөлгөгч хүчийг ер анхааран авч үзээгүй юм. 1990 оноос хойших шилжилтийн үе шатуудыг буруугаар юмуу алдаа мадагтай тайлбарлах аюул чухам үүнд байгаа билээ. Тийм болохоор 1985-1989 оны үеийн түүхийн үйл явцыг илүү нарийвчлан судлах шалтаг шалтгаан хангалттай байна.

ХБНГУ-ын монголч эрдэмтэн, доктор профессор Удо Б.Баркманны нийтлэл

Монголын түүхчид 1990 оноос хойших өөрийн орны шилжилтийн үйл явцын талаар бага бичдэг. Нийгэм нь улс төрийн хувьд урьдын адил маш их туйлширч байна. Тийм болохоор уг сэдвийг үнэхээрийн хараат бусаар судлахад хэцүү, бүр тэгэх боломж ч үгүй байж мэднэ. Тэгэх аваас „талцсан хэрүүл маргаанд“ татагдан орох ч юм билүү. Тиймээс энэ сэдвээр гарсан цөөн хэдэн бүтээл нь хамгийн ерөнхий баримтуудаар хязгаарлагдсан, ихээхэн таамаглал маягаар бичигдсэн, мэдээж тун их намчирхсан байх ажээ. Ер нь бол зохиогчид нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхийг тавьсан эргэлтийн үе болох 1990 оныг үндэс болгон бүтээлээ туурвисан буй. Тэд 1990 оноос өмнөх Монголын түүхийг огт судлагдахуун болгож байгаагүй болохоор Зөвлөлтийн перестройкагийн үед Монгол Улсад гарсан томоохон өөрчлөлтүүд, нийгмийн өөрчлөлтийн уг хөдөлгөгч хүчийг ер анхааран авч үзээгүй юм. 1990 оноос хойших шилжилтийн үе шатуудыг буруугаар юмуу алдаа мадагтай тайлбарлах аюул чухам үүнд байгаа билээ. Тийм болохоор 1985-1989 оны үеийн түүхийн үйл явцыг илүү нарийвчлан судлах шалтаг шалтгаан хангалттай байна.

 

Зөвлөлтийн дагуул улс байх үеийнх нь Монголын түүх

 1960, 1970-аад онд Бүгд Найрамдах Монгол Ард улс (БНМАУ) ЗХУ-ын дагуул социалист улс болж хөгжсөн. Төр, улс төрийн тогтолцоо нь ердөө л ЗСБНХУ-ын бүтээн байгуулалтын туршлагыг Зөвлөлтийн Дундад Азиас нэвтрүүлж өөрчилсөн зөвлөлт загварын хуулбар байв. Нам, төрийн тэргүүн Ю. Цэдэнбал 1940 оноос тасралтгүй эрх барьсан нь Монголд улс төрийн тогтолцоо олон арван жил хөшиж царцсаны илрэл байв. Тэр хугацаанд тэрхүү хөшүүн царцанги байдал нь газарзүйн өвөрмөц байрлал бүхий тус улсыг туйлын их ганцаардахад хүргэсэн билээ. Москвагаас өгсөн зааврыг мөрдөж буй эсэхийг өндөр цалин хангамжтай Зөвлөлтийн олон зуун зөвлөх газар дээр нь хянаж байсан бол дангаар ноёрхогч Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын нутгийн удирдах ажилтнууд түүнийг хэрэгжүүлэх баталгааг бүрдүүлж байв. Марксист-ленинист үзэл сурталд гуйвалтгүй итгэж, ЗХУ-д үнэнч байх явдал карьер хөөх барьцаа нь болдгийг Зөвлөлтөд намын дээд сургууль төгссөн идэвх зүтгэлтэй монгол намын ажилтнууд мэдэж байсан юм.

 1960-аад оноос Бээжинтэй үзэл суртлын хувьд зөрчилдөх болсон Москва Монголыг Хятадын эсрэг батлан хамгаалах тэргүүн шугамаа болгож өргөтгөн бэхжүүлэв. Олон арван мянган цэрэг, хамгийн орчин үеийн зэвсгийн систем бүхий Зөвлөлтийн шилдэг анги нэгтгэлүүд 1967 оны нэгэн нууц гэрээний дагуу Хятадын хилээс холгүй байлдааны байнгын бэлэн байдалд байх болов.[1] КГБ болон ГРУ улс орныг хэрсэн сүлжээ бий болгож, Монголын аюулаас хамгаалах байгууллагад бүхэлд нь жинтэй нөлөө үзүүлэх болов. Монголын гадаад бодлого Брежневийн номлолын нөхцөл дор зөвхөн Москвагаас тогтоож өгсөн хүрээнд явагдах болжээ. Тиймээс Монголын гэхээсээ илүүтэй Зөвлөлтийн гадаад бодлогын нэг объект болж, тун ховор тохиолдолд л үндэснийхээ ашиг сонирхлыг баримталдаг байв.

 Монгол Улс 1962 онд Москвагийн чухалчлан хүссэний дагуу Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл (ЭЗХТЗ=Comecon)-ийн гишүүн анхны Азийн орон болж, дараагаас нь тус оронд аж үйлдвэржүүлэлтийн асар том хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Хотжилт, аж үйлдвэржүүлэлт зэрэг явагдсаны дүнд Дархан, Эрдэнэт гэсэн аж үйлдвэрийн хотууд, мөн харьцангуй цогцолбор дэд бүтэц бий болсон. Эдгээр хот хожим нийслэл Улаанбаатар хотын хамт „алтан гурвалжин“-г бүрдүүлж, стратегийн шалтгаанаар анхнаасаа дэд бүтцийн хувьд умард тийш ЗХУ-ыг чиглэх болсон Монголын эдийн засгийн ноён нуруу болсон билээ. 1979 оноос Монголын хүн амын 50 гаруй хувь нь төвлөрсөн хот суурин газрууд, юуны өмнө энэ „алтан гурвалжин“-нд амьдрахболжээ.

 МАХН намынхаа их хурлуудаас бэлчээрийн мал аж ахуй хэв шинжнь болсонулс орноо 1970-аад оны сүүл хүртэлх хугацаанд аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг дэвшүүлж байлаа. Гэвч энэ чиг шугамыг төлөвлөж, хэрэгжүүлэх ажил монголчуудын бус зөвлөлтийнхний гарт байсан юм. ЭЗХТЗ-ын хэмжээнд улс ардын аж ахуйн төлөвлөгөөнүүдийг уялдуулан зохицуулахад Москва дахь Улсын Төлөвлөгөөний Хороо гол зохицуулах үүргийг гүйцэтгэж байв. Тиймээс ч хоёр талын төлөвлөгөөг харилцан тохиролцох замаар Монголын эдийн засгийн хөгжлийн чиглэл, цар хэмжээ, хурдыг ч бас тодорхойлж байсан. ЗХУ болон ЭЗХТЗ-ийн санааг ойлгоход түвэггүй байв. Хүнс, цахилгаан, дулааны эрчим хүч, барилгын материалаар өөрийгөө хангаж, үндэснийхээ хөнгөн үйлдвэрт малын гаралтай түүхий эдийг боловсруулдаг болтол нь Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх хэрэгтэй байжээ. Уул уурхайн салбартаа нүүрс, зэс, алт, молибден, висмут, уран, жонш, цагаан тугалга, цайр, гянт болд, газрын тос зэргийг олборлож, зарим хүдрийг нутагтаа баяжуулан ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд, юуны өмнө ЗХУ-д гаргадаг болох хэрэгтэй байв.

 Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1975 онд 24.7 хувь болж, үндэсний орлогод эзлэх хувь нь анх удаа хөдөө аж ахуйнхаас давжээ. Монгол Улсын хөгжлийн өмнөх түвшинтэй харьцуулахад энэ нь тодорхой дэвшил байсан ч энэ маягаараа бол ердөө л ЗХУ болон ЭЗХТЗ-ийн түүхий эдийн хавсрага болж хувирах аюул бас байлаа. Тэртээ тэргүй Монгол Улс дэлхийн зах зээлд гараагүй байсан. Тэгэхийг нь Москва ч бас сонирхдоггүй байсан юм.

 

Эдийн засагт бий болсон чөтгөрийн тойрог

 ЗХУ 80 хувийг нь эзлэн давамгайлж байсан Монгол Улсын гадаад худалдааны хувьд эндээс ямар ч гарах гарцгүй чөтгөрийн тойрог үүсчээ. Монгол Улсын боловсруулаагүй түүхий эд хямд үнээр умард тийш урсаж байсан бол тус улс ЗХУ-аас юуны өмнө машин, тоног төхөөрөмж зэрэг үнэ өртөг ихтэй бүтээгдэхүүн, тэр бүү хэл зарим үед бүхэл бүтэн үйлдвэрийг импортолж байв. Үнэ өртөг ихтэй гэдэг нь Зөвлөлтийн тал бэлэн бүтээгдэхүүнийхээ үнийг зарим тохиолдолд дэлхийн зах зээлийн дундаж үнээс 30-40 хувь дээгүүр тогтоож байсныг хэлж байгаа юм.[2] Боловсруулаагүй түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнтэй жиших ч юм биш! Тиймээс Монголын худалдааны тэнцлийн алдагдал 1971-1980 онуудад жилд 15 орчим хувь болж байв. Энэ нь ихээхэн хүндрэлтэй асуудал болж байлаа. Юутай ч тэр үед аж үйлдвэржүүлэлт асар хурдтай явагдаж, хүн амын хэрэгцээ түргэн нэмэгдэж байсан нь импортод үлэмж их дарамт учруулах болсон байна.

 Хүн амын дундаж өсөлт 1963-1969 онд улсын хэмжээнд 2.8 хувь, 1969-1979 онд 2.9 хувь байв. Төвлөрсөн хот суурин газрууд, ялангуяа Улаанбаатар, Дархан хотуудад хүн амын өсөлт 4.2 болон 8.1 хувь болсон нь онцгой өндөр үзүүлэлт байв.[3] Монгол Улсын хүн ам 1963-1980 онд 1.017 саяас 1.639 сая болж өссөн байна. Хүн ам хурдан өссөн нь хот суурин газруудын нийгмийн дэд бүтэц (хүүхдийн ясли, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн систем)-эд их хэмжээний хөрөнгө оруулалтыг түргэн шуурхай хийх шаардлагыг бий болгов. Тиймээс намын удирдлага нийгмийн амлалтуудаа ч бас бодолцон нийгмийн байгууламж, үйлдвэрийн газруудыг аль болох олноор нь барих зэрэг улам бүр тоо хөөцөлдсөн зорилт тавих хандлагатай болжээ. Гэхдээ зураг төсөл, барилгын гүйцэтгэл, техник, технологийн тоноглолын асуудал зөвлөлтийнхний гарт бүрэн байсан. Тиймээс монголчуудын санаа, зөвлөлтийнхний бодолтой тэр бүр нийлж байсангүй, байсгээд л хоёр талын тохиролцоо хийх шаардлагатай болдог байв. Тус улсад 1970-аад оныг хүртэл сайтар сургаж бэлтгэсэн эдийн засагч бараг байхгүй байсан тул яагаад Монголын эдийн засагт энгийн болон өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах угтвар нөхцөл бүрдээгүй, хуримтлалын түвшин тэг заахдаа тулсан талаар бодож тунгаах хүн ч байсангүй.

 Монгол Улс эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ? Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй, улам бүр өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалтын урсгалыг таслахгүй байхад Зөвлөлтийн зөвлөхүүд санаа тавьж байв. Монголын өөрийн хэрэгцээний импортыг хүртэл Зөвлөлтийн барааны зээлээр санхүүжүүлж байсан юм. Өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг Зөвлөлтийн хөрөнгө оруулалт болон барааны зээл орлож байлаа. 1976-1980 онуудад ашигласан үндэсний орлогод Зөвлөлтийн санхүүжилтийн эзлэх хувь гэнэт 2.2 дахин нэмэгдсэн байна. Учир юунд байв? Монгол Улс, ЗСБНХУ-ын Засгийн газрууд таван жил тутамд тодорхойлдог дэлхийн зэх зээлийн дундаж үнийг баримжаалсан үнэ бүрдүүлэх шинэ механизм нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэгснээр импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд зэргийн дундаж үнэ 2.5 дахин нэмэгджээ.

Тиймээс Зөвлөлт Засгийн газар Монголын импортын барааны үнийн өсөлтөөс үүдсэн зөрүүг нэг удаа нөхөхөд зориулж 1976-1980 оны хугацааг хамруулан 300 сая рублийн буцалтгүй тусламжийг Монголд олгосон байна. Монгол Улсын Үнийн Хорооны оролдлогууд, жишээ нь дотоод зах зээлдээ үнийн шинэ бүтэц нэвтрүүлэх гэсэн нь Зөвлөлтийн зөвлөхүүдээс болж бүтэлгүйтжээ. Тэд Улсын Хороог бүр „намд дайсагнасан“, „Зөвлөлтийн эсрэг“ хандлага гаргалаа хэмээн буруушаажээ. Энэ толхилцооны улмаас Монголын намын удирдлага дахь „үзэл сурталчид“ болон юуны өмнө гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан „эдийн засагчид“ (Д.Содном, Д.Бямбасүрэн, П.Очирбат, П.Жасрай)-ын хооронд улс төрийн шийдвэр гаргах чиг шугамын талаар далдуур маргаан мэтгэлцээн гарах болж, тэр нь бүр хүч авах хандлагатай болов. Энэ толхилцоон нь хараахан эрх мэдэл, чиг шугамын төлөөх тэмцлийн шинжтэй болоогүй байсан ч бүр тэр үед МАХН-ын Улс Төрийн Товчоонд мэдрэгдэх болсон байна.

 Харин Зөвлөлтийн зээлийн бодлого ихээхэн уршиг тарьсан юм. Цаашдаа бүхий л хүндрэлтэй асуудлыг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн тусламжтай шийдүүлж байх гэсэн Монголын удирдлагын зарим хүний хүлээлтийг энэ бодлого улам лавшруулжээ. Улс төр, үзэл суртлынтаатай харьцаатай байгаа тохиолдолд зээлийг төрийн айлчлалын үеэр „ахын хишиг“ болгож бэлэглэдэг улс төрийн бодит туршлага ийм хүлээлт бий болоход ихээхэн дэм үзүүлсэн. Тэглээ ч гэсэн экспортын үзүүлэлтүүдийг нь түргэн шуурхай, дорвитой нэмэгдүүлэхийн тулд Монголын эдийн засагт ЭЗХТЗ-ийн үзүүлэх шахалт улам ихсэв. Энэ нь зарим салбарт мэдэгдэхүйц, бас гашуун үр дагаварыг авчирсан. Тийнхүү Монголоос нядалгааны малыг амьдаар нь Зөвлөлтийн Сибирьт улам олноор нь гаргахаас өөр аргагүй болсон байна. Гэтэл тус улс өөрөө нийслэл Улаанбаатар зэрэг хот суурин газруудаа махаар бүрэн хангаж чадахгүй шахам болсон байв. Хүн амын хүнс, өргөн хэрэглээний барааны хангамж, тэрчлэн бараа нийлүүлэлтийн зохих нэр төрөл, чанар, тоо хэмжээ ялангуяа 1980 оны зуны Москвагийн олимпиадын үеэр мэдэгдэхүйц буурсан. Тэр завсар нам, төрийн өндөр албан тушаалтан, Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулсан тусгай хангамжийн систем нь ч ихээхэн хомсдолд орж, уг хомсдолыг дараагийнх нь арван жилд ч арилгаж чадахгүй байсан билээ. Хангамж улам дордсон нь хүн амын дунд маргааан мэтгэлцээн, үймээн хөдөлгөөн гарахад хүргэсэн нь ойлгомжтой.

 

Зөвлөлтийн эдийн засгийн хямралыг дагалдан Монголд гарсан "Ордны үймээн“

Дээрх асуудлууд нь Монголын эдийн засгийн байдал гэхээсээ илүүтэй эдийн засгийнх нь гамшигт байдлын улмаас ЗХУ-д өөрт нь сүйрэл нүүрлэж эхэлсэнтэй холбоотой. Түүхий эдийн олборлолт, зэвсэглэлийн салбарт хэт чиглэсэн эдийн засгийнх нь системийн үр ашиггүй байдал, социалист орнуудад эдийн засгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэн нь, дэлхийн хэмжээнд улс төрийн нам, хөдөлгөөнүүдийг мөнгө хөрөнгөөр дэмжин тэтгэдэг байсан нь, Афганистаны дуусдаггүй дайн, Хятадтай байнга сөргөлдөж, олон арван жил Баруунтай зэвсгээр хөөцөлдсөн нь ЗХУ-ын материал, санхүүгийн нөөц бололцоог шавхан туйлдуулаад байсан юм.

 Улсыг Аюулаас Хамгаалах Хороо (КГБ)-ны даргаар ажиллаж байсан Юрий В.Андропов 1982 оны 11-р сарын 12-нд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээн авч ахуйдаа аль хэдийн хийх ёстой болчихоод байсан бодлогын өөрчлөлтийг Зөвлөлтийн дотоод, гадаад бодлогод ямаршуухан байдлаар хийх талаар тодорхой төсөөлөлтэй байсан. Өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй ч коммунист намын ноёрхол, улс төрийн системийг эргэлзээтэй байдалд оруулах ёсгүй байв. Түүний ойлголтоор юуны өмнө эхний шатанд улс төр, эдийн засгийн шаардлагагүй бүх тээг дарамтаасаа аль болох хурдан салах ёстой байв. Гадаад бодлогын хувьд эн тэргүүний зорилт нь коммунист Хятадтай харилцаагаа хэвийн болгох, зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалзах, өөрөөр хэлбэл зэвсэг хураах явдал байв.

ЗХУ Хятадтай зохицож чадвал Барууныхан өөртэй нь сөргөлдөх сөргөлдөөнд нэг гол хөзрөө алдахаар байв. Дүнд нь Зөвлөлт-Хятадын хилийн дагуу цэргийн намжмал байдал тогтоох боломжтой болж, тэгснээр санхүү, эдийн засгийн дарамт ч мэдэгдэхүйц хөнгөрөх талтай байлаа. Энэ хувилбар нь юуны өмнө Зөвлөлтийн цэргийг Монголд байлгах эсэх талаар бодож үзэхийг шаардаж байсан бөгөөд тэртээ тэргүй Хятад улс олон жилийн тэртээгээс Зөвлөлтийн цэргийг гаргах асуудлыг ЗХУ-тай харилцаагаа хэвийн болгох угтвар нөхцөлүүдийн нэг болгон тавих болсон байв. Гэвч Зөвлөлтийн цэргийн өндөр албан тушаалтнууд Андроповыг энэ алхмыг хийхээс сэрэмжлүүлж байв. Тэд цэргээ татах нь ЗХУ-ын хувьд стратегийн нэн ашигтай байршлаа алдсанаас өөрцгүй гэсэн аж. Монголын удирдлага ч гэсэн Зөвлөлтийн цэргийг татахыг төдийлөн дэмжихгүй байх шиг байжээ.

 Зүүний эвсэл дотроо хамгийн удаан алба хашсан нам, төрийн тэргүүн болох Ю.Цэдэнбал Монголын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн цэргийг байрлуулсныг Хятадын өмнөөс барих бамбай төдийгүй Зөвлөлтийн хөгжлийн тусламжийг үргэлжлүүлэх баталгаа гэж үзэж байв. Цэргээ татчих юм бол Москва Монголыг стратегийн хувьд сонирхохоо бүрмөсөн больж, өргөн хүрээтэй эдийн засгийн хөгжлийн тусламж үзүүлдгээ больчихож мэднэ хэмээн тэр болгоомжилж байлаа. Тэгэх аваас Монгол Улс гарах гарцгүй аюултай эдийн засгийн мухардалд орох нь эргэлзээгүй байсан. Тиймээс Цэдэнбал далдуур зарим Зөвлөлтийн цэргийнхнээр дэмжүүлэн саад хийх арга хэмжээ авхуулжээ. 1983 онд Засгийн газар нь тус оронд амьдарч байсан олон мянган хятад иргэдийг хөдөө орон нутагт албадан явуулах буюу шууд Хятадад хөөн гаргах арга хэмжээ авав. Намын хэвлэл холбогдох мэдэгдлүүдийг гарган энэ үйл явдлын талаар мэдээлж байлаа. Тэр бүү хэл Цэдэнбал 1983 оны 10-р сард Зөвлөлтийн нэгэн өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улс эцсийн бүлэгт бүхнийг ЗХУ-аас хуулбарлаж чадахгүй хэмээн ойлгогдохоор зүйл хэлжээ. Юутай ч нөхцөл нь өөр гэж. Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга хүний амнаас ийм үг гарсан нь алдас байсан, харин Москвад зарим хүнд энэ тайлбар танил юм шиг санагдсан байж болох юм. Юутай ч ЗХУ, Хятадын эвдрэлцээн иймэрхүү тайлбар тавьснаар эхэлсэн байдаг.

 Тэр зуур Улаанбаатар дахь КГБ-гийн байнгын төлөөлөгчдийн „улам бүр сонирхон“ ажиглах болсноор Монголын удирдлагын доторхи „үзэл сурталчид“ болон „эдийн засагчид“-ын хоорондох чиг шугамын төлөөх тэмцэл цаагуураа улам гүнзгийрч байх шиг байв. Тэр завсар КГБ „эдийн засагчид“-ад „тал өгөх“ болсон нь яалт ч үгүй сонин содон хэрэг байлаа. Харин Москва Монголын удирдлагын доторх зөрчилдөөний улмаас Бээжинтэй харилцаагаа хэвийн болгох асуудал дээр энэ завсар цаг алдах аргагүй болсон байлаа. Цаг хугацаа шавдуулж байв. Тиймээс Москвагийн төлөөлөгчид Монголын удирдлага дахь өөрсдийн итгэлт хүмүүстэй үгсэн хуйвалдаж, улмаар нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг 1984 оны 8-р сард „эрүүл мэндийн шалтгаанаар“, „өөрийнх нь зөвшөөрсний дагуу“ бүх үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Сүүлд нь Москвагийн хүрээнийхэн юуны өмнө өөрсдийнх нь жинхэнэ санааг цааш үргэлжид нуун далдалж байх учиртай хэд хэдэн шалтгааныг Цэдэнбалыг албан тушаалаас нь буулгах болсонтой холбогдуулан зохиосон буй. Цэдэнбалын орос эхнэр A.Филатова Монголын удирдлагын бодлогод далдуур хутгалдан оролцож асан хэмээх нь хамгийн их тавих дуртай тайлбар нь байсан. Тэр үнэхээр тэгдэг байсан, гэхдээ энэ оролцоо ашиг сонирхолд нь ашиг тусаа өгч буй цагт Москвад саад болдоггүй байсан юм.[4]

 „Эдийн засагчдын бүлэг“-т ашигтай өөрчлөн зохион байгуулалтыг Монголын намын удирдлагад шуурхай хийв. Цэдэнбалыг албан тушаалаас нь буулгамагц МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал 1984 оны 8-р сарын 23-ны өдөр Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ж.Батмөнхийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна. Тэрээр ажилдаа шуурхайлан оржээ. Зөвлөлтийн талын илэрхий санал болгосны дагуу тэр 9-р сарын эхээр Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдыг солиод 10-р сарын эхээр танилцах уулзалт хийхээр Москваг зорижээ. Москвад хийсэн хэлэлцээний үеэр Батмөнх Хятадын шаардсан Зөвлөлтийн цэргийн ангиудыг Монголоос гаргах асуудал нь Зөвлөлт-Хятадын хэлэлцээгээр яригдах зүйл байж таарахгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн юм. Ямар ч атугай тэдгээр цэргийн ангиуд нь дан ганц Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр БНМАУ-д байрлаж байгааг Батмөнх онцолжээ. Москва түүнийг нь анхааралдаа авсан, гэхдээ Монголын талын уг санааг ойлгосон байна. Зөвлөлт Засгийн газар Монгол Улстай „Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“ байгуулах болсноо мэдэгдэв. Тэгж өгөөш хаясан билээ.

 1984 оны 8-р сард Ардын Их Хурлаас төрийн тэргүүнээр бас томилогдсон угийн хянамгай, туйлын болгоомжтой Ж.Батмөнх Зөвлөлтийн зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр намын дотор ч, Засгийн газарт ч эрх мэдлээ бэхжүүлэх алхмыг бага багаар хийж эхлэв. Зарим алхмыг нь Зөвлөлтийн тал түүнд үзэгдэж харагдалгүй шахам дэмжлэг үзүүлэнгээ холоос урьдчилан харж хэдийнэ хийчихсэн байлаа.

 1984 оны 12-р сарын 11-нд хуралдсан МАХН-ын ТХ-ны IХ бүгд хурлаар Батмөнх эдийн засагч Д.Содномыг Улс Төрийн Товчооны жинхэнэ гишүүн болгожээ. Дараахан нь 1984 оны 12-р сарын 21-нд Ардын Их Хурлаас Д.Содномыг бас Сайд нарын Зөвлөлийн даргаар томилсон. Тийнхүү „эдийн засагчдын бүлэг“ төрийн хамгийн гол албан тушаалуудыг авсан юм.

 

"Эдийн засгийн бүлэг“ гарц хайсан нь

 Төлөвлөснөөс ч их хөрөнгө оруулсаар атал сүүлийн 4 жилд дуусаагүй томоохон барилга байгууламжийн тоо жил бүр ихээхэн нэмэгдэж ирснийг МАХН-ын ТХ-ны IХ бүгд хурал дээр хэлсэн үгэндээ Батмөнх хүлээв. Салбарын 4 яамны барилгын үйлдвэрүүдэд хөдөлмөрийн бүтээмж тэр байтугай 1980 оны түвшнээсээ ч буурсан байжээ. 1985 оны төлөвлөгөөг биелүүлэх талаас нь харвал Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны системийн үйлдвэрүүдэд ноцтой хүндрэл үүсэх төлөвтэй байв. Батмөнхийн хэлсэн үгийг намын „Үнэн“ сонинд хэвлэснийг хэн ч уншиж болохоор байлаа. Олон нийт гайхширсан нь лав, магадгүй бүр цочирдсон ч байх. Юутай ч намын удирдлага эдийн засгийн ноцтой асуудлууд үүсээд байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Ийм хүндрэлтэй асуудлуудыг иргэд өдөр бүхэн тулгардгийн улмаас мэддэг ч намын удирдлага төрийн нууц мэт үзэж иржээ. Удирдлагын тооцоо ойлгомжтой байв. Хангамжийн хүндрэлтэй асуудлуудыг иргэд ойлгоосой, асуудлыг шийдвэрлэхэд хүлээцтэй хандаасай гэж хүссэн хэрэг. Гэхдээ үнэхээр бүхнийг хяналтандаа байлгаж чадахгүй байгаагаа хүлээхээс өөр аргагүй байв. Намын хэмжээлшгүй эрх мэдэл суларч эхэлсэн хэрэг үү?

 МАХН-ын удирдлага 1985 оны 6-р сарын 18-нд хуралдсан ТХ-ны Х бүгд хурлаар „БНМАУ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ”[5]-г баталжээ. Энэ программыг үндсэндээ ЗХУ-д зориулж ЗХУКН-ын 1982 оны 5-р сард баталсан „Хүнсний программ“-ыг баримтлан гаргасан. Уг программ төрөөс хүнсний хамгамжийг сайжруулах иж бүрэн арга хэмжээ авах гэжбайгааг хүн амд ухуулан сурталчилсан шинжтэй байв. Харин социалист Монгол Улсад анх удаа „зохих заавар журмындагуу боломжоороо туслах болон амины аж ахуй хөгжүүлэн“, „хууль тогтоомжид зөвшөөрсөн хэмжээгээр“ амины мал маллаж үржүүлэхэд нь иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр заасан нь программын нэг онцлог байв. Хэтдээ хүн амын хэрэгцээт махны 35 хувь, сүүний 40 хувийг амины аж ахуйд үйлдвэрлэхээр болжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүхэлдээ хэр тааруу байсныг зөвхөн эдгээр тоо тодорхой харуулна. Гэвч нам тийм зүрх зориг гаргасандаа удалгүй айж, арай хожуу амины малын тоонд дахиад хязгаар тогтоосон байна.[6]

 1985 оны 3-р сарын 10-нд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга K. У. Черненко нас б а р ж э э. ЗХУКН-ын ТХ-ны ээлжит бус бүгд хурлаас 1985 оны 3-р сарын 12-нд M.С.Горбачевийг ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов. K.У.Черненкогийн оршуулгын ажилд оролцохоор Москвад очсон Ж.Батмөнхийн хувьд Горбачев 1981 оноос хойш танил биш байгаагүй. Горбачев тэр үед Улаанбаатарт ЗХУКН-ыг төлөөлөн МАХН-ын XVIII их хуралд оролцож байжээ.[7] Черненког оршуулах ёслолын ажиллагаанд оролцохоор Москвад хүрэлцэн очсон социалист орнуудын нам, төрийн тэргүүнүүдийн цомхон хүрээнд Горбачев „холбоотнуудынхаа дотоод хэрэгт байнга хутгалдан оролцож“ ирсэн дадал зуршлаасаа ЗХУ салах гэж байгааг илэрхийлсэн байна. Шулуухан хэлэхэд Горбачевийн үг социалист орнууд өөрсдийн хөгжлийг өөрснөө илүү хариуцах ёстой гэсэн утгатай байв.

 Монгол Улс ЗХУ болон ЭЗХТЗ-ийн эдийн засгийн тусламжаас бараг 100 хувь хараат байсан тул Горбачевийн мэдэгдэл Монголын удирдлагад үнэхээрийн сэтгэл түгшим сонсогджээ. Зөвлөлтийн зээл олдохоо больж мэднэ гээд төсөөлөх төдий нь л Монголын удирдлагыг үлэмж дарамтад оруулж байв. Тэд ямар нэг юм хийх хэрэгтэй болж, хоёр чиглэлээр ажиллаж эхлэв: 1.Нэгэнт зарласан хоёр талын хамтын ажиллагааны урт хугацааны программыг аль болох даруй байгуулахаар ЗХУ-ыг шавдуулах болов. 2.ЭЗХТЗ-ийн бусад гишүүн оронтой эдийн засгийн салбарт илүү нягт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болж, чингэхдээ „харилцан ашигтай байх“ талыг нь улам онцлох болов. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын нам, төрийн тэргүүнүүд Монгол Улсад байн байн төрийн айлчлал хийж эхэлсэн агаад айлчлал нь зохих гэрээнүүдийг байгуулснаар өндөрлөдөг болов. 1984 онд Москвад ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан „2000 оныг хүртэлх шинжлэх ухаан-техникийн дэвшлийн цогцолбор программ“ нь ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөтгөхөд түлхэц өгсөн билээ.

 

Дотоодын хүндрэл бэрхшээл

 Гадаад, дотоод бодлого нягт уялдаа холбоотой болох нь МАХН-ын удирдлагад тодорхой байсан. Тэд намынхаа аппаратын ажлыг чангатгав. Тэр үед үнэхээрийн хувьсгалч нөлөө үзүүлсэн социологийн судалгааны аргыг байн байн ашиглаж улс орныхоо дотоод байдалд дүн шинжилгээ хийлгэх болов. „Сахилга батыг чангатгах“, „Хариуцлагыг дээшлүүлэх“, „Дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах“ зэрэг үгийг хаа сайгүй сонсож, уншиж болох байлаа. Нөлөө бүхий Намын Хянан Шалгах Хорооны дарга Б.Дэжидийн „Намын амьдрал“ сэтгүүлд нийтлүүлсэн нэг өгүүллээс олон нийт 1981 оноос хойш намын шийтгэл хүлээсэн намын гишүүдийн 30 хувь нь намаас хөөгдсөн болохыг мэдэж авчээ. Дэжид юуны өмнө „социалист өмчийн хул гай“ (төрийн өмчийг хэлжээ), албан тушаалаа урвуулан ашиглах, зали лан, сог тууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх (мөн ажлын байрандаа) зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийн тухай ч бас мэдээлсэн байна.

Гэмт хэрэг зөвхөн Улаанбаатарт л гэхэд 1984 онд 8.7 хувиар өссөн байв. 1986-1987 онуудад улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40 хувь нь Улаанбаатарт гарсан байжээ.[8]

Бүх гэмт хэргийн 24.8 хувь нь согту уруулах ундааны нөлөөгөөр үйлдэгдсэн байв. Юуны өмнө 36 хүртэлх насны залуучуудын дунд гэмт хэрэг нэмэгдсэн нь намын удирдлагыг түгшээсэн агаад тэд юутай ч хүн амын бараг 80 хувь (16 хүртэлх насныхан 45 хувь) болж байсан. Дэжид ресторанаар үйлчлүүлэгчдийн 76.8 хувь нь 16-25 насныхан байсныг судалгаагаар тогтоосныг анхааруулжээ. Нам ресторанаар үйлчлүүлэгчдийн дунд хүртэл статистикийн судалгаа хийлгэж байсныг олж мэдээд уншигчид жаахан гайхсан л байх. Гэхдээ тэндээс өөр нэг зүйл илэрч харагдсан байна. Намаас энэ чухал насны бүлгийнхэнд тавих хяналт алдагдаж мэдэхээр болсон байжээ. Тэглээ ч нам эдгээр хүндрэлтэй асуудлыг нийтэд ил болгосныг анзаарахгүй байх аргагүй байв. Намын хэвлэл „А р х и ажил, амьдралын дайсан“ уриан дор согтуу руулах ундаа хэтрүүлэн хэрэглэх асуудалд ч мөн анхаарлаа илүүтэй хандуулах болов.

 Хөдөөнөөс хотод шилжих нүүдэл, Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэн нь шийдвэрлэхэд бэрхтэй асуудал болжээ. Улаанбаатарт шилжин суурьшихад ердийн тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Гэтэл 1984-1985 онуудад 13000 хүн нууцаар Улаанбаатарт ирсэн байв. Албан байгууллагууд тэднээс 6000-ыг нь нутагт нь буцаасан боловч удалгүй тэд дахиад л нийслэлд ирчихсэн байжээ. Юуны өмнө залуу хүмүүс хөдөөний амьдралыг ердөө л тэвчихээ больсон байв. Цааш сурч боловсрох боломжгүй, соёлын төв цөөтэй, хоршооллын журмаар зохион байгуулагдсан нүүдлийн мал аж ахуйгаас өөр эрхлэх ажилгүй шахам, дэд бүтэц сул хөгжсөн Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймаг зэрэг хөдөө орон нутгаас тэд ирж байлаа. Тэд байран суурин амьдарч, сургууль, дээд сургуульд суралцаж, хүссэн соёлын арга хэмжээндээ оролцож, шаардлагатай үедээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байхыг хүсч байв. Тэр тусмаа Улаанбаатар хот хөдөөгийн залуучуудыг соронзон мэт татаж байсан нь ойлгомжтой.

Нийслэлийн дэд бүтцийн ачаалал хэтэрч, байдал тасралтгүй дордох болсон нь энэ бүхний үр дагавар байсан. Гэхдээ тэр хүмүүс албан ёсоор оршин суудаггүй болохоор ажил ч, орон сууц ч олж чаддаггүй байсан нь жинхэнэ хүндрэл болж байв. Энэ нь тэднийг бүр анхнаасаа хууль журамтай тэрсэлдэхээс зайлсхийх аргагүй байдаг нийгмийн эргэлзээтэй бүсэд түлхэн оруулж байсан юм. Сүүдрийн эдийн засаг бий болж, Улаанбаатар хот нийгмийн тулгамдсан асуудлуудын зангилаа цэг болов. Нийслэл хотод бий болсон энэ чанарын хувьд шинэ хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг аюулаас хамгаалах байгууллага урьдын адил хааж хязгаарлах арга хэмжээ авах замаар л сааруулж байв.

 Дээр нь бас хөдөө аж ахуйн нэгдлийн малчны ажил залуучуудын сонирхлыг татахаа улам болиод байгааг социологийн санал асуулгууд намын удирдлагад баталж өгчээ. Тэд байран суурин амьдрал, зөвхөн хот, тэр дундаа Улаанбаатар хотын л олгож чадах боломжуудад өөрсдийн ирээдүйг байна гэж харж байв. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүнийг мал аж ахуйд л үйлдвэрлэдэг болохоор ийм хандлага тус орны хувьд аюултай байлаа. Залуучуудын өмнө тулгарсан асуудлууд хүн амын хүнсний хамгамжид ч, малын гаралтай түүхий эд боловсруулдаг хөнгөн үйлдвэрийн экспортод ч хүрч мэдрэгдэж байсан юм. Гэвч аль нь ч ганц шөнийн дотор шийдчихээр асуудал биш байв.

 

Гадаад бодлогын орчинд тодорсон гэрэл

 Улс орны эдийн засгийн хөгжлийн аюулгүй байдлын гадаад баталгааг бий болгоход илүүтэй анхаарах ёстой болсныг удирдлага хэдийн ойлгожээ. Гэвч тэр үед тус улс өөрийн хүчээр тийм баталгааг бий болгож чадахааргүй байлаа. Тийм ч учраас төрийн тэргүүн Ж.Батмөнхийг Москвад албан ёсны айлчлал хийх үеэрээ 1985 оны 8-р сарын 29-ний өдөр M.С.Горбачевтай „Эдийн засгийн хамтын ажиллагааны урт хугацааны программ“-д гарын үсэг зурахад удирдлагын сэтгэл амсхийн уужирсан буй заа. Дараа нь 1986 оны 1-р сард Засгийн газар хоорондын холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, Монгол Улсын эдийн засгийг цааш хөгжүүлэхэд зориулж тэр үед төсөөлөхийн ч аргагүй их мөнгө болох 2.03 тэрбум шилжих рублийг олгохоор болсон байна.

Арай хожуу 1986 оны 1-р сард Зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд Э.Шевардназе Монгол Улсад албан ёсны айлчлал хийжээ. Уг айлчлал хоёр талаар ихээхэн ач холбогдолтой байв. Шевардназе мэдэгдэхдээ 1.Нөхцөл байдалд өөрчлөгдсөн ч Монгол Улсын өмнө хүлээсэн цэргийн холбоотны үүргээ ЗСБНХУ биелүүлэх болно, 2.БНМАУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох нь „ЗСБНХУ, Монгол Улсын нийтлэг эрх ашиг“-т нийцнэ гэжээ. 2 дахь тохиролцоо нь АНУ зэрэг оронтой харилцаа аяндаа сайжирчихна гэсэн үг хараахан биш байсан. Монгол Улсын гадаад бодлого, гадаад эдийн засгийн боломж хязгаарлагдмал хэвээр байлаа. Тэр цаг үеийг хүртэл гадаад бодлогоо өөрийн үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэхэд нь Монголд саад болж байсан улс нь ЗСБНХУ байсан билээ. Ингээд Москва уг санаагаа орхижээ. Энэ нь Улаанбаатарын хувьд өөрөө өөрийнхөө төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой боллоо гэсэн үг байв.

 

Перестройкагийн салхи

 Монголын эдийн засаг сүүлчийн жилүүддээ юуны өмнө аж үйлдвэрийн салбарт улам цогцолбор шинжтэй болж хөгжсөн юм. Асуудлын цар хэмжээ үлэмж их байв. Ямар ч атугай хүмүүс энэ хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй болсон. Түүхэн богино хугацаанд асар их техник, технологийн шилжилт явагдаж, түүнийг газар дээр нь угсралт төдийгүй үйлдвэр, засвар, үйлчилгээ, өргөтгөл, дэд бүтцийн сүлжээнд ч ухааран ойлгож, боловсруулж, бодит амьдрал дээр шийдвэрлэн, эзэмших ёстой болжээ. Харин эдийн засгийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт ердөө л хоцрогдож, эдийн засгийн бодит байдалтай зөрчилдөх болсноор энэ үйл явц саарахад хүрсэн юм. Нам эдийн засагт өрнөсөн энэ үйл явцыг урьдын адил төлөвлөгөөт эдийн засгийн аргаар залж чиглүүлэхийг оролдов. Гэхдээ заавал тэгж залж чиглүүлэх ёстой ч байсан юм биш, ажилтнууд нь л яаж илүү дээр хийхээ мэдэхгүй байсан хэрэг. Тэд системийнхээ бүтээгдэхүүн байсан. Юутай ч МАХН-ын эдийн засгийн бодлого нааштай үр дүнд хүрээгүй.

 Тийм болохоор 1986 оны 5-р сарын 28-нд хуралдсан МАХН-ын XIX их хуралд ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн тавьсан илтгэлд эдийн засгийн ололт амжилтыг дэлгэрэнгүй дурьдсан ч эдийн засагтай холбоотой хэсэг нь тааруухан болжээ. Зөвхөн „Таван жилийн төлөвлөгөө биелүүлээгүй салбар, нэгж, хэсэг цөөнгүй байна. Үүний улмаас улс ардын аж ахуйн зарим хэсэгт баланс алдагдаж, ард түмний хэрэгцээ зарим зүйлээр дутуу хангагдаж байна" гэсэн дүгнэлт нь л гэхэд туйлын эгзэгтэй санааг агуулж байв.[9]

Үндэслэлийг нь тэр үед хэвшил болоод байсан эдийн засгийн нэр томъёогоор коодлон тайлбарласан буй. Түүний хэлснийг тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн бүтэц дээр авч үзвэл юутай ч эдийн засгийн чиг хандлага бүхий салбарын нийт 7 яамны 6-гийнх нь үйлдвэрийн газруудад ихээхэн хүндрэл учраад байжээ.

Намын их хурлаас тодорхойлсон дараагийн 5 жилд эдийн засгийг хөгжүүлэх хэтийн төлөв нь „социалист аж үйлдвэржүүлэлтийг гүнзгийрүүлэх“, аажмаар аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох, „нэн үр ашигтай материал-техникийн цогцолбор бүхий социализмын бааз“-ыг байгуулахад чиглэж байв. Энэхүү хэтийн төлөвийг хэрэгжүүлэх баталгаа нь өмнө дурьдсан Зөвлөлт-Монголын „эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“ болох ёстой байв. Нам хуучин үзэл баримтлалаа баримталсан хэвээр байсан авч тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалт, үндсэн фондын үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, тэрчлэн материал хэмнэх замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байв. Ийн шийдэх гэсэн нь буруу байгаагүй ч Монголын улс төр, эдийн засгийн тогтолцооны тухайн тэр нөхцөлд биелэгдэх аргагүй байсан юм.

 Тэр завсар МАХН-ын XIX их хурлаас Төв Хорооны бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулсныг олон нийт төдийлөн анзаарсангүй. Шинэ гишүүдийн зөвхөн 62 хувь, шинэ орлогч гишүүдийн зөвхөн 15 хувь нь өмнөх Төв Хорооны бүрэлдэхүүнд байсан. Он удаан жил ТХ-ны гишүүн байдаг цаг ард хоцорчээ. Намын их хурлын дараа 1986 оны 6-р сарын 22-нд болсон БНМАУ-ын парламент болох Ардын Их Хурлын сонгуулийн үеэр ч мөн иймэрхүү явдал болсон байна. Урьдын адил бүртгэлтэй сонгогчдын 99,99 хувь нь сонгуульд оролцож, МАХН болон „Нам бусчуудын холбоо“-ны нэр дэвшигчдэд 99,99 хувийн санал өгсөн хэдий ч шинээр сонгогдсон депутатуудын 69.2 хувь нь урьд өмнө парламентын мандат огт авч үзээгүй хүмүүс байв.[10] Сонгуулийн дараа бүрэлдсэн Засгийн газарт ч боловсон хүчний томоохон өөрчлөлт орсон. 20 сайдын 18 нь шинээр уг албыг хаших болж, зөвхөн Улсын Хороодын дарга нар л албан тушаалдаа үлджээ. Намын удирдлага яах аргагүй эрх мэдлийн пирамидийн томоохон сегментүүдэд боловсон хүчний шинэчлэлт хийх арга хэмжээ авсан, харин яам, улсын хороодын дунд түвшинд хийсэн боловсон хүчний өөрчлөлтийг өнөөдөр мэдэх аргагүй. Шинээр томилогдсон төрийн алба хаагчдын намтраас их төлөв илүү сайн боловсрол эзэмшсэн, улс төрийн хувьд аядуу шинэ үеийнхэн төрийн өндөр албан тушаалд түрэн гарч ирсэн нь харагдаж байсан.

 Гэхдээ боловсон хүчний хувьд гараагаа шинээр эхлэхэд бодлогынхоо гол гол агуулгыг шинээр тодорхойлох явдал бас хамаатай болохыг МАХН-ын удирдлага удалгүй ойлгожээ. Гэтэл гол хүндрэлтэй асуудал нь чухам энэ байв. Урьд нь стратегийн аливаа шийдвэр гаргахад Зөвлөлтийн тал ямагт бэлтгэл ажлыг нь тэднээс „өөртөө авдаг“ байв. Одоо харин тэд өөрөө өөрсдийгөө мэдэх ёстой болжээ. Намын удирдлага, түүний аппарат нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийж, түүнээс улс төрийн зөв дүгнэлт гаргаж ер сураагүй байв. Ийн үзвээс тэд урьдынх нь практикт хамаагүй ч гэсэн дахиад л Зөвлөлтийн талын шахалтаар ажиллах шаардлагатай болсон нь хачирхалтай.

 Яаж энэ байдалд хүрэв? МАХН ЗХУКН-ын бүх гол илтгэл, баримт бичгийн монгол орчуулгыг бүрэн эхээр нь төв хэвлэлдээ нийтлүүлж заншсан байв. Тэр үеийг хүртэл монголчууд ийм өгүүллүүдийг бараг уншдаггүй байж. Харин Зөвлөлтийн перестройка эхэлснээр тэдний юм унших хандлага өөрчлөгджээ. Өмнө нь захиалсан ч хүмүүсийн бараг уншдаггүй байсан намын „Үнэн“ сониныг хэвлэх тоо хэмжээг гэнэт нэмэгдүүлэхээс өөр аргагүй болов. Хүмүүс Горбачевийн хэлсэн үгийг уншихаар барахгүй бүр „залгиж“ байв. Тэд уншсан зүйлийнхээ талаар бас хэлэлцэж, намдаа шууд ил цагаан биш ч таа муутай асуултууд тавих болжээ. Улс Төрийн Товчоон дахь 3 бүлэг хүртэл хоорондоо улам ширүүн маргаж мэтгэлцэх болсон агаад санал бодол зөрөлдөхөд нь ч, шийдвэр гаргахад нь ч „эдийн засагчдын бүлэг“ нь яаж давамгайлахаа мэддэг байв.

Уг бүлэг юуны өмнө эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон шинэ үзэл баримтлал, бүлэглэл хооронд улс төрийн зөвшилцөл бий болгох боломжийг эрэлхийлж эхэлжээ. Урьд нь Улс Төрийн Товчоо бүхий л шийдвэрээ Москваг харгалзан, үзэл суртлын нөхцөл байдалд тохируулан гаргадаг байсан. Тэгвэл одоо удирдлагын дотор ухаалаг бодлоготой, прагматик арга барилыг бараг мэдэгдэхгүй шахам илүүд үзэх болов. Үүний ард явж явж Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд A.Жамсранжав далдуур эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж хэн ч урьд нь санахгүй байсан биз ээ. Жамсранжавыг Зөвлөлтийн перестройкаг эрс шийдэмгий хамгаалагч гэж үздэг байсан, энэ нь Монголд тиймэрхүү бодлого явуулбал ирэх хугацааанд ЗХУ-д тодорхой хэмжээгээр ойртох баталгаа болно гэснийх байж мэдэх юм. Урьд өмнө нь улс орны дотоодод хэрэгжүүлж ирсэн нухчин дарах арга ажиллагаанаасаа яам нь улам зай барих болжээ. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам „цаасан бар“ болов.

  

Гадаад бодлогод гарсан үндсэн өөчлөлт, сэргэлт

 Москвад 1986 оны 5-р сарын 28-ндболсон Гадаад явдлын яамны нэгэн зөвлөлгөөний үеэр M.С.Горбачев социалист орнуудад байнга нөлөөлж ирсэн Брежневийн номлолоос ЗХУ-ын гадаад бодлого бүрмөсөн салсныг нотолсон билээ. Тэрээр: „Бид Зүүн Европын орнуудтай тогтоосон харилцаандаа олон юмыг өөрчлөх ёстой, юуны өмнө жижиг сажиг асуудлаар зааж зааварлаж, их төлөв ажлаа мэдэхгүйгээр хэрэгт нь байнга хутгалдан оролцдогоо болих хэрэгтэй.“[11] гэжээ. Горбачев хоосон мэдэгдэл хийгээгүй, бас ЗХУ, Хятадын харилцааг хэвийн болгох ажлыг эрчтэй урагшлуулахаар хатуу шийдсэнийг Монголын удирдлага тодорхой ойлгожээ. Горбачев 1986 оны 7-р сарын 28-нд Владивостокт үндсэн зарчмын чанартай үг хэлж, түүндээ: „Одоогоор (…) Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагатай Зөвлөлтийн цэргийн нэлээд хэсгийг Монголоос гаргах талаар зөвлөлдөж байна.“[12]хэмээн мэдэгдсэн байна. Тэр мөн ЗХУ „Бүгд Найрамдах Монгол Ард Улстай найрамдал нөхөрлөлөө … бүх талаар бэхжүүлж, олон талт харилцаагаа“ „идэвхжүүлэх“ болно гэжээ.[13]Далдуур энэ асуудлаар Монгол-Зөвлөлтийн хэлэлцээ хэдийн явагдаад эхэлчихсэн байлаа. Ингээд 1987 оны 1-р сарын 15-нд ЗХУ-ын Батлан хамгаалах яам 1987 оны 6-р сарыг хүртэл Монголоос нэг дивизийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, мөн хэд хэдэн тусгай ангийг гаргах болсноо мэдэгдсэн юм.

 Монгол Улс, АНУ-ын хооронд албан ёсны харилцаа тогтоох хэлэлцээ мөн л туйлын хянуур болгоомжтой явагдаж байв. 1986 оны 10-р сарын 25-нд л дөнгөж АНУ, Японы хэвлэлээр ер нь ийм хэлэлцээ явагдаж эхэлснийг мэдээлсэн байна. Харин Монголын хэвлэл чимээгүй л байв. 1987 оны 1-р сарын 27-нд л тэр өдрөөс эхлэн хоёр тал дипломат харилцаа тогтоосон тухай мэдээлжээ. Тэр зуур Гадаад явдлын яамны 1-р орлогч сайд Д.Ёндонг тойрон хүрээлсэн нэр хүндтэй цөөн хэдэн хүнээс бүрдсэн нэгэн дугуйлангийнхан АНУ Монголын хувьд ядаж Хятадтай харилцахад нь тодорхой хэмжээгээр хамгаалагч гүрний үүргийг хэзээ нэг цагт хэрхэн хүлээж болох талаар хэлэлцэж байв. АНУ ч гэсэн Монгол Улстай дипломат харилцаа тогтоохдоо стратегийн талыг нь харсан билээ. АНУ-ын Төрийн Департаментад стратегийн байр байдал, Орос, Хятадын дундах нэн тохиромжтой „тагнаж чагнах харуул“ байж болох Монгол Улсын талаар ярилцсан. Соёлын мөн чанараараа тун их ижил, тусгаар тогтнолоо бүрэн сэргээх Монгол Улсын эрмэлзэл зэрэг нь Орос, Хятадад амьдардаг монгол угсаатнуудын хувьд ч бас нэн сонирхолтой стратегийн хувилбарууд байгааг харуулж байв. Юутай ч зөвлөлтийнхнийг гарахаар Монголд стратегийн хэдий хэрийн хоосон орон зай бий болж, түүнийг өөрөө хэрхэн нөхөж болох вэ гэдэг талаас нь АНУ машид сонирхон ажиглаж байсан юм.

 АНУ-тай харилцаа тогтоосон нь Монгол Улсыг гадаад бодлогын хувьд ихэд сэргээлээ гэсэн сэтгэгдэл тэр үед улс төрийн ажиглагчдад төрж байлаа. Өөртөө итгэх итгэл нь үзтэл нэмэгджээ. Юутай ч 100 улстай дипломат харилцаатай болсон байв. M.С.Горбачевийн эрч хүчтэй дипломат давшилтууд Монголд хүчтэй түлхэц өгч, боломж олгосныг жишээ нь 1987 оны 2-р сарын эхээр гадаад харилцааны сайд M.Дүгэрсүрэнгийн Москвад хийсэн албан ёсны айлчлал харуулсан. Монгол Улс Горбачевийн гадаад бодлого, юуны өмнө зэвсэг хураах санаачлагыг дэмжиж, тийм байдлаар Ази, Номхон далайн бүс нутагт дипломат идэвх санаачлага гарган ажиллах орон зайг өөртөө бий болгов. Зарим Гуравдагчид Монголыг улс болохынх хувьд анх удаа буюу арай илүү анзаарах болсон нь нэг чухал ололт байлаа. Энэ нь тухайлбал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хавьер Перес де Куэльярыг 1987 оны 5-р сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхэд тодорхой харагдсан бөгөөд уг айлчлалын үеэр хоёр тал олон улсын асуудлаар ижил буюу ижил төстэй байр суурь баримталж байгаагаа илэрхийлсэн буй. Төрийн тэргүүн Ж.Батмөнх Монгол Улс НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг де Куэльярт илэрхийлжээ. Энэ нь зүгээр нэг ёсорхож хэлсэн үг бишбайсныг цаг хугацаа дараа нь харуулсан билээ.

 ЗХУ 1987 оны 6-р сарын сүүлчээр Монголоос цэргээ гаргах ажиллагааны эхний үе шатыг дуусгав. Хятад нэг их хүлээлгэсэнгүй хариу барив. Бүр 6-р сард Хятадын Үндэсний Ардын Их Хурлын өндөр хэмжээний төлөөлөгчид Монгол Улсад „албан ёсны найрсаг айлчлал“ хийжээ. Төрийн тэргүүн Ж. Батмөнх төлөөлөгчидтэй ярилцахдаа Хятад улстай „найрсаг харилцаа“-гаа сэргээн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ нь хоёр орны ард түмнүүдийн эрх ашигт нийцнэ хэмээжээ. Ийнхүү Монгол-Хятадын харилцааг хэвийн болгох дохиог хоёр талаасаа өгчээ. Харилцааг жинхэнэ хэвийн болгох явдал зөвхөн цаг хугацааны асуудал болсон байлаа.

 Ингээд Монгол Улсын гадаад бодлого Азийн энх тайван, аюулгүй байдалд улам идэвхтэй чиглэх болов. Улаанбаатар хотод 1987 оны 6-р сард Олон улсын залуучууд, оюутны Ази-Номхон далайн чуулга уулзалт, 1987 оны 7-р сарын эхээр Ази-Номхон далайн бүс нутгийн Коммунист, ажилчны намуудын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт болов. Эдгээр уулзалт нь хоёулаа Зөвлөлтийн зэвсэг хураах санаачлагыг хэлэлцэхэд юун түрүүнд чиглэж байсан, гэхдээ Монгол Улсын нэр хүндийг ч бас дээшлүүлсэн юм. Монголын удирдлага Афганистаны ерөнхий сайд, Этиопийн ерөнхийлөгчнарыг 1987 онд Монгол Улсад айлчлахад ч бас тийм санаа зорилготой байсан. Тэр завсар гадаад харилцааны сайд M.Дүгэрсүрэн Япон, Австрали улсуудад анхны айлчлалаа хийв. Тэнд болсон уулзалтууд дээр тэрбээр нэг талаас Горбачевийн санаачлагыг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлж, нөгөө талаас Монгол Улсын эрх ашгийг ч бас хөндөн ярьж байв. Энэ мэтээр Монгол Улс тэр үед Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө улам их хүчин чармайлт тавих болж, улмаар олон улсын тавцанд бие даан үйл ажиллагаа явуулж сурсан билээ. Түүний зэрэгцээ үндэсний залуу улсуудын дунд, мөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэр хүндтэй байр суурь эзлэхийг чармайж байв. Брежневийн номлол хэрэгжиж байсан урьдын нөхцөлд ийм эрх чөлөөг хэрхэвч эдэлж чадахгүй байсан.

 

Дотооддоо улам ил тод нээлттэй болсон нь

 Зөвлөлтийн перестройкагийн нөлөөн дор нийгмийн дотоод уур амьсгал ч аажмаар өөрчлөгдөж эхэлжээ. Энэ нь 1988 оноос намын төв хэвлэлд хамгийнтодтомруунаар илэрлээ олсон юм. Тэр үеийг хүртэл хооронд нь сольж болохуйц, маш их үзэл сурталжсан үг хэрэглэж хэвшсэн, хэв маягийг нь ёстой л хэв маяггүй гээд хэлчихэж болохоор хэлээр өгүүллүүдийг бичдэг байв. Тэгтэл зарим өгүүллийг үлэмж амьд, ард түмэндойр, урьдыг бодвол хамаагүй үгийн баялаг ихтэй хэлээр бичих болов. Үзэгчид ч үүнийг анзаарчээ. Намын „Үнэн“ сонин 1988 оны 1-р сараас тэргүүн нүүрэндээ „Манай шуудан“ гарчгийн дор уншигчдын захидлыг нийтэлж эхлэв. Энэ нь санамсаргүй явдал байгаагүй нь лав, намын удирдлагын түвшинд шийдсэн асуудал байх магадлалтай. Удирдлага нийгэмд хурж хуримтлах болсон дарамтыг нухацтай авч үзэж, багасгах арга зам хайж байлаа.

 Уншигчид захидалдаа өдөр тутмын амьдралынхаа санаа зовоосон асуудлууд, байгаль орчныг хамгаалах, амьдрал, мал аж ахуй, дотоод худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар бичиж байв. Соёлын асуудлаар бичсэн захидлуудыг нийтлэх болсон нь далд санаа агуулаагүй ч хэрэг биш бололтой байсан. Юутай ч тэдгээр захидалд „залуу хүмүүсийн оюуны хэрэгцээ“-г харгалзан хуучин монгол бичгийг дахин сургах, өөрсдийн хэлэнд орос хэлнээс орж ирсэн үгнүүдийг монгол үгээр орлуулах, жишээ нь гэрлэхдээ хар, цагаан хувцас өмсдөг орос заншлыг халах шаардлагыг тавьж байлаа. Шаардлага нэг бүрийн цаана Монголд явуулж ирсэн Зөвлөлтийн соёлын бодлогыг ямар нэг байдлаар далдуур шүүмжилсэн өнгө аяс байсан.

1988 оны эхээр нийтлэгдсэн соёлын өвд сүйрлийн аюултай хандаж байгаа тухай яруу найрагч O.Дашбалбарын[14], хуучны Амарбаясгалант хийдийн өр өвдөм байдлын тухай зохиолч С.Лочингийн томоохон өгүүллүүд үүнээс илүү илэн далангүй яаж байхав гэмээр бичигдсэн байлаа.[15]

Удалгүй эдийн засгийн асуудал, намын бодлогын талаарх уншигчдын захидлыг нийтэлдэг булангууд тогтмол гарах болжээ. Намын „Үнэн“ сонинд нийтлэгдсэн хэд хэдэн өгүүлэлд хуулийн байгууллагын дотоод нөхцөл байдал, албан тушаалаа урвуулан ашиглах, хууль завхруулах, зөрчих, хуулийн золиос болох явдал гарч буй талаар дэлгэрэнгүй мэдээлсэн нь намын эрх мэдлийг үндсээр нь донсолгосон агаад явж явж МАХН-ын удирдлага ч өөрөө түүнд түлхэц өгч буй гэсэн ойлголт уншигчдад төрөх болсон байна. M.С.Горбачевийн үзэл санааны дор өөрийгөө шинэчлэх чадвар „намд нь“ хэр байгаа талаар хүмүүс шүүн хэлэлцэж эхэлжээ. Намыг шинэчлэх нь төр, нийгмийг ч бас шинэчлэх угтвар нөхцөл гэж үзэх хүн олон байв. Гэхдээ тэр үед намын удирдан чиглүүлэгч үүрэгт үнэхээрийн эргэлзэж тээнэгэлзсэн хүн байгаагүй. Энэ нь улс төрийн төсөөлөн бодох чадвараас ч хальсан асуудал байсан байж магадгүй. Харин олон нийтийн маргаан мэтгэлцээн улам идэвхжиж, шаардлагууд ар араасаа түрэн гарч ирэх болов.

  

Эдийн засгийн бүтцийг задалсан нь

 Эдийн засагт ч мөн адил хуучны хөшингө бүтцийг задлах болсон нь анзаарагдаж байв. 1986 оноос үйлдвэрийн газруудад төлөвлөлт, эдийн засгийн механизмийг сайжруулах янз бүрийн туршилт хийсэн байна. Эхний арга хэмжээнүүд нь зарим үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаанд өөрийн хариуцлага, бие даасан байдлыг бий болгоход чиглэж байв. Үүний тулд тэдгээр үйлдвэрийн газруудад урьд нь байгаагүй аж ахуйн тооцоог нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Ийм үйлдвэрийн газрууд улсын татаас, өөрсдийг нь „тэжээн тэтгэдэг“ зээлд найдах хэрэггүй гэдгийг Засгийн газар тодорхой ойлгуулсан байна. Сайд нарын Зөвлөл юуны өмнө эдийн засаг, гадаад худалдаа, эдийн засгийн төлөвлөлтийнсалбартүйл ажиллагаа явуулдаг яамд, улсын хороодыг мөн нэгтгэв. Үүгээрээ шийдвэр гаргах ажиллагааг улам төвлөрүүлж, шийдвэр гаргах замыг богиносгохоор тооцжээ.

 Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар 1988 оны 3-р сарын 27-нд хувиараа хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн нөхөрлөл байгуулахыг иргэдэд зөвшөөрч дэмжлэг үзүүлэх тухай зааврыг нийтэлсэн байна. Залгуулаад гарсан Сайд нарын Зөвлөлийн тогтоолд өргөн хэрэглээний бараа, хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тэрчлэн хүн амд шаардлагатай ахуйн үйлчилгээ (зоогийн газар, тээвэр г.м.)-г ерөнхийд нь хувийн хэвшлийн эрхлэх ажил хэмээн тодорхойлжээ. Хэдийгээр энэ нь улам ихээр нүүрлэх болсон хүн амын хомсдолыг нөхөхөд чиглэсэн ч тухайн үедээ хувьсгалч тогтоол байсан. Гэсэн ч уг тогтоол намын ажилтнуудын дунд ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тийнхүү нөлөө бүхий „Намын амьдрал“ сэтгүүлд нийтэлсэн нэгэн өгүүлэлд „ашиг завшаан эрэлхийлэх аливаа үзэгдлийг бут цохих“-ыг шаардсан байдаг.

 Иймэрхүү дайчин урианы цаана далдуур нэгэн дутуу үнэлэхийн аргагүй асуудлын талаар маргаж мэтгэлцэж байв. Хэрэв улс хувиараа хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн нөхөрлөл байгуулахыг зөвшөөрөх болсон юм бол нэг алхам цаашлах ёстой байсан. Хувийн хуримтлал, хувийн өмчийг бий болгож, хуулиар хамгаалах асуудлыг бас бодолцон, шийдэж өгөх ёстой байсан гэхчлэн. Гэвч тэгэх аваас улс төрийн тогтолцооны тулгуур баганыг ихээхэн ганхуулахаар байв. Юутай ч тэр үеийг хүртэл үндсэн хуулинд „социалист өмч“-ийн хоёрхон хэлбэр байхаар заасан нь улсын өмч (үндсэн хуулинд „нийт ард түмний хөрөнгө“ гэсэн буй) болон хоршооллын өмч байв. Гэхдээ өмчийн энэ хоёр хэлбэр эдийн засгийн бодит нөхцөл байдалд нийцэхээ хэдийн больсон байлаа. „Социалист үйлдвэрлэлийн хэрэгсэл“-тэй харьцах, хөдөлмөрийн бүтээмж, „социалист өмчийг хохироосон гэмт хэргүүд“-тэй холбоотой хүндрэлтэй асуудлууд гарч байгааг эдийн засагчид анхааруулж байв.

Уг шалтгааныг нь „хөдөлмөрчид“ „социалист өмчийн эзэд“ болохоо мэдэхгүйд байна гэж тэд үзэж байлаа. Тэднийхээр бол „социалист өмч“-ийг ямарнэг хэмжээгээр „эзэнгүй“ өмчид тооцож болохоор байсан, гэтэл өмч улсын гарт баттай байгааг хэн бүхэн мэддэг байсан билээ. Намын „Үнэн“ сонинд нийтлэгдсэн зарим өгүүлэлд „социалист өмч“ хэмээх ерөнхий нэр томъёо нь нийгмийн өмчийн нэг хэлбэр гэж ойлгогдож байгаа тухай бичиж байв. Төр нь нийгэм биш тул өмчлөгч ч байж чадахгүй гэсэн байх ажээ.[16] Эдгээр маш их онолын чанартай маргаан мэтгэлцээний ард далдуур бодит зөрчил, чиг шугамын төлөөх шаргуу тэмцэл өрнөж байв. Гэхдээ эхэн үедээ намын удирдлагын түвшин, түүний судалгааны хүрээлэнгүүдийн доторхи сэхээтний жижиг дугуйлан, бүлэглэлүүдийн хэмжээнд эдгээр асуудлын талаар үнэхээрийн идэвхтэй маргаж мэтгэлцэж байсан. Энд үнэндээ зөвхөн „социалист өмч“-ийн ирээдүйн тухай л эргэцүүлээд суугаад байгаагүй юм. Энд аль хэдийн анхны стратегиа бодож боловсруулчихаад байсан билээ. 

 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

 Намын удирдлага олон нийтийн хэлэлцүүлэгт байн байн шинэ чиглэл өгч, ТХ-ны дараачийн бүгд хуралд бэлтгэх явцдаа бодож боловсруулж түр амсхийх боломжийг өөрт нь олгосон зохицуулах арга хэмжээнүүдийг авч эхлэв. МАХН-ын Улс Төрийн Товчоо 1988 оны 7-р сард Хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгасан бөгөөд түүгээр дамжуулан олон жилийн турш олон нийтийн үзэл бодлыг залж чиглүүлж байсан билээ. Ингээд олон нийт үзэл бодлоо саадгүй, чөлөөтэй илэрхийлж болох болов. Тэгэхэд нь гагцхүү олон арван жил хэвшиж тогтсон дадал зуршил нь л чөдөр тушаа болж байсан. Нам мөн гол гол архивыг нээлттэй болгох арга хэмжээ авч, сүүлийн хэдэн арван жилийн түүхийг урьдынх шиг хориулж цагдуулалгүй авч үзэх боломжийг олголоо. Тэрчлэн заавал үзэх ёстой байсан „Марксизм-Ленинизм“, „MАХН-ын түүх“-ийн хичээлүүдийг их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнөөс хасуулав. Олон арван жилийн турш залуучуудын дунд хэрэгжүүлсэн үзэл суртлын ухуулан сэнхрүүлэх ажил үүгээр төгсгөл болов. „Газрын хэвлийн тухай хууль“-ийн төслийг их бага ямар нэг хэмжээгээр олон нийтээр хэлэлцүүлсэн нь сонирхолтой.

Уг нь энэ сэдэв олон нийтийн сонирхолд нэг их өртөөд байдаггүй, нэлээд хийсвэр атал юу нь тийм ер бусын байсан хэрэг вэ? Юун түрүүнд хуулийн төслийг ер нь нийтэд нээлттэйгээр хэвлэлд хэлэлцүүлэхээр тавьж заншаагүй байсан. Нөгөөтэйгүүр эдийн засгийн чухал ач холбогдол бүхий уул уурхайг дээд зэргийн аж ахуйч бусаар, байгаль орчинд туйлын халгаатай эрхэлдгийг иргэд намын хэвлэлээс анх удаа албан ёсоор олж мэдсэн байна. Тэр үеийг хүртэл холбогдох хуулиуд гараагүй байсны улмаас зохицуулах хүрээ хязгаар байгаагүй тул геологи, уул уурхай зарим талаар алдагдал ихтэй, туйлын эмх замбараа муутай нөхцөлд ажиллаж байж. Дээр нь бас уул уурхай тэр хүртэл бага ч гэсэн Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны загвар салбарт тооцогдож байсан нь асуудал болов. Тийм маягаар урьд өмнө нь олон нийтэд баталгаатай, орчин үеийн, ирээдүйтэй мэт санагддаг байсан эдийн засгийн салбаруудын „илбийн сүр хүч дарагдах“ шиг л болжээ.

 Монголын удирдлага хаа зохистой гэж үзнэ тэнд Барууны шинэ түншүүдтэй яриа хэлцээнд хянуур болгоомжтой орж эхлэв. Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном АНУ-аас НҮБ-д сууж байсан байнгын төлөөлөгч элчин сайд Вернон A. Вальтерсыг 1988 оны 9-р сарын дундуур Улаанбаатарт хүлээн авч, хоёр талын харилцаа болон олон улсын асуудлаар дэлгэрэнгүй яриа хөөрөө өрнүүлсэн байна. Вальтерс бол ямар нэг карьер хөөсөн дипломатч байгаагүй. Цэрэгт алба хааж, Тагнуулын Төв Газар (CIA)-ын дэд дарга байсан дипломатч хүний хувиар тэр юуны өмнө олон улсын хямралын менежментийг дээд зэрэг сайн мэддэг байв. Тийм болохоор Монгол Улсын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар түүний Содномтой ярилцаж хэлсэн үг жинтэй байлаа. Юутай ч хоёр тал тэрхүү ярилцлагын үеэр хөндсөн сэдвүүдээс хараагаа салгаагүй юм.

 

Ил тод байдал

1988 оны 11-р сард Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд A.Жамсранжавтай хийсэн бүтэн хуудас ярилцлага олон нийтийн анхаарлыг дээд зэргээр татав.[17]Түүндээ тэр „хөдөлмөрчид“-өөс доргүй хувцаслаж, муугүй хооллож, амьдардаг „олон ажилгүй хүн“ байдаг гэх мэтээр төдийг хүртэл үгүйсгэж ирсэн Монголын нийгмийн сүүдэртэй талуудын талаар ярьсан байна. Тэгэхлээр „хөдөлмөрөөрөө олоогүй орлого“-оор хараажаар илүү сайн амьдрах боломж олгодог хуулиас гадуурх орлогын эх үүсвэр байсан хэрэг. Хууль мэддэггүй, мөрддөг ч үгүй монголчууд их байдаг, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим мөрдөгддөггүй гэдгийг Жамсранжав хүлээн зөвшөөрчээ. Тэрээр: „Ямар ч аргаар хамаагүй ямар нэг төлөвлөгөө биелүүлэх, ажиллуулах захиргаадалтын арга нь ардчилалд саад тотгор болж, хүний эрх зөрчигдөхөд хүргэж байна “[18] гэсэн буй. Монгол Улсын аюулаас хамгаалах байгууллагын дарга нь намынхэвлэлд ардчилал, хүний эрхэд санаа тавин ярилцлага өгсөн нь тэр үеийн нийгэмд тогтсон дадал зуршлын улмаас нэг талаар зарим хүнд сонин гажууд санагдсан байж болох юм. Нөгөө талаар юуны өмнө хүмүүсийн сэтгэл уужирч, эрх чөлөөг зөнгөөрөө мэдрэхэд энэ ярилцлага нөлөөлсөн. Жамсранжав тэгээд бүр алхам цаашилсан байна. Монголд 1930-аад онд „сталинист хэлмэгдүүлэлт“ болж, улсыг аюулаас хамгаалах байгууллагууд тэгэхэд уршиг дагавар ихтэй үүрэг гүйцэтгэсэн болохыг тэр анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тэгэхлээр улсыг аюулаас хамгаалах байгууллага хүртэл Зөвлөлтийн перестройкагийн эргүүлэгт татагдан ороод байсан нь илт. Ингээд тус байгууллага МАХН-ын „илд, бамбай“ болж зүтгэхээ нэгэнт больж, „нүд, чих“ төдий нь л болсон байна. Өмнөх бодит байдлаас ялгарах ялгаа мэдээж асар их байсан.

 

Намын шинэчлэлт, нийгэмд гарсан үндсэн өөрчлөлт

 Ингээд намын удирдлага намаа бүрэн шинэчлэхийг хүсч байх бололтой байв. Улс Төрийн Товчоо 1988 оны 11-р сарын дундуур „Үнэн“ сонинд „Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилт“-ын тухай хэлэлцүүлгийн баримт бичгийг нийтлүүлжээ. Дараахан нь түүнээс авсан нэг ишлэлийг „Үнэн“ сонины тэргүүн нүүрэнд тодоос тод том гарчиг болгон тавиулсан байна. Түүнд „намын олон гишүүдийн итгэл, найдварыг хөсөрдүүлэх“ аваас бүх шатны намын ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлж байх болсныг мэдэгджээ. Тэрхүү тод гарчиг зарим ажилтанд алхаар ц о х и о д авах шиг санагдсан буй заа. Хүмүүс „намын дотоод дахь ардчилсан төвлөн удирдах ёс“ гэгчийн шатлан захирах пирамидийг халдашгүй дархан нэгэн цул мэт үзэж заншсан байв. Тэгвэл одоо энэ цул ганхаж эхлэв үү?

 Сайн ажигласан хүнд энэ нь намын удирдлага буюу Төв Хорооны аппаратад өөрт нь бус доод, дунд түвшний ажилтнуудад л хамаатай болох нь харагдаж байсан, гэвч олон нийт тэгж сайн ажиглаагүй нь мэдээж. Харин намын удирдлага 1984 оноос хойш нэг ерөнхий нарийн бичгийндарга, Улс Төрийн Товчооны 4 гишүүнээсээ салж, боловсон хүчний „бараг бүрэн“ шинэчлэлт хийсэн хэмээж байлаа. Гэвч боловсон хүчний энэ „бараг бүрэн“ шинэчлэлт нь тэрүед зөвхөн Ю.Цэдэнбал болон түүнд ойр Улс Төрийн Товчооны хэдэн „үзэл сурталчид“-аас салсан явдал л байв. Нарийндаа ярьвал „эдийн засгийн бүлэг“-ийг л бэхжүүлэх гэсэн хэрэг байсан.

 Намын удирдлага энэ удаа үнэхээр хол явахад бэлэн байсныг 1988 оны 12-р сарын 21, 22-нд хуралдсан МАХН-ы ТХ-ны V бүгд хурал харуулсан юм. Намын ерөнхийнарийн бичгийн дарга Ж. Батмөнх эхлээд „Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилт“-ын тухай тогтоолын төслийг уншжээ. Төслийн эхэнд: „Эдийн засаг, улс төрийн систем, нийгэм, оюун санааны хүрээг бүхэлд нь хамарсан өөрчлөн байгуулалтын үйл явцыг амьдралд хэрэгжүүлэхийг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо манай нам, ард түмний хойшлуулшгүй практик зорилт болгож дэвшүүлэн тавих нь зүйтэй гэж үзэж байна.“[19] гэсэн байв. Энд хэлсэн санааны цар хэмжээ санаанд нь багтахааргүй байсан тул зарим хүн энэ өгүүлбэрийг хэд дахин уншсан аж. Гэхдээ уг санаа өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн. Намын удирдлага намын „нийгэмд удирдан манлайлах“ үүрэгт эргэлзээ төрүүлэх бодолгүй байсныг тогтоол тодорхой харуулсан (сонголт хийх өөр бусад хүчин тэгэхэд алга байсан). Гэхдээ „нийгэм улс төрийн тогтолцоонд иж бүрэн шинэчлэлт“ хийхийн тулд „амьдралыг бүхэлд нь“ ардчилах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.

 Тухайн нөхцөлд намын удирдлагын үзэл баримтлал энгийн бөгөөд хэрэгжүүлэх боломжтой байсан. Сонгогдсон орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурлын үүргийг чангатгаж, сонгуулийнх нь хугацааг 3-аас 5 жил болгож уртасгах хэрэгтэй байв. Тэдгээрт гүйцэтгэх байгууллагуудыг илүү тодорхой харъяалуулах хэрэгтэй байсан г.м. Нийт гүйцэтгэх засаглалд зориулж захиргааны заавал биелүүлэх үүрэг хариуцлагыг тогтоож өгсөн удирдлагын аппаратын ерөнхий бүдүүвчийг гаргаж өгөх хэрэгтэй байжээ. Ардын Их Хурал 1989 оны 6-р сарын24-нд БНМАУ-ын үндсэн хуулинд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулав.[20]Улмаар намын удирдлага хуулийн байгууллагуудад ардчилал, ил тод байдал, хүний эрхийг сахин хангах эрх зүйн баталгааг бүрдүүлэх чиглэлээр төсөл боловсруулах заавар чиглэл өгчээ. Өмнө нь намын „Үнэн“ сонин „Хүний эрхийн түгээмэл тунхаглал“-ыг бүрэн эхээр нь нийтэлсэн байлаа. МАХН-ын Төв Хороо 1930-1940 онд сталинист те ррорт нэрвэгдэгсдийг цагаатгах арга хэмжээ авахыг хуулийн байгууллагуудад мөн даалгав. Хожим нөхөн олговор олгох асуудалтай холбогдох болсон цагаатгах ажлын хэмжээ далайцыг тэр үед намын удирдлага гадарлаагүй нь лав. 

 

Дээрээсээ ардчилагдсан нь

 Өнгөрснийг эргэн харахуйд, МАХН-ын удирдлага V бүгд хурлын тогтоолыг гаргаснаараа тогтолцоонд бүхэлд нь эргэлзэхэд хүргэсэн төдийгүй ардчилагдах үйл явцыг бүр тэгэхэд дээрээс нь харьцангуй шийдэмгий эхлүүлжээ хэмээн өнөөдөр дүгнэж болохоор байна. Тухайн үеийн засаг захиргааны институцүүдийг ардчилж, холбогдох хуулиудыг шинэчлэх замаар тэдгээрийг өөрчлөн зохион байгуулах явдал тэрхүү ардчилах үйл явцын гол цөм нь байв. Үзэл баримтлал талаасаа энэ бүхэн ойлгомжтой юм шиг байсан. Уг үйл явцаас өөрөөс нь гарч болох тааж тааварлахын аргагүй дотоод хөдөлгөгч хүч, тэрчлэн ардчиллын явцад улс төрийн шинэ хүчнүүд үүсч бий болох боломжийг намын удирдлага тэр үед хэр тооцоолж чадсаныг харин тодруулах арга байхгүй биз ээ. Хуучин Төв Хороонд ажиллаж байсан ажилтнуудын мэдээлснээр бол юутай ч тэр үед аппарат нь аливааг маш их эмзэглэн хүлээж авдаг болсон байж. Нэг жишээ дурьдахад,хотын төвд орших хуучны Монголын дарангуйлан захирагч Х. Чойбалсангийн хөшөөг 1988 оны 12-р сард үл таних хүмүүс улаан будгаар шүрсэн явдал гарчээ. Дараахан нь 1988 оны 12-р сарын 31-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар олон жилийн өмнө хилийн цэргийн 12-р отряд болон Улаанбаатар хотын нэгэн төв гудамжийг „И.В.Сталин“-ы нэрэмжит болгосон бүх тогтоолыг хүчингүй болгосон байна. Төрийн эрх мэдэлтнүүд ийм гэм хоргүй үйлдэлд тэгж хариу барих юм гэж хэдэн жилийн өмнө санахын ч аргагүй байсан билээ.

  

Эдийн засгийн туршилт

 „Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үйлдвэрийн газрын хууль“ 1988 оны 11-р сарын 29-нд хүчин төгөлдөр болсноор эдийн засгийг чиглэл зорилготой өөрчлөн зохион байгуулж эхэлжээ. Хууль тогтоогчид энэ хуулиар төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлага, зохион байгуулалт, эдийн засаг-эрх зүйн үндсийг шинээр тогтоож өгсөн. Төрөөс харьцангуй хараат бус удирдлага, төлөвлөлт, аж ахуйн тооцоо нэвтрүүлэх замаар, тэрчлэн өөрийгөө санхүүжүүлэх зарчмын дагуу үйлдвэрийн газруудын бие даасан байдлыг бэхжүүлэхээр хуулинд тусгасан байв. Харин хууль тогтоогч өмчийн асуудлаар буулт хийхэд бэлэн биш байжээ. Үндсэндээ хуулийн этгээдийн хувиар үйл ажиллагаа явуулах болсон үйлдвэрийн газрууд төрийн гадаад худалдааны онцгой эрхийг хязгаарлахгүйгээр өөрийн гэсэн экспорт, импортын үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна. „Монгол Улсын олон улсын гэрээний үндсэн дээр“ голлон ЭЗХТЗ-ийн гишүүн орны түншүүдтэй хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг мөн тэдэнд зөвшөөрчээ.

Тэр үед олон улсын холбогдох гэрээнүүд байгуулагдаагүй байсан тул „социалист бус эдийн засгийн бүсүүд“-ийн түншүүдийн талаар тэртээ тэргүй ярих шаардлагагүй байсан. Үйлдвэрийн газрыг ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний эрэлт дутагдалтай, шинэчлэгдэх чадваргүй, тэрчлэн төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд татан буулгахаар хуулиар зохицуулсан нь эдийн засгийн сэтгэхүйд цоо шинэ зүйл байсан, учир юу гэвээс үйлдвэрийн газрыг тийн татан буулгаж болно гэж урьд өмнө санахын ч аргагүй байв. Уг хуулийг хэрэгжүүлэх ажил амьдрал дээр ихээхэн бэрхшээлтэй тулгарч, сунжрах болов. Тэглээ ч гэсэн энэ хууль зах зээлийн эдийн засагт шилжих жинхэнэ шилжилтээр үндсэн өөрчлөлт хийх цаг ирэхэд Монголын элитүүдийн эдийн засгийн сэтгэхүйг хандуулан чамгүй сайн бэлтгэж өгсөн билээ. Хараахан тодорхойлж чадахгүй ч ойрын хугацаанд болох өөрчлөлтөд сонор соргогоор бэлэн байхадхүргэсэн.

 Тэгвэл 1989 оны 6-р сарын 24-нд баталсан „БНМАУ-ын Хоршооллын тухай хууль“-нд хоршооллын өмчийг „социалист өмч“ хэмээн тодорхойлж, өмчийн асуудлаар ямар ч буулт хийгээгүй тул уг хуулийг нааштай гэхээсээ илүү дургүйцэн хүлээж авсан байх талтай. Яагаад хууль тогтоогчид болон МАХН-ын удирдлагад байсан стратегичид тэр нөхцөлд тийм цагаа олоогүй хууль батлах болов? Хариултыг нь хялбархан олж болох юм. Системийнхээ оюун санааны хаалт хашилтан дунд хөвсөөр байсан намын элитүүд хөдөө аж ахуй, юуны өмнө мал аж ахуйг Монголын уламжлалт эдийн засгийн үндэс суурь хэмээн сэтгэсэн хэвээр байсан. Энд өмчийн асуудлаар буулт хийнэ гэдэг бол эдийн засгийн системийнхээ хамгийн гол зохицуулагч хэмээн өөрсдийнх нь үздэг хүчин зүйлд улс төрийн тэнцвэр алдагдахыг хүлээн авахаас өөр аргагүй болно гэсэн үг байж тун болзошгүй байсан. Юутай ч намын удирдлага 1985 онд баталсан хүнсний программын үрээр малыг амины өмчид шилжүүлэх ажил ямар эрч далайцтай явагдаж 1989 оныг хүртэл нийт мал сүргийн 32 хувийг хамрах болсныг харсан. Бод мал (юуны өмнө үхэр/үнээ)-ын хувьд энэ хувь хэмжээ бүр 48.3 хувь болсон нь хүн амын хангамжид чухал ач холбогдолтой сүүний үйлдвэрлэлийн бараг тал хувь нь амины аж ахуйтны гарт байсан гэсэн үг байв.

Тэдгээр малчдын хувьд нөхцөл байдал ерөнхийдөө туйлын таатай байлаа. Тэд хөдөө аж ахуйн нэгдлийнгишүүний хувьд бэлчээр, ус, малын хашаа саравч, мал эмнэлгийн үйлчилгээг аминыхаа малд ч бас үнэ төлбөргүй ашиглаж байв. Тэрчлэн улсын бэлтгэл, тээврийн системийн үйлчилгээг хэмжээ хязгаар, үнэ төлбөргүй авч байсан тул зах зээлд гарах талаар ч санаагаа чилээгээд байх хэрэггүй байж.[21] Намынудирдлага амины аж ахуйн үйл ажиллагааны дотоод хөдөлгөгч хүчний үр дүнг анх удаа харсан бөгөөд түүнээс улбаалан удсан ч үгүй нийгмийн ялгаа гарсны анхны шинж тэмдэг илрэх болов. Тэрхүү дотоод хөдөлгөгч хүч тэднийг айлгасан байх талтай. Тэд хурдан хөгжиж буй эдийн засгийн салбартай нүүр тулсан агаад түүний хөдөлгөгч хүч, механизм өөрсөнд нь огтхон ч танил бус байлаа. Намын удирдлагын дээрээс түлхэц өгсөн ардчиллын явцад ч бас олон чухал асуудал гарч ирж байсан. Намын удирдлага улс оронд тавих улс төрийн хяналтаа алдах эрсдэлд оролгүйгээр хэр хол явж чадах вэ гэдэг хамгийн гол асуудал байсан нь дамжиггүй. 1989 оны 2-р сард намын „Үнэн“ сонинд „Ардчилал уу? Анархизм уу?“ гэсэн гарчгийн дор нийтлэгдсэн тэргүүн өгүүлэлд сэтгэл зовоосон энэ асуудлыг хөндөж анхааруулсан байдаг.[22] Түүнд: „Нэг болоод хэсэг бусаг хүмүүсийн хувийн явцуу сонирхол, атгаг санааг дэвэргэснээр ардчиллыг хөгжүүлэхэд тус болох биш харин түүний эсрэг зохисгүй үзэгдэл болох анархизмд халтиран шилжихэд түлхээслэх нь мэдээж юм.“[23] хэмээн сануулсан буй.

 

Гадаад бодлого нээлттэй болсон нь

 1988, 1989 онууд бол гадаад бодлогын хувьд сэргэлт эхэлсэн он жилүүд байсан. Ардын Их Хурлын дарга Л. Ринчинийг 1988 оны 9-р сард Хятад Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол-Хятадын харилцаанд эргэлт гарчээ. Түүнийг намын өндөр албан тушаал хашдгийнх нь хувьд ХКН-ын Төв Хорооны түвшинд хүлээнавч намуудын харилцааны талаар ярилцсан байна. Талууд 1989 оны 7-р сард намуудынхаа харилцааг хэвийн болгожээ. Ингээд хоёр улсын харилцааг хэвийн болгоход саад болох юу ч байсангүй. Монгол Улсын өмнөдөд газарзүйн шинэ хэтийн төлөв төдийгүй олон янзын боломж нээгдэв. Хятад улс өөрийнх нь нэгэн адил социалист орон, гэхдээ уруудан доройтож буй ЗХУ-ыг бодвол цэцэглэн хөгжиж буй зах зээл бүхий орон байлаа. Өөрийнх нь орны хангамж хийгээд дэлхийнзах зээлтэй шинэ холбоо харилцаа тогтооход нь энэ зах зээл ойрын хугацаанд ямар үүрэг гүйцэтгэж болохыг Монголын удирдлага ойлгосон юм.

Монгол Улс АНУ, Япон улстай харилцаагаа идэвхжүүлэв. Монгол Улсын Гадаад харилцааны яаманд стратегийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байхдаа ямар нэг хэмжээгээр АНУ-г хамгаалагч гүрнээ болгох боломжтой хувилбарын талаар ярилцаж, Японыг газарзүйн хувьд ойр нэн хүчирхэг эдийн засгийн түншээ хэмээн харж байв. Хэлэлцүүлэгт Европ ч бас чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тиймээс Монгол улс 1989 оны 8-р сарын 1-нд Eвропын Холбоотой мөн дипломат харилцаа тогтоосон. Перестройкагийн он жилүүд Монгол Улсад олон улсад олон чиглэлээр олон үүд хаалгыг нээж өгсөн юм. Чингээд өөрийн орны тогтвортой байдлыг сахин хадгалж, шинэ эрх чөлөөг хэрхэн ухаалгаар ашиглахаас нь бүх зүйл шалтгаалахаар болсон билээ.

 

 [1] БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн цэргийг байрлуулах тухай Зөвлөлт-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1967 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарынүсэг зуржээ. Уг хэлэлцээрийн 6 дугаар зүйл болон БНМАУ-ын Засгийн газрын 59 тоот тогтоолд заасны дагуу Зөвлөлтийн цэргүүдэд 410 073.43 га газар олгосон байна. Зөвлөлтийн анги нэгтгэлүүдийн дийлэнх нь Улаанбаатар хотын 4 дүүрэг болон 15 аймгийн 64 сум, юуны өмнө Булган, Дорнод, Дорноговь, Дундговь, Төв аймгуудын нутаг дэвсгэрт байрлах болжээ. (134)

 [2] Пунсалмаагийн Очирбат, Тэнгэрийн Цаг, Улаанбаатар 1996, 115 дахь тал.

 [3] Монгол Улс. Үндэсний Статистикийн Газар, Монгол Улсын хүн ам хорьдугаар зуунд, Улаанбаатар 2003.

 [4] Удо Б. Баркманн, 1984-1987 оны Монголын “Перестройка” (өөрчлөн байгуулалт), гадаад бодлогын уялдаа холбоо, нөлөөлсөн “хүчин зүйл-Хятад улс”, http://www.baabar.mn/article/1984-1987-onii-mongoliin-perestroika-uurchlun-baiguulalt-gadaad-bodlogiin-uyaldaa-kholboo-nuluulsun-khuchin-zuil-khyatad-uls

 [5] БНМАУ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ, Үнэн, 1985 оны 06-р сарын 23.

 [6] Амины малын тоо, төрлийн тухай, Үнэн, 1985 оны 10-р сарын 19.

 [7] Монгол Ардын Хувьсгалт Намын Иx Хурал, Улаанбаатар 1981, 120-132 дахь тал.

 [8] А. Жамсранжав, Харш үзэгдэлтэй хийх тэмцлийг хүчтэй болгоё, Намын Амдьрал 4(1987), 35 дахь тал.

 [9] Монгол Ардын Хувьсгалт Намын Их Хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны Тайлан, Цаашдын Зорилт, Үнэн, 1986 оны 05-р сарын 29, 3.

 [10] БНМАУ-ын Арлын Их Хурлын сонгуулийн дүнгийн тухай мэдээ, Үнэн, 1986 оны 06-р сарын 26.

 [11] И. С. Яжборовская, “Социалистическое сoдружество” и “доктрина Брежнева”, Вопросы Истории 9(2013), 16 дахь тал.

 [12] Michail Gorbatschow, Ausgewählte Reden und Aufsätze, Band 4 (Juli 1986-April 1988), Berlin 1988, 28 дахь тал.

 [13] Мөн тэнд.

 [14] О. Дашбалбар, Мөнхий бүтээлүүд мөхлийн ирмэг дээр, Үнэн, 1988 оны 01-р сарын 30.

 [15] С. Лочин, Амарбаясгалантын амаргуй хувь заяа, Үнэн, 1988 оны 06-р сарын 18.

 [16] Л. Дондог, Өмчийн харилцаа, шинэчлэлийн механизм, Үнэн, 1988 оны 09-р сарын 30.

 [17] Шинэчлэл, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын зорилт, Үнэн, 1988 оны 11-р сарын 17.

 [18] Шинэчлэл, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын зорилт, Үнэн, 1988 оны 11-р сарын 17.

 [19] Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Бүгд Хурлын Тогтоол, Намын Зохион Байгуулалт, Үзэл Суртлын Ажлыг Сайжруулах Шинэ Зорилтын тухай, Намын Амдьрал 01(1989), 3 дахь тал.

 [20] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хууль, БНМАУ-н Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай, Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Долдугаар боть 1985. V сар-1992 он, Улаанбаатар 2010, 271-272 дахь тал.

 [21] Udo B. Barkmann, Die mongolische Viehwirtschaft unter den Bedingungen des Transformationsprozesses, The Changing Paradigm of Mongolian Studies - Between Documents and the Field -, Ed. by Konagaya Yuki, = Mongolian Culture Studies II, Köln 2001, 107-108 дахь тал.

 [22] Ардчилал уу, анархизм уу?, Үнэн, 1989 оны 02-р сарын 16.

 [23] Мөн тэнд.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]