Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Трамп Чингис хаанаас юу суралцаж болох вэ?Уншсан6,023

“Чингис хаан ба орчин үеийн ертөнц” бестселлер номоороо алдаршсан Жак Уэтерфордын бичсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын “The Daily Beast” цахим сонин толилуулжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.

 “Чингис хаан ба орчин үеийн ертөнц” бестселлер номоороо алдаршсан Жак Уэтерфордын бичсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын “The Daily Beast” цахим сонин толилуулжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.


 

Ж.Чосер, Т.Жефферсон зэрэг алдарт хүмүүсийн бишрэн хүндэлж явсан Монголын нэрт удирдагчийн тухай өдгөө ердөө л хэрцгий зэрлэг хүн байсан гэж цухас дурдах болжээ. Гэвч тэрээр бидний гойд бүтэлгүйтсэн Ойрхи дорнодод чухам яаж амжилтад хүрсэн юм бол?

Дэлхий даяар олон бичил дайнд орооцолдсон АНУ-аас эрс ялгаатай нь Чингис хаан ямагт ялалт байгуулах гэсэн цорын ганц, маш тодорхой зорилтын төлөө тэмцдэг байжээ. Хязгаарлагдмал, хэсэгчилсэн, хэлэлцэгдсэн эсвэл тасалдсан ялалт бус бүрэн ялалтын төлөө шүү. XXI зуун гарснаас хойш АНУ Афганистан, Ирак болон Сирид ужгирсан дайнд хутгалдаж эхэлсэн. Тэгвэл чухам эдгээр улсад Монголчууд маш амжилттай дайтсан түүхтэй. Монголчууд эдгээр улсуудыг хэдхэн сарын дотор эзлэн түрэмгийлж, хойд Ираны уулан дахь цайзуудад байрласан Алуурчдын нийгэмлэг хэмээх цуутай террорист бүлэглэлийг бүрэн устгасан төдийгүй Монголын захиргааг хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцлийн бүхий л голомтыг шуурхай даржээ. Тэд мөн халиф удирдагчийг цаазалсан бөгөөд ийм үйлдлийг Осама Бен Ладен л лав өршөөж боломгүй үйлдэл гэж үзэх байсан биз.

Монголын эрс шийдмэг цуст түрэмгийллийн дараа Ойрхи дорнодод урд хожид үзэгдээгүй амгалан тайван цэцэглэж хөгжлийн зуун тогтсон билээ. Гэтэл одоо яг тэр газар нутагт Америк цэргийн хүчээ оруулсан ч хүүхэд алаагүй, эмнэлэг бөмбөгдөөгүй, энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг ч өдөр алга. Энэ бүхэн Европын тогтвортой байдалд ноцтойгоор заналхийлэх дүрвэгсдийн дуусашгүй цуваа бий болоход хүргэлээ.

Чингис хааны Монгол одоогийн “McDonald’s” түргэн хоолны газрын сүлжээнд ажиллагсдаас хоёр дахин бага буюу ердөө нэг сая хүн амтай, арми нь орчин үеийн ганц том цэнгэлдэх хүрээлэнд багтчих 100 мянган хүнтэй байсан юм. Хэдий тийм ч Чингис хаан ийм л армитайгаа олон зуун сая хүнтэй газар нутгийг эзлэн түрэмгийлээд зогсолгүй амжилттай захирсан билээ. Тэгвэл АНУ-ын хүн ам Чингис хааны Монголоос даруй 300 дахин их, арми нь хорь дахин их бөгөөд хавьгүй илүү төсөв, технологитой. Монгол цэрэг нум сумаар зэвсэглэн илүү хөгжилтэй баян тансаг Хятад, Хорезмтой дайтсан юм. Тэгвэл яагаад Багдадад Монгол цэрэг амжилтад хүрч байсан бол бид ингэтлээ бүтэлгүйтнэ вэ?

Америкууд бид Чингис хаанаас дайтах, амьдрах, ер нь аливаа бусад үйл хэрэгт сургамж авахыг боддоггүй. Учир нь бид түүнийг Александр, Цезар, Наполеон зэрэг өрнөдийн баатарлаг жанжинуудтай харьцуулахын аргагүй Азийн зэрлэг бүдүүлэг нэгэн гэж үзэх нь элбэг тул түүнээс суралцах юм үгүй гэж боддог. Орчин үеийн ертөнцөд бичиг үсэггүй нүүдэлчин эрийг Европын түүхийн аугаа удирдагчид, жанжнуудтай эн зэрэгцүүлэх нь инээдтэй санагддаг биз ээ. Гэвч өрнөдөд хүртэл түүнийг ихээр хүндэлдэг байсан цаг бий. Жеффри Чосер түүнийг “Эрхэмсэг хаан” хэмээн хүндэлж, “Дэлхийд хэзээ ч, хаана ч аливаа үйл хэрэгт түүн шиг төгс сайн удирдагч байсангүй” гэж бичиж байжээ. Томас Жефферсон Чингис хааны намтрыг цуглуулж, Эдвард Гиббон түүнийг магтан дуулж байв.

Өдгөө хүмүүсийн дийлэнх нь түүний ялал­туудыг харгис хэрц­гийллийн үр дүн гэж үздэг бөгөөд тэрээр дайснуудаа дарахын тулд газрын хөрсийг хуйхлан шатаах тактик баримталдаг байсан нь үнэн билээ. Гэвч зөвхөн хэрцгийлэл ялалтад хүргэдэг бол АНУ Солонгосоос эхлэн хийсэн бүх дайндаа хялбархан ялах байлаа. Чингис хааны ялалтуудыг үл тоомжирлож болох ч тэдгээр нь маш цэгцтэй сэтгэлгээ, нягт төлөвлөлт, гүйцэтгэлээс үүдэлтэй. Чухам дээрх гурван зүйл Америкийн бодлого боловсруулагчид, дайн удирдагчдад дутагдаж байна.

Э.Гиббон, Т.Жефферсон нар бидний харж чадахгүй Чингис хааны ямар чанарыг олж харсан юм бол? Чингис хааны амжилтыг таван үндсэн ойлголтод нэгтгэн авч үзэж болно. Тэдгээрийн ачаар Чингис хаан үр дүнтэй удирдан залуурдаж, хураасан газар нутагтаа энх тайван, цэцэглэл хөгжлийг авчирчээ.

БҮРЭН ДҮҮРЭН ИТГЭЛ

Чингис хаан ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэхээс нааш дайснаа довтолдоггүй байв. Тэрээр юуны түрүүн армиа бэлтгэн дайсны арми болон нийгмийн дотоод байдлын талаархи тагнуулын далайцтай их мэдээллийг цуглуулна. Тэгээд ялах төлөв харагдахгүй бол довтолгоогоо заримдаа бүр бүтэн жилээр хойшлуулавч хэзээ ч зорилгоо мартах юм уу, орхидоггүй байв.

Тэрээр ялна гэсэн бат итгэлийг ард түмэн, нэн ялангуяа армидаа бадраана. Түүнийг дайн зарласан тохиолдолд цэргүүд нь хурдан бөгөөд үр дүнтэй ялалт байгуулна гэдэгтээ итгэдэг бөгөөд Чингис хаан цэргүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд боломжтой бүх аргыг сүвэгчилдэг байжээ. Чингис хаан ард иргэддээ итгэдэг шиг тэд ч хаандаа хариу итгэл үзүүлдэг байсан юм.

ТОДОРХОЙ БАЙДАЛ

Чингис хаан дайн ба энхийн аливаа зорилгыг маш тодорхой тавьдаг бөгөөд тэдгээрийг дайснууддаа ч, дагалдагчиддаа ч тодорхой болгодог байжээ. Довтлохдоо тэрээр дайсанд амьд үлдэх цорын ганц тодорхой болзол тавина. Америкууд үүнтэй адил дэлхийн хоёрдугаар дайны үед Япон, Германы эсрэг довтлохдоо үг дуугүй шууд бууж өгөх эсвэл устаж мөхөх нөхцөл тулгасан билээ. Холбоотнууд Германы Дрезден, Вурцбург хотуудыг бөмбөгдөж, АНУ Нагасаки, Хирошимагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дээр атомын бөмбөг хаясан шиг Чингис хаан ч энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн нь бий. Өөрийнх нь эсрэг тэмцвэл тэр дайснаа устгаж, бууж өгвөл амлалт бүхнээ биелүүлэн ивээл хамгаалалдаа авдаг байв.

СОНГОЛТ

Чингис хаан дай­тах болсон шалтгаанаа тайл­барлаж, тулалдахгүйгээр бууж өгвөл ямар ашиг шим хүртэхийг дайсандаа хэлэлгүйгээр довтолсон нь үгүй. Америкийн Ерөнхийлөгчид ардчиллыг сэргээх, хүний эрхийг хүндэтгэх, эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох болон шинэ дэлхийн хэв журмыг тогтоох тухай маш бүрхэг элдэв зүйл ярьдаг бол Чингис хаан хувийн элч нараараа дамжуулж, эсвэл дайсны хот руу захиатай сум харвах замаар маш тодорхой үр дүнд хүрэхүйц саналуудыг тавьдаг байв. Тэрээр эмэгтэйчүүдийг хулгайлж наймаалахыг хориглож, шашны бай­гуул­­лагууд болон эмч, эмийн санч зэрэг нийгмийн үйлчилгээний ажилтнуудыг татвараас чөлөөлж, хүн бүрт өөрийнхөө шашинг шүтэх эрх чөлөө олгож, авилгалд авч худалдагдсан аливаа түшмэл, хулгай нарыг шийтгэх амлалтаа ямагт биелүүлдэг байжээ. Бууж өгсөн дайсны талд нэмэлт татвар ногдуулдаггүйгээс гадна ялангуяа худалдаачдад татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан юм. Тэрээр мөн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн өгөх явдлыг баталгаажуулж, яалал арилжааг хөнгөвчлөх өртөө бүхий зам, гүүрийн тогтолцоог үүсгэжээ. Бууж өгөхөөс татгалзсаны уршиг аймшигтай бөгөөд Монголчууд “Тэнгэр мэдтүгэй” хэмээгээд тэрслэгчдийг харгислан дардаг байв.

ҮР ДАГАВАР

Хэдийгээр Монголчууд заналхийллээ нэлээд бүрхэг илэрхийлдэг ч бодит үр дагавар нь аймшигтай байжээ. Нэгдүгээрт, эсэр­гүүцэгчдийн удирдагч төдийгүй түүний өв залгамжлагчид, язгуурт­нууд болон дээгүүр албаны нөлөө бүхий түшмэдийг толгой дараалан цаа­зална. Чингис хаан заналт дайснуудаа хэзээ ч ятгадаггүй, дором­жил­доггүй, хамтардаггүй, өөрийн гүрэндээ нэгтгэдэггүй бөгөөд шууд устгадаг байв. Тэднийг цаг ямагт асуудал үүсгэж, эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг мэддэг байсан учраас тэр. Тэд хүн ардаа өөрийнх нь эсрэг босгоод ялж чадаагүй юм чинь түүнд огт хэрэггүй. Тэр тэднийг шууд цаазалдаг байв. Дайсныхаа армид ч тэгж хандана. Хуучин элит давхаргыг устгах ч нэхмэлчин, дархан, шаазан ваарчин, бичиг үсгийн хүмүүс, орчуулагч гээд ур дүйтэй, мэдлэгтэй хүмүүсийг өршөөн ивээлдээ авдаг байжээ. Харин ямар нэг ур дүй, мэдлэггүй хүмүүсийг ээлжит дайнд амьд бамбай болгон ашиглах, суваг шуудуй ухах зэрэг Монгол хүн хийхэд гутамшигтай юм уу хортой аливаа ажилд зүтгүүлдэг байсан аж.

ХУВИРШГҮЙ ТУУШТАЙ ЧАНАР

Чингис хаан амлалтаа биелүүлэх, хууль ёс, энх тайван цоглуулахдаа тууштай байжээ. Монголын эзэнт гүрний нэг өнцгөөс нөгөө хүртэл толгой дээрээ алтаар дүүрэн ваар авч явах залуу бүсгүй ямар ч дээрэм тонуулаас үл айн аялдаг тухай Персийн он тооллын бичиг хөтлөгч Жувейни бичиж үлдээжээ. Чингис хаан дайтахад тэр нь нийтийн дайн, энх тайван тогтооход тэр нь нийтийн энх тайван байсан гэдэг. Тэрээр тулалдахдаа ч, захирахдаа ч үргэлж хувиршгүй тууштай байсан юм.

Баримталдаг зарч­муудынхаа адил чанд хатуу Чингис хаан түүнчлэн бодит туршлага дээр зог­солтгүй суралцан өөрч­лөгдөх нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатайг ойлгодог байжээ. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тэрээр мэргэн ухаантай, хатан зоригтой зарим дайснаа өршөөсөн нь ч цөөнгүй. Нэгэн тулалдааны үеэр дайсны цэрэг түүн рүү довтлон унаж явсан морийг нь харваж алжээ. Тулалдааны дараа Чингис хаан олзлогдсон дайсны цэргүүдийг жагсаан хэн үүнийг хийснийг асуухад нэг эр аймшигтай үхэл хүлээж буйг мэдсэн ч урагш алхсан гэдэг.

Дайсныхаа удирдагч руу довтолж зүрхэлсэн зоригт эр түүнд хэрэгтэй гэж тэр үзсэн аж. Чингис хаан түүний амийг өршөөгөөд армийнхаа жанжнаар томилжээ. Тэрээр морийг нь алсан нумны зэвийг бодон түүнд Зэв нэр өгсөн бөгөөд Зэв хожим Монголын шилдэг жанжнуудын нэг болсон билээ. Үүнтэй адил Чингис хаан өөрийн өрсөлдөгч Хэрэйдийн Ван ханы цэргийг бут цохисныхоо дараа алагдахаа мэдсэн ч удирдагчаа амь биеэ хайрлалгүй хамгаалж тэмцэх торгон цэргүүдийг бахдан ажиглаад өршөөжээ. Тэгэхдээ тэднээс алагдсан удирдагчаа хамгаалсан шигээ өөрийг нь хамгаалж чадах эсэхийг асуусан гэдэг.

Чингис өөрийн армийн сүр хүч, дайснуудаа уст­ган дарсны ачаар зуун жилийн энх тайвныг тог­тоогоогүй билээ. Тэ­рээр энгийн иргэдэд Монголын удирдлага дор илүү сайхан амьдрал санал болгож, бүх үндэстэнд аливаа мөрдлөг хавчлагаас эмээлгүй уламжлалт соёл, шашнаа дагаж болохыг баталгаажуулж өгсөн юм. Тэрээр бусад үндэстнийг Монголчуудын амьдралын хэв маягт хүчээр ний­цүү­лэхийг оролдож ч үзээгүй.

Бүрэн дүүрэн итгэл, тодорхой байдал, сонголт, үр дагаврын мэдрэмж болон хувиршгүй тууштай чанар зэрэг нь түүний хамгийн чухал зэвсэг байжээ. Дэлхий даяар терроризмтэй хийж буй тэмцэлдээ сайтар чиглүүлж төвлөрүүлээгүй, санамсаргүй гэмээр эмх замбараагүй хүчин чармайлт гаргаж буй Америкт дээрх бүх чанар дутагдаж буй нь илт. Манай удирдагчид чанга боловч авцалдаагүй ярьж, террористуудад хатуу боловч үр дүн муутай хариу барьсаар ирлээ. Тэгэхээр манай шинэ Ерөнхийлөгчид Чингис хаанаас суралцах юм их байна даа.

Зууны мэдээ, Б.Түшиг

2016 оны 11 сар

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 21. 11:13
Зочин

Юутай үнэн.Сайхан бичжээ.

2018, 6 сар 20. 12:50
Зочин

Сайхан бичжээ, бахархамаар юм.

2018, 6 сар 19. 20:55
Зочин

Ene neg arab zurgiig bolchiochee. Yavch mongol hun bish. Manai tuuhchid tag chig bh uim.

2018, 6 сар 20. 1:42
Зочинzochin

DELHII DAYAR IZMUUD UCHRAA OLOHOO BAIJ BAINA CHINGISIZM AVARNA GEJ BAINA

2018, 6 сар 20. 8:49
Зочинмонгол

юутай үнэн бэ, даанч зохиогч нь гадаад хүн юм даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]