Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн шумбагчийг ганц хүн...Уншсан20,788

Цөмийн шумбагч хөлөг онгоц гэж техникийн хувьд дэндүү гэмээр нарийн төвөгтэй эд бөгөөд ийм байх нэг нөхцөл нь энэ хөлгийг ажиллуулж байгаа цөмийн реактортай холбож олон хүн ойлгодог.

Цөмийн шумбагч хөлөг онгоц гэж техникийн хувьд  дэндүү гэмээр нарийн төвөгтэй эд бөгөөд ийм байх нэг нөхцөл нь энэ хөлгийг ажиллуулж байгаа цөмийн реактортай холбож олон хүн ойлгодог. Гэтэл ганцхан энэ биш, уг хөлгийн зөөж яваа зэвсэг хэрэгслээс болж уг хөлгийг маш найдвартай, ёстой л халдашгүй бат бөхөөр хийдэг байна. Энэ хөлгийн зарим нэг нь стратеги, тактикийн зориулалттай далавчит пуужин, торпед авч явдаг бол өөр нэг хэсэг нь 16-20 ширхэг тив алгасах баллистик цөмийн пуужин зөөж, хэрэгтэй үед усан дороос эдгээр пуужингаа харвана. Ийм зэвсэглэлийг хамгийн сайнаар хамгаалалттай, найдвартай хийхээс өөр яах билээ.  Өөрөөр хэлбэл усан доорхи, хэзээ ч ялагдашгүй асар том цайз, хот л гэсэн үг.

Америкийн цөмийн шумбагч Майами нь ”Лос Анжелес” ангиллын 4 дэх шумбагч бөгөөд 1990 онд АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны нэгж болсон байна. Олон зориулалт энэ хөлөг нь тухайн цаг үед болж байсан том хэмжээний бараг бүх л мөргөлдөөн, дайнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Суэцийн сувгаар дамжин явсан Америкийн анхны цөмийн шумбагч гэж алдаршсан, Норвегийн байгаль хамгаалагч нарыг бажгадуулсан, NATO-гийн янз бүрийн хээрийн сургуульд оролцож, Оросын цэргийнхнийг унтах нойргүй зовоож байсан гээд олон адал явдалтай тулгарч байснаас хамгийн алдартай нь Иракт “Цөлийн үнэг", Югославт  "Холбоотны хүчин" зэрэг томоохон ажиллагаанд оролцож, далавчит пуужингуудыг харвах шиг л болж байж.

 Энэ бүхний дараа бүрэн засварт орохоор 2012 онд Портсмутын боомтод ирж зогслоо. Тайван амгалан зогсож байсан хөлөг дээр 5-р сарын 23-нд гэнэт хүчтэй гал гарч түймрийг унтраах гэж 12 цагийн турш маш олон гал сөнөөгчид ажилласан гэдэг.

Долоон хүн хорт утаанд хордож бие нь муудсан бол шумбагч онгоцны торпедын болон удирдлагын хэсэг бүрэн шатсан байлаа. Цөмийн реакторыг юун түрүүнд унтраасан тул хөлөг ямар ч “тоггүй” болсон байна. Түймэр гарч түүнийг нь унтрааж байгаа зэргээс болж агаарын янз бүрийн хэт өөрчлөлтөд өртсөн хөлгийн их бие “хөөж”, олон янзын зориулалттай шугам хоолойнууд хагарч хугарч гэмтлээ.

Тухайн үеийн ханшаар нийт хохирлын хэмжээ нь 400 сая орчим доллар болсон бөгөөд дээрээс нь Портсмутын боомтод учирсан хохирлын хэмжээ нь 20 сая орчим доллар болсон байна. Олон хүчирхэг дайснуудынх нь учруулж чадаагүй энэ хохирлыг хэн яаж бий болгосон юм бол?

Цөмийн шумбагч онгоцыг засах ажилд оролцож байсан олон зуун хүний дотор 25 настай Кейси  Жеймс Фьюри хэмээх аутизмийн хөнгөн хэлбэрийн өвчтэй будагчин залуу байж. Хийх ёстой ажил нь ердөө л будах. Майами засварт ирэх үед энэ эрийн сэтгэл санаа гэж хачин юм байсан гэх ба найз бүсгүй нь хаяж явсан, үүнээс болж нойргүйдсэн, депресст орсон гээд америкчуудын ярьдаг тэр бүх зовлон тохиолдсон юм байх. Ямар ч байсан энэ эр боломж л гарвал ажлаасаа эрт явчхыг боддог, үүнийгээ ч янз бүрийн шалтгаан хэлж, хийж чаддаг байж. 5-р сарын 23-ны тэр өдөр ажлаасаа эрт гарах ямар нэг шалтгаан олж чадахгүй ихээхэн хэцүү өдөр байлаа. Гэнэт жижигхэн түймэр тавьбал унтраах гэж бүгдийг эндээс зайлуулж, ажил хийхгүй ганц нэг хоног болох нь гэсэн мэргэн санаа төрсөн байна. Муусайн цэргийнхэн, боомтынхон гэж галын аюул ярьж сүржигнэдэг юмнуудыг нэг хөөрхөн дөнгөөд, сайхан амраадхая гэж мань эр шийээд баахан гялгар уут цуглуулж торпедын хэсэгт авчраад шатааж эхэлжээ....үүний үр дүн нь ямараар дууссаныг дээр хэлсэн билээ.

Дараа нь томоохон мөрдөн шалгалт явж таарна. Шалгаж шалгаж, мөрдөж мөрдөж байж шумбагч хөлгийн агааржуулах шугамд орсон хог статик цэнэгээс болж шатсан байна гэсэн дүгнэлт гарлаа. Ямар нэг Фьюри мэтийн нөхдүүд цэргийн энэ мундаг онгоцонд гялгар уут шатааж түймэр тавьж болох тухай мөрдөгч нарын толгойд ороогүй бололтой. Ингээд бүх зүйл амар амгалан дуусах ёстой мэт. Гэтэл тэгсэнгүй. Хэсэг хугацааны дараа Майами хөлөгт дахин гал гарч бас баахан түймэр. Бидний мэдэх нөгөө эр бас л ажлаасаа эрт явмаар санагдсан учраас тэр. Тухайн өдөр ядаж бороо ширүүн орсныг хэлэх үү, өмнөх түймрээс сургамж авсан боомтынхон шуурхай байсныг хэлэх үү галыг дор нь дарж чаджээ. Харин энэ удаа мөрдөгчид сайн ажиллаж хэн нэг нь санаатай түймэр тавиад байгааг тогтоосон төдийгүй тэр хүн нь Фьюри байж болохыг мэдээд хамгийн түрүүнд байцааж эхэлжээ. Мань эр ч удаан “гүрийж” чадалгүй “улайсан” байна.

Шүүхийн шийдвэр 2013 оны 3-р сарын 15-нд гарч, Фьюри 17 жил шоронд суух, 400 сая долларын хохирлыг нөхөн төлөх ёстой болсон гэдэг. Шүүхийн шийдвэр болсон хойно төлөх л ёстой байх. Харин хөөрхий хэзээ төлж дуусах юм бол? Өдөрт нэг хоёроор нь төлж л байгаа байх даа.

Гэмтэж шатсан хөлөг онгоцыг дахин шалгаж судалж үзээд далайд дахиж гарах боломжгүй, хийх засвар үйлчилгээний зардал нь шинэ онгоц хийх хэмжээнд дөхөж очсон байна гэдгийг тогтоосны дараа уг хөлгийг цэргийн зэвсэглэлээс хасаж, төмрийн хог руу шилжүүлжээ. Ийм байдлаар Кейси Жеймс Фюьри нь шорон, торгууль төдийгүй орчин цагийн цөмийн шумбагч онгоцыг ганцаараа устгасан агуу хүн болон түүхэнд мөнхөрсөн байна.

Хамгийн сонирхолтой нь иймэрхүү нөхдүүд хаа сайгүй. Оросын цорын ганц онгоц тээгч хөлөг болох “Адмирал Кузнецов” нь Сирийн ажиллагааны үеэр хоёр ч нисэх онгоцоо усанд унагаад, баахан хар утаагаар тэнгэр будаж байгаад буюу ер нь л жаахан "шившигтэйхэн" шиг буцан ирж маш том хэмжээний засварт орсон билээ.  Засварт орсны дараахан бас "Фьюри-Иван"-аас болсон бололтой түймэр гарсан бол, удалгүй засварын ажилд хэрэглэх маш том өргөгч кран унаж, хөлгийн их биеийг ихээхэн гэмтээсэн, дараа нь хөвөгч док буюу хөлөг онгоцыг усанд барьж байх ёстой тэр хэсэг нь живсэн гээд адал явдал мундахгүй.  Магадгүй ингэж ингэж “Кузя” нь бас Майамигийн араас орж, энэ хэргийн буруутан нь  ямар нэг уйдсан, залхуурсан нөхөр байсан тухай уншиж суух цаг ирж магадгүй л юм. 

 Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 3. 16:44
Зочин

Кузя удахгүй олдох байх өө.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]