Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дундад зууны шулмын ан гэдэг нь үнэн хэрэгтээ юу байсан тухайУншсан8,903

Өнөө үед дэлхий булан тохой бүрт “Halloween” буюу Сүнсний баярыг тэмдэглэн, сүнс, чөтгөр шулам, цус сорогч эсвэл үхдэлүүдийн дүрд хувирсан хүүхдүүдийг хүмүүс харна.

 Дундад зуунд хүмүүс үл мэдэгдэх зүйлс, илбэ шид, элдэв домоос их айдаг байжээ. Тэр байтугай анагаах ухааны аливаа чадварыг ч хар хүчний үйл, чөтгөр шуламын увдис хэмээн үзэх харанхуй бүдүүлэг ойлголт их байв. Аргагүй биз дээ, харанхуй бүдүүлэг зуун юм чинь гэж та бодож магад. Эртний Грек, Ромын үед ч тэр харанхуй зуунд ч тэр, тэр байтугай Сэргэн мандалтын үед, саяхны 19 дүгээр зуунд хүртэл иймэрхүү ойлголт их байж тэдэнтэй тэмцэхийн тулд элдэв арга чарга, хууль цааз ашигладаг байв.

Тэдгээр шулам гэгдсэн хүмүүс нь ихэнхдээ эмч, домч, зөн билэгтнүүд, өндөр оюун ухаантай хүмүүс байсан бөгөөд тэдний эвлэршгүй дайсан сүм хийдийнхэн байлаа. Сүм хийдийнхэн удирдагч, хаад ноёдод нөлөөтэй тул тэрс үзэл, илбэ шидтэй холбож хүмүүсийг олноор нь яллаж, устгаж байв. Шулмын анг ноёд дээдсүүд, томоохон мяндагтан лам нар өөрсдйн өрсөлдөгч, дайснуудаа устгахад ч ашиглаж байв.

 

Шотландын шулмын ан

Өнөө үед дэлхий булан тохой бүрт “Halloween” буюу Сүнсний баярыг тэмдэглэн, сүнс, чөтгөр шулам, цус сорогч эсвэл үхдэлүүдийн дүрд хувирсан хүүхдүүдийг хүмүүс харна. Тэдний дунд Салим шулмын дүр багагүй алдартай бөгөөд тэр нь бодит түүхэндээ Шотландад амьдарч байгаад шулмын анд өртөн цаазлагдсан эмэгтэй байв. Ер нь Шотландын өнгөрөгч түүхэнд 4-6 мянга орчим хар шидтэнийг шүүн тасалж, таарсан ялыг нь оноосон гэнэ. Тэдгээрийн дийлэнхийг нь Абердиншир зэрэг нам дор, хотгор газруудад ялалжээ. Тухайн үед Английн нийт хүн амын ердөө дөрөвний нэгд ч хүрэхгүй хүн амтай Шотландын хувьд дээрх тоо бага биш юм.

Шотландын шулмын ан авд ихэвчлэн хөгшин настай эмэгтэйчүүд өртдөг байв. Настай эмэгтэйчүүд хар шидийн болон чөтгөрийн талаар ярьсныхаа төлөө буруутгагдан, яллагддаг ба тэдний эсрэг хийгдэж байсан ял бүр одоогийнхоор маш сэтгэл сэртхийлгэм байжээ. Хэрэв хэн нэгэн эмэгтэй өвчтэй хүнийг эмчлэх юм бол “эдгээсэн бол хороож ч чадна” хэмээн үзэж яллаж байсан гэдэг.

"Шулмууд" тухайн нийгэмдээ өндөр хэрэгцээтэй байв. Далайчид холын аялалдаа салхи шуургатай наймаалцах, аян замынхаа аз хийморь, гай зовлонг урьдчилан мэдэхийн тулд мэргэн эмэгтэйчүүд буюу зөнчид дээр очдог, домч эмэгтэйчүүд өвчнийг эдгээдэг, хүүхэд эх барьдаг байсан. Үүнийх нь төлөө л сүм хийдүүд тэднийг буруутгаж цаазаар авах ял сонсгон галд шатааж байлаа.

1727 онд Шотланд улсад хамгийн сүүлийн ял авч, цаазлуулсан шулмын нэрийг Жанет Хорне гэдэг байсан ба түүнийг барьж, торхонд хийж шатаасан газарт жижиг чулуугаар тэмдэг тавьсан нь өнөөг хүртэл байдаг гэнэ.

 

Ирландын шулам

Шулмыг шүүсэн нэгэн шүүх ажиллагааг судлаачид онцолдог аж. Мөн л Шотландаас холгүй Ирландад болсон бөгөөд Элис Китлер гэгч эмэгтэйг шүүсэн байна. Тэрээр ер бусын азгүй нэгэн эсвэл аллагын хэргийн буруутан байсан байж ч болох юм. Учир нь Элисийн гурван нөхөр нас барж, тэдний эд хөрөнгө түүнд шилжсэнээр нутгийнхаа хамгийн баян эмэгтэй болсон ба дөрөв дэх нөхөр нь өөрийнхөө эрүүл мэндийг илэрхий муудаж байгааг мэдмэгц эхнэрийнхээ авдар савыг онгичиж тун сэжигтэй эм, өвс ургамал олсон гэнэ. Энэ нь тэр эмэгтэйг хараал, жатга хийсэн, хар домын мэдлэгээр бусдыг хордуулсан хэмээн буруутгахад хангалттай байлаа. Гэвч Элис амархан бууж өгөлгүй, бүх л танил талаа ашиглан мултрахыг оролдож, сүмийн хамба ламтай хүртэл заргалдав. Аймшигтайгаар эрүүдэн шүүгдсэн Элис хэргээ хүлээсэн гэж та бодож байна уу? Элис хэргээ хүлээж өөрийгөө амьдаар нь шатаахыг хүлцсэнгүй, харин ч овжин заль ашиглаж, сүмийн том толгой лам нарыг элдэв аргаар айлган сүрдүүлж суллагдаж чадсан. Элис Китлер Дублины сүмийн хамба ламыг өөрийн хар домын хамсаатан хэмээн зарласан бөгөөд хүмүүсийг итгүүлэхүйц овжин гэмээр баримтууд гаргаж ярьж байсан нь аймхай лам нарыг сүнсээ зайлтал айлгажээ. Эцэст нь нутгаасаа оргож Англид очин, насан эцэслэх хүртлээ амар тайван амьдарсан байна.

 

Ламын охид

Массачусетс мужын Салем хотод XVII зууны сүүлчээр илбэ шид үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг мөрдөх болжээ. Тэр үед 175 хүн буруутгагдсанаас 19 нь цаазлуулж, 18 нь дүүжлүүлж, 1 нь няц даруулан үхсэн гунигт түүхтэй. Сэмюэл Пэррис хэмээх ламтны ач охин нь найзынхаа хамтаар татаж унадаг өвчин тусаж хий юм хардаг болжээ. Өнөөгийн түүхчид тэдгээр охидыг жүжиглэж байсан гэж үздэг ба хэргийн ард ламтан өөрөө байсан гэнэ. Ламтан болон эргэн тойрных нь хүмүүс охидыг татаж унах үед бурхны бэлгэ тэмдгийг хардаг байснаас охидын үг бүр нь алтан зоос шиг үнэлэгдэх болжээ. Ингээд охид хотын илбэ шид, домч иргэдийн нэрсийг хэлж өгдөг болжээ.

Удалгүй Пэррисийн шивэгчин, түүний хөрш 80 настай Сара Осборн (цаазлуулахаасаа өмнө нас барсан), нутгийн ядуу бүсгүй Сара Гуд нарыг баривчилжээ. Түүний дараа маш олон хүмүүсийг баривчилсан бөгөөд 1692 оны 9-р сараас тэднийг цаазаар авч, ихэнхийг нь дүүжилсэн гэдэг. Гэвч ганц л хүнийг маш хэрцгийгээр цаазалжээ. 80 настай Жюль Кори өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Учир нь тухайн үед хэргээ хүлээсэн хүмүүсийн эд хөрөнгө сүмд очдог байсан бол эрүү шүүлтийнхээ үеэр үхвэл эд хөрөнгө нь гэр бүлд нь үлддэг байжээ. Түүнийг хэргийг хүлээлгэхийн тулд дээр нь банз тавьж, бул чулуу овоолж байсан бөгөөд Жюль хурдан үхэхийн тулд улам их чулуу тавиач гэж гуйж, хоёр хоногийн дараа нас баржээ.

 

Анна Гёльди, хорон санаат гэрийн эзэн

Нийгмийн доод давхрагаас гаралтай Аннагийн амьдрал тийм ч амар хялбар байсангүй. Тэрбээр бүх л амьдралынхаа турш баячуудын гэрт үйлчлэгчээр ажиллаж байжээ. 1781 оны 10-р сард Аннагийн амьдрал орвонгоороо эргэсэн юм. Эзэгтэйнх нь охины бие муудаж, татаж унан бөөлжих болсон бөгөөд охины эцэг Чуди бөөлжиснөөс нь зүү олжээ. Айж сандарсан эцэг үйлчлэгчээ охиных нь талханд үргэлж зүү шивж идүүлж байсан гэж буруутгасан юм. Эхэндээ Анна баривчлагдалгүй зугтаж чадсан ч сонинд Аннаг барихад тусалбал асар их шан харамж өгнө гэсэн зарлал гарчээ. Улмаар Анна ч баригдаж, эрүү шүүлтийг тэсэж чадалгүй өөрт нь хар нохойн дүртэй чөтгөр шүглэсэн увдист эм гэдгээ хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Аннаг 1782 оны 6-р сарын 13-нд хотын төв талбай дээр толгойг нь авч цаазалжээ. Түүнээс хойш Швейцарт увдис шид хэрэглэсэн гэх шалтгаанаар нэг ч хүн цаазлагдаагүй юм. Аннаг 226 жил өнгөрсний дараа 2008 онд цагаатгажээ. Эртний хүмүүсийн амьдрал, түүхийг судалдаг хүмүүс гэрийн эзэн Анна бүсгүйг элдвээр оролдож, гэр бүлээс гадуур харилцаа тогтоохыг хүссэн, садар самуунд уруу татахыг завдсан бөгөөд үүнийг нь илчлэхийг завдсан үйлчлэгчээ гүтгэж аймшигт үхэлд хүргэснийг захидал харилцаа зэргээс илрүүлж чадсан байна.

 

Хувилсан шулам болон увидаст эмс

1428 оноос 1447 он хүртэлх үед Францын өмнөд нутагт 367–гоос цөөнгүй хүнийг шатааж, толгойг нь авчээ. Тэр үед шулам, чөтгөр эсвэл увдис шид хэрэглэдэг гэгддэг хүмүүсийг шууд л баривчилдаг байсан юм.      

Энэ бүхэн нь маш эртний үйл явдал ба  баримт, нотолгоо тун бага байдаг. Гэвч шүүхийн нарийн бичгийн дарга Иоганнес Фрюндийн тэмдэглэл дээр тулгуурлаж орчин үеийн судлаачид судалгаа хийжээ. Тэр үед дор дурдсан зүйлсээр бусдыг буруутгаж ялладаг байжээ. Эдгээр нь ард түмний харанхуй бүдүүлэг байдал, шүүхийнхний тэнэглэлийг илтгэдэг гэж хэлж болох юм. 

Биеэ хувилах чадвартай, тэр дүрээрээ мал амьтныг алдаг.

Өвсний ханд ашиглаж үл үзэгдэгч болдог.

Бусдыг эмнэж домнодог.

Өвчтөнөөс өвчнийг нь аваад  өөр эрүүл хүнд өгдөг гэлцдэг байжээ.

Хараал жатга хийдэг.

Чөтгөртэй байнга уулзаж, ид шид сурдаг.

Христийн шашинтны эсрэг хуйвалдаанд оролцдог. (Бараг бүх шүүгдэгч энэ зүйлээр буруутгагджээ)

 

Урбен Грандье ламтан

Танд бурхны зарц нарт түүдэг гал, дүүжлүүр, цаазын илд заналхийлдэггүй байсан байх гэж санагдаж мэднэ. Гэвч тийм биш юм. Урбен тухайн цагийнхаа хамгийн боловсролтой ламтны нэг байжээ. Тэрбээр 1590 онд Францын баруун нутгийн Буэрт хэмээх газарт хааны нотариатчны гэрт төржээ. Тэрбээр Ришелье хамбын бодлогыг ил тод шүүмжилж, үйл хөдлөлийг нь шог яриандаа оруулж шоолон инээдэг байсан аж.

Ришелье хамба Урбенийг үзэн яддаг байсан тул ламтныг чөтгөртэй нөхцсөн гэх хэрэг үүсгэж эрүүдэн шүүсэн ба хэргээ хүлээсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Үнэн хэрэгтээ тухайн үед хэргийг нь хүлээлгэх шаардлага байгаагүй аж. Учир нь түүний эсрэг өөрийнх нь гараар бичсэн чөтгөртэй хийсэн бичмэл гэрээ нотлох баримт болж байсан юм. Тэрбээр Сатан, Люцифер, Астарот болон Левиафан зэрэг нэлээд хэдэн чөтгөр, шуламтай гэрээ хэлцэл байгуулсан байжээ. Тэд түүнд онгон охины хайр, хааны соёрхол болон өөр олон баяр жаргал бэлэглэж, хариуд нь Урбен тэдний төлөө зүтгэхээ андгайлжээ. Улмаар түүнд түүдэг галд шатаж үхэх алах ял оноосон юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]