Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

WWII: Дюнкиркийн сүйрэл, Францын уналт (фото нийтлэл №3)Уншсан5,093

Дэлхийн II дайны ялалтын ойд зориулан манай сайт түүхэн гэрэл зургуудын фото нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ.

Дэлхийн II дайны ялалтын ойд зориулан манай сайт түүхэн гэрэл зургуудын фото нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад 1940 оны түүхэн үйл явдлууд буюу нацист Герман Франц, Бельги, Голланд, Дани, Люксембургийг эзэлсэн тухай гэрэл зургуудыг хүргэж байна.

Өмнө нь: WWII: Их дайны өмнө Ази, Европт болсон явдлууд (фото нийтлэл №1)

WWII: Польш, Монгол, Финляндад халдан довтолсон нь (фото нийтлэл №2) нийтлэлүүдийг тус тус хүргээд байна.

Зураг №1. 1939 оны есдүгээр сард Герман Польшид довтолсны дараа Их Британи, Франц улсууд Гитлерт дайн зарласан юм. Таван долоо хоногийн дотор ЗХУ-ын тусламжтайгаар Польшийг эзлэн түрэмгийлсэн нацистын танкийн дивизүүд дараа жил нь буюу 1940 оны зун Францын хилийг давлаа. 

Зураг №2. Германы цэргүүд зургадугаар сард Франц руу довтлохын өмнө дөрөвдүгээр сард Скандинавын хойг руу түрэмгийллээ чиглүүлсэн юм. Норвегид бууж буй нацистын шүхэрчид 

Зураг №3. Норвегийн Нарвикийн ойролцоох тэнгисийн тулалдаанд германчууд томоохон ялалт байгуулж Норвегид десант буулгалаа. 

Зураг №4. Норвегид буусан Германы цэргүүд ширүүн эсэргүүцэл үзэлгүй шахам тус улсын төв нутагт орсон ч нутаг дэвсгэрийн гүн рүү ахих тусам эх орончидтой тулгарч байлаа 

Зураг №5. Ихээхэн хохирол үзсэн германчууд замдаа таарсан Норвегийн тосгодуудыг өршөөлгүйгээр галдан шатааж байлаа. 

Зураг №6. Норвегийн Берген дэх агаарын цэргийн бааз германчуудад эзлэгдсэнээр нутагтаа ирж буй английн нисгэгчид 

 

Зураг №7. Хатан хааны агаарын хүчин Лондонг агаараас сайн хамгаалж байсан ч үе үе тэнцвэргүй тулаан өрнөж германчуудын бөмбөгдөлтөд өртөж байв. 

 

Зураг №8. Нацистуудыг Британийн аралд газардахад хамгийн их саад болж байсан Английн тэнгисийн хүчнийг Германы бөмбөгдөгчид дайрч байна 

Зураг №9. Холбоотнууд буюу Англи, Францын арми нацистын эсрэг 144 дивизийн 3 сая 300 мянган цэрэг, 13974 их буу, 3383 танк, 2935 нисэх онгоцтойгоор Францын газар нутагт дайтаж эхэлсэн 

Зураг №10. Франц болон Бельгид хийсэн цэргийн ажиллагаанд Германы талаас 141 дивизийн 4 сая гаруй цэрэг, 7378 их буу, 2445 танк, 5,638 нисэх онгоц оролцож байлаа. Үүнд зургадугаар сарын 10-нд Францад дайн зарласан Италийн 300 мянга гаруй цэрэг багтаж байв. Германы тал нисэх хүчнээр Холбоотнуудаас давуу төдийгүй бүхий л зэвсэглэлээр тэднээс илүү орчин үеийн хор хөнөөлтэй зэвсэг ашиглаж байгаагаа харуулсан юм. 

Зураг №11. Германы танкууд орчин үеийн сайтар зэвсэглэгдсэн танкууд байсан бол Франц, Английн танкууд дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр ашиглаж байсан танкууд байлаа. 

Зураг №12. 1940 оны тавдугаар сарын 10-нд нацистууд Бельгийн хилийг давлаа. 

Зураг №13. Тавдугаар сарын 30-нд Бельгид болсон тулалдаанаар Холбоотны тал асар их гарз хохирол амсаж Бельгийг бүрэн алдлаа.  

Зураг №14. Францын цэргүүд. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн буу, зэвсэг, хувцас хунартайгаа нацистуудын өөдөөс эрэлхгээр тулалдаж байсан ч харилцаа холбоо өндөр хөгжсөн Гитлерийн моторжуулсан дивизүүдэд бутниргүүлж байв. 

Зураг №15. Зургадугаар сарын 02-нд Гитлерийн дивизүүд Голландыг эзэллээ.

Зураг №16. Бөмбөгдүүлж сүйдсэн Бельгийн хот

Зураг №17. Германы агаарын дайралтаас нуугдаж буй бельгийн цэрэг, иргэд

Зураг №18. Дункиркийн эрэгт нацистуудад ялагдаж зугатаж яваа мянга мянган англи, франц цэргүүд хөлөг онгоц хүлээж байна. Тэдний зарим хэсэг нь Англид буух хүртлээ бөмбөгдөлтөд өртөж тэнгисийн усанд үй олноороо амиа алдсан юм. 

Зураг №19. Дункиркийг орхиж буй Холбоотны цэргүүд 

Зураг №20. Зургадугаар сарын 05-нд германчууд Fall Rot (Улаан ажиллагаа)-ыг эхэлж, жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм. Улмаар Францын тулалдаан буюу Францын уналтад германы цэргийн хоёр гол ажиллагаа нөлөөлсөн. Эхлээд Fall Gelb (Шар ажиллагаа)-ийн үр дүнд Германы зэвсэгт хүчин Арденн хүртэл давшиж, Бельгид байсан Холбоотны хүчнийг бүсэлж авсан. Динамо ажиллагааны явцад Британийн Явуулын Хүчин болон олон Франц цэргүүд Дункиркийг орхисон. 

 Зураг №21. Данийн нийслэл Копенгагеныг дөрөвдүгээр сарын 20-нд буюу Адольф Гитлерийн төрсөн өдрөөр нацистууд эзэлж баярын парад хийсэн юм

 Зураг №22. Хуучирч муудсан Францын танкууд Германы хүнд танкуудын өөдөөс эсэргүүцэл үзүүлэхэд хангалтгүй байжээ 

Зураг №23. Люксембургийн гудамжаар нацистууд 

Зураг №24. Зургадугаар сарын 05-нд германчууд Fall Rot (Улаан ажиллагаа)-ыг эхэлж, жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм 

Зураг №25. Германчууд армийнхаа ялалтын мэдээг тухай бүрт эх орондоо баяр ёслолын байдалтай сонсдог байлаа 

Зураг №26. Английн ерөнхий сайд Уинстон Черчилл цэргүүдтэйгээ уулзаж байна 

Зураг №27. Францын засгийн газар Бордо руу зугтаж, Францын нийслэл Парис хотыг Германы Вермахтын цэргүүд 6 сарын 14-нд эзэлсэн байна. 6 сарын 17-нд Филипп Петен Франц улс гал зогсоох хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг зарлаж, 6 сарын 22-нд Франц болон Германы хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 6 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн аж. 

Зураг №28. Францын баруун, хойд хэсгийг Герман улс, зүүн өмнөд хэсгийн жижиг газрыг Итали улс эзэлж, өмнөдөд эзлэгдээгүй "чөлөөт бүс" үлдэн, Франц улс гурав хуваагдав. 

Зураг №29. Улмаар 1942 оны 11 сард Герман Францын үлдсэн нутаг болох "чөлөөт бүс"-ийг ч эзэлж, Франц улс 1944 онд Холбоотнууд Нормандид газардах хүртэл Тэнхлэгийнхний захиргаан дор байсан бол Доод Улсууд 1944, 1945 он хүртэл Германы мэдэлд байсан билээ. 

 

Франц, Английн армийнхан Германы Panzer 1, 2-ыг үзээд гайхан шагшиж байсан гэдэг. Гэтэл Оросууд түүнийг нь үзчихээд Германыг орчин үеийн зэвсгээ нуулаа гэж "гомдоллосон" байдаг. Дараа нь холбоотнуудын танкийг үзээд "гинжтэй чингэлэг" л байсан гэж түүхэнд бичсэн байна. Гэтэл үнэндээ Оросын танкууд илүү сайжирсан байсан, гэхдээ Германаас бусад аль ч улс цоо шинэ зэвсэгээ тэр үед олноор үйлдвэрлэж чадаагүй байсан. Харин Гудериан "Анхаар, танкийн блицкриг" номынхоо онолыг Францад туршсан, өөрөөр хэлбэл танкийн бие даасан ажиллагаа явуулах, гүн ар талд цөмөрч гол зангилаануудыг бие даан эзлэх, фронтын шугамд ар талаас дарамт үзүүлэх замаар хэдий эрэлхэг зоригтой эсэргүүцсэн ч Франц-Английн хүчийг "амархан" ялсан. Парисийг ажилчдын сайн дурынхан л долоо хоног хамгаалаад бууж өгсөн юм.

Дэлхийн нэгдүгээр дайны туршид фронтын шугамаар зууралдан тулалдаж асар их хохирол амсаж байсан орчин үеийн Герман улс хэдхэн сарын дотор ийнхүү томоохон амжилтад хүрсэн юм. Улмаар Гитлер генералуудтайгаа дорно зүгийн хүчирхэг цэргийн гүрэн Зөвлөлтийг довтлох төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Фото нийтлэлийн үргэлжлэл: Бөмбөгдүүлж, бүслэгдсэн Их Британи (фото нийтлэл №4)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]