Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Догшин ноён хутагт Хилэнхормой хэмээгч сайн эртэй нөхөрлөсөн түүхУншсан31,143

Ноён гэгээний Хилэн хормой хэмээгчтэй нөхөрлөсөн түүх жирийн биш. Гэгээнтэн хийдийнхээ шавыг тавихаар Өвөр Хамрын газар очжээ.

Говийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна. 

Өмнөх нь: Догшин хутагт мунагийг номхотгосон нь

Говийн 4-р ноён хутагт Манжийн хааны цаазаар эрсэдсэн түүх


Хурмаст тэнгэр

Намар цаг гэнэ. Малын тарга гүйцэж айлууд идээ цагаагаа базааж байж. Бас хишиг буянаа даллаж, заяа замаа засах найр наадам зохионо. Тавдугаар Хутагтыг долоон насанд хүрсэн тэр жилийн намар гойд сайхан байж. Байсхийгээд л зөөлөн бүлээн бороо шаагьж, ногоо хэнзлэн нуур тойром мэлтийнэ. Ийм үед говийнхон олноороо айлсан хавтай сайхан намарждаг байна. Тэр намар Далантүрүү хэмээх газар олон айл буужээ. Хөрөнгө чинээнийхээ эрэмбээр өдрийн сайнд жасаа уншуулж, даллага аван найр үргэлжилнэ. Ийм найрт Дулдуйт ажаа хүүтэйгээ очжээ. Ядуу ноорхой тэд үүд хавиар суун оногдсоноос хүртэж байв. Найр үргэлжилсээр орой болжээ. Гэнэт усархаг бороо шаагьсан байна. Түдэлгүй дээвэр, цаваг нэвтрэн гэрийн хоймроор дусаал гоожиж эхэлжээ. Найрчид суух газраа олж ядан сандарцгааж. Гэтэл үүдэнд дусаалгүй хув хуурай байж. Үүнийг ажигласан томчуул дээвэр сайтай хоймор хэсэг бороонд нэвтрэхэд нимгэн бүрээстэй үүдэнд яагаад зүгээр байна вэ гэцгээж. Шижээргүй зантай заримууд ноорхой аав хүү хоёр дээр дусаал дусдаггүй нь юуных вэ хэмээн тохуутай үг хэлжээ. Үүнд хариу болгож долоон настай Равжаа хүү цээл чанга хоолойгоор нэгэн дуу гарган дуулсан гэдэг.

 

Хутга бэл

“Манжийн хааны нэг Жунтан морилох гэнэ" ийм яриа гарчээ. Жунтан Бээжин Улиастайн замаар өртөөлөн өнгөрөх аж. Энэ зам Өвөр Хамар Нарийн уулаас их холуур өнгөрдөг байна. Энэ үед Дулдуйт ажаагийн хүү 6-7 орчим настай байж. Эхгүй өнчин тэр хоёр айл хэсэж амь зууна.

Жунтан морилохыг сонссон жаал хүү түүнтэй уулзана гээд аавыгаа байлгаж суулгахгүй болжээ. Гахай явган хоёрт тэр хол явах арга байсангүй. Тэгээд нэг айлаас номхон морь олж сундлаад гарч өгчээ. Хонон өнжин явсаар очтол Жунтан хоноглосон өртөөнөөсөө хөдлөх гэж байна гэнэ. Бараа бологсод нь аав хүү хоёрыг тоож ч харсангүй. Юмаа ачаалж, морио эмээллэн нааш цааш гүйлдэнэ. Жунтан хоносон гэрийн үүдний харгалзагчид Дулдуйт ажаа энд ирсэн хэргээ тайлагнан гуйжээ. Харгалзагч эс хайхарчээ. Гэтэл жаал хүү ажаагийнхаа хажуугаар орон чанга цангинасан хоолойгоор "Алив явдал нэг насаар дуусдаггүй юм. Бид урьд насны хэрэг хэлэлцэх гэж байна" гэжээ. Гэвч тэднийг дотогш оруулсангүй. Харин Жунтан жаахан хүүхэд гадаа шулганаад байгааг сонсжээ. Тэгээд юу болоод байгааг мэд хэмээн дэргэдийн хүнээ гаргаж. Тэр эргэж ороод ноорхой хувцастай аав хүү хоёр уулзах гээд байна гэж. Жунтан тэднийг оруул гэв. Дулдуйт ажаа Жунтанд сөгдөж мөргөв. Харин хүү мэхэсхийн хүндэтгэл үзүүлээд "Танд миний хутга бэл байх ёстой юм сан" гэжээ. Жунтан тулгамдаж түдгэлзэх байдал үзүүлснээ "Та жаахан хүлээнэ үү" гээд гарч оджээ. Хөдлөхөөр ачаалсан нэгэн тэгнээг буцаан буулгаж дотроос нь Монгол хийцийн мөнгөн тоногтой хутга бэл хоёр авчран хүүд үзүүлэв. Хүү могжгор хөөрхөн гараараа хутга бэлийг барин үзэж Жунтанд талархсанаа хэлжээ. Дулдуйт ажаа ийм хутгыг хэзээ ч үзээгүй хэмээн үнэнээ өчиж байж.

Дөрөвдүгээр хутагт Жамьян-Ойдовжамц ял эдэлж байхдаа Манжийн хааны нэгэн ноёнд хутгаа өгч "Танай эзний я л а а с мултрахгүй биз. Та ачийг санаж миний хутгыг Ар Халхад минь хүргээрэй. Үүнийг хүн таниад тосож авч магадгүй. Тэгвэл өгчихөөрэй" гэсэн юм гэдэг. Одоо тэр хутга бэл ӨвөрМонголын нэг айлд хадгалаастай байгаа гэдэг.

 

Бадарчин хүүгийн шид

Данзанравжаагийн хувилгаан хутагтын шинж хар багаас нь олон янзын рид хувилал үзүүлэн тодорсон гэдэг. Түүнийг 8-9 орчим настайд нь хутагтаар тодруулжээ. 10-аад настайгаасаа хааяа багш нарынхаа хараа хяналтаас мултран нутаг орноороо тэнэдэг болжээ. Нэг удаа оройнхоо саальд гарчихсан айлын гадаа хүрээд ирж. Том хүрэн бух үхэр тугал үймүүлэн үнээ саалгахгүй байна гэнэ. Цухалдсан саальчин авгай хүүг харуут "Тэр бухыг хорьж бай" гэжээ. Жаал хүү хэчнээн мэрийсэн боловч ороондоо улангассан бух дийлдэхгүй дайраад байж. Авгай бадарчин хүүгийн урагшгүй доройг тоочиж баахан зүхжээ. Гэтэл бух гэнэт нэг газар хадуулчихсан мэт зогсчихжээ. Сааль гүйцэж үхэр бэлчихэд ч хөдөлсөнгүй. Ингэснийг гэрийнхэн ажигласангүй. Орой унтах болоход айлын авгай "Энэ хүү лав бөөстэй биз" гээд шар навтас хаяж өгчээ. Харин өрөвч сэтгэлтэй охин нь хучлага дэвсгэр засаж өгөн тухтай унтуулжээ. Маргааш өглөө болоход бух өчигдөр оройныхоо газарт яг зогссон хэвээрээ гэнэ. Үүрээр саальдаа гарсан авгай үнээгээ саачихаад хувинтай сүүгээ бариад хөдөө тийшээ тэнээд явчихсан байж. Энэ болгон бадарчин хүүтэй таагүй харьцсанаас боллоо гэдгийг мэдсэн гэрийн эзэн хүүгээс уучлал гуйж энэрэл өршөөл хүсжээ. Бадарчин хүү хариуд нь "Өнчин, ядууст алагчлалгүй зөөлөн авралтай хандаж бай. Долоон ядуу хуврагийг сайтар хувцаслан буян үйлд" гэжээ. Тэднийхээс явахдаа зөөлөн зант охинд нь хадаг гурав зангидаж өгөөд "Та идэр залуу насандаа 3 сайхан хүү төрүүлж урт насалж жаргана" гэсэн байна. Энэ үед нөгөө бух үхэртэйгээ бэлчээрт гарч тэнээд явчихсан авгай ихэд цангачихсан буцаж иржээ.

 

Хилэнхормойтой нөхөрлөсөн

Ноён гэгээний Хилэн хормой хэмээгчтэй нөхөрлөсөн түүх жирийн биш. Гэгээнтэн хийдийнхээ шавыг тавихаар Өвөр Хамрын газар очжээ. Гэтэл тэнд Хилэн хормой хэмээгч сууж байж. Урт хар буутай өндөр хар хүн гэнэ. Царай байдал сүрдмээр, сэжиглэмээр аж. Тэр гөрөөсний мах шарж суув. Лам хар нийлсэн хориод хүн сүр бараатайхан ирэхэд тэр эс тоон махаа шарсаар суужээ. Гэгээнтнийг мэнд мэдэхэд тэр хариулах төдий болоод сүүлтийн өөхтэй хавиргыг шүдээрээ хуу татан зулгаах юм гэнэ. Задгай галын дэргэд түрүүхэн эд бад хийсэн гөрөөсний шунх тунасан харагдана. Ойролцоохон зүлдийг нь шороотой хутган хаяжээ. Бас цэрлийж хөшсөн нүдтэй т о л г о й хэвтэнэ. Энэ болгоноос Гэгээнтний шавь нар ихэд сэжиглэжээ.

Хэрэг зорилгоо мартаад буцахад бэлэн харагдана. Харин Гэгээнтэн ер тоосон шинжгүй мориноос бууж галын дэргэд очиж нөгөө сүртэй эртэй ярилцаж байна гэнэ. Яриаг нь сонсвол тэр өвөрлөгч болоод Халхын нутагт цуу нь тарсан Хилэнхормой гэгч ажээ. Гэгээнтэн алдар нэрээ хэлж танилцжээ. Энэ үеэс бусдыг байтугай өөрийгөө ч эс анзаарах мэт дүнсгэр Хилэнхормой хийдийн шав тавихад оролцож биширч сүжиглэх сэтгэлтэй болжээ. Үүнээс хойш тэр хоёр багш шавь мэт, анд нөхөд мэт явах болжээ. Жил жилийн цагаан сар болоход Хилэнхормой шинийн гуравны дотор ирж золгоно. Өвөрлөгч болоод Цастын орон, Их хүрээнээс ном бурхан залах, хутагт хувилгаад залрахад Хилэнхормойг бараа болгон явуулна.

Ийм аялал болгондоо сайн эр ид бахаа гайхуулна. Тэр үл даарна, эс өлсөнө. Сонор соргог нь чоно мэт. Орой унтах нь адуу, эрт босох нь шувуу лугаа адил. Алс холын замд муу хулгай, хунхууз нар дайравч Хилэнхормойн барааг харангуутаа а м ь тавин арилна. Түүний газар таньж, ус олох нь хулан шиг. Тэр гэгээнтэнтэй олон жил нөхөрлөсөн гэдэг. Буг чөтгөр дарах, өвчин зовлонг зайлуулахад ч Хилэнхормойг авч явдаг байсан гэнэ. Гэвч Гэгээнтний дэргэд тогтож байж чаддаггүй байжээ. Үе үе алга болно. Бүр сар жилээр явчихна. Нэг удаа тэгж яваад эргэж ирээгүй гэдэг. Хожмоо Данзанравжаагийн сүмд Хилэнхормойн өрө өсөн гар хадгалагдаж байжээ. Үүнийг хамгийн сүүлчийн тахилч Г.Түдэв үзсэн юм. Гарыг нь гүрэм хийх, сор залах зэрэг догшин сүртэй уншлага ёслолд хэрэглэдэг байж. Гар яагаад Данзанравжаад очсон тухай хоёр хувилбар яриа бий.

Хилэнхормой харийн нутагт баригджээ. Хэсэг хэрэгтний хамт Бээжинд хүргэгдэх замдаа буцаж яваа нутгийнхаа аянчидтай таарсан гэнэ. Мөчөө гавлуулсан Хилэнхормой харгалзагч хятадууд бусад ялтнуудын дэргэд уул овоо мэт сүртэй харагдаж байж. Тэр хуга ц о х и у л а а д удчихсан эзэнгүй мэт санжганах өрөөсөн гараа гавдаа хөшин т а с  т а т а а д "Үүнийг ноён хутагтад хүргэ. Энэ түүнд хэрэг болох учиртай" гэсэн гэдэг. Ингэхэд нь хятад Монголгүй сүрдэж гайхаж байсан гэдэг.

Өөр нэгэн яриагаар бол Хилэнхормойг дотор газрын нэгэн шоронд эрүү шүүлт даалгүй нөгч сөн хойно ноён хутагт өрөөсөн г а р ы г  нь авчруулсан гэх. Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Нартын ууланд Хилэнхормойн ус гэж бий. Хавтгай хар хадны дундах хонхорхойд мэлтийх энэ ус доороосоо ундаргатай нэн цэнгэг тунгалаг юм. Усны ойролцоо ор дэрний чулуу бий гэдэг. Бас морио аргамжиж чөдөрлөдөг газар нь гэх өвс ногоо ихтэй налгар энгэр бий. Нартын уултай зэргэлдээ орших Аргалын ууланд Хилэнхормойн буу байсан гэдэг. Яваандаа тэр буунаас зөвхөн гол төмөр үлджээ. 1960 оны үед тэр гол төмрийг царил лоом болгочихоод худаг ухахад хэрэглэдэг байсан гэж Өргөн сумынхан ярьдаг. Дорноговийн хойд талын Дэлгэрэх, Их хэт сумд хурдан мориороо Хэнтийн Галшар Буянтынхантай ана мана уралцдаг. Тэнд "Тайж адуу" хэмээх нэгэн сайн удам бий. Дэндэв тайж гэгчийн нэрээр нэршсэн нь энэ. Тайж адууны үрээ, морьд цуут Галшарын наадмын түрүүг авч байсан удаа бий. Түүгээр үл барам Дэндэв тайжийн шадар уяач хөх Цэрэн гэгч нэгэн хээр морийг Хэнтий аймгийн наадамд түрүүлүүлж байсан байна. Ер нь "Тайж адуу" Монголд их нэрд гарсан удам билээ. Хилэнхормой Дэндэв тайжийн дээд үеийнхэнд хүргэн орж байхдаа тэдний адуунд тахийн үрээ авчирч азарга тавьсан гэдэг яриа бий. Энэ сайн удмын адуу түүнээс үүсэлтэй ажээ.

 

Алсдаа адуу малын хашаа болно

Ноён хутагт ирээдүй цагийн үйлийг зөгнөн мэдэж, цэцэн мэргэнээр айлддаг байжээ. Хамрын хийд болон Галбын говийн бусад гурван хийдийг барьж байгуулах яаруу бачуу ажилтай явахдаа хааяахан бухимддаг байж. Хаа холын хангайгаас мод дүнз татах, нутгийн газар шорооноос будаг шунх гаргах гээд үй түмэн ажилд самгардсан шавь нарынхаа зарим нь будилж мунгинахад тэрбээр "Алсдаа адуу малын хашаа болох юм барьж босгож байгаа билээ бид. Үүнийг та нар над шиг мэдэж байна уу? Алгуурлаж юундаа бэвтнэнэ билээ! Цагт энэлж цагт багтаж төгсдөг ертөнцийг мөнх хэмээн санана уу? Эсвэл хашаа болох цагийг нь хашиж дөхүүлэлцэж байна уу? хэмээн догширдог байжээ. Нэгэнтээ тайтгарч амарлисан хойно шавь нар нь "Гэгээн багш та буяны их үйл үүсгэн хөтлөх атлаа юунд бэлгэгүйг айлдана "Алсдаа адуу малын хашаа болно" гэснийг тань мунхаг шавь бид юу гэж ухвал зохих сон бол оо? гэхэд "Ер юуг ч мөнхөлж дархалдаггүй ертөнц билээ. Аяа бас хүмүүний авир араншин ихэд хувирамтгай холбиромтгой билээ. Энэ жамын дагуу бурхны шашин ч мандаж буурсаар өдгөөг үзэв. Хожмоо ч ингэх ёс оо. Өөдөлж мандсан энэ цагийг хожиж шаламгай түргэн бүтээвэл жамаар ирэх цөвүүн цагийг холтгосон их буян болмуй. Мэргэн шавь нар үүнийг болгоо. Адуу малын хашаа болохыг бид байтугай бидний үрс ч үзэхгүй тул сэтгэлээ бүү чилээ. Араншин тогтворгүй хүмүүн заяатан нэгэн цагт шашнаа таягдлаа ч идэж уухаасаа хагацаж үл чадах тул өнөө бидний босгосноор адуу малдаа гэр хийх биз. Тэр цагт бас буян болно" хэмээн айлджээ. Говь нутгийн энд тэнд олонтоо тааралдах сүм хийдийн туурь, буурийг үзэхэд нуранги хана, суурийг ашиглан хашаа барьж адуу хөөвөрлөж, тэмээ ноослох газар болгосон байдаг. Зузаан товхгор шивх, хойгонд дарагдсан нойрмог дүнсгэр, эл хуль, анир алдарсан ийм орчин хэнийг боловч хорвоогийн жамын тухай уйтанхан бясалгалд автуулах хүч нөлөө агуулсан байх шиг санагддаг.

 

Саран хөхөөний намтар залсан нь

Хутагт Алшаа дунд гүний хошуунд очиж суугаад хагас жил болжээ. Өвөл өнгөрч хавар болж гэнэ. Энэ зуурт "Лам гурван эрдэнэ" дуугаа зохиожээ. Эхлээд шавь нар нь дуулах болж. Дараа нь нутгийнхнаас дуулдаггүй хүнгүй болжээ. Ер ямар гэгч шид шингэсэн дуу ингэж олны түгээл болдог байна хэмээн Дандар Лхаарамба дууны утга чанарыг шинжилжээ. Тэгээд дууны сүүлчийн бадгуудын утгыг тайлж баралгүй орхижээ.

Дандар Лхаарамба тийм ойрын хүн байсангүй Лхас зууд шавилан сууж байхдаа номд цоорхой нь танигджээ. Жагарын орноос ирсэн мэргэдтэй ном хаялцаад цаана нь гарч байж. Дандарыг нутаг буцах цагт багш нь дорно зүгт чамд шавь орох хүн олон биз. Харин чамайг шавилах хүн цөөн биз. Нэгийн зэрэг шар халзан банди байж мэднэ гэсэн гэдэг.

Нэгэн өдөр хошууны ноён Лхаарамбыг дуудан:

— Энэ юун улс, хаанаас ирж дуу хуур зохиогоод байна вэ?Та мэдээд ирнэ үү? гэжээ. Лхаарамба хятад тариачны хувцас өмсөн зүс хувиргаад хутагтынд очжээ. Хутагт гурван эмтэй өвөр түрий дээрээ гарчихсан наргиж наадаж суух юм гэнэ. Лхаарамбад шар цоохор олбог дэвсэж суулгаад гавал аяганд архи дүүргээд барьжээ. Араас нь тамхи нэрээд тамхилсан байна. Лхаарамба аргагүйн эрхэнд би сахил санваартан хүн. Архи тамхи хэрэглэдэггүй гэж үнэнээ өчжээ. Гэтэл хутагт архи ба тамхийг буцаан авч "Янлай" уншаад үлээтэл архи нь буцлан амтат ундаа, тамхи нь арц хүж болов. Үзтэл ийм болсон тул Дандар Лхаарамба шууд босож мөргөөд хутагтад шавь оржээ. Тэр буцаж очоод ноёндоо:

— За мэдэхгүй. Нэг шар халзан лам байна. Ямар ч гэсэн би мөргөчихлөө. Та яадаг сан бэ? гэжээ. Ноён:

— Ламтныг мөргөсөн бол би мөргөлгүй яах вэ гээд хутагтад шавь оржээ. Ингээд хутагтаар ном уншуулан тайлбар хийлгэхээр ярилцаж тохирсон байна.

— Та нар дөрвөн суудал засчхаарай. Би энэ гурван хүүхэнтэй очиж ном тавьж, тайлбар хийнэ гэжээ. Алшаагийн гол цогчин дуганд хүндтэй суудалд заларсан эр, эм дөрвөн лам номоо дөрөв хуваан авч Хутагтаас эхлэн авч уншиж тайлбар тавьж гарчээ. Нэгийгээ уншиж гүйцэхээр дараагийнх нь залгуулаад авдаг гэнэ. Ингэсээр хэдхэн хоногт дуусгажээ. Тэдний ном тавихыг нутгийн олон мэргэд сайчуул нягтлан ажиглаж суусан аж. Тэднээс нэг ч эндэл, ташаарал олж сонсоогүй байна. Уншлага өндөрлөсний хойно идээ будаалга болж, элдэв өргөл барьц барьжээ. Хутагт бүх өргөл барьцаас татгалзаад ганцхан "Саран хөхөөний намтар”-ыг авъя гэжээ. Цаадуул нь аргагүйн эрхэнд өгсөн байна.

Дандар Лхаарамба энэ тухай өөрийн багшаас асуулгажээ. Багш нь "Авах ёстой хүн нь иржээ, өг" хэмээсэн гэдэг. Алшаа Лхаарамба дорно дахиныг бөхийлгөсөн их эрдмийн хүн байгаад хэн хэндээ мөргөн шавь орсон гэдэг.

Хутагтыг ихэд сүслэн биширч байдгаа дурдсан захиа бичсэн байдаг. Тэр нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. Хутагт "Саран хөхөөний намтар"*-ыг авчирсан жилдээ Хамрын хийдэд лавран сүм бариулан хөгжимчин, жүжигчин бэлтгэн, хувцас хэрэглэлийг оёулан түдэлгүй тоглуулжээ. Саран хөхөөг бүтэн сар тоглодог байжээ.

 

Уран Барамсай

Данзанравжаа хутагт юмыг зэрэгцүүлж амжуулдаг хүн байж. Шүлэг бичих зуураа зураг зурна. Сүм бариулж байхдаа цамын хувцас, баг хийнэ. Хамрын хийд олон цамтай байв гэнэ. Түүнийг уран Барамсайг дуудаж "Чи хө нэг багийг өөртэйгөө адилхан бүтээ. Чиний дурсгал болог. Хожмоо чамаас юу үлдэх вэ? Хорвоо хуурамчийг чи мэднэ биз дээ" гэжээ. Барамсай үүнд нь ихэд дургүйцсэн байна. Тэгээд дургүйцэн хялалзаж байгаа дүртэй нэг баг бүтээсэн гэдэг. Хамрын хийд дээр жилд удаа дараа цам гарч говь нутгийнхны сэтгэлийг ариусгаж нүдийг баясгана. Дүйнхэрийн цам хаврын адаг сард 3 хоног гардаг байж. Зуны эхэн сард амаа гандайн цам үзүүлнэ. Намрын дунд сарын 27-нд цам харайна. Майдарын болон Улаан сахиусан цам бас харайдаг байж.

Ноён хутагт аливааг ерөнхий дэг жаягийн дотор ихэд чөлөөтэй бүтээх сонирхолтой хүн юм. Дэргэдийн урчууд нь түүнийг сайтар ойлгож өөрсдийн ур чадварын бололцоог чөлөөтэй гаргадаг байж. Хамрын хийдийн цамын баг, хувцас хэрэглэл, говь нутгийнхаа онцлогийг сайтар шингээсэн гойд уран гоё байсан гэдэг.

 

 Рашаан булаг

Хутагт хийд байгуулах газрыг ихэд нарийн сонгоно. Эрүү Доёд болон бусад хүмүүстэй зөвлөлдөнө. Мориор хөндлөн гулд явж газраа шинжилнэ. Бас өвөрлөгчийн Жанжаа хутагттай зөвлөлдөж, зөвшөөрөл гуйна. Хамрын хийдийг барих газар асуухад

— Чамд нэг ёгт байдал, совин мэдэгдэх биз. Тэр газраа хийдээ байгуул гэсэн байна. Тэгээд Хутагтад Өвөр Хамрын газар ихэд таалагдсан гэдэг. Тэнд иртэл нэг суварга байж гэнэ. Сайн эр Хилэнхормой анчны нуувчны гурван амаар гурван тийш нь буу шийрлэчхээд сууж байж. Үүнийг ажигласан хутагт лав дайсан халдахгүй газар юм гэжээ.

Хамрын хийдийн өмнөх хоолой нь арваад мод үргэлжилсэн хайлаасан төгөлтэй, элбэг устай олон худагтай. Гэвч энэ болгоноос "Рашаан булаг" нэн гайхалтай юм. Энэ бол хийдийн баруун хойд толгойн ар дээр гаргасан худаг юм. Хутагт нэг орой тэнд гадаалж яваад эндээс ус гарна. Худаг малтъя гэжээ. "Уулын оройноос ус гарахыг үзсэнгүй багш минь. Та андуурав бололтой" гэж шавь нар нь зөрөхөд

— Та нарын толгойг цоо лбол юу гарах вэ? Хаа боловч хатуу болоод шингэн хамтдаа байх жамтай. Худгийг хурдан малт хэмээн догширчээ. Шавь нар газар хонхойлоод хагас алд хүрээгүй байхад тув тунгалаг, цэв хүйтэн ус мэлтрэн гарч иржээ. Шавь нар багшийнхаа эрдмийг биширч хурдан хашаалж худаг болгож тохижуулжээ. Хийдийг бусниулсан 1938 оноос хойш худаг аажимдаа дарагдаж баларчээ. 1970 оны үед энэ худгийг малтахад ус гараагүй гэдэг юм. Харин 1991 оны өвөл нутгийн ард Дашдэлэг хүү Нарангэрэлийн хамт худгийг ахин гаргажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]