Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кубад хийсэн Ромын хамбын айлчлал ба Фидель Кастрогийн чимээгүй хийсэн хувьсгалУншсан10,059

Хамба үгийнхээ төгсгөлд хорионд байгаа хүмүүсийг нийгэмдээ эргэн очих боломжийголговол энэрэнгүйн ёсны дээд зэргийн илэрхийлэл болно гэдгийг дурдаад улс орон энх тайвнаар оршин тогтнохын гол үндэс нь энэ юм шүү гэлээ.

2016 оны 12 дугаар сард Кубын удирдагч Фидель Кастротой салах ёс хийх ажиллагаанд Христийн шашинтнуудын төв, Ватиканы зүгээс онцгой анхаарал тавьж, гүнээ хүндэтгэлтэй хандсан билээ. Ингэх ч учир байсан юм. Энэ бол 1998 оны 1 дүгээр сард Кубад айлчилсан Ромын хамба лам  II Иоанн Павелын айлчлалаас улбаатай.

1998 оны 1 дүгээр сар. Дөрвөн өдрийн турш Кубын хотууд католик шашны уур амьсгалаар амьсгалав. Тус арлын оршин суугчид үнэхээр “час улаан” католикчууд юм даа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхөөр. Куба улсад зочилж буй Ромын Хамба II Иоанн Павелыг угтахаар мянга мянган кубачууд гудамжиндаа гарч төрийн тэргүүн Фидель Кастро нь хүртэл ирсэн байлаа. Гавана хотын нисэх онгоцны буудал дээр Ватиканы тэргүүнийг угтахаар дэлхийн бөмбөрцгийн өрнөд хэсэгт орших цорын ганц социалист систем бүхий орны нам, төрийн удирдагчид Фиделийг дагалдан багширч байв. Тэд үүнээс хойш Ромын Хамбын очсон газар бүхэнд ч дагалдаж явсан юм. Гагцхүү энэ өдрүүдэд л Гавана дахь хувьсгалын талбайд империализмын эсрэг туг далбаа бус харин Ийсүс Христийн аварга том зураг анх удаа намирч, олон улсыг гайхашруулж байсан юм.

Уг уулзалтыг Кубын төдийгүй гадны улс төрийн ажиглагчид ч тун анхааралтай харж байв. Өөрөөр хэлбэл, Ромын Хамбын уулзалт Кубад тогтсон дэглэмийг өөрчлөхөд үлэмж нөлөө үзүүлж магадгүй хэмээн хүлээж байлаа.

Нөгөө талдаа Фидель Кастрогийн гярхай ухаанаар төлөвлөсөн тактик энд нуугдаж байв. 1998 онд хэдийнэ соц лагерийн өмөг түшиг болсон Зөвлөлт гүрэн нуран унаж, буйран дээр нь боссон ОХУ хуучны итгэлт түншүүдээ дэмжиж гадаадад идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь бүү хэл дотооддоо дайн самуунтай байсан цаг.

Жилд олон сая тонн сахар Зөвлөлтөөс худалдан авч, түүнийхээ оронд нефть, техник тоног төхөөрөмжийг нийлүүлдэг байсан нь бүрмөсөн зогсоод арваад жилийн нүүр үзэв. Хэрвээ АНУ Кубын эсрэг эдийн засгийн хориг тавиагүй бол тус улс аялал жуулчлалаас гадна жимс, чихэрээ худалдахад л жилд хэдэн арван сая долпарын ашиг олчих боломжтой билээ.

Дээрээс нь 1998 оноос өмнөх цаг үе буюу Кастро 60-аад настай үедээ Европын олон социалист улсуудад нийгэм нь эргэж хөрвөн дарангуйлагч, удирдагчдаа гэр бүлээр нь буудчихдаг байсан цаг үе олон жилийн турш үргэлжилж, социализм хэрхэн нуран унаж байгааг анхааралтай ажигласан байв. Гэтэл соц лагерийн хамгийн хүчирхэг дайсан болсон аугаа гүрний бөөрөнд орших Куба арал л цор ганцаар хэзээ хэзээгүй нуран унаж магадгүй дэглэмтэйгээ хэвээр байв. Олон жилийн турш худалдааны хориг арга хэмжээнд боолгож ирсэн Кубатай Америкийн хүчирхэг хаалтыг давж гарч ирж хамтарсан бодлого явуулах улс ч олдохгүй л байв. Тиймээс бүх зүйлийг эцэст нь тулгаж босгосон дэглэмээ унагаснаас, шашнаар дамжуулан аажмаар "манай улс өөрчлөгдөж байгаа юм шүү, зах зээлийн эдийн засаг руу эргэлт буцалтгүй шилжин орж байна шүү" гэсэн дохиог дэлхий дахинд өгөх нь Фиделийн гол тактик байлаа. Энэ бол социалист үзэл санаандаа туйлбаргүй үнэнч Фиделийн хувьд гайхалтай цагаа олсон ухаан байлаа. Мэдээж Фидель хожиж, Америктай ойртоно, ингэснээр олон улсын худалдааны салбарт шууд хааж боох хатуу бодлого ч зөөлөрнө, дагаад ажилсаг хичээнгүй кубачуудын хичээнгүй зүтгэлээр улсынх нь эдийн засаг сэргэх замдаа орно гэдгийг тэр урьдчилан харж байсан биз ээ.

Гэсэн ч шууд л Америк мандтугай, капитализм яллаа, социализм буруудлаа шүү хэмээн Фидель зарлахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч тэр аргаа олов. Сүүлийн жилүүдэд тун уян хатан бодлого явуулах болсон Фидель Кастро арлынхаа бүх иргэдэд хандаж уриалга гаргаж, шашны үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцохыг хүсээд, орчин үеийн нийгэм, эдийн засгийн гол асуудлын үүднээс энэ дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэг Ромын Хамба империализмын эсрэг байр суурийг ерөнхийд нь дэмжинэ гэж итгэж байгаагаа телевиз радиогоороо шууд ярьж эхлэв. Удалгүй “Хамбын айлчлалыг амжилттай зохион байгуулах нь бүх кубачуудын үйл хэрэг" гэсэн уриа лоозон Гавана хотын гудамжинд энд тэндгүй хадаж эхэллээ.

Ийнхүү социалист дэглэм мянга мянган хүнээр сүм хийдийг хоромхон зуур дүүргэж, тэнд зөвхөн бурхан шашны сургаал бус Кубын хувьсгал болон социализмыг дэмжсэн уриа сонсгохоо ч бас мартсангүй. Өөрөөр хэлбэл, католик шашны тэргүүнийг шүтэн бишрэгч христчүүдээс гадна дээрээсээ даалгавар авсан тун сахилга бат бүхий шашингүйчүүд ч бас дэмжиж байгаа гэсэн үг юм.

 Ромын Хамбын энэхүү айлчлалыг 50 орны 3000 сэтгүүлч сурвалжилж, дэлхийн телевизийн тэргүүлэх компаниуд газар дээрээс нь шууд нэвтрүүлэг цацаж байсныг энд бас дурдахгүй өнгөрч болохгүй юм. Куба улсын 11 сая хүний дөрвөн сая нь өөрсдийгөө католик шашинтай хэмээн тооцдог бөгөөд ерөнхийдөө Ромын Хамбын айлчлал эрх чөлөөний гэгддэг энэ арлын оршин суугчдын анхаарлыг ч асар их татаж байлаа. Дээрээс нь Куба бол Хамбын Латин Америкт айлчлал хийгээгүй цорын ганц орон байв. Уг айлчлалын үр дүнд ямар нэг гайхамшигтай гэмээр өөрчлөлт АНУ, Кубын харилцаанд гарна гэдэгт кубачууд итгэлгүй байсан боловч төр засгийнхаа зүгээс гаргаж байгаа уян хатан байдалд ихэд гайхширч байсан гэдэг.

Фиделийн дохио зангаагаар Кубын нийгмийн идэвхтнүүд ч социалист систем болон католик шашны хэвийн бус харьцааг зөөлрүүлэхэд уг айлчлал эхлэх цэг нь болж өгсөн гэдэгг хэн ч маргахгүй хэмээн хэвлэлүүдээр яриа өгч эхлэв. Сүм хийд болон Кубын Засгийн газрын хоорондын тэмцэл тэртээ 1961 оноос үүдэлтэй гэгддэг. Тэр үед улс шашны бүх сургуулийг өөрийн мэдэлд авч, олон зуун лам, шүтлэгтнүүдийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргасан юм. 1990-ээд оноос шашны талаар явуулах улс төрийн бодлого нь арай зөөлөрч, улмаар 1991 онд Кубын Коммунист нам өөрийн эгнээндээ шашин шүтлэг бүхий хүн элсүүлж болох заалтыг дүрэмдээ оруулж өгсөн билээ.

Хамба Гавана хотоос 30 километрийн зайд орших Ринконы эмчилгээ сувилгааны газар очив. Энд ДОХ-ын халдвар авсан хүмүүс, өндөр настнууд эмчлүүлэн асруулдаг аж. Хамба уг газрыг үзээд “Зовлон гэдэг нь зөвхөн бие махбодийн үйлчлэлийг хэлдэггүй бөгөөд үзэл бодлын хийгээд гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө тусгаарлагдан эрх чөлөөгөө хасуулсан хүнд мөн адил оршиж байдаг” хэмээжээ. Хамбын үг учиртай байжээ. Ватикан Куба улсад хандаж нэлээд хэдэн хүнийг шоронгоос суллах хүсэлт тавьсныг бид хожим мэдсэн. Хамбын нэрийн өмнөөс уг хүсэлтийг кардинал Анкело Содано Кубын Төрийн зөвлөлийн дарга Карлос Лахед гардуулсан аж.

Мөн Сантьяго-де-Кубад болсон Хамбын нэгэн уулзалтын үеэр тус хотын гол сүмийн ширээт лам Педро Меурис Эстью үг хэлэхдээ, Кубын Засгийн газар, марксизм-ленинизмийг айхтар хурцаар шүүмжилсэн нь засаг захиргааныхны хувьд тун ч тааламжгүй сонсогдох мэдээж гэмээр. Гэтэл иймэрхүү зүйлд Кубын засаг, захиргаа эртнээс бэлэн байсан тул огтхон ч цочирдсонгүй. Харин ч эсрэгээрээ Хамбын уулзалт, мөргөл, цуглааныг үндэснийхээ радио, телевизээр чөлөөтэй нэвтрүүлж, марксизм-ленинизмийг шүүмжлэгчдийн дуу хоолойг ил тодоор олон нийтэд хүргэж "чихийг нь санаатай онгойлгож" байсан юм.

Нийгмийн хэв журам энэ үед огтхон ч алдагдаагүйн зэрэгцээ гадаадын ямар нэг эрхэм зочин ирэх үед тавьдаг хахир хатуу хамгаалалт энэ удаа байсангүй. Тийм болохоор хэвлэл мэдээллийнхэнд бүр ч амар байв. Мөн сэтгүүлчдийн үзэж буйгаар Фидель Кастро, Иоанн Павел хоёрын хооронд тун найрсаг гэмээр харилцаа энэ хугацаанд тогтож амжсан нь тун тодорхой харагджээ.

Энэ айлчлалын явцад Кубын удирдагч Фидель Кастро дипломат ёс, зан заншлыг гаргууд сайн мэддэг юм байна хэмээн Ватиканы төлөөлөгчид дуу нэггэй шагшин магтаж байв. Учир нь Ромын хамба II Иоанн Павелын зөвхөн зүүн гар талд зогсох ёстойн гадна, хамба хүсэлтээ илэрхийлээгүй тохиолдолд гурван метрээс дотогш түүнд ойртох, өмнө нь гарч явахыг цээрлэдэг зэргийг маш нарийн мөрдөж байсан гэнэ.

Фидель Кубын Коммунист Намын төв байрны Улстөрийн товчоо хуралддаг танхимд Хамбыг хүлээн авч уулзсан. Хамба түүнд зах зээлийн эдийн засагт тун бодлоготойгоор орохыг зөвлөөд Баруун Европын зарим орон, тухайлбал төрөлх Польшийн минь алдааг бүү давтаарай хэмээн захив.

Энд бас нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Хэдийгээр Хамбынхаа уулзалтыг зохион байгуулах хэмжээний мөнгө Ватиканд хангалттай байсан ч АНУ-ын зүгээс Иоанн Павелд 100 мянган доллар гаргаж, түүнд 20 хүний суудал бүхий тийрэлтэт онгоцоор үйлчилсэн. Тэр ч бүү хэл Кубын нутаг дэвсгэр дээр Хамба хөл тавих үед хэрэглэх “тусгай эд зүйлийн” жагсаалтад 45 метр урт час улаан нарийн хивс ачуулахаа ч америкчууд мартаагүй байлаа. Харин уг хивсийг өгсөн компани нэрээ нийтэд зарлахыг хүсээгүй хэдий ч Кубын эсрэг Вашингтоны авсан эдийн засгийн хориг арга хэмжээг огт зөрчөөгүй, АНУ-ын хууль дүрмийн дагуу нийлүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Фидель Кастро эхний уулзалтаараа Хамба ламд уг арал дээр тогтсон социалист нийгмийн давуу талыг магтахын зэрэгцээ АНУ-ын зүгээс “өвчин, өлсгөлөн, эдийн засгийн аргаар" багалзуурдах гэсэн асар хүчтэй шахалт байгаа ч нийгэм, эдийн засгийн салбарт ихээхэн амжилт олж буйгаа голлон ярьжээ. Харин Иоанн Павел хэлсэн үгэндээ, “Куба өөрийнхөө бүхий л гайхамшигтай боломжийн хамт дэлхийд танигдаж, дэлхий Кубын өмнө өөрийнхөө хаалгыг нээлээ” гэсэн байна.

Фидель уг уулзалтаас хүсэн хүлээж байсан зүйлээ адаг сүүлд нь сонссон юм. Ромын хамба айлчлалынхаа хамгийн сүүлчийн өдөр буюу Гавана хотын нисэх буудал дээр хэлсэн үгэндээ АНУ-ын зүгээс Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хатуу шүүмжилж, ёс зүйн хувьд шударга бус үйлдэл хэмээн дүгнэлээ. Тэрбээр эдийн засгийн уг хориг арга хэмжээ юуны өмнө ард түмний хүнс хоолны хангамж, эрүүл мэнд, боловсролын асуудалд ихээхэн нөлөөлж буйг онцлон дурджээ.

Гэсэн ч Вашингтон Ромын Хамбын үгийг өлгөж аван, Ерөнхийлөгч Клинтон Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэсэн мэдэгдэл хийв. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа, “Бид бусад аргыг хойш тавин гагцхүү эдийн засгийн хориг арга хэмжээний ур дүнд л Кубад онцгой нөлөө үзүүлж чадна” гэсэн байлаа. Мөн энэ асуудал АНУ-ыг олон орноос огт өөр байр суурь баримтлах үндэс нь болдгийг хэлээд чухам хэн зөв, бурууг цаг хугацаа харуулна биз ээ" гэсэн байлаа.

Харин Америкийн олон нийт өөр бодолтой байлаа. АНУ Кубад тавьсан хоригоо цуцлахыг Америкийн бизнесийн хүрээний 600 бүлэглэл, Европын зарим нэг улс гүрэн, шашны болон хүмүүнлэгийн 140 орчим байгууллага байнга шаардах болж, Вашингтон ч өөрөө хоригоо ёс төдий дагагч болж хувирсан түүхтэй.

Эцэст нь Фидель Кастро болон АНУ-ын удирдагчид хэн хэн нь олон нийтийн өмнө үзэл бодлоосоо ухраагүй хэвээр харагдсан ч цаагуураа бүх зүйлийг өөрчилж эхэлсэн юм. Фидель Кастрогийн энэ алхмыг олон улсын ажиглагчид хожим улсын удирдагч нь өөрийн далд бодлогоор явуулсан чимээгүй хувьсгал хэмээн нэрлэдэг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]