Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Радигийн охид”-ын эмгэнэлт түүхУншсан49,620

Компани харанхуйд нүүр нь гэрэлтдэг цаг худалдаанд гаргав. Цагны нүүрийг радитай будгаар будуулахаар олон охид, бүсгүйчүүд ажиллаж байсны хамгийн залуу нь 11-хэн настай байв.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Хүн төрөлхтөн бид юмыг байгаа чигээр нь хүлээн авдаг гэдгийг нотлон харуулсан тохиолдлууд түүхийн хуудаснаа дүүрэн байдаг билээ. Бидний арьс, махнаас бүтсэн хэврэгхэн бие махбодийг хордуулж, хөнөөж устгаж байсан жишээнүүд дэлхийн түүхэнд асар олон байдаг учир бид хэзээ ч эдгээр түүхүүдийг бүгдийг нь уншиж мэдэж авах боломжгүй юм. Гэлээ гэхдээ цөөн хэдэн чухал түүхүүдийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Энэ удаад юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг баталсан нэгэн түүхийг сануулая.

1898 онд химич, физикч Мари Кюри, Пьер Кюри нар 10 тонн ураны хүдрээс ганцхан миллиграмм радийг ялган авснаар анх ради хэмээх химийн элементийг нээсэн түүхтэй. Энэ химийн элемент гялалзаад л үнэхээр янзтай байлаа. Харамсалтай нь радийг ямархуу аюул дагуулж болохыг тухайн үед хэн ч мэдэхгүй байв.

Нэг их удалгүй радигийн гэрэлтдэг шинж чанарыг бизнест ашиглаж эхлэв. Радийг нээснээс хойш ердөө хэдэн жилийн дараанаас л Виллиам Ж.Хаммер радийг цинкийн сульфаттай хольж будаг гарган авчээ. Анх ради Европт өргөн тархаж, радигаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажилчдыг шөнө гудамжаар явахад бие нь гэрэлтдэг байжээ. 1914 оноос эхлэн АНУ радийг ашиглан гэрэлтдэг будгийг олноор нь үйлдвэрлэх болсон байдаг. 1921 онд патентыг нь эзэмшдэг компани хэд дахин өргөжин тэлж, компанийхаа нэрийг United States Radium Corporation болгон өөрчилж, гэрэлтдэг будгаа “Undark” нэрээр патентжуулж авав. Бусад компаниуд ч гэрэлтдэг будгийг үйлдвэрлэхээр хошуурч, “Luna”, “Marvelite” нэрээр бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байв. Тэд будаг үйлдвэрлэж, бас будгаараа бүтээгдэхүүн гаргаж байсан юм.

Компани харанхуйд нүүр нь гэрэлтдэг цаг худалдаанд гаргав. Цагны нүүрийг радитай будгаар будуулахаар олон охид, бүсгүйчүүд ажиллаж байсны хамгийн залуу нь 11-хэн настай байв. Тус компанид ажиллаж байсан охид, эмэгтэйчүүд радид дүрсэн багсаар цагны нүүрийг нямбай гэгч нь будах үүрэгтэй байв. Нэг ажилчин өдөрт 250 цаг будах нормтой байсан ба нэг цаг будахад $0.299 хөлс өгдөг байжээ. Радитай ажиллах нь хүний биед ямар хортой билээ тэгвэл ради түрхсэн багсыг байнга барьж нүүр нүдэндээ ойртуулж өдөржин будах охидын эрүүл мэнд ямар хэмжээгээр хохирсон гэдэг нь тодорхой юм. 

Охидууд радигаар өөрсдийгөө будах дуртай байв         

Өдгөө үхлийн аюултай гэдгийг нь мэддэг болсон энэ химийн элементтэй ажилладаг байсан хүмүүст зориулж ямар нэгэн аюулгүйн санамж гаргаж байгаагүйд гайхах зүйлгүй юм. Удалгүй US Radium компани бугуйн цаг болон хянах самбар будах гэрээг зэвсэгт хүчинтэй байгуулж, ашиг орлого ч гэж цулайж өглөө. Энэ хэрээр ажилчдынх нь авдаг багахан хэмжээний цалин ч овоо нэмэгдэж ирэв. Гэвч ажилчид өөрсдийн эрүүл мэндээ хэдэн центээр золиослож байгаагаа огтхон ч гадарлахгүй байлаа. The Atlantic сэтгүүлд бичсэнээр охидууд харанхуйд фосфортож дэгжин харагдахын тулд хумс, шүдээ радитай будгаар будаж дэггүйтэх нь ч түгээмэл байжээ. Харвардын их сургуулийн физиологич Сецил Дринкер охидын биеийг бүхэлд нь радигаар будахад хэдий хэрийн будаг шаардлагатай талаар явуулсан судалгааныхаа эцэст аймшигтай үр дүн гаргаж ирсэн байна. Үйлдвэрт ажилладаг ажилчдын гар, нүүрэн дээр төдийгүй өмссөн хувцас, тэр байтугай дотуур хувцас, хувцсаар бүрэн далдлагдсан арьсны давхарга дээр хүртэл ради тогтсон байжээ.

Радигийн нэг өдрийн зохист хэмжээг та мэдэх үү?

Ямартай ч тэд ажилчиддаа аюулгүй орчинд хөдөлмөр эрхэлж байгаа хэмээн худал хэлсэн анхны компани байгаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх. Ради бүхнийг эдгээнэ, ради таныг эрүүлжүүлнэ гэсэн утга агуулгатай зар сурталчилгаагаар хүмүүсийг бөмбөгдөж, зах, дэлгүүрт радигаар хийсэн тоо томшгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн өрөөстэй байдаг байлаа. Гэхдээ үр дүн нь тодорхой байсан юм. Бүгд үхэл, өвчин зовлонг л авчирсан.

1904 онд LD Gardner компани “Liquid Sunshine” нэртэй радигийн хольцтэй цэвэр усыг зах зээлд гаргаснаар бүх зүйл эхэлсэн байдаг. Зарим компани бүр радийг ашиглан хорт хавдрын эсийг устгах туршилт амжилттай хийгдлээ хэмээн хүмүүсийн тархийг угааж бүтээгдэхүүнээ борлуулж байв. Эмчийн нэр зээлдсэн зальт этгээдүүдийг ради гэдэг шидэт бэлдмэл батганаас авахуулаад үсний халзралт, бэлгийн сулрал, галзуу өвчин гээд бараг л бүх зүйлийг эдгээнэ гэж рекламдаж байхад жинхэнэ эмч нар радигаар сүрьеэ, чонон хөрвөс зэрэг салж өгдөггүй өвчнүүдийг эдгээх туршилтуудыг амжилтад хүргэхээр махран оролдож байв. Хүмүүс радитай ус ууж, радитай шүдний оогоор шүдээ угааж, ради агуулсан нүүрний будаг худалдан авч хэрэглэн ради ёстой л “жинхэнэ тренд” болж байж. Хүүхдүүд радигаар будсан тоглоомоор тоглож наадан, бүжигчид фосфортдог хувцсаар жигдрэн Нью-Йоркийн тайзан дээр бүжиглэнэ. Радигийн эрэлт нэмэгдсэнээр дагаад үнэ нь ч өсөв. 1915 онд нэг грамм радигийн үнэ өнөөгийн ханшаар 1.9 сая доллартай тэнцэж байжээ. Ради үнэтэй болсноор аз болж тухайн үед зарагдаж байсан ихэнх радитай гэх бүтээгдэхүүнд жинхэнэ ради агуулагддаггүй байв.

“Радигийн Охид”-ын бие аажимдаа муудаж эхлэв    

Радийд хордсон ажилчдын бие тэр дороо муудсангүй. Хуучин кальцийг шинэ кальциар нөхөх замаар хүний яс улам бат бөх болж байдаг. Бие махбодид орж ирж байгаа шинэ кальциас илүү их хэмжээний кальцийг биеэсээ алдаад байвал хүний яс сийрэгжинэ. Харин хүний бие махбодь ради болон кальцийг хооронд нь ялгадаггүй ажээ. Ради яг л кальцитай адил зарчмаар ясанд шимэгддэг. Зохиолч, түүхч Кэйт Мур “Радигийн охид”-д тохиолдсон хэргүүдийг баримтжуулан тэдэнд илэрч байсан шинж тэмдгүүдийг жагсаан бичжээ. Зарим хүнд тамир тэнхээгүй болж, ядарч сульдах шинж тэмдэг илэрч байсан бол олонхид нь шүд нь нэг нэгээрээ хорхойтон унах шинж тэмдэг түгээмэл илэрч байв. Шүдээ авахуулсан ч буйл нь эдгэрч өгдөггүй байсан гэнэ. Заримд нь бүр ч ноцтой шинж тэмдэг илэрч дөнгөж шүдний эмч үзэх төдийд л эрүүний яс нь хугарсан тохиолдлууд нэг бус удаа гарчээ. Амнаас таагүй үнэр гарах, хөнгөн хүрэх төдийд арьс зүсэгдэх шинж тэмдгүүд ч түгээмэл байв. Энэ юу ч биш байв. Жирэмсэн эмэгтэйчүүд амьгүй хүүхэд төрүүлж байв. Янз бүрийн шинж тэмдэг өөрт нь илэрч байсан охид нэгдэж нөхөн төлбөр авахаар хөөцөлдсөн нь томоохон асуудлыг үүсгэсэн юм. US Radium компанийн өмгөөлөгч нар нэг ижил шалтгаанаас болж ийм олон хүнд эдгээр шинж тэмдгүүд  илрэх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж, компанийнхаа нэр хүндийг авч үлдэхээр махран хичээсээр байжээ.

“Радигийн Охид”-ын бие ихээхэн муудав

Зохиолч, түүхч Кэйт Мур “Яг хэдэн хүн цагны нүүр будагчаар ажиллаж байсан, тэднээс нь хэд нь өвчнөөр нас барсныг тодорхой хэлэх арга байхгүй” гэсэн юм. Цагны нүүр будаж явсан охид ихэвчлэн удаан хугацааны турш өвдөж шаналж байгаад насан эцэслэсэн ба эмч мэргэжилтнүүд тэднийг артрит шиг өвдөлт мэдэрдэг байсан гэдгийг батлан хэлсэн байдаг. Зөндөө олон ажилчин охид 20 гараад л хүндээр өвдөж эхлэсэн байдаг юм. Маргарет Лүүни шиг олон залуу авхай нарын нурууны яс хугарч, дээд доод мөчөө тайруулан үлдсэн жилүүдээ тэргэнцэр дээр өнгөрүүлжээ. Хөөрхий охидын бие үргэлж өвдөж, цус багадалттай болж, хэвтэрт орон хоол унд ч орохоо болив. 1930-аад оны сүүлээр нас барсан болон үхлийн ирмэг дээр ирсэн үйлдвэрийн ажилчдын асуудал нийт ард иргэдийн анхаарлыг татах боллоо. US Radium компани эхлээд охидыг бэлгийн замын өвчтэй байсан хэмээн доромжилж өөрсдийгөө ямар ч буруугүй мэтээр хаацайлж байв. Хэдэн жилийн дараа охидыг шүүхэд хандахад олон эмэгтэй энэ өвчнөөс болж хэдийнэ бурхан болчихсон байсан нь харамсалтай.

Компаниуд бодит үнэнийг дараад өнгөрүүлэхийг л хүсч байв

Компаниуд аймшигт өвчний бурууг бусад хүчин зүйлст тохоод зогсохгүй жинхэнэ үнэнийг нуун дарагдуулахын тулд тун идэвхитэй ажиллажээ. Маргарет Лүүнигийн жишээг аваад үз л дээ. Цацраг идэвхит бодисоос болж нас барсан эхний хүмүүсийн нэг байсан түүний дүү Дарлин Халмтай нэгэн сэтгүүлч ярилцахад тэрээр “Эгчийг юм л бол будагны хуруу шил гэртээ аваад ирдэг байсныг сайн санадаг. Лүүни эгч гэртээ арвуулаа амьдардаг байсан юм. Дүү нараа радитай будгаар будаж зугаацах дуртай байсан. Үйлдвэрт 6 дахь жилдээ ажиллаж байгаад ажлын байрандаа ухаан алдаж унаснаар түүний бие эрс муудсан. Компани нь эгчийг эмнэлэгт хүргээд гэрийнхэнд нь хоолойн сахуу туссан гэж хэлсэн байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Эмнэлэгт нас барахдаа Лүүни дөнгөж 24 настай байлаа. Ар гэрийнхэнд нь Лүүнигийн цогцсыг сүүлийн удаа харуулахыг зөвшөөрөөгүй нь гэрийнхнийг нь гайхашруулж, ямар нэгэн зүйл буруу байна даа гэсэн сэжиг таамгийг төрүүлжээ. Лүүнигийн гэр бүлийнхэн өөрсдийнхөө эмчийг байлцуулан охиндоо задлан шинжилгээ хийлгэхийг шаардсан байдаг ч эмч Лүүнигийн цогцсыг үзэх үед хэдийнэ задлан шинжилгээ хийгдээд дуусчихсан байжээ. Лүүнигийн үхлийн шалтгааныг чимээгүйхэн дараад өнгөрсөн ч 1925 оноос эхлэн охидод юу тохиолдсоныг олж мэдэхээр олон гэр бүлүүд эмч нарыг хөлсөлж авч эхэлсэн байдаг юм.

Нөхөн төлбөр авахын тулд тэмцэж эхлэв

1920-иод оны дунд үеэс охид хохирлоо нэхэмжлэн нөхөн төлбөр авахаар тэмцэж эхэлсэн байдаг ч тэдний хэрэг дээр ажиллах өмгөөлөгч олох тун амаргүй байжээ.

Яагаад?

Яагаад гэвэл 1927 онд 5 эмэгтэйг US Radium компанитай шүүхдэлцэхэд баян компанийн хуульчид тэднийг 2 жилийн хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхгүй болгож байсан юм. Охид 1928 он хүртэл мэдүүлэг өгөөгүй ба хэрэг хэдэн сар хойшлогдсон нь сонин сэтгүүлүүдийг энэ хэргийг шүүрэн авч бичихэд хүргэжээ. Компанийн Оттавад төвтэй ажилчид 1935 онд шүүхэд хандахыг оролдоход тэдний гомдол гаргах эрхийг мөн л олон арван хуульчид ажиллаж хаасан байдаг.

Хохирогч эмэгтэйчүүдийн нэг Катрин Волфе Донохуэ шүүх хурал дээр ухаан алдан унасан ба хэвлэлүүд түүний зургийг нийтэлж эхэлсний хүчинд олон нийтийн анхаарлын төвд орж, эмэгтэйчүүд ч заргаа авч ялалт байгуулж чадсан юм. Гэвч шүүх дээр байгуулсан ялалт нь бодит байдал дээр хий хоосон зүйл байсан юм. Компани давж заалдсан бөгөөд Донохуэ өөрийнх нь давж заалдах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож байгааг дөнгөж хараад л амьсгал хураасан байдаг. Охид үргэлж л эмнэлэг, эмчилгээний зардал, хуулийн зардал нэхэмжилсэн хуудсуудад дарагдаж арайхийн төлж барагдуулаад л өвдөж зовохын эрхээр ахиад л эм тариа худалдан авч, эмчилгээ хийлгүүлдэг байв.

Шүүхэд хандсаны үр дүнд өөр нэгэн таагүй зүйл гарч ирсэн нь охидод нийгэм халуун дулаанаар хандах нь байтугай харин ч эсрэгээрээ тэднээс зугтаж цэрвэдэг байсан явдал юм. Үхэл амьдралын зааг дээр ирчихсэн залуу ээжүүд, эмэгтэйчүүд, охидод юу тохиолдоод байгааг олон нийт хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэж Кэйт Мур хэлсэн юм. Нутгийн иргэдтэй уулзаж, охидод ирсэн болон тэдний явуулсан хувийн захидал, тоо томшгүй олон баримт сэлтийг уншиж танилцсаны эцэст зохиолч Кэйт Мур охидыг болсон бүх зүйлийн талаар ам нээлгүй чив чимээгүй байх хэрэгтэй гэж боддог байсныг олж мэджээ. Юуны учраас тэр вэ? Ажлын байр хомс байсан тухайн цаг үед ажилчин охид өндөр цалин хөлсөөр цалинждаг байв. Радигийн охидыг заргаа авчихвал Их хямрал нүүрлээд байсан тухайн үед энэ ажлын байр үгүй болно гэж эмээж байснаас үүдэн олон охид чимээгүй байх замыг сонгожээ.

Гайхалтай өндөр насыг зооглож 2014 онд 107 насандаа тэнгэрт хальсан Таке Мае Кийн 1924 онд цагны нүүр будагчийн ажилд орсон хүмүүсийн нэг байжээ. Гэвч түүнийг азын тэнгэр ивээж бүсгүйд хийх ажил нь таалагдаагүй болохоор нэг их удалгүй ажлаасаа гарсан байдаг. Бүсгүйд амандаа багс хийн яаж будах аргыг зааж сургасан ба тэрээр радитай будгийн амтыг тэр дороо л жигшчээ. Хэдхэн хоног ажиллаж байхад нь компаниас түүнийг дуудаж үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг нь асуухад бүсгүй татгалзсан хариу өгсөн байна. Амьд үлдэж чадсан хэдэн зуун хүний төлөөлөл болсон Кийн насан туршдаа шүд хорхойтох, толгой таллаж өвдөх шинж тэмдгээр шаналж байжээ.

Амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн тэмцэл, гэм зэмгүй бүсгүйчүүдийн амь нас радитай будаг үйлдвэрлэх үйл явцыг зогсоож чадаагүй юм. 1934 онд Radium Dial компанийн ерөнхийлөгч Жозеф Келлийг компаниас хөөв. Гэхдээ Radium Dial түүний бүтээн босгосон цорын ганц компани байгаагүй юм. 1976 онд Цөмийн Зохицуулах Хороо Luminous компанид торгууль ногдууллаа. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1666 дахин их цацраг идэвхит бодисонд ажилчидаа ажиллуулж байгааг нь тогтоосон учраас ийм шийдвэр гаргажээ. Өмч хөрөнгийг нь хурааж Luminous Processes компанийг хаасан ч гэлээ 1980-аад он хүртэл энэ хэрэгтэй холбоотой зарга үргэлжилсээр л байсан юм. Цагны нүүр буддаг байсан бүсгүйчүүдийн хэрэг цаашид цацраг идэвхит бодисоор үйл ажиллагаа явуулах газруудад (жишээлбэл Manhattan Project) норм тогтоож өгөх аюулгүйн удирдамжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн мэргэжлийн өвчнөөр өвдөж шаналж байгаа ажилчдыг нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн хуулийг батлахад тусалжээ.

“Радигийн Охид”-ыг тугалгаар будсан авсанд оршуулав

1922 онд бие нь өвдөж ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон Моллие Маггиа өөрийнхөө юу болохоо байчихаад байгааг мэдэхгүй байв. Шүд нь өвдөнгүүт шүдээ авахуулав. Удалгүй ахиад нэг шүд нь янгинан өвдсөнд шүдний эмч бахиар бас л суга татжээ. Шүд авсан газарт нь цус, идээ холилдсон дугуй хэлбэртэй том зүйл гарч байнга идээ нь гоожин, амнаас нь муухай үнэр гарах боллоо. Хөлийн үеэр нь өвдсөөр сүүлдээ бүр алхаж чадахаа болив. Эмч түүнийг хэрэх өвчтэй хэмээн оношилж, аспирин өгөөд гэрт нь хариулжээ. Ингээд тэр оныхоо 5-р сард Моллиегийн бие эрс муудсан байна. Ямар ч шүдгүй болж, хачирхалтай халдварт өвчин туссан юм шиг л болж орхижээ. Доод эрүү, дээд тагнай, бүр чихний зарим яс нь хүртэл идээлж үрэвсэв. Энэ ч бас гайгүй. Шүдний эмчид үзүүлэх гээд очиход нь эмч амыг нь нээх гээд хуруугаа дөнгөж ам руу нь хийтэл эрүүний яс нь хугарчихав. Хэд хоногийн дараа доод эрүүний яс нь бас хугарсан ажээ. 9-р сарын 12-ны өдөр өнөөх хачин халдвар улам хүрээгээ тэлж хоолойных нь эдийг гэмтээсэн байна. Гүрээнийх нь судсаар дамжин өвчин аажмаар бүсгүйг идсэн юм. Өдрийн 5 цагт амнаас нь цус олгойдон гарч сувилагч цусыг нь тогтоож чадахгүй байсаар бүсгүй нас баржээ. Тэрээр дөнгөж 24 настай байсан юм. Эмч нар алдаа гарган түүний нас барсны гэрчилгээн дээр тэмбүүгээр өнгөрсөн хэмээн бичиж үлдээсэн байсныг хожим радийн компани бүсгүйн эсрэг ашигласан юм. Түүний араас хамт ажиллагсад нь нэг нэгээрээ нас барцгаасан байдаг билээ. “Радигийн Охид” зөвхөн өвчтэй байсангүй, харин цацраг идэвхитэй байсан юм. 1927 онд ухаж гаргаж ирсэн Моллие Маггиагийн цогцос хэргийг шүүхэд ялахад хэрэгтэй хамгийн чухал нотлох баримт болж өгсөн байдаг юм. Авсыг дээш татан гаргаж, бүсгүйн цогцсыг үзэхэд бие нь гэрэлтэж байжээ. Түүний ясанд асар их хэмжээний цацраг идэвхит бодис агуулагдаж байсан болохоор үүнд гайхах зүйлгүй юм. Цацраг идэвхит бодисын амьдрах хугацаа 1600 жил байдаг учир радигийн будганд хордож нас барсан хүмүүсийн цогцос мөддөө гэрэлтэхээ болихгүй нь ээ. 1930-аад онд Иллинойс мужийн Оттава хотыг “Үхлийн Хот” гэж хочилж байсан ба 1987 онд бүтээгдсэн “Радигийн Хот” баримтат кинонд радигийн хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөөг графикаар үзүүлэхийг зорьсон байдаг бөгөөд Радигийн олон Охидын амьдралын сүүлийн зогсоол болсон Католик оршуулгын газрыг чиглэн явсан нэгэн залуу газар дор 2 метрийн гүнд булаатай байгаа бүрлээчдийн эд зүйлсийг зориулалтын багаж төхөөрөмжөөр хэмжиж үзээд өнөөг хэр нь цацраг идэвхитэй байгааг нотолсон байдаг. Маргарет Лүүни, Катрин Донохуэ нарын цогцсыг тугалган авсанд хийж оршуулжээ. Аж үйлдвэр эрхэлдэг, гольфчин Эбен Байрс радитай “RadiThor” ундаанаас өдөрт хэдэн шилийг уудаг байжээ. Түүний гавлын ясанд нүхнүүд үүсч, эрүү нь хугарч, яснууд нь сийрэгжиж үйрсэн байв. 1932 онд нас барсан түүнийг цацраг идэвхитэй байсан учраас мөн л тугалган авсанд хийж нутаглуулсан юм. 

Үйлдвэрийн барилга бусдыг хордуулсаар л...

The Atlantic сэтгүүлд бичсэнээр Radium Dial компанийг хаагдсаны дараа үйлдвэрийн барилгыг мах пакетлах үйлдвэр болгон өөрчилсөн байна. Улмаар үйлдвэр хаагдсаны дараа ферм болгон ажиллуулж байгаад 1968 онд хаагдахад нь үйлдвэрийн нурангиар Оттава хотын эргэн тойрон дахь  нүхнүүдийг бөглөсөн ажээ. Харин Luminous Processes компаний үйл ажиллагаагаа эрхэлж байсан барилгын тухайд гэвэл мөн л олон жилийн турш мах хадгалах агуулах болгон ашигласан байна. Оттава дахь 16 цэгийг аюултай химийн бодис агуулсан, зайлшгүй цэвэрлэх ёстой газруудын Superfund sites жагсаалтанд багтаадаг юм. Эдгээр цэгүүдийн ихэнхийг нь өдгөө цэвэрлэж, аюулгүй болгоод байгаа ч гэлээ Фокс голын 17 акр газарт Радигийн Охидын цацраг идэвхит бодис хадгалагдсаар байгаа гэсэн мэдээллийг 2018 онд Америкийн Эмч нарын Холбооноос өгч байсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]