Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Өмнө нь бичиж байсан Зөвлөлтийн нисгэгчгүй болсон Миг-23 хоёр ч улсын хил даван ниссэн тухай түүхийг энэ удаа өөр бусад төстэй түүхээр үргэлжлүүлье.
1970 оны 2-р сарын 2-ны өдөр АНУ-ын Монтана мужийн Малмсторм хэмээх нисэх баазад байрлах сөнөөгч онгоцнууд “хоёр нь хоёрын эсрэг” гэсэн байдлаар агаарын тулалдаан хийх бэлтгэлээ хийж байлаа. Уг бэлтгэлд оролцож байсан Convair F–106 Delta Dart амдан сөнөөгчийн нисгэгч Гарри Фауст 12,5 км-ийн өндөрт байх үедээ өрөмд орж унаж эхэлсэн байна. Өрмөөс гарах олон оролдлого хийж бүр буух үед хэрэглэдэг салхи хаагч, шүхрээ хэрэглээд ч чадвар дутсан бололтой гарч чадсангүй. Ингээд 4600 орчим метрийн өндөр сүүлийн арга болох шүхрээр үсэрлээ.
Шүхрээр бууж байх үедээ нисгэгч маань түүний өрөмд орон унаж байсан онгоц нь катапультын системийн хүчирхэг урсгал, нисгэгч+катапультын систем зэрэг ихээхэн хэмжээний жин гэнэт үгүй болсноор өөрөө өрмөөс гарахыг хараад нүдэндээ итгэсэнгүй. Өрмөөс гарсан онгоц нь тэр чигээрээ ниссээр далд орохыг харсаар хоцорсон Гарри газарт буугаад эргэн тойрон харахад хэн ч үгүй хоосон тал байсан ба цуг нисэн бэлтгэл хийж байсан бусад нисгэгчид нь түүний хаана буусныг хэлээгүй бол хөлдөж үхэх байсан биз.
Нисгэгч ч яахав ингээд ямар ч гэмтэлгүй аврагдсан бол харин онгоц.
Нисгэгчгүй болсон онгоц цааш ниссээр байсан ба улам бүр л өндрөө алдсаар байгаад нэгэн фермерийн цасанд хучигдсан талбайд, ямар ч нисгэгч атаархмаар цэвэрхэн элэглэж буужээ. Мотор унтарч шатахуун дуусаагүй зөвхөн өндрөө аажуухан алдсаар буусан нь энэ.
Онгоц газарт буун цасан дээр гулгасаар зогсох үед айж сандарсан фермер шериф рүүгээ утастаж болж байгаа явдлыг мэдээлж. Шериф ч дор нь ирж онгоцыг үзтэл мотор нь ажилласаар байсан бөгөөд хянах самбар дээрх янз бүрийн гэрэл асч унтран сүртэй гэж жигтэйхэн. Жирийн хөдөөний шериф ийм нөхцөлд яахаа мэдэхгүй гайхан зогсож байх үед онгоц гэнэт урагшлан бас хэсэг давхин ойрхон зогсож байсан нөхдүүдийн зүрхийг авах шахахад шериф яаж ч чадахгүй байгаагаа, онгоцны тухайд жаахан ч гэсэн юм ойлгодог хүн ойрхон байгаа бол явуул гэж “сумын төв” рүү яаралтай мэдэгдлээ. Энэ мэдээлэл цааш таран тарсаар нисэх баазад хүрч, тэд яахаа шийдэх гэсээр байх хооронд онгоц хэд хэдэн удаа урагш ухасхийн хэдэн метр яваад зогсож байсан бөгөөд онгоцны дор хуралдах цас моторын халуунд хайлж үгүй болох үед онгоц моторын хүчээр урагшилж байсан байна. Ийм байдлаар 1 цаг 40 минутын дараа ашгүй шатахуун дуусч онгоц ч “тайвширчээ”. Нисэх хүчний түүхэнд Cornfield Bomber гэж алдаршсан энэ явдал үүгээр дууссангүй.
Уг онгоцыг нисэх баазад авчран шалгатал элдэв гэмтэл маш бага, сүүл хэсгээр л гаднах бүрээс болон бусад жижиг зүйлс л эвдэрсэн байсан учир жижигхэн засвар хийгээд дахин нисэх боломжтой болсон бөгөөд үүнээс хойш энэ онгоц 14 жил нисэн байсаар 1986 оноос музейн үзмэр болжээ.
Америкт болсонтой бараг адилхан бас нэг тохиолдол ЗХУ-д болсон бөгөөд 1976 онд шинэхэн үйлдвэрээс ирсэн Як-38 (як-35, бүр Як-141 гэх хувилбар ч бий. Гэхдээ энэ түүх үнэн бол цаг хугацааны хувьд Як-141 лав биш ба Як-35 бөөнөөр үйлдвэрлэгдээгүй зэргээс харахад Як-38 нь үнэн болов уу) онгоцыг шалган авах туршилтын нислэгийг туршин нисгэгч Хомяков үйлдэж байв. Уг онгоц нь эгц дээш хөөрөх буух боломжтой бөгөөд чухам нислэгийн энэ боломжийг нь шалгаж байх үед буюу 70 метрийн өндөрт автомат катапульт нь (шүхрээр шидэх төхөөрөмж, энэ онгоц нь анхны ийм автомат төхөөрөмжтэй байсан гэдэг) ажиллан хөөрхий нисгэгчийг гарган хаяжээ. Нисгэгчийг шидэх үед ямар нэг зүйл нь өөрчлөгдсөн бололтой онгоц харсан зүг рүүгээ нисэн явсан ба харин нисгэгч зүв зүгээр газардсан байна.
Онгоц ниссээр бүх шатахуунаа дуусах үед шүхэрлэн ниссээр мөн л маш цэвэрхэн газардсан гэдэг бөгөөд ойрхон зам цэвэрлэж байсан хоёр тракторч тэр даруй давхиж очин эзэнгүй онгоцны “үнэгүй” олдсон хэд хэдэн чухал эд ангийг тайлж аван талийсан байсан тухай (тракторчдын тухай яриа эргэлзээтэй юм билээ) яриа бий.
P.S.
Ер нь нисэх хүчин, онгоцтой холбоотой олон үнэмшихэд хэцүү явдлууд байдаг бөгөөд нэгэн инээдтэй тохиолдол:
Туркууд Америкаас F-16 онгоц худалдан авах болсноор нисгэгчдийг нь Америкт сургах болж. Тэд Америк багшийн удирдлага дор бөөнөөрөө агаарт гаран нислэгийн янз бүрийн маяг хийж бэлтгэж байх үед нэг онгоцны хөдөлгүүр унтран шууд л унаж эхэлсэн байна. Хэсгийг удирдаж явсан Америк эр уг унаж буй нисгэгчийн нэрийг мэдэхгүй (эсвэл сандарсандаа санаагүй) учир яаран сандран радио холбоогоороо “Турк залуу яг одоо үсэр, үсэр” гэж бачимдан хашхирлаа. Агаарт байсан 6 онгоцны нэгээс бусад (Америк нисгэгчээс бусад нь) нь буюу таван Турк нисгэгч нар тэр даруй зүв зүгээр онгоцоо орхин шүхрээр үсэрчээ.
Энэ явдал хэр үнэн байж болох тухай баримттай юм хайгаад олсонгүй.