Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Би Цэвээнравданд олон унасан, чи түүнийг ав, тэгээд түрүүл”Уншсан12,946

Тэрээр өөрийн дурсамж номондоо сайн нөхөр, дархан аварга Ш.Батсуурийн тухай ийн дурсжээ.

Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан тэр эрхэм бөхийн хорхойтон төдийгүй бага залуу наснаас ноцолдож улсын начин цол хүртсэн сайн бөх юм. Тэрээр өөрийн дурсамж номондоо сайн нөхөр, дархан аварга Ш.Батсуурийн тухай ийн дурсжээ.

Хасагт гурван богд уулын өвөрт төрсөн надаас ганцхан жилийн өмнө энэ уулын ард төрсөн, асар их хүч тэнхээтэй, гайхамшигтай сайхан бөх Монгол Улсын дархан аварга Шаравын Батсуурийн тухай товчхон боловч өгүүлэхийг “өөрийн үүрэг" гэж үзэж байна. Ш.Батсуурь аварга бол 1922 онд төрсөн, надаас ганц ах хүн. Нэг болсон түүх энд өгүүлье. 1945 онд би Аж үйлдвэрийн комбинатын урдхан талд, Богины аманд офицеруудын зусланд нэг гэрт ганцаараа амьдарч байв. Нэг орой гадаа машин дуугарав. Гарч харвал, генерал Б.Дорж машинаасаа буулаа. Ардаас нь бүдүүн бор цэрэг бууж байна. Генералын амрыг эрэхэд, энэ цэрэг танай аймгийнх, Ховд аймгийн наадамд түрүүлэхээр нь би бөх болж магад гэж бодоод аваад ирлээ гэв.

Тэгээд ‘Та хоёр барилдаад үз" гэдэг юм байна. Бид хоёр дөрөв барилдаж хоёр хоёр хаялцав. Б.Дорж гуай Ш.Батсуурийг бөх болох юм байна гэж бат итгэж байлаа. Энэ үеэс Ш.Батсуурь бид хоёр танил дотно болж, хязгаарын цэргийн бөхийн тоонд орж, улсын наадамд хамтарч бэлтгэл хийдэг болсон юм. 1945, 1946 оны наадмын өмнө барилдааны бэлтгэлд гарахад Б.Дорж генерал бидний хүнсийг Шарын голд байдаг хязгаарын цэргийн туслах аж ахуй, 72-т байдаг Замтын нэгдлээс хангуулж байсан юм. Мөн тэдгээр аж ахуйнуудаас цагаан идээг үнэ төлбөргүй олгуулж байлаа. Хязгаарын цэргийн бэлтгэл хийх бөхчүүдэд Ц.Чимид-Очир, Ш.Батсуурь, Бадамсэрээжид, Найдандорж, Наваан бид нар ордог байв. Ш.Батсуурь 1947, 1948 онуудад дараалан түрүүлж, аварга цол хүртсэн юм. 1949 онд Ш.Батсуурь, Аюуш арслан хоёрын хооронд будлиан гарсан бөгөөд тэр үед би ЗХУ-д сурч байсан учир түүнийг хараагүй юм.

Ш.Батсуурь бид  хоёр олон жил ойр дотно найзалж нөхөрлөж, гэр орноороо орж гардаг байсан учир болсон явдал, бодсон санасан юмаа нууж хаадаггүй байв. Би түүнээс "Аюуш та хоёрын дунд юу болсон юм" гэж асуухад тэр надад ийнхүү хариулсан юм. Тэр жилийн улсын наадамд шөвгийн дөрөвт Аюуш, Чүлтэмсүрэн, Цэвээнравдан нарын хамт үлдэхэд, Нисэхийн хэмээх Аюуш ирээд “Би Цэвээнравданд олон дахиж унасан юм, чи түүнийг ав, үзүүр түрүүнд үлдээд би чамтай барилдахгүй, чи тэгээд түрүүл” гэсэнд Ш.Батсуурь үгээр нь болж Цэвээнравдан арсланг аваад хаячихжээ. Аюуш ч нөгөө бөхийг даваад, тэр хоёр барилдах болоход Ш.Батсуурь ажиг сэжиггүй, анхаарал болгоомжгүй явж байтал, гэнэт хөлд нь ороод, өргөж хаясан тухай надад ярьсан юм. Ш.Батсуурийн энэ яриа үнэн гэж боддог. Ш.Батсуурь бол цагаан сэтгэлтэй, хүнд итгэмтгийдээ Аюушид чадуулсан байх гэж боддог юм. Батсуурь бол нэгэн үе хүний сэтгэлд багтахааргүй их хүч бяр нэмсэн билээ. Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан аварга нарыг сэрвүү барьцнаас дугтарч гуядахад, тэд тоос манан хадуулаад унадаг байсан юм.

Цээж, хоёр гарын чадал маш ихтэй байв. Тэгээд Аюушаас болж, Аюуш, Батсуурь хоёр хамтдаа арга хэмжээнд орж, цол формоо хасуулж, улсад гурав дараалан түрүүлвэл, Ш.Батсуурийг шагнахаар бэлтгэж ирсэн алтан гадас одонгоо маршал Х.Чойбалсан маш их уур уцаартайгаар буцааж авч явсан гэж хүмүүс ярьдаг нь үндэстэй. Ш.Батсуурийн барилдаан будлиангүй хэвийн явагдсан бол тэр таван удаа түрүүлж, далай даян дархан аварга болох боломжтой байсан гэж бөхчүүд ярьдаг байв. Аюушийн явдал их аварга Ш.Батсуурийн золбоо хийморь, зориг хүч, сэтгэл санаанд муугаар нөлөөлснийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Гэвч Батсуурь аваргыг бөхчүүд байнга хүндэтгэж, магтан гайхаж, бишрэн дурсаж ирснийг түүх гэрчилнэ. Энэ учраас нэрт аваргынхаа алдрыг мөнхжүүлж, түүний дэлж дэвж байгаа хүрэл хөшөөг Говь-Алтай аймгийн төвийн биеийн тамирын цогцолборын үүдэн дээр босгож, дурсан хүндэтгэж яваасай гэж би гүнээ хүсч явдаг юм.

Даян аварга Ц.Чимэд-Очир, дархан аварга Ш.Батсуурь нар
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]