Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийг дэлхий дахинд мэдэхгүй хүн ховор. Гэхдээ түүний тухай ихэнх хүмүүс Карибын хямрал, Мэрилин Монро зэрэг бас бус бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан болон Далласт хөнөөгдсөн нууцлаг явдалтай холбоотойгоор л мэдэх биз ээ. Тэгвэл энэ хүн Дэлхийн 2-р дайнд оролцож, баатарлаг түүх бүтээж байсан хүний нэг аж.
Саятан айлын хүү 1940 онд Тэнгисийн цэргийн флотод алба хаахыг хүссэн боловч хуучин нурууны гэмтлээс нь болоод цэрэгт авсангүй. Бэрхшээлийн өмнө бууж өгөх дургүй эр өөрийгөө дайчлан элдэв бэлтгэл хийн зүтгэсээр дараа жил нь флотын бэлтгэл цэрэг болж чадсан байна. Зарим нэг нь түүний хичээл зүтгэлээс илүү аавын нэр хүнд, танил тал үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэх боловч цэрэгт татагдах үедээ тэнгисийн цэргийн тагнуулын албанд буюу Вашингтонд бичиг цаастай зууралдах тийм тушаалд очих болсныг хүлээж авалгүй байлдаж байгаа хэсэгт очихоор хөөцөлдсөөр хэргээ бүтээжээ.
Ингээд 1943 онд Жон Соломоны арлын ойролцоо дайтаж байгаа нэгтгэлд очсон бөгөөд энэ хэсэг нь торпед харвагч катер ашиглан Японы цэргийн хангалтыг тасалдуулах зорилготой дайн тулалдаан хийгээд хагас жил болж байлаа. Хэсэг хугацааны дараа ирээдүйн Ерөнхийлөгч РТ-109 гэсэн торпедын завины дарга болон эргүүлд гардаг болов.
1943 оны 8-р сарын 1-нд РТ-109 ээлжит даалгавраа авсан ба шөнийн энэ аянаар Японы армийн хангалтыг нийлүүлэх цувааг устгах ёстой олон завины нэг байлаа. Заасан газар очсон тэр шөнө саргүй, тас харанхуй байсан бөгөөд Америкийн катерууд Японы хангамжийн том хөлөг болон түүнийг хамгаалж явсан хөлгүүд рүү торпед харван тулалдаан ид явагдаж байв. Жон цагаас эрт өөрийгөө илрүүлэхгүйн тулд ямар ч гэрэл асаалгүй, тун бага хурдаар (усан мөр үлдээхгүйн тулд ) явж байх үед гэнэт Японы маш том хөлөг түүнийг чиглэн явж байгааг харж. Уг хөлөг нь Коломбангара арал дээр 1000 орчим цэрэг, хангамжийн ачаагаа буулгачихаад мөргөлдөөн болж байгаа бүсээс гарах гэж хар хурдаараа зугтан, мөн л гэрэлгүй явж байсан гэдэг.
Амагири нэрт Японы хөлөг гэв гэнэт өмнө нь 700 орчим метрийн зайд, хөлгийн явж буй яг тэр чиглэлд Америкийн торпед харвагч завь байгааг харсан бөгөөд Япон ахмад ямар нэг буун дуу гаргалгүйгээр завийг шууд дайран бяцлах тушаал өглөө.
Торпед харвагчийн дарга Жон Японы том хөлөг өөрсдийг нь дайрахаар чиглэн давхиж байгааг хараад замаас нь зугтах тушаал өгсөн боловч завь хэтэрхий бага хурдтай явсан учир чиглэлээ өөрчилж амжилгүй харин ч бөөрөө тавьж өгөн, яг л хамар дор нь орон завь хоёр хуваагдлаа.
Завины ар талын хэсэг тэр даруй живсэн бөгөөд хоёр усан цэрэг живж, 11 хүн завины урд талын хэсгээс зүүгдэж амьд гарчээ. Өглөө болоход эргэн тойрон юу ч байхгүй, хамгийн гол нь завины урд хэсэг хэзээ мөдгүй живэх нь тодорхой байв. Гарт таарсан юм болгоныг ашиглаж салархуу юм хийгээд түүндээ шархадсан цэрэг, цаашид хэрэг болж болох зарим нэг зүйлээ ачаад ойрхон харагдах жижиг арал руу сэлэх тушаалыг Жон дарга өглөө. Жон өөрөө энэ үед бас нэг шархадсан цэргийг аврах хантаазны оосроос нь шүдээрээ зууж чирэх байдлаар арал хүртэл сэлсэн бол бусад нь салаа чирэн сэлсэн байна.
Дөрвөн цагийн турш үргэлжилсэн, 6 км-ийн энэ айхтар аян амжилттай төгсөн арал дээр гарч ирсэн боловч тэнд ус ч байхгүй ёстой л алгын чинээхэн газар байв. Энд байгаад ямар нэг аврагдах боломж үгүй гэдэг нь ойлгомжтой байсан учир Жон өөрөө дахин 4 км орчим сэлж ойр тойрны жижиг арлууд руу очсон байна. Түүний очсон Оласан хэмээх арал нь бас ч мод жимстэй, хамгийн гол нь цэвэр устай байсан учир буцаж очин багийнхан тэр чигээр энэ арал руу “нүүлээ”.
Аз болоход арал дээр Японы цэргийн хэрэгсэл бүхий жижиг ууттай эд хэрэгсэл, тухайн нутгийнхны хийсэн муухан завь олж. Нэгэнт завьтай болсон учир Жон, өөрийн туслах Росстой хамт шөнө болгон ойр байх арлууд дээр очин судлах, олдсон япон цэргийн гар чийдэнгээр шөнөжингөө аврал эрсэн дохиог янз бүрийн арал дээрээс янз бүрийн чиглэлд өгөх зэргээр зогсолтгүй зүтгэсээр байв.
Жон нэгэн удаа дээрх байдлаар тэнэж явсаар буцаж ирэхэд нь үлдсэн хэдэн нөхдүүдийг нь нутгийн иргэд Томсон буу тулган буудах дээрээ тулчихсан байж байна гэнэ. Манай хэд ч яах учраа олохгүй байх үед тэрхүү нутгийн хоёрын нэг нь ганц нэг англи үг мэдэж байгаа бололтой шулганаж байв. Жон болон багийнхан учир явдлаа тайлбарлах гэж ядаж байж нэг өөрсдийгөө Америкийн цэргийнхэн, Японы цэргүүд биш гэдгээ ямар ч байсан ойлгуулж чадлаа. Соломоны арлын уугуул иргэд өндөр хамарт цагаан арьстан, наран зүгийн шар арьстан нарыг хооронд нь ер ялгаж чаддаггүй хэд байж л дээ.
Ингээд учраа олсны дараа нутгийнхнаар дамжуулан захиа бичсэн ба юм найдвартай нь дээр гэж нэг захиагаа цаасан дээр нөгөө захиагаа кокос самрын хатуу хальс дээр тусламж гуйсан зүйлээ бичсэн бөгөөд Жон Кеннеди чухам тэр кокос самрын хальс дээр захиа бичсэн хүн нь байж.
Томсон буу үүрсэн нутгийнхан захиаг нь аваад явснаас нэг их удалгүй бас нутгийн 8 хар арьст эрчүүд ирж ус, эм тариа, хүнс өгч. Тэднийг буцах гэхэд нь Жон цуг явахыг гуйснаар Вана Вана арлыг хамгаалж байгаа Австралийн цэргийн анги дээр хүрч очсон байна.
Соломоны арлын уугуул иргэд нь Австралийн цэргийнхэнтэй харилцаатай байсан бөгөөд Жон Кеннедийн оролцсон тэрхүү тулалдааны дараа энд тэндхийн арал дээр янз бүрийн хүмүүс ирж болох тухай Австралийн цэргийнхэн нутгийнханд хэлж тэдгээрийг харж хянаж байх, япончууд болон бусад хэн ч бай аль нэг арал дээр буувал даруй мэдэгдэх тухай “гуйсан” байжээ. Тийм учраас арлынхан ажил хэрэгтээ үнэнч хандаж Япон байж болзошгүй нөхдүүдийг арал дээр баривчлах дээрээ тулсан юм гэнэ лээ.
Сонирхолтой нь Жон болон түүний багийнхан ийнхүү төөрч будлиж явсаар австраличуудын тусламжтайгаар бааздаа эргэн ирэхэд өнөө хэд нь тэднийг хоёр өдрийн өмнө ёслол төгөлдөр, сүр бараатайгаар “хойдохыг нь уншсан” тухайгаа ярьж байсан гэдэг.
Жон Кеннеди сүүлд тохиолдлоор кокос самрын хальс дээр бичсэн захиагаа олж авсан бөгөөд түүнийгээ сайхан савлуулж янзлуулаад хадгалж байгаад Ерөнхийлөгч болоод алдарт зууван танхимдаа, ширээн дээрээ тавьсан билээ.