Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Энэ бол сөнөөгч биш, өөр юу ч байж болно"Уншсан7,377

Энэ онгоцонд нэг бүр нь 300 сумтай 8 хүнд пулемёт байрлах ба их хүсвэл бүр 400 сум ч чихэж болдог юм байж. Энэ нь хэр сайн үзүүлэлт бол?

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна

Дэлхийн II дайнд оролцсон сөнөөгч онгоцны тухай цувралын энэ удаагийн ээлж АНУ-ын P-47 Thunderbolt. Яагаад P-47? Яагаад алдарт P-51 Mustang биш гэж? хэмээн зарим нэг нь гайхаж байж болох юм. Хамаг учир нь энэ тарган амьтныг Дэлхийн 2-р дайнд оролцсон шилдэг сөнөөгч гэж АНУ-ын цэрэг үйлдвэрийнхэн үзэж байснаас, их дайны үед Америктаа хамгийн их тоогоор үйлдвэрлэгдсэн сөнөөгч онгоц учраас ийнхүү “аянга”-ын тухай бичихээр шийдсэн билээ.

1940 онд Британийн төлөөх дайнд оролцсон нисгэгч болон бусад хүмүүсийг цуглуулсан нэгэн хурал зөвлөгөөн хийж олон хүн болж өнгөрсөн дайныг задлан шинжилсэн илтгэл тавьжээ. Ингээд эцэст нь энэ хурлаас гаргасан дүгнэлтээр бол "1940 оны байдлаар Гитлерийн Германы эсрэг агаарын дайн хийх болбол Мессершмитт-109 (Агаарын хаан Мессершмитт-109 нийтлэлийг үзнэ үү) сөнөөгч онгоцтой энэ тэнцүү өрсөлдөж чадах сөнөөгч онгоц АНУ болон Их Британид байхгүй юм байна" гэж үзжээ. Хэдийгээр Английн Спитфайр байгаа ч энэ онгоцыг зөвхөн агаараас эсэргүүцэн хамгаалах зорилгоор ашиглах л боломжтой байсан ба бусад шинэ онгоц болох Р-38, Р-40-үүд (энэ онгоц гэхэд л дотроо хоёр өөр нэртэй), бас хэзээ мөдгүй агаарт гарах шинэхэн Р-39 зэрэг нь үнэндээ ямар ч нэмэргүй нь бараг л ойлгомжтой байлаа. Дээр нь Номхон далайд япончуудтай нударга зөрүүлэх магадлал улам бүр их болж байсан тэр цаг.

Америкчууд болсон хойно дор нь л арга хэмжээ авч эхэллээ.

Republic Aviation Company гээч компани богино хугацаанд ХР-47В хэмээх туршилтын онгоц бүтээж цэргийнхний сонирхлыг татжээ. Энэ онгоц нь бараг 2000 гаруй морины хүчтэй хөдөлгүүртэй байхаар хийгдсэн ба ийм хүчирхэг хөдөлгүүртэй онгоц тухайн үед хаана ч байсангүй. Тухайн үеийн Мессер ердөө 1100, Харрикейн 1250 морины хүчтэй байсан ба Зөвлөлтийн шинээр хийж байгаа сөнөөгч, Японы Зеро (Аймшигт Зеро аажимдаа “амархан хоол” болсон нь нийтлэлийг үзнэ үү) нарыг бүр харьцуулаад ч хэрэггүй биз. 2000 морины хүчтэй онгоцонд “Гүй ээ мөн их юм багтана даа“ гэмээр. Мэдээж.

Энэ онгоцонд 8 ширхэг 12,7 мм-ийн хүчирхэг пулемёт, хүний толгой эргэм зохион байгуулалттай турбокомпрессор, асар олон хамгаалалтын хуяг... ер нь байхгүй юм үгүй гэмээр онгоц. Гэхдээ энэ бүх зүйлийн төлөө тодорхой үнэ төлөх нь мэдээж. Тэр нь жин байлаа. Өрсөлдөгч гэж үзэж байсан  Емил (Мессершмитт-109 Е) нь 2510 кг байж. Тэр ч битгий хэл Зөвлөлтийн шинэ хөнгөн бөмбөгдөгч Су-2 гэхэд л (Покрышкины анхны бай) 4700 кг жинтэй. Харин Thunderbolt бол 5600 кг. Нэг хөдөлгүүрт сөнөөгч онгоц гэж байдаг.

Энэ онгоц Америкийн хүнд бөмбөгдөгч онгоцыг даган явж хамгаалах ёстой буюу өндөрт цуваа онгоц хамгаалах зорилготой хийгдсэн болохоор заавал ч үгүй турбокомпрессортой байж таарна. Олон онгоцонд тавигдсан ч найдвартай ажиллагаа гэж 0 заасан энэ эд ангийг Р-47-д өвөрмөцөөр, амжилттай байрлуулсан бөгөөд техникийн тэр нарийн ширийн юмыг нь ойлгохгүй учир зөвхөн дурдаад л өнгөрье. Ямар ч байсан тэр өвөрмөц турбог тавьсны дараа энэ онгоц дотор нийт 20 метрийн урттай хоолой бий болж, тэр хоолойн жин нь бараг 400 кг татаж байжээ. Як-1-ийн тухай өмнө нь бичсэн нийтлэлдээ (Дорнод фронтын Як-1 нийтлэл) оросууд ганц нэгхэн кг хасахын тулд ямар их тэмцэл болж байсныг дурдаж байсан болохоор (Мессершмитт ч гэсэн яг адилхан) 400 кг хоолой гэж юу гэсэн үг вэ гэдэг нь ойлгомжтой болов уу. Энэ турбогийн ачаар Р-47 нь бөмбөгдөгч онгоцтой адил өндөрт удаан хугацаагаар байж чадах, агаарын тулалдаан хийх болбол агаар дутаж “тамирдахгүй” байх боломжтой болсон төдийгүй 7800 метрийн өндөр 660 км/ц орчим хурд гаргаж чадахаар болжээ. Энэ бол тухайн үеийн сөнөөгч онгоцнуудаас 60-70 км/цаг илүү бөгөөд ганцхан Зөвлөлтийн Миг-3 л ийм өндөрт хурдаар (6500 өндөрт 650 км/ц орчим ) өрсөлдөж чадахаар байжээ.

Зэвсэглэл

Энэ онгоцонд нэг бүр нь 300 сумтай 8 хүнд пулемёт байрлах ба их хүсвэл бүр 400 сум ч чихэж болдог юм байж. Энэ нь хэр сайн үзүүлэлт бол?

Тухайн үеийн шилдэг сөнөөгч Емил гэхэд л хөдөлгүүрийн голоор буудах 20 мм-ийн нэг их буу, 2 синхрон 7,62 мм пулемёттой байсан ба Зеро 2 ширхэг 20 мм их буу, 2 ширхэг 7,62-той байж. Үүний эсрэг 8 ширхэг 12,7 мм-ийн пулемёт тавьсан нь хачирхалтай мэт боловч үнэндээ гайхаад байх зүйлгүй юм. Учир нь Америкт тэр үед санаанд нь таарах агаарын их буу байсангүй. Р-39-ийн (Зөвлөлтийн ас-уудын хайртай Америк онгоц нийтлэл үзнэ үү) 37 мм-ийн сайхан их буу байсан ш дээ гэж зарим нэг нь хэлж магадгүй. Үнэндээ энэ их буу нь 1942 онд л жинхэнэ байлдааны зэвсэг болж чадсан болохоор ингэж хэлж байгаа юм. Тэгээд ч 12,7 мм-ийн пулемётын баллистик чанар нь сайн, буудлагын хурд өндөр учир нэг их бууны сумны оронд бараг 10-аад сум гаргаж чадах сайн талтай байв. Тэгээд 8 ширхэг пулемёт гэхээр...ойлгомжтой.

Дээр нь 1000 кг бөмбөг, төрөл бүрийн Рс (тийрэлтэт пуужин) зүүж болно гэдгийг заавал хэлэх хэрэгтэй байх.

6000 метрээс дээш уг онгоцны бүх л давуу тал гарч ирэх ба энэ өндөрт гарсан хойноо ёстой л усандаа байгаа загас шиг болдог байлаа. (Гэхдээ дорнод дахь Миг-3-ыг энд заавал хэлэх хэрэгтэй. Энэ 1400-хөн морины хүчтэй онгоц зэвсэглэлээс бусад бүх зүйлээр Р-47 той эн тэнцүү өрсөлдөхүйц байжээ)  Аймшигт  B-25, B-17 зэрэг хүнд бөмбөгдөгчийг хамгаалан явж Германы хотуудыг үнсэн товрого болгож явахдаа дайсныхаа олон зуун онгоцыг устгаж, бөмбөгдөгчөө хамгаалаад...

Хэдэн статистик тоо:

Р-47 нь агаарын тулалдаанд 3752 ялалт байгуулсан ба өөрийн хүлээсэн хохирол нь  3499. Энэ хохирлын тоонд байлдааны бус хохирол, нисгэгчийн алдаа зэрэг орсон боловч нэг их гайхуулаад баймаар тоо биш байгаа биз. Бүр юу вэ гэмээр...Гэхдээ Америкийн цэрэг үйлдвэрийнхэн энэ үнэтэй онгоцыг Мустангаас илүү үнэлж байсан билээ.

Бидний хувьд энэ онгоц Дорнод фронт дээр яаж байлдсан бол гэдэг мэдээж сонин. Ленд Лизийн шугамаар бараг 200 онгоцыг ЗХУ-д нийлүүлсэн гэдэг ба шинэ нутагт очоод P-51 Мустангтай адил гайхуулах юмаар тааруухан байжээ. Зөвлөлтийн шилдэг сөнөөгчид Америкийн энэ техникийг туршиж үзээд “Энэ бол сөнөөгч биш. Өөр юу ч байж болно. Сөнөөгч бол огт биш” хэмээн ууртайгаар онгоцноос гарч байсан гэдэг. Арга ч үгүй биз. Өндрийн зориулалттай, ийм хүнд амьтан Дорнод фронтын нам өндөрт хийх нохой зодоонд аль ч учраа олохгүй байсаар дуусах байсан байлгүй. Гэхдээ Р-47 нь Зөвлөлт-Германы фронт дээр бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба тэдгээрийг дайрагч онгоц болгон ашигласан нь ИЛ-2-оос хамаагүй илүү үр дүнтэй байсан юм. Ганц гэм нь дэндүү их үнэтэй, техникийн маш нарийн үйлчилгээ шаарддаг явдал. Их дайны үед, мөнгө,цаг болгон алт болсон тэр үед ганц “ядаргаатай” Р-47-ийн оронд хоёр гурван “бөгтөр” үйлдвэрлээд байлдаж байсан нь оросуудын хувьд хамаагүй илүү үр дүнтэй байлаа.

Дайны төгсгөлд Холбоотнууд энэ онгоцыг бас дайрагчаар ашиглаж эхэлсэн ба америкчуудын тооцоогоор бол 68000 ачааны машин, 9000 зүтгүүр, 80000 галт тэрэг, 6000 хуягт машиныг энэ онгоцоор устгажээ.

Энэ онгоцыг цөөхөн үгээр илэрхийлэхийн бол: маш хүчирхэг, бат бөх, маш том, ялалтад ихээхэн нэмэр болсон онгоц ...гээд явж өгөх биз ээ.  Ямар ч байсан Р-47 Thunderbolt  нь дэлхийн 2-р дайны шилдэг сөнөөгч, шилдэг сөнөөгч-бөмбөгдөгч, дайрагч онгоцнуудын нэгний тоонд орсон, түүхэнд нэрээ үлдээсэн онгоц мөн билээ.

P.S.

Зарим нэг уншигч маань юун туханд хүрэлгүй шүүмжлэх гээд яарах юм. Японы Зеро онгоцны тухай бичихэд л “энэ чинь Америкийн онгоц...” гэх мэтээр явж өгөх. Энэ удаа Thunderbolt  гэснийг харан, яаран сандран гүүглдэж үзээд “орчин цагийн Thunderbolt A-10-ыг 2-р дайны онгоц болголоо” гэх мэтээр бачимдан бичихгүй байхыг хичээгээрэй. Өөр бусад таалагдахгүй, санаа нийлэхгүй юм байвал коммент байдлаар биш бүтэн нийтлэл болгон хариу баривал үүнийг бичигч төдийгүй бусад уншигч нарт маань ч сонирхолтой байх биз. History.mn (tolgoilogch.mn) сайт ч үүнийг дэмжих болов уу гэж найдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]