Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жо Байден: Герман улс дэлхий дээрх бидний хамгийн чухал холбоотнуудын нэг, эргэлзэх зүйл алгаУншсан4,682

Германы Засгийн газрын байр суурь мэдээж хэрэг Путины эсрэг барууны орнуудын эв нэгдлийг харуулахыг эрмэлзэж буй Жо Байденд ч нөлөөлсөн нь дамжиггүй.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Москва дахь уулзалттай (В.Путин: Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу, Украин НАТО-д элсвэл яг ийм зүйл болно) зэрэгцэн Вашингтонд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм. Олаф Шольц, Жо Байден нар уулзалтынхаа дараа Цагаан ордонд хэвлэлийн хурал хийж энэ үеэр Жо Байден “Хэрвээ Орос улс Украинд халдвал Умард урсгал-2 байгалийн хийн хоолойн төсөл дуусгавар болно” гэж мэдэгджээ.

“Умард урсгал-2” нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Герман руу татсан 1,225 км урт, ирээдүйд нээгдэх боловч, түр зогсоогоод байгаа байгалийн хийн хоолойн төсөл юм. Эндээс АНУ болон ХБНГУ-ын удирдагчид “Умард урсгал-2” хийн хоолойн төслийг зогсоож, Москвад тавигдсан эдийн засгийн хоригт хүч нэмэх талаар ярилцсан хэмээн ойлгож болно.

Гэхдээ ХБНГУ-ын канцлер Олаф Шольц энэ талаар шууд хариулт өгөхөөс татгалзаж, “Хэрвээ ОХУ-ын зүгээс Украинд ямар нэг байдлаар түрэмгийлэл үйлдвэл авах арга хэмжээн дээр АНУ, Германы талууд бүрэн санал нэг байх болно” гэсэн ерөнхий байр суурь илэрхийлсэн юм.

Харин Жо Байден хийсэн мэдэгдэлдээ "Хэрэв Орос улс түрэмгийлэл үйлдэж, танк, цэргүүд нь дахин Украины хилийг давах л юм бол Умард урсгал байхгүй болно. Бид энэ төслийг эцэс болгон зогсоох болно” хэмээсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс ХБНГУ-ын канцлерт хандан “Умард урсгал-2”-ыг зогсоохын тулд яг ямар тодорхой алхмууд хийгдэх вэ гэдгийг асуухад “ХБНГУ АНУ-тай хамтдаа байж, ижил алхмуудыг хийнэ” гэсэн ба сурвалжлагчдыг дахин шалгаахад Олаф Шольц "Миний хэлсэнчлэн бид хамтдаа ажиллаж байна. Бид туйлын эв нэгдэлтэй байж, нэг байр суурин дээр зогсох бөгөөд энэ нь Орост нэлээн хүнд байх болно” гэж хэлсэн байна.

Хоёр гүрний удирдагчдын Цагаан ордон дахь уулзалтын гол сэдэв Украин болон “Умард урсгал-2” хийн хоолойн төслийн тухай байсан бөгөөд Жо Байдены зүгээс ХБНГУ-ын шинэ Канцлерын АНУ-д хийх айлчлалын хугацааг нааш татаж яаралтай  уулзалт хийсний гол цэг нь мэдээж хэрэг энэ байжээ.

Гэхдээ нэг зүйл илт анзаарагдам байсан нь Шольц хэвлэлийн бага хурлын үеэр хийн хоолойн төслийг хэрхэн зогсоох талаар тодорхой хариулт өгөхийг эвтэйхэн булзааруулж байсан аж. Тэрээр ямар нэг байдлаар зэвсэгт мөргөлдөөн үүсвэл АНУ болон НАТО-гийн холбоотнуудтай нэг байр суурин дээр зогсох болно гэсэн ерөнхий амлалт л хэлжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч ч ижил төстэй асуултуудад тодорхой бус ерөнхий хариултыг хэлж байв.

Германы канцлер Олаф Шольц хэвлэлийн хурлын дараа Си Эн Эн агентлагийн "The Lead with Jake Tapper" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ч энэ санаагаа давтсан байна. Тэрээр “Герман улс бүх холбоотнуудтайгаа, ялангуяа АНУ-тай ижил алхам хийх болно гэдэгт та бүрэн итгэлтэй байж болно. Би америк найз нартаа хэлье, бид эв нэгдэлтэй байх бөгөөд хамтдаа шаардлагатай бүх арга хэмжээг авах болно" гэж англиар үзэл бодлоо илэрхийлжээ.

Олаф Шольц өнгөрсөн арванхоёрдугаар сард Канцлерын албан тушаалдаа орж, дэлхийн улстөрийн томоохон зүтгэлтэн Ангела Меркелийн орыг залгамжилсан бөгөөд Украиныг тойрон үүссэн өнөөгийн хямралын үед Меркелийн орон зай үгүйлэгдэж байгаа нь Атлантын далайн хоёр талд мэдрэгдэж байна хэмээн өрнөдийн ч тэр, Оросын ч хэвлэлүүд онцолж байгаа.

ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн 2014 онд Ангела Меркель Путин болон барууны холбоотнуудын дунд гол үүрэг гүйцэтгэж, ширээний ард суулгасан юм. Меркель нэг талдаа Путинтай тууштай яриа хэлэлцээ өрнүүлж, нөгөө талдаа Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг холбоотнууддаа уриалж байсан юм. Яг ийм байр суурь, ийм тоглогчийг энэ удаагийн хямралт байдалд барууныхан үгүйлж байгаа бөгөөд энэ удаад Германы хэн нэгэн удирдагч биш харин францчууд энэ тайзанд гарахаар хүчтэй оролдож байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа Путин болон Байдентай утсаар ярилцсан бөгөөд өчигдөр Москвад айлчилж, удахгүй Киевт очих юм. Гэхдээ Шольцийн зүгээс ч энэ сарын сүүлээр Орос, Украинд айлчлах гэнэ.

Германд Covid-19-ийн халдвар огцом нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 100 мянгад хүрсэн ба цар тахлын эсрэг арга хэмжээ авахтай зэрэгцээд Украины хямралыг зохицуулахад гар бие оролцох нь Германы шинэ эвслийн Засгийн газар хэрхэн ажиллаж буйг харуулах нэг ёсны шалгуур болоод байгаа.

Герман улс, тэр дундаа шинэ канцлер Олаф Шольц Украины хямралтай холбоотой өрнөдийн орнуудын байр суурийг дэмждэггүй, энэ хямралыг зохицуулах талд идэвхийлэн оролцдоггүй гэсэн шүүмжлэлд хүчтэй өртөж байгаа. Энэ сэдвээр яригдах асуудлуудад канцлер өөрөө оролцолгүй гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд нартаа даатгадаг, нөгөөтэйгүүр Герман улс Оростой эдийн засгийн харилцаагаа хадгалахыг, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа нь эндээс ажиглагдаж байгаа юм. Тиймээс Оросын эсрэг аливаа хориг арга хэмжээнд хамтран оролцохдоо ХБНГУ ихээхэн болгоомжилж байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Германы Батлан хамгаалахын сайд Ламбрехт нэгэн мэдэгдэлдээ “Одоохондоо цэрэг, зэвсэг нийлүүлэх нь тийм ч зөв алхам бус, оронд нь хоёрдугаар сард бүрэн тоноглогдсон хээрийн эмнэлэг илгээнэ” гэжээ. Мөн Германы талаас Украинд 5000 ширхэг дуулга илгээх болсноо мэдэгдсэнд Украины зүгээс голонгуй хүлээж авсан бөгөөд Киев хотын дарга “Украин руу хэзээ ч довтлоход бэлэн, төгс тоноглогдсон Оросын арми биднийг хүлээж байхад германчуудын дараагийн тусламж нь юу байх юм бол, дэр байх юм болов уу” хэмээсэн байдаг.

Германы улстөрд ч байдал амаргүй байгаа. Олон жилийн өмнө Канцлерийн албан тушаал хашиж байсан Социал Демократ намын улстөрч Герхард Шредер "Умард урсгал-2" төслийн ТУЗ-д ажилладаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн өмчит Газпромоос Европ дахь үйл ажиллагаа хариуцдаг салбарынхаа удирдах зөвлөлд Шредерийн нэрийг дэвшүүлж байгаа тухайгаа зарлажээ. Ерөнхийдөө Германы парламентад Оросын эрчим хүчний  салбартай хамтран ажиллахын төлөө байр суурьтай улстөрчид хүчтэй байгаа юм. Германы олон ч томоохон компаниуд ирээдүйд нээгдэх ёстой байсан "Умард урсгал-2" төсөлд хөрөнгө оруулсныг энд дурдаж болно.

Тиймээс л Герман улс Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоох нь эргээд том эрсдэлтэй гэдэг байр суурь Германы дотоодод хүчтэй байгаа юм. Хэдийгээр АНУ-ын зүгээс Европын орнуудад эрчим хүчний өөр эх үүсвэрийг амлаж байгаа ч энэ нь ойрын хугацаанд ажил хэрэг болоход эргэлзээтэй хэвээр.

Германы Засгийн газрын байр суурь мэдээж хэрэг Путины эсрэг барууны орнуудын эв нэгдлийг харуулахыг эрмэлзэж буй Жо Байденд ч нөлөөлсөн нь дамжиггүй. Тиймээс л энэ уулзалт болж “Умард урсгал” хийн хоолойн төслийг зогсоох талаараа Америк, Германы удирдагчид олны өмнө гарч ирж зарлалаа. Ингэхдээ Жо Байден "Бидний итгэлцлийг шалгах шаардлагагүй. Шольц болон Герман улс дэлхий дээрх бидний хамгийн чухал холбоотнуудын нэг. Хамтран ажиллахад эргэлзэх зүйл алга. Герман улс бүрэн найдвартай. Бүрэн, бүрэн, бүрэн... найдвартай. Би огт эргэлзэхгүй байна" гэж Байден онцлон тэмдэглэснээс харагдана.

Харин Украины тал ямар байр суурьтай байгааг тоймынхоо төгсгөлд өгүүлье. “Умард урсгал 2”-ыг зогсоох талаар өрнөдийнхөн тэр дундаа АНУ болон ХБНГУ эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй байгааг гайхаж байна хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский бухимдлаа нуухгүй байгаа. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Аннален Баербок, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар өчигдөр Киевт уулзалт хийх ёстой байсан ч гэнэтийн шалтгаанаар цуцлагдсан юм. Си Эн Эн агентлагийн мэдээлж буйгаар Германы Гадаад хэргийн сайдын Украин дахь уулзалт цуцлагдсан шалтгаан нь ХБНГУ "Умард урсгал-2" төслөөс татгалзах санаа бодолгүй байгаа, мөн Германы талаас Украинд цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээс татгалзсантай холбоотой гэжээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]