Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Mundaneum буюу Хоёрдугаар дайнаас өмнөх үеийн “интернэт”Уншсан1,194

Ингээд XX зууны эхэн үеэс эхлэн “мэдээллийг хэн нэгэн хүн хүссэн үедээ олж авах боломжтой байна гэдэг нь мэдээлэл цуглуулахаас огт дутахгүй чухал зүйл юм байна” гэсэн ойлголт бий болж эхэлжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн төрөлхтөн түүхийн хөгжлийнхөө явцдаа олон чухал мэдээллийг бичгийн болон бусад хэлбэрээр хойч үедээ уламжлан үлдээж байлаа. Цаг явахын хэрээр иймэрхүү мэдээлэл улам бүр их хуримтлагдах ч харин энэ бүхний хүнд хүрэх боломж нь төдий чинээ муудаж байсан нь “асар баян тарган хүн мөнгөө хэмнэх гэж зүтгэсээр өлсөж ү х д э г” гэсэн тохуутай тун ч төстэй болж хувирсан гэхэд буруудахгүй байх.

Ингээд XX зууны эхэн үеэс эхлэн “мэдээллийг хэн нэгэн хүн хүссэн үедээ олж авах боломжтой байна гэдэг нь мэдээлэл цуглуулахаас огт дутахгүй чухал зүйл юм байна” гэсэн ойлголт бий болж эхэлжээ.

Австралийн фермер хонио ямар өвсөөр тэжээвэл дээр тухай, Европын жирийн нэгэн эмэгтэй нөхөртөө зориулж хаа холын Ази хоолны орцын тухай зэрэг мэдээллийг хүссэн үедээ гэрээсээ гаралгүйгээр олж авдаг байх гэдэг нь л чухам тэрхүү мэдээллийн үнэ цэнэ юм гэдгийг хүмүүс ойлгожээ. Танил дүр төрх байгаа биз.

Поля Отле

Бельгийн иргэн Поля Отле мэдээллийг ийн хүртээмжтэй болгох боломжтой гэж үзэн ажиллаж эхэллээ. Түүнийхээр бол мэдлэг мэдээллийн эх үүсвэр элдэв том ном биш харин ганцхан жижиг хуудас байх буюу нэг хуудас нь нэг мэдээлэл агуулж байх ёстой байжээ. Тэрээр гурван жилийн турш өөрийн үнэнч хамтрагч Лафонтентэнттэй ажилласны дараа “Олон улсын библиографийн институт” гээчийг байгуулсан байна. Ингэснээр асар олон материал цуглуулах, түүнийгээ ангилж ялгах зарчмыг бий болгох замаар ихээхэн том ажлыг нугалж авчээ. Одоо зорьсон зүйлдээ хүрэх хамгийн чухал цаг эхэлсэн нь тэр их цугласан мэдээллийг хүссэн хүнд нь хүрэх боломжтой болгох явдал байв. Засгийн газраас тусламж дэмжлэг гуйсныг нааштай хүлээн авснаар Mundaneum гэх системийг үүсгэн байгуулсан нь өнөөх мэдээллийг хэн хүссэнд нь хүргэх зүйл байсан юм.

Отле болон Лафонтент засгийн газраас өгсөн хөрөнгийг ашиглан өөрсдийн бэлдсэн мэдээллийн санг өргөжүүлэн сайжруулаад эдгээр мэдээллийг (10 жилийн туршид Mundaneum-ын санд 12 сая жижиг хуудас, 1895-1914 онуудад гарсан 200000 сонин, хэдэн зуун мянган ил захидал, фото зураг, зурагт хуудсын сан бүрдүүлжээ) хэрэгтэй хүмүүст нь хүргэх боломжийг туршиж үзэхэд гялалзсан үр дүнд хүрчээ.

Mundaneum

Ингээд Mundaneum албан ёсоор ажиллаж эхэллээ. Ажлын үндсэн зарчим нь их энгийн буюу хэн нэг хүн аливаа мэдээлэл авахыг хүсвэл Mundaneum руу утасдах, захиа бичих байдлаар сонирхож байгаа мэдээллийг хүсэх ба цаана байгаа оператор нь тэр даруй хүссэн мэдээлэл бүхий хуудсыг олж мэдээлэх, их хэмжээний мэдээлэл бол хэдэн хоногийн туршид хэрэгтэй хуудас цаасыг цуглуулж эмхтгээд гэрт нь шуудангаар хүргэх зарчмаар ажиллаж байлаа. Ажил ч урагштай эхэлж олон хүн маш ам сайтай байснаар Mundaneum гэсэн нэр хурдан түгэн тархаж үйл ажиллагааны цар нэмэгдэж ажлын ачаалал ч ихэслээ.

Ажиллаж эхлэх үе

Эхэндээ бүх зүйл сайн сайхан байсан бол мэдээлэл хүссэн тоо жилд 1500-гаас давах үед элдэв саатал, бүтэлгүйтэл улам бүр их болж эхэлжээ. Ажиллах хүний тоог нэмээд ч байдал олигтой сайжирсангүй. Учир нь хүмүүс мэдээлэл шаардахаас гадна гаднаас орж ирэх шинэ мэдээлэл улам бүр их болж тэр бүхнийг ялгаж цэгцлэн, хэрэглэгчид хүрэхэд бэлэн болгох зэрэгт улам их цаг хүч шаардагдах болжээ.

Энэ бүхнийг харж байгаа Отле мэдээлэл хадгалах, түгээх цаасан систем нь (нэг хуудас-нэг мэдээлэл ) гарч ирэнгүүтээ л цаг үеэс хоцрогдож байгааг анзаарлаа. Үүнээс өөр ямар нэг шинэ юм хэрэгтэй. 1934 онд тэрээр «Monde» хэмээх номондоо “теле-ном” болон “радио-ном” хэмээх ирээдүйн системийн тухай бичсэн байна. Түүнийхээр бол хэрэглэгч хүссэн мэдээллээ асуухад оператор дэлгэц дээр хэрэгтэй мэдээллийг олж, радио бусад сүлжээгээр хэрэглэгчид илгээх боломжтой юм байж. Цаасан системийг солих шинэ зүйл яах аргагүй мөн байлаа. Өнөөгийн интернетийн үндэс суурь биш гэж үү? Отле ирээдүйн тухай ийм сайхан юм мөрөөдөж байх тэр үед Mundaneum ачааллаа дийлэхгүй сөнөж байлаа. Өч төчнөөн хүсэлт, түүнийг биелүүлэх гэж баахан өөдөө уруугаа гүйсэн хүмүүс... хэрэглэгчид хүргэх бэлэн болоогүй мэдээллийн тоо өдөр болгон өссөөр.

Удалгүй Бельгийн засаг захиргаа Mundaneum-ыг дэмжихээ байж, санхүүжилтийг нь хаслаа. Гэсэн хэдий ч Отле өөрийн “үр хүүхдээ” өөд нь татах гэж эцсээ хүртэл үзсээр байсан ба гаднаас шинэ мэдээлэл авах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож бусад мэдээллийн ялган ангилах зарчмыг шинэчлэн сайжруулах ажил хийсээр 1939 онтой золголоо.

Өөрөөр хэлбэл фашистууд 1939 онд Бельгийг эзлэн авснаар Отлегийн Mundaneum байхгүй боллоо. Германчууд мэдээллийн сангийн 12 сая хуудас, сонины цуглуулга, гэрэл зургийг хураан авч Германд аваачаад бүгдийг нь шатаан устгасан байна. Хөгширч доройтсон Отле ч 1944 онд нас баржээ. XXI зууны эхээр Отлегийн санаа шинээр хэрэгжиж биеллээ олсон нь Жимми Уэйлсын бүтээсэн Wikipedia юм. XX зууны эхээр Отлегийн мөрөөдөж байсан тэрхүү мэдээлэл түгээх гайхамшигтай системийг бараг бүтэн зууны дараа л бий болгож чадсан нь энэ бөгөөд цаг хугацаанаасаа ийн түрүүлсэн тэрхүү хүний хийж байсан ажлын үлдэгдэл болох хэсэгхэн шүүгээ нь одоо музей болон хадгалагдан үлджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]