Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон. Харин маргааш тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр “Чингис хаан” одон гардуулах арга хэмжээ болохгүй хэмээн мэдэгдээд буй. Энэхүү одонг өмнө нь хүртэж байсан эрхмүүдийг онцолж байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай байжээ. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй.
Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байжээ. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Чингис хаан одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус олгожээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/
2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Р.Гончигдоржид 2010 онд “Чингис хаан” одонг хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, "Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор 2011 онд шагнажээ. Н.Багабанди 1996 оноос 2005 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон билээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээжээ.
Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/
2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Шинэ зарлиг гарсны дараагаар “Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном юм.
Д.Содном нь 1984 онд Ю.Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож Засгийн газрыг тэргүүлсэн. Түүний засаглалын жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт ахиц гарч АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоохын сацуу өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигдсан ажээ.
Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/
Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” гэжээ.
Х.Намсрай Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан байна. Түүний боловсруулсан "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол" физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.
Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёо нь Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртсэн ес дэх эрхэм юм.
Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээжээ.
Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Харин 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээсэн байна. Г.Ариунбаатар нь уг шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/
Н.Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпийн Жудо бөхийн төрлөөс эх орондоо анхны алтан медалийг авчирсан билээ. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Төрийн дээд шагнал, тэргүүлэх зэргийн "Чингис хаан" одонг 2017 онд хүртээсэн байна.
"The Hu" хамтлаг /2019/
Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлагт “Чингис хаан” одонг 2019 онд хүртээжээ. Монголын язгуур хөгжмийг метал хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй "The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрсэн билээ.
Нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа /2021/
Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан одон" гардуулсан билээ.
Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Ийнхүү тэрбээр сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Монгол Улсын Зэвсэгт Хүчин /2021/
Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны ялагдашгүй цэргийн залгамж Монгол цэргийн нэр төр яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
Өмнөх жил буюу 2020 онд энэ өдөр “Чингис хаан” одонгоор хүн шагнаагүй. Цар тахлын халдвар газар авч, улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү өдрийг тэмдэглэхийг цуцалж байсан юм.