Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Сайхан Гонгорын домогУншсан117

Автай сайн хан шарын шашны бурхныг баруун зуугаас залж ирэн Эрдэнэ зуу хийд байгуулж байх үед энэ хавьд түүнийг дургүйцдэг сайхан Гонгор гэдэг хүн амьдарч байв.

Автай сайн хан Эрдэнэ зуу хийдэд тавьж тахих шүтээнийг баруун зуугаас залж ирээд нэг жижиг толгой дээр буун ёслол үйлдсэн гэнэ. Эрдэнэ зугаас баруун хойно 1 км зайтай орших бөгөөд одоо Наваанжалба гэдэг нэртэй толгой дээр авч яваа бурхнаа газар тавьжээ. Тэднийг олон хүн угтсаны дотор сайхан Гонгор ч явж байжээ. Гэтэл Гонгор угтагсдын дотроос гэнэт гарч ирээд:

— Энэ муу хиймэл эдийг газрын холоос хөл үймээн болж авчирсны ашиг юу байна. Энэнд чинь ид шид огт байхгүй. Цаасаар хийсэн дүрс гээд бурхныг нь няц гишгэчихжээ. Ингээд тэр бурхны толгой нь бүтэн бусад нь эвдэрчээ. Энэ бурхныг Гомбо˗гүр гэдэг аж. Эрдэнэ зуу хийдэд амилсан шүтээн гэгдэж байсан Гомбо˗гүр үнэхээр толгой нь модонд өлгөөтэй түүн дээрээ хувцас өмсгөн их биеийг орлуулсан байсан юм гэдэг. Автай сайн хан тэр дор нь сайхан Гонгортой тулалдах гэтэл дагаж яваа лам нар нь бурхны хуурамч чанар илрэхээс болгоомжлон хорьжээ.

Хэд хоногийн дараа нэг өдөр Эрдэнэ зуу хийдэд сайхан Гонгор галзуу баавгай хөтөлж ирээд баавгайтайгаа хоёул сүм дуганы доторх олон бурхдыг эвдсэн бөгөөд сүмийн дэргэдэх хоёр чулуун нохойны нэгний нь хөлийг хугалж бусад олон юмыг сүйтгэжээ. Үүнийг олон хүн харж байсан боловч галзуу баавгайгаас айгаад халдаж чадсангүй. Сайхан Гонгорын хамт шашныг эсэргүүцэгчид байсан боловч зарим нь урважээ. Сайхан Гонгорын дагуул Жов гэдэг хүн байжээ. Тэр шашны талд урван ороод сайхан Гонгор бол ар халхын оронд шашин дэлгэрүүлэхтэй, үеийн үед үндэс угсаа тасартлаа тэмцэнэ гэж тангарагласан хүн гэж ярьжээ. Гонгорыг хүчээр барих арга байхгүй. Харин аргаар барьж магадгүй. Сайхан Гонгор Ар модны амны их ногоон дотор голдуу байдаг юм. (Энэ нь Эрдэнэ зуугаас 10˗аад км зайтай) Гонгорын байгаа эсэхийг мэдэхэд өглөө нар гарах үеэр юм уу эсвэл орой нар шингэх үеэр уулын орой дээр байвал ногоон дотроос туяа тусч байваас Гонгор байгаа гэсэн үг гэжээ. Энэ туяа нь Гонгорт нэгэн баатар эрээс бэлэглэсэн шижир алтан дээл байдаг бөгөөд түүнийгээ өмсөхөөр тийм их туяа гардаг байна. Сайхан Гонгорыг нэг удаа Өлийн хадан хошуун дээр хоноод өглөө босож байхад нь лам хар олон хүн бүслэн тойрсон байв. Тэд сайхан Гонгорыг одоо хаашаа ч гарч чадахгүй гэж бодоцгоон яахыг нь харж байв. Энэ үед Гонгороос урвасан Жов бүслэгсдийн ард чичирч байсан гэнэ. Сайхан Гонгор аажуухан босож хажуудаа идээшлэн буй морио барьж эмээллээд богцтой юмаа морин дээрээ тохоод өврөөсөө нарийхан сур гаргаж ороогоод олонд хандаж «Та нар намайг барьж чадахгүй. Жов та нартай ирсэн нь сайн байча. Өнөөдөр уулзсан дээрээ Жовд боовыг нь өгье» гэж хэлээд газраас нэг ширхэг чулуу авч мориндоо мордоод Жовын нуугдаж байсан зүгээр дайран гарчээ. Тэгэхдээ Жовын эрүүг чулуугаар хуга цохисон учир Жов шүлсээ гоожуулсаар хэд хоногийн дараа үхэж гэнэ.

Сайхан Гонгор хадан хошууны хойд эгц рүү бууж Орхон голыг гаталж Уртын ам руу давхиж оджээ. (Уртын ам нь Хадан хошуунаас дээш голын хойд талд бий)

Бүслэгсэд Хадан хошуу руу бууж чадаагүй бөгөөд цааш Орхоныг гаталж чадахгүй тул дэмий л харсаар хоцорчээ. Дараа нэг өдөр нь сайхан Гонгорыг Ар модны амны их ногоон дотор сууж байхад нь өглөөний нар нэлээд дээр хөөрсөн хойно урьдын танил нэг нөхөр нь хүүхэд дагуулж ирээд: Лам багш чамайг надтай цуг ир гэж байна. Эрдэнэ зууд чиний нэртэй сүм байгуулж тэргүүнээр нь чамайг томилж, олон шавьтай лам болгоно гэж байна гэхэд Гонгор хамт яваа хүүхдээс нь:

— Чи намайг барих гэж яваа юу гэж асуужээ.

— Тийм ээ, би таныг барих гэж яваа.

— Чи хэдэн настай вэ?

— Долоон настай

— Нэр хэн билээ?

— Нэр Болд гэж ярилцаад сайхан Гонгор хутгаа хуйнаас нь сугалж үзүүрээр нь мах хатгаад үүнийгээ амаараа ав гэхэд хүү ёсоор нь гүйцэтгэж амаараа махыг авчээ.

Сайхан Гонгор

— Аа, цаг нь болжээ гээд долоон настай хүүд баригджээ. Ингээд сайхан Гонгорыг цаазалжээ. Үүнээс хойш Эрдэнэ зуу хийдэд Гонгорын аймаг Сүмчин дуган гэж байсан бөгөөд одоо ч түүний суурь бий гэнэ. Гонгорын аймагт голдуу ядуусын хүүхэд суух тул ядуу аймаг байв. Гонгорын аймгийн хурал жилд нэг удаа болдог бөгөөд Гонгорын дунд чөмгийн ясаар хийсэн Гандантай байжээ. Бас сайхан Гонгорын баавгай гэж хар баавгайн чихмэл дүрсийг тогтмол хурлын үед гадаа үүдэндээ өндөр ширээнд тавьж залдаг байв.

 Улсын тоо бүртгэлийн газрын ажилтан (Архангай Хашаат сум) 52 настай Бадамгараваас Р. Дамчаабадгар тэмдэглэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]