Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнбаян-Залуу насны бахархалУншсан1,257

Сэтгүүл зүйн доктор, дипломатч, хурандаа Гончигийн СУМЪЯА

Залуу нас юутай сайхан. Миний хүү Зүүнбаянд цэргийн албанд мордов. Манай том хүү офицер болоод Зүүнбаянд ажиллаж байгаа. Охин минь их сургууль төгсөөд нөхөртэйгөө Зүүнбаян явлаа. Чи хаана цэргийн алба хаасан бэ? Зүүнбаян. Зүүнбаян хэмээх нэр цэргийн тодотголтой хамт дуудагдаж, олон зуун офицер, олон мянган цэрэг эрчүүд тэнд алба хаажээ. Армийнхан дотор нэгэн үе Зүүнбаянгаар “дамжаагүй” офицерыг за даа, та ч хот хавиар л “нуугдаж” байж дээ гэдэг байв. Үнэний талтай. Хожим хошууч генерал А.Ганбат, түүнээс өмнө ч гарсан хэллэг биз ээ. Зүүнбаянгийн дивизийг “Цэргийн хээрийн академи” гэж нэрлэсэн удаатай. Оносон л нэр дээ.

Дотоод, гадаадын цэргийн дээд сургууль, цэргийн академи, иргэний их, дээд сургууль төгсөгчид бөөн бөөнөөрөө Зүүнбаянд хуваарилагдан очдог. Мөн ч олон хүн шингээдэг “сав” байж билээ.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн хийдийн баруунхан талд зүүн, дунд, баруун баян гэж зэрэгцээ 3 бүрд, элсэн манхан толгодууд бий. Эрт дээр үеэс газрын нэрийг онож өгсөн нэгэн нотолгоо нь яах аргагүй “Зүүнбаян”. Эндээс нефьт оргилно, тэгээд баян болно гэж “Далдыг хардаг Далай лам” шиг мэдээд л ийнхүү өвгөд дээдэс маань нэрлэсэн байж таарна. Зүүнбаянгийн хотгорт нефть байжээ. Тэр газрыг “Олзворын хонхор” гэдэг байлаа.

Монгол, Зөвлөлтийн геологичид нефтийн нөөцийг судлаад 1950-аад оны сүүлчээр Зүүнбаянд нефьтийн үйлдвэр байгуулж, үйлдвэрийн барилга байгууламж, ажилчдын орон сууцыг генерал Власовын “505”-ын хэмээн нэрлэгдсэн хоригдлууд барьсан. Олон тохилог котеж, хоёр давхар орон сууцуудыг чулуугаар өрж өргөн ханатай, бат бэх хийсэн нь алсын хараатай гэмээр. Зузаан чулуун хана говийн аагим халуунд төдийлөн нар “нэвчихгүй” давуу талтай. Зүүнбаянд хаврын элсэн шуурга (баянчууд түүнийг “программ” гэнэ. Г.С.) 40 хэмээс дээш зуны нар ч ёстой байгалийн том шалгуур даа.

Сурагч ахуйдаа “Амьгүй байгаль” номоос “Зүүнбаянгийн нефьтийн үйлдвэр” гэсэн зураг харснаа тод санадаг юм. Тэр үед Зүүнбаянгаас нефть ундарч, манай улсын анхны хүнд үйлдвэрийн эхлэл тавигдсан. Нэлээд хугацаанд нефть олборлосон юм билээ. Тэгээд 1967 оны үед тодорхой шалтгааны улмаас хаагджээ.

Зүүнбаянгийн шинэ үе

1969 онд Дорнод аймгаас цэргийн анги нүүж ирэв. Зүүнбаянгийн магтаалд: “Гудамж дүүрэн хашгирсан гунан улаан Туваанжав даргатай, Гутлын түрий гармуушигласан гурван живаа цэрэгтэй” гэж. Тэнд цэргийн академи, дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн олон зуун залуу офицер, тэдний гэр бүлийнхэн, хүүхдийн дуу цангинасан хөгжөөнт мөчүүд бүхэн л говийн нэгэн бүрдийг цочоон сэрээж, орчин үеийн “хот”-ын хэмжээнд хөгжөөж, залуучуудын дуу хоолой, хүсэл мөрөөдөл, оргилуун сэтгэлийг шагшуулж байсан даа.

Зун, намрын дэлгэр сайхан цагт Зүүнбаянгийн бассейны дэргэдэх задгай талбайд бямба, ням гараг бүр, мөн цэргийн ангиудад үлээвэр хөгжимтэй нийтийн бүжигт залуучууд гэлтгүй, “баянгийнхан” бараг бүгдээрээ хошуурдаг байлаа.

1970 оны эхнээс 2000 он хүртэл Зүүнбаян цэргийн томоохон хот болон өргөжиж, орон сууцны 5 давхар барилга, соёлын төв, худалдаа, үйлчилгээний салбарууд, урьд өмнө байгаагүй цэргийн олон объект, төмөр зам, засмал зам тавигдаж, бум бужигнаж, түм түжигнэсэн сайхан он жилүүд дурсамж болон үлджээ. Хэдэн жилийн өмнө очиход Зүүнбаян дахь цэргийн ангиудын олон байр, агуулах, орон сууцны барилга, наадмын талбай балгас болсон байна лээ. Цагийн аясаа гэж, яах ч билээ дээ.

Бид болон үе үеийн цэргийнхний амьдрал Зүүнбаянтай салшгүй холбоотой. Баянгийн сургуулийн сурагчдаас их олон цэргийн дарга нар төрсөн. Тэднээс болон тэнд ажиллаж байсан дарга нараас хурандаа, генерал цол хүртсэн хүмүүс ч зөндөө бий. Цэргийн үндсэн үүрэг нь болзошгүй байлдаанд бэлэн байхад дадлага сургуулилтыг өндөр түвшинд хийх явдал юм. Баянгийн “Цэргийн хээрийн академи”-ийн бие бүрэлдэхүүн “Цугларалт” дохиогоор хөдөлж, хээрийн сургууль, дадлагыг байнга хийдэг. “Хүйтэн дайны” үеийн олон жилийн тэртээх нэгэн бодит хээрийн сургуулийн тухай тэмдэглэлээс хэсэгчлэн авч, уншигчдад сонирхуулъя.

“Түгшүүр”-ийн дохиогоор “дайн”-д мордов

1979 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хятадын армийн нэгэн бүлэглэлийн цэрэг Вьетнам улсын хойд мужид нэвтрэн орж, тус улсын хилийг зөрчсөн нь тухайн үедээ хүйтэн дайны “халуун цэг”-ийн нэг болсон юм. Социалист, капиталист 2 систем оршин тогтнох, ЗХУ тэргүүтэй социалист хамтын нөхөрлөлийн орнууд дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалж бэхжүүлэх, нөгөө талд нь АНУ толгойлсон “империалист харгис” гүрнүүд тэдний эсрэг дайн өдөөж байгаа гэдэг коммунист суртал ухуулга цацагдаж, АНУ дээр Хятадын хүчирхэг арми нэмэгдэж, Ази тивийн аюулгүй байдалд аюул заналхийлэх болов.

Хятад улсаас болгоомжлох, улмаар болзошгүй дайн хэзээ мөдгүй хаяанд ирэх нь тодорхой гэх. Зүүнбаян дахь цэргийн нэгтгэл, ангиуд байлдааны байнгын бэлэн байдалд байв. 1979 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн үүрээр Зүүнбаянгийн мотобуудлагын бригад тэр чигээрээ түгшүүрийн дохиогоор “эхлэх байр”-нд гарлаа. Энэ удаагийн түгшүүр өмнөхөөс тэс өөр, учир нь бүх зэвсэг, (НЗ “неприкосновенный запас”) халдашгүй нөөц хэрэгслээ бүрэн ачиж гарсан. Бригадын бие бүрэлдэхүүн байлдаанд бэлэн болж, анги, салбаруудын уртын урт цуваа тэр оройдоо урд хилийн зүг рүү хөдлөв.

Зүүнбаян дахь мотобуудлагын бригад нь мотобуудлагын 3 батальон, танкийн хороо, зенит, их бууны хороо, дивизион, тагнуул, холбоо, хими, инженер сапёр, авто, засвар командын тусгай роттой байсан. Оросын цэргийн “ЗиЛ-131”, “Газ-66” машинд их буу чирсэн зүтгүүр, ар талын бүх нөөцөө ачиж, цэргийн гал тогоо чирсэн “бүхээгтэй ногоон машинууд, бүрэнхий үдшээр хаашаа одно вэ” гэсэн дууны үг санаанд буух ч сэтгэлд гэрэл гэгээ бус айдас, зовиур, түгшүүр нүүрлэх бөлгөө.

Машины бүхээг дээрх цэргүүд хаврын хүйтэн хавсарга, өөдөөс нүдэх хүчтэй салхи, цасан шуургыг үл тоон эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч цэрэг эрийн ёсоор угтах “аюул”-ыг сөрж чадна гэсэн бүрэн итгэлтэй байсан өдрүүд нүдэнд тодхон үлджээ.

Шөнөжин бэдэрсэн цэргийн цуваа өглөөний нар мандахад Хятадын хилд тун ойртож, бригадын бүх анги хориглолтод шилжиж, их буучид, зенитчид “галт байр”-аа эзэлж, окопоо ухан бүрэн далдлагдсан байсан юм. Зөвлөлтийн мэргэжилтэн офицерууд монгол цэргүүдийн дайчин шуурхай, гайхалтай овсгоотой, зам холын ядрал, унд хоолгүйг үл тоон, тогтоосон нормативт хугацаанаас хамаагүй өмнө бүрэнхийд хөлдүү газрыг ухаж, өнгөлөн далдлалтыг түргэн хийснийг хараад үнэхээр бахархаж билээ.

“Түгшүүр”-ийн дохиогоор хөдөлсний 2 дахь өдрийн өглөө “До...”, “Ду...”, “Өм...”, “Хэ...”, “Чо...”, “Сү...” дугаартай, энгийн жолоочтой машинууд олноор дайчлагдан ирж манай ангийн байрлалын хажуугаар цувран өнгөрөв.

Мөн Зөвлөлтийн армийн хоёр дивиз Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь аймгийн нутгаар дамжин маршаар ирж, Хятадын хилийн дагуу байрлалаа эзэлсэн тухай ангийн захирагчийн мэргэжилтэн орос дарга ярив. Урд хилийн дагуу цэргийн ихээхэн хүч төвлөрсөн, Москвагаас “Ту-104” онгоц буусан, цэргийн хээрийн эмнэлэг ажилласан, 2 ч цэрэгт яаралтай мэс засал хийсэн, 1 байлдагч мухар олгой авахуулсан гээд зөндөө л үйл явдал болсон доо.

Нуувчид хориглосон тэр өдрүүдэд офицер, дайчид өндөр сонор сэрэмжтэй байж, эх орныхоо төлөө амь насаа зориулахад бэлэн гэдгээ харуулж чадсан юм. “Цэргийг мянган хоног тэжээж, нэг өдөр ашиглана” гэгчээр байлдагч бүр л “дайсан”-тай тулалдахад өөрөөс хамаарах бүхэнд хичээн шамдаж, бие биедээ тусалж, урд өмнө байгаагүйгээр эв нэгдэлтэй болж, сэтгэл зүйн хувьд илт хатуужиж, дасгал сургуулилтад идэвхтэй оролцож, тэдний эх оронч үзэл илүү тод мэдрэгдэж байсан билээ.

Манай талаас эхлэхгүй, хэрэв дайсан галлавал “байлдана”

Хожим мэдсэнээр, тухайн үед манай талаас эхэлж гал нээхгүй, хэрэв дайсан галлавал “байлдана” гэсэн даалгавартай байсан юм билээ. Ямар азаар Хятадын дээд командлалаас гал нээх тушаал өгөөгүй юм бол, хэрвээ ... гэж бодохоос одоо ч ар нуруу руу хүйт оргидог.

Урд хилд байрласнаас 10-аад хоногийн дараа командлалын шийдвэрээр нэгэн өглөө цэргийн ангиудын цуваа татаж, “Нэргүй өндөрлөг”-т ирэв. Монгол-Зөвлөлтийн армийн дайчдын найрамдлын цуглаан хийж, томоохон ёслол хүндэтгэлийн ажиллагаа болсон юм.

Энэхүү найрамдлын цуглаанд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид, Дорноговь аймгийн удирдлагууд, БХЯ-ны коллеги, Армийн Улс төрийн газрын товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд болон төвийн төлөөлөгчид, Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Салманов нарын олон зочин оролцсон.

Ю.Цэдэнбал дарга найрамдлын цуглаан дээр эхлээд монголоор, дараа нь орос хэлээр үг хэлсэн. Түүний үг Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд ихээхэн таалагдсан гэдэг. Монгол, Зөвлөлтийн олон дайчдад төрийн одон, медаль гардуулж, зэвсэгтэй цэргийн парад хийснээр уг ажиллагаа өндөрлөж, манай бригадын бүрэлдэхүүн тэндээ хоноод маргааш өглөө эртлэн Зүүнбаянгаа зорин ирэв.

Харин Зөвлөлтийн цэргийн ангиуд Дорноговь аймгийн нутгаар таран байрлаж, нуувч, асар, майханд хавар, зун, намрыг үзэж, өвөлдөө тохилог 5 давхар байр барьж суурьшсан юм билээ.

Энэ бол 39 жилийн өмнөх үйл явдал. Хятадын хилд хамгийн ойртсон монгол цэрэг (би андуураагүй бол 200 м) бол Бригадын тагнуулын ротын салааны захирагч, дэслэгч Я.Чойжамц (эдүгээ хошууч генерал цолтой, Монголын Зэвсэгт хүчний дээд шатны нэртэй цэргийн дарга нарын нэг болсон) бөгөөд тэрбээр хээрийн сургуулийн дараа хугацаанаасаа хамаагүй өмнө ахлах дэслэгч цолоор шагнагдаж байлаа.

Тэр цагт удирдлагын штабын бүрэлдэхүүн болон цэргийн ангиуд байлдааны байнгын бэлэн байдалд, зенитийн анги, салбарууд 24 цагийн турш байлдааны жижүүрлэлт хийдэг. Цэргийн бэлтгэл сургуулилалтыг газар орон дээр тогтмол хийж, офицер нь жинхэнэ офицер шиг, 3 жилийн цэрэг нь бие өсгөлүүн тэвхгэр, наад зах нь 10 км-ийн маршид “Хурдны морь” шиг дүүхэлзэж, цэргийн төрөл бүрийн нормативт үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, салааны дайчдын талаас илүү нь 5 онцын эзэн (онц сурлагатан, онц буудагч, ХБХБ, спортын болон цэргийн мэргэжлийн зэрэгтэн) болж байсныг өнөө цагийн дайчдад сануулах нь зүйтэй.

Армийн улс төрийн ажилтан

Хуучин тогтолцооны үед армид улс төрийн хүчтэй байгууллага, нам, улс төр, эвлэлийн орон тооны ажилтнууд ажиллаж, цэргийн ангид нэгэн түших тулгуур болж байлаа. Улс төрийн ажилтнуудыг Цэргийн их сургууль, Зөвлөлтийн академи, дээд сургуулиудад олноор бэлтгэж, цэргийн соёл, хүмүүжлийн ажлыг хариуцдаг.

Армид олон сайхан ахмадууд улс төрийн ажлын өргөн туршлагатай, захирагч дарга нарын ажлыг хөнгөвчлөхөд ихээхэн тус дэмтэй байсан жишээг олон түмний дунд “Дайчин Баатар” нэрээр танигдсан хурандаа Батсүхийн Баатар гуайн тухай номонд оруулсан хэсгээсээ товчхон дурдвал:

“Алив миний хүү, гутлаа тайл даа”...

Б.Баатар хурандаа 5 дугаар армийн Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байв. Өмнө нь Улсын иргэний нисэхийн Ерөнхий газрын Улс төрийн хэлтсийн даргаар он удаан жил ажиллаж, иргэний нийгмийн амьдрал, энгийн хүмүүсийн эелдэг зан чанар, хүнтэй харилцах соёлыг илүү мэдэрч, ажилдаа мөрдлөг болгосон нь түүний яриа, гадаад хандлагаас ажиглагддаг байлаа. Цэрэг, армийн өдөр тутмын амьдралаас тодорхой хэмжээнд хөндийрсөн нь ч харин түүнд эерэг тал байсан биз ээ. Манай зарим захирагч, дарга нар өдөр тутмын ажилдаа захирч тушаах, чанга дуугарч орилохыг голчилж, хүнтэй мэндлэхээс эхлээд эелдэг зөөлөн харилцааг “мартаад” байсан үе л дээ.

Б.Баатар хурандаа сонин мэдрэмжтэй нь түүний үйл хөдлөл бүрээс илэрдэг, хугацааны цэрэгт илүү анхаарал хандуулдаг төдийгүй хүний харцнаас их юм олж авдаг дарга байв. Жагссан олон цэргүүд дотроос “Алив, миний хүү гутлаа тайл даа” гэх. Тэгсэн тэр цэрэг нь хөлийн ороолтгүй. Түргэн жагсаал авахад сандраад гутлаа ороолтгүй углачихжээ. “За одоо баларлаа даа, ёстой “будаа” болгох биз ээ” гэхэд, ангийн хувцасны албаны даргыг дуудуулан “Өөрт чинь илүү хөлийн ороолт байна уу, хөөрхий амьтныг битгий сандруул, яарах хэрэгтэй, энэнээс хойш заавал хөлөө ороож байгаарай” гэж эцгийн ёсоор зөөлөн сэтгэлээр хандах нь залуу дарга нарт нэгийг бодогдуулна.

“Чи гэрээсээ захиа авдаг уу, захиа бичиж байна уу” гэхэд, өнөөх нь бичиг үсэг үл мэдэгч цэрэг байх. Эвлэлийн хорооны даргыг дуудан “Одоо өөрөөр нь хэлүүлж гэр рүү нь захиа бичүүл, орой намайг явахад захиаг нь өгөөрэй, би Улаанбаатарт очоод шууданд хийлгэчихье, арай түргэн хүрэх биз ээ. Танай ангид бичиг үсэг мэдэхгүй хэдэн цэрэг байна. Та тэдэнд өөрөө бичиг үсэг заа, би дараа ирэхдээ шалгана шүү” гэх.

Офицеруудтай уулзаж байхдаа, хамгийн “болдоггүй”-г нь шууд олж хараад, “Амьдрал ямар байна, эхнэр нь ямар ажил эрхэлж байгаа, хэдэн хүүхэдтэй вэ” гэхэд, нөгөө офицер толгойгоо илээд “Би эхнэрээсээ салсан” гэх. “За хүү минь энэ уулзалтын дараа надтай уулзаарай, хоёулаа тав тухтай хуучилна аа” гэх. Яриагаа үргэлжлүүлэн “Би олон анги, салбараар орой үдэш орлоо. Олон ч залуу офицеруудтай уулзлаа. Та нарын дотор зарим нь энэ элсэн говьд хүний охин үрийг авчирчихаад төдийлөн анхаарал хандуулдаггүй байдал ажиглагдах юм. Ажлаа хийхийн зэрэгцээ гэр бүлдээ, хүүхдүүддээ зориуд цаг гаргаж бай, ийм бололцоог олгоход дарга та нар ч бас анхаар” гэж ангийн удирдлагуудад үүрэг өгнө.

Цэргийнхэнд, ялангуяа захирагч, дарга нарын нэлээд нь “чанга хашгирч” доод тушаалын ажилтнуудаа “айлган сүрдүүлэх”, “Миний тушаалыг хэн ч сөрөх ёсгүй”, эвгүй хүргэвэл “Шууд буудна шүү нөхөр минь, чамтай байлдааны тушаалаар ярьж байна” гэж омогдох нь дандаа биш ч хааяа хааяа гардаг л байсан.

Дарга, цэргийн харилцааны энэ байдал нь залуу офицеруудад ажилдаа сэтгэлээсээ биш “хүйтэн хандах” улмаар даргыг хүндлэх бус битүүдээ “эсэргүүцэх” байдал нэг бус удаа тэр олон анги, салбарт гардаг. Халуун зэвсэг гартаа барьсан, 18-21 насны сэтгэлийн хат бүрэн сууж төлөвшөөгүй хугацааны цэрэгт бүү хэл, Зөвлөлтөд цэргийн академи дүүргэж, ангийн штабын даргаар ажиллаж байсан нэгэн дарга өөрийгөө егүүтгэсэн гашуун явдал ч байв.

Харин тийм эвгүй байдлаас урьдчилан сэргийлэхэд улс төрийн ажилтнууд, тухайлбал, Б.Баатар хурандаа өөрийн мэдрэмж, харилцааны соёл, зөөлөн зангаараа жинхэнэ улс төрийн ажилтан, ахмад хүний ёсоор ухуулан ойлгуулах, дайчидтай ажиллахдаа “захирч зандрах хүч”-ний хэлбэрээр бус нам, улс төрийн ажлын зөв арга барилыг хайж, харилцааны эв дүйг олж, ноён нуруутай, зарчимч шударга шаардлага тавьж, тийм зөрчилтэй дарга нартай ганцаарчлан тулж уулзаж, цай тавьж суугаад энгийн ярилцаж байсан олон уулзалтыг бичигч би одоо ч тод санаж байна.

Тийм уулзалтын дараа, одоо тэдний нэрийг хэлээд яах вэ, их л зөөлөрсөн янзтай, сэтгэлээсээ ер нь бодохгүй бол болохгүй юм байна шүү, уурын мунхаг юунд ч хүргэж магадгүй гэж санаа алдан хэлж байсан “уцаартай” дарга дахин эвгүй байдалд ороогүй юм даг. Улс төрийн ажилтнуудын хүнийг таних чадвар, сургах арга барил, ажил хэрэгч байдал, хүн чанар нь наалдацтай байсан. Ийм улс төрийн ажилтан одоо дутагдаад байна уу, бодох, шийдэх л асуудал даа.

Эх сурвалж: Ардын арми

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]