Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дятловын багийнхны учир битүүлэг сүйрэл ба сүүлчийн гэрэл зургуудУншсан39,660

Багийнхан бүгд амь насаа алдсан энэ явдлыг Игорь Дятловын тайлагдашгүй нууц хэмээдэг болсон юм.

Зөвлөлт, Оросын ард түмэн энэхүү эмгэнэлт, аймшигт явдлыг өнөөг хүртэл мартдаггүй. Болсон явдлын учир шалтгаан одоо болтол тайлагдашгүй нууц оньсого мэт байсаар ирсэн бөгөөд энэ хэрээрээ маш олон таавар, таамаглал дагуулсаар байдаг.  Багийнхан бүгд амь насаа алдсан энэ явдлыг Игорь Дятловын тайлагдашгүй нууц хэмээдэг болсон юм. 


1959 оны өвөл Уралын политехникийн сургуулийн оюутнуудын баг Умард Уралаас хөдөлсөн юм. Найман эрэгтэй, хоёр эмэгтэй оюутан багтсан судалгаа шинжилгээний энэ багийг Игорь Дятлов ахалж явжээ. Хүний хөл хүршгүй цаст өндөр ууланд учир битүүлгээр амиа алдсан тэдний дөрвийнх нь цогцос хэр баргийн хүний хүчээр хийж чадахааргүй аймшигт явдалд өртсөн байсан бөгөөд бөгс цээжин биеийг мушгисан, хүзүүг нь ар нуруунд нь гартал эргүүлсэн, яг л том оврын машинд дайруулсан мэт байж. Үүнийг л цасан нуранги, цасан шуурга, үл мэдэгдэх нууцлаг амьтны халдлага, нууц зэвсгийн туршилт, харь гаригийнхны довтолгоон зэрэг олон янзаар л тайлбарладаг.

 

Уралын нурууны зүүн хэсэг Холят Сяхл буюу нутгийнхны хэлээр Үхлийн ууланд оюутнууд Отортен оргилд нь авирах зорилготой байжээ. Тэд нэгдүгээр сарын 27-нд аяллаа эхэлсэн боловч дараагийн өдөр нь Юрий Юдин өвчний улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул буцаж баг 9 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн бөгөөд тэдгээр залуусын нэг нь ч эргэж ирэх тавилангүй байлаа.

Нэгдүгээр сарын 31-нд өндөрлөг газрын эхэнд ирэн авиралтаа эхлэхээр бэлджээ. Модтой хөндийд илүү гарсан хүнс зэргээ буцах замдаа хэрэглэнэ хэмээн нөөцлөөд хоёрдугаар сарын 1-нд уулын амаар нэвтрэн тэндээ буудаллах ёстой байв. Гэвч нөхцөл байдал хүндэрч цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрч, чиглэлээ алдан Холят Сяхлын оргил өөд чиглэсэн байна. Тэд төөрснөө мэдсэний дараа зогсохоор шийдэн уулын бэлд буудаллажээ.

Ингээд оюутнууд хамгийн ойрын суурин болох Вижай руу цахилгаан мэдээ дамжуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн байна.

 Игорь Дятлов

Ингээд оюутнуудаас холбоо тасарч, хэд хоногийн дараа хамаатан садныханых нь шаардлагаар сургуулиас нь сайн дурын оюутан багш нараас бүрдсэн хайгуулын баг гарчээ. Улмаар цэрэг, цагдаа, онгоц, нисдэг тэрэг ч Холят Сяхлыг чиглэсэн бөгөөд эхний ээлжинд оюутнуудын уулын бэлд байгуулсан нөөц буудлыг олжээ. Тэндээс зүүн хойд зүг модны зах руу явсан хөлийн мөр олсон бөгөөд 500 метр яваад мөр цасанд дарагдан баларсан байна.

Хачирхалтай гэж хэлэхэд багадахаар, эрлийн багийнхныг цочирдолд оруулсан явдлууд эндээс эхлэв. Ойн захад хөгшин хушны дор гал түлсэн ул мөр болон хоёр оюутны цогцсыг олсон бөгөөд тэд гуталгүй, дотуур хувцаснаас өөр зүйлгүй байжээ. Аврагчид эрэн хайсаар нөөц буудал, хуш хоёрын дундаас дахин гурван цогцос олов. Эхлээд уулнаас бууж явсан оюутнууд шуурганд зүг чигээ алдаж явсаар, хариугүй нөөц буудлынхаа ойролцоо ирээд цааш явах тэнхэлгүйболж амиа алдацгаасан байна гэж таамаглав.

Цогцсууд хоорондоо 200-350 метр зайтай байв. Үлдсэн дөрвийнх нь цогцсыг тасралтгүйэрэл хайгуул болсоор бараг хоёр сарын дараа олсон бөгөөд тэд дөрвөн метр орчим цасан дороос олдсон байдаг.

Хоёрдугаар сарын 26-нд тэдний майхныг олоход майхнаа дотроос нь зүсэн гарсан байсан бөгөөд залуусын ихэнх нь хөл нүцгэн мөн оймстойгоо гарч зугатсан байна. Эхний олдсон 5 хүний хувьд ямар нэгэн гадны нөлөөнөөс үл хамааран нас барсан мэт байсан ба нэг нь л тархиндаа жижиг хагархайтай байж. Харин сүүлд олдсон дөрөв нь яах аргагүй үхлийн шарх авсан байсан ба нэг нь тархиа маш хүчтэй хагалуулж, хоёр нь цээж, хавиргаа хугалуулж, үлдсэн нэгнийх нь хэл байхгүй байсан байна. Тэдний гэмтлийн хэмжээ нь машины ослынхоос ч их хүчээр үүсгэгдсэн байв.

Дээр дурдсанчлан сүүлд олдсон дөрвийн цогцос бөгс цээжин биеийг нь хэт их хүчээр мушгисан, хүзүүг нь ар нуруунд нь гартал эргүүлсэн, яг л том оврын машинд дайруулсан мэт байв. Хүмүүс цочирдолд оров.

Юу болох нь энэ вэ? Яагаад оюутнууд майхныхаа хаалгаар гарсангүй, дотроос нь зүсэж гарав, яагаад хөл нүцгэн гарч зугтаав, юунаас тэгтэл айв, яагаад тийм их хүчтэй гэмтэв, нэгнийх нь хэл яагаад байхгүй байв, яагаад хувцаснаас нь цацраг идэвхит бодис их хэмжээгээр илрэв?

Яагаад, яагаад, яагаад?

Эцэст нь шинжээчдийн багийнхан, мэргэжлийнхэн, хууль хяналтынхан яавч энгийн тохиолоор энэ зүйл болоогүй, ямар нэг үл мэдэгдэх хүчний нөлөөллөөр болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Шинжээчдийн багийн ахлагч Игорь Батулин мэдэгдэл хийсний дараагаар 1959 оны гуравдугаар сард ДХЯ-ны 05 тоот тушаалаар судлаачдын багийг дахин "Үхлийн уул" руу шинжилгээ хийхээр илгээв.

Гэвч тэд төдийлөн чухал баримт олоогүй ч ууланд Дятловын багынхнаас өөр ямар ч амьд амьтан байхгүйг нотолж чадсан. Ингэснээр оюутнууд биесээ хөнөөсөн байх гэсэн таамаг гарч эхэлсэн ч өндөр боловсролтой, шинжлэх ухаанч, найрсаг нөхөрсөг оюутнууд бие биенийгээ хөнөөх шалтгаантай гэдэгт итгэх хүн ховор байв.

Сүнс, чөтгөр гэж яриа гарч байсан ч гэдэг. Засгийн газраас эцэст нь цасан нуранги гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаж амь үрэгдсэн есөн оюутны цогцсыг нэг газарт оршуулах захирамж гарав.

"Хэрэв надад бурхнаас ганц л зүйл асуух боломж гарвал миний нөхдөд яг юу тохиолдсоныг л мэдэхийг хүснэ” хэмээн багийн үндсэн бүрэлдэхүүнээс ганцаар үлдсэн Юрий Юдин харамсалтайгаар өгүүлсэн гэдэг.

Оршуулгын дараа учир битүүлэг явдлын талаар маш олон яриа гарч байв. Нас барагсдын гэр бүлийнхэн талийгаачдын бие дээр хачин бор толбо байсан гэж батлав, шинжээчид Үхлийн уулын хавьд маш өндөр цацраг идэвхит туяатай болохыг тогтоосон ч эх үүсвэрийг нь олоогүй гэнэ. Дятловын багтай ойролцоо хугацаанд тэдний байсан газраас 50 км зайтай байсан уулчид Үхлийн ууланд шөнийн цагаар тэнгэрт хачирхалтай улбар шар бөмбөлөгнүүд харагдаж байсан гэж хэлэв. Мөн зарим сурвалжид тэр хавиас маш их металлын хаягдал, хэлтэрхий олддог бөгөөд энэ нь тэнд ямар нэг зэвсгийн туршилт болон нууц ажиллагаа явуулдаг байсан гэсэн хардлага төрүүлдэг байна.

Дятловын багийн гишүүн Юри Кривонищенкогийн "Зоркий" гэрэл зургийн аппаратад буусан багийнхны сүүлчийн гэрэл зургууд дотор сонин, хачирхалтай зураг ч бий. Хамгийн сүүлд авсан тэдгээр зургуудын дунд ер бусын бөмбөлөгөн гэрлүүд бүхий кадр байдаг нь хэдийнэ олон нийтэд дэлгэсэн юм.

Өрнөдийнхөн энэ хэрэг явдлыг шууд л харь гаригийнхантай холбож байв. Сүүлд Америкийн ТТГ-ын эх сурвалж Хойд Уралын уулан дундаас одоог хүртэл хуучин төмөр зам, хаягдсан агуулах олддог, үе үе КГБ асар олон цэргийн хүчээр Үхлийн уулын хавьцаа эрэл хайгуул хийлгэдэг байсан гэх мэдээлэл америкчуудын гарт яаж яваад ч юм орсон тухай мэдээлж байлаа. Эндээс харвал оюутнууд үнэхээр нууц зэвсгийн туршилтад өртсөн үү, эсхүл ЗХУ-ын нууцад нэвтэрсэн үү гэх мэт таамгууд харь гариг болон чөтгөр шулмасын таамаглалаас арай ойр болж эхэлнэ.

Багийн гишүүн Юри Кривонищенкогийн "Зоркий" гэрэл зургийн аппаратад буусан багийнхны сүүлчийн гэрэл зургууд

 

Судлаач, орчуулагч Л.Ванчиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]