Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Афган-Их Британийн анхны дайн буюу 4500 цэргээс ганцхан хүн амьд үлдсэн ньУншсан13,410

1800-аад оны үед Британийн Энэтхэг дэх ашиг сонирхолд Орос гэдэг улс ихээхэн гай болох шинжтэй болж ирлээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1800-гаад оны үед Британийн Энэтхэг дэх ашиг сонирхолд Орос улс ихээхэн гай болох шинжтэй болж ирлээ. Оросын эзэнт гүрэн улам бүр тэлж томрон удалгүй Их Британитай (Энэтхэгтэй) хил залгах шинж бий болсон нь тэдний хувьд байж боломгүй зүйл. Тиймээс хойд талдаа найдвартай түшиц газартай болох шаардлагатай буюу Афган нутгийг тэр чигээр нь бүрэн хянах хэрэгтэй гэж Британийн захиргаа үзэх болжээ.

Тухайн үеийн Афган нь энд тэндгүй жижиг хаадтай, тэд нь хоорондоо байнга л байлдаж байдаг нутаг байсан ба англичуудын хувьд энэ газрыг мэдэлдээ оруулж, нэгдсэн нэг тоглоомын улс болгох нь их л амархан санагдаж байсан бололтой.

Британи офицеруудын удирдсан, энэтхэг цэргүүд голчилсон арми бүрдүүлж аваад Афган нутаг руу халдан орсон эхний үед бүх л юм сайн сайхан, амар тайван бүтэж байлаа. Уулархаг нутгийн гол зангилаа болсон хотуудыг ээлж дараалан бараг цус урсгалгүй эзэлж байсан ба хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн нь Газни хэмээх хот байсан гэдэг. Энэ хотыг хамгаалж байсан 2600 афганчуудын 1000 гаруйг нь устган байж эрхэндээ оруулсан ба Британийн талын хохирол гэж юм бараг байсангүй.

Удалгүй афганы бас нэг жижиг хаан энд тэндээс бөөн хүн цуглуулаад англичуудтай эрэгчин эмэгчнээ үзэхээр ирж байгаа гэсэн мэдээ ирлээ. Британичууд хэрдээ л бэлдэж, өөрийн мэдэлд орсон хот сууринг бэхлэн хүлээсэн ч өнөө хэд нь байдаггүй. Гэтэл дайснаа дарж дархан цолоо мандуулах гэсэн тэр хааны цэргүүд хоорондоо муудалцаж байлдаад, нөгөө хаан нь амь зулбан зугтаж Бухарт хоргодож байгаа гэсэн мэдээ ирж.

Иймэрхүү эсэргүүцэлтэй тулгарсан британичууд ер нь ядах юмгүй Афганыг бүрэн эзэлж, хяналтаа тогтоолоо. Үнэндээ тэд тэгж бодож байсан төдий бөгөөд хамаг юм дөнгөж эхэлж байлаа. Олон зууны өмнө дорнын нэгэн агуу хүн “Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан, мориноосоо буугаад төр төвхнүүлэх хэцүү” гэж хэлж байсныг британичууд мэдсэнгүй бололтой, өөрийн гар хөл болсон хүнээр шинэ нутгийг удирдуулж, жижиг сажиг хаадуудад нь ахиухан мөнгө өгөөд, цөөхөн “үзэсгэлэнгийн” цэрэг байлгахад л болно гэж тооцжээ.

Гэсэн ч тарж бутарсан олон аймаг овгийнхон яваандаа нэгдэж, гадны түрэмгийллийг эсэргүүцэж эхэллээ. Тэдний хувьд англичуудтай тэмцэх нэг үр дүнтэй арга байсан нь бүх замыг гартаа оруулж авах явдал байв. Уулархаг нутаг учир нутгийнхны хувьд зам харилцааг хааж, хянах шиг амархан юм хаа байх вэ. Дээр нь хот суурин газар жижиг сажиг бослого үймээн энд тэнд дэгдээд эхэлнэ.

Англичууд яав?

Яаж ч чадсангүй.

Сайн бэхлэлт бүхий ямар нэг цайзад цэргүүдээ цуглуулан байлдах ба нутгийн зэрлэгүүд халдаж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ гадагшаа харилцаагүй болсон ийм бэхлэлтийг афганчууд хэдэн өдрөөр бүслэн сууж, бэхлэлтэд байгаа цэргүүд ус хүнсгүй болж сандрах ба яваандаа афганчуудтай хэлэлцээ хийнэ. Афганчууд ч цэргүүдийг гарч явахад саад болохгүй гэж ам өчгөө өгөөд, хариуд нь хүнд зэвсэг, байгаа мөнгөө бүгдийг өгөхийг шаардаж, англичууд ч зөвшөөрнө. Харин цэргүүд бэхлэлтээс гарч эхлэхэд нутгийнхан хэлэлцэж тохирсон зүйлээ мартаж араас нь дайрч элддэг нь тэр үед бараг л хэвийн зүйл болсон байжээ. Ийм байдлаар Желалабад, Кандагар, Газни... хотуудыг англичууд алдлаа.

Хамгийн сүүлд Кабул хотод байсан 4500 англи цэрэг мөн л дээрх байдлаар афгануудтай тохироо хийсэн гэдэг. Британийн цэргүүд хэрдээ л бөөнөөрөө, аюулгүй байдал хангаж хотоос гарсны дараахан афганчууд дайрч эхэллээ. Угаасаа хотоос бараг зугтаж гарсан, өлсөж цангасан цэргүүд араас нь үй түмэн зэрлэгүүд хөөж эхлэхийг хараад амь зулбан зугтах нь мэдээж. Ийм байдлаар нөгөө өндөр соёлт улсын цэргүүдийн сахилга бат гээч байхгүй болж, учраа олохоо байж баахан үймж зугтсан  хүмүүс болон хувирах үед араас нь хөөж байгаа нөхдүүд тэднийг ёстой дураараа эд бад хийж эхэлжээ. Хотоос гарсан 4500 цэргээс ганцхан хүн, цэргийн эмч л амьд үлдсэн гэдэг.

Ийм байдлаар англичууд энэ дайнаар 18 мянган цэргээ устгуулсан, 25 сая фунтын хохирол амссан нь Афган-Английн анхдугаар дайны үр дүн. Британийн эзэнт гүрний хувьд ёстой жинхэнэ ялагдал байлаа. Энэ дайн түүхэнд Disaster in Afghanistan хэмээх нэрээр үлдэж хоцорсон юм.

Энэ дайны нэг сонирхолтой зүйл нь ялагдаж сүйрсэн Британийн армийнхан ялагдлаа хүлээж, эвийн хэлэлцээ байгуулах гэж зүтгэж байсан бол харин англичууд, эзэнт гүрний ард олон хариугаа хатуу чанга авахыг шаардаж байсан явдал юм. Уг нь эсрэгээр байдаг сан.

Афган-Британийн нэгдүгээр дайн ийнхүү дууссан бөгөөд 200 жилийн дараа ч энэ явдал дахин давтагдсаар. Өнгөрсөн намар болсон “их зугталтаар” АНУ, Их Британи зэрэг улсын цэргүүд талибуудад хөөгдөн гарах үед, зугтаж амжилгүй үлдсэн Британийн тусгай хүчнийхэн эмэгтэй хүний хувцас өмсөж явсаар хил давсан нь саяхан. Түүх спираль хэлбэрээр давтагддаг гэдэг л энэ байх даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]